Анагаах ухааны салбарын хувьсал: Med Summit


Зуны дэлгэр цаг хаяанд ирэхэд ахлах ангийн сурагчид, оюутан залуусын өмнө тулгардаг түгээмэл асуулт бол “Би яг хэн бэ?” гэх дотоод дуу хоолой. “Би юунд дуртай вэ, өдөр тутамдаа юу хийж амьдарвал илүү аз жаргалтай байх вэ? Ер нь би эзэмшиж буй мэргэжилдээ эзэн нь болж чадах болов уу?” гэх мэт мянга мянган бодолд хүлэгдэж, ёроолгүй бодлын гүнд живж орхидог.
Энэ бол амьдралд учрах чухал сонголтуудын нэг болох карьер төлөвлөлт. Кинон дээрээс харсан төсөөлөл, салбартаа манлайлагч нэгэн шиг л болох юм сан гэх нууцхан хүсэлд хөтлөгдөн мэргэжлээ сонгож, зорилгоо тодорхойлдог ч зарим тохиолдолд алдах нь бий. Тэгвэл бид юун дээр алддаг вэ? Төсөөлөл бодит байдлын зөрчилдөөн буюу сонгосон мэргэжлийнхээ тухай мэдээлэл дутмаг байх нь сургалтын явцад шантрах, өөрийгөө дутуу үнэлэхэд хүргэдэг. Тэр дундаа анагаах ухааны салбарын тухай мэдээ, мэдээлэл хомс байдаг нь энэ чиглэлээр суралцагч оюутнууд үзлэг хийж, тариа л тарьдаг гэх нийтлэг ойлголтыг нийгэмд тогтоожээ. Энэхүү хэвшмэл ойлголтод цэг тавих зорилготойгоор салбартаа манлайлагч оюутан залуус болон Go MonGOlia хамтран “Med Summit 2024” арга хэмжээг өнгөрөгч Бямба гарагт /2024.04.27/ амжилттай зохион байгууллаа.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт
“Med Summit 2024” арга хэмжээ нь анагаах ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сурагчид, тус чиглэлээр суралцаж буй оюутан залуус, залуу мэргэжилтэн бүхий 700 гаруй хүнийг хамарч, анагаах ухааны 7 салбарын буюу анагаах ухаан, нүүр ам судлал, био анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эм зүй, сувилахуйн салбарын 45 гаруй мэргэжлийн талаар 40 гаруй нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд хэлэлцүүлэг яриа өрнүүлснээрээ онцлог юм.
Зорилго, мөрөөдөл, зөв сонголтоороо “түүчээлэх” нь

“Тус арга хэмжээг мэргэжлээ сонгож буй сурагчид болон анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутан залууст зориулан зохион байгуулж буйгаараа онцлог. Нэгдүгээрт, нийгэмд манай салбарын тухай мэдээлэл, ойлголт хомс байдаг. Үүнээс шалтгаалаад энэ чиглэлээр суралцахаар төлөвлөж буй хүүхдүүд хүний их эмч, шүдний эмч, мэс заслын эмч гэх мэт цөөн хэдэн мэргэжлээс сонголтоо хийдэг. Гэтэл анагаах ухааны үндсэн 7 салбар, цаашлаад 45 гаруй мэргэжил байдаг юм шүү гэдгийг таньж мэдээсэй, илүү их боломж байгааг анзаараасай гэж хүссэн. Хоёрдугаарт, салбарын онцлог буюу таваас зургаан жил суралцахдаа тухайн мэргэжлийн талаар суурь ойлголтыг эзэмшиж, цаашлаад нарийсан мэргэших шаардлагатай болдог. Жишээлбэл, хүний их эмч гэхэд 29 дэд мэргэжилтэй. Иймд бакалаврын түвшний суралцагчид маань ЭЕШ-аас ч илүү хэцүү сонголттой нүүр тулдаг учраас тэр бүхий л нарийн салбар мэргэжлийг таниулах, салбарын талаарх давуу болон сул тал буюу нөү хау (know-how) зэргийн талаар мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдээс тодруулах боломжийг бүрдүүлж, залуу мэргэжилтнүүддээ ерөнхий ойлголт, мэдээлэл өгөх зорилготой.”

“Хими, биологийн хичээлүүддээ сайн болохоор анагаах ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа. Хүний их эмч болно гэж бодож байсан ч арга хэмжээнд оролцоод нийгмийн эрүүл мэндийн салбар нь шим тэжээл судлаач, тархвар судлаач гэх мэт олон чиглэлд хөрвөх боломжтой нь таалагдаж, энэ салбарын талаар судалж үзэхээр шийдлээ. Өмнө нь эмч гэхээр зүгээр л ирсэн хүмүүсийг эмчлээд явуулдаг гэх төсөөлөлтэй байсан бол эм зүй, нийгмийн эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан гэх мэт маш олон салбар байдаг гэдгийг мэдэж авсандаа баяртай байна. Арга хэмжээний хувьд бүх илтгэгчид тухайн мэргэжлийн давуу болон сул талын тухай чөлөөтэй ярилцаж байгаа нь илүү бодит мэдээлэл авахад дөхөм болж байна. Сүүлийн үед хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо цалин, нэр хүнд зэргээс нь болж сонголт хийх нь нэмэгдсэн. Гэхдээ өөрөө тухайн мэргэжилдээ дуртай байгаасай гэж би хүсдэг. Ядаж л ийм төрлийн мэргэжил таниулах арга хэмжээнүүдэд оролцож, мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож таньж мэдээд ирэхээр аяндаа тухайн мэргэжилдээ дурлаж эхэлнэ шүү дээ.”

“Энэхүү арга хэмжээ миний хувьд үр өгөөжтэй болж өндөрлөлөө. Төгсөх жил ойртох тусам нарийсах мэргэжлийн тухай мэдээлэл хангалтгүйгээс аль чиглэл нь надад илүү тохирох бол гэдэг эргэлзээ үүсдэг. Тухайн мэргэжлийн онцлог, үнэ цэний талаарх ойлголтгүйгээс үүдэн цаг хугацаа алдах, нарийсаж буй мэргэжлээ солих, аль эсвэл мэргэжлээ орхих ч тохиолдол түгээмэл бий. Иймд туршлагатай эмч, мэргэжилтнүүдийн илтгэлүүдээс нарийн мэргэжлүүдийн давуу болон сул тал, тухайн мэргэжлийн онцлог миний хувь хүний зан төлөвтэй хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт хийж, эзэмших шаардлагатай ур чадваруудын талаар мэдээлэлтэй болсондоо талархаж байна. Бидний хувьд багш нартайгаа тухтай суугаад ярилцах боломж хомс шүү дээ.”
Салбартаа тэргүүлэгч эмч, мэргэжилтнүүдээр дамжуулан бусдаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйгээ тодорхойлох зорилго өвөртөлсөн анагаах ухааны салбарын түүчээлэгч залуусыг тэд ийн нэгтгэв. Залуу үеэ дэмжин хийж бүтээх боломжийг хамтдаа бүтээцгээе.
Go MonGOlia: Мэдлэг, Боломж, Амжилт!
Гэрэл зургуудыг: Л.Буд