Go Mongolia: Go for a New Hope


“Байгалийн шинжлэх ухаан” гэх нэр томьёог хуруу шил, химийн бодисоор төсөөлж лабораторид өдрийг бардаг уйтгартай салбар хэмээн үл ойшоох нь цөөнгүй. Тэгвэл шинжлэх ухаан үнэхээр уйтгартай гэж үү? Дээрх хэвшмэл ойлголтод цэг тавьж, хиймэл оюуны тэсрэлтээс авхуулаад генетик мэдээллийн тусламжтайгаар бид үнэхээр “хэн” болохоо мэдэх боломжтой юу гэх зэрэг сонирхолтой асуултын хариултыг олж авахаар шинжлэх ухаан сонирхогч залуус “SciCon 2024”-д цуглалаа.
Ном бол ертөнцийг харах “цонх”. Өвгөдийн захисан энэ л сургаалын дагуу бид олон зууны турш номтой нөхөрлөж, хорвоо ертөнцийн сонин хачныг төсөөлөлдөө амилуулсаар өдийг хүрсэн. Гэвч хэдий болтол цонхны цаанаас орчлонг тольдож, хөгжил дэвшлийг холоос ажин суух вэ? Хүн төрөлхтний хөгжлийн орон зайд хувь нэмрээ оруулах боломж бидэнд бий болов уу…
💥Шинжлэх ухаан бол ертөнцийг таньж мэдэх БОЛОМЖ!
![]()
Өөрийнхөөрөө байх, өөрөө турших орон зай. Шинжлэх ухаан сонирхогч залууст задгай сэтгэх, жинхэнэ өөрийгөө ил гаргах, сонирхол нэг хүмүүстэйгээ шинийг турших орон зайг SciCon 2024 арга хэмжээ бий болголоо. Шинжлэх ухааны сонирхолтой туршилтуудад оролцож, агуу эрдэмтдийн “тэсрэлт” хийсэн илтгэлүүдтэй танилцаж, шинжлэх ухааны талаарх мэдлэгийн цар хүрээгээ тэлэх боломжийг харамгүй олгосноор ТЭД ертөнцийг өөр өнцгөөр таньж мэдэв.
Энэ жилийн арга хэмжээний хувьд урьд жилийнхээс ХОЁР дахин олон хүсэл тэмүүллийг нэгэн зорилго дор нэгтгэснээрээ онцлог. Өнгөрөгч жилийн SciCon 2023 арга хэмжээнд 700 гаруй хүн оролцсон бол энэ удаа хүрээллээ хоёр дахин тэлж, харанхуйг илүү тодоор гэрэлтүүллээ. Эрдэмд орой үгүйн нэгэн адил шинжлэх ухааны талаар таньж мэдэхэд нас, хүйс, нийгмийн статусын ялгаа үгүй. Цэцэрлэгийн багачуудын цолгиун хоолой, ерөнхий боловсролын сурагчдын сониучхан харц, их сургуулийн оюутан, ирээдүйг гэрэлтүүлэх залуусын бүтээх гэсэн чин сэтгэл эвентийг жинхэнэ утгаар нь “амилуулав”. Амралтын өдрөөр тархиндаа хөрөнгө оруулалт хийхээр найзууд, гэр бүлийнхээ хамтаар зорин ирсэн шинжлэх ухаанчид хамгийн COOL!
![]()
Арга хэмжээнд 30 гаруй эрдэмтэн судлаач, панелистууд өөрсдийн дуу хоолойг хүргэсэн бөгөөд хялбар тогтоох аргачлал, хиймэл дагуул хийх, хуучин жийнсээ цаас болгох гэх мэт хөгжилтэй, хэрэгтэй үйл ажиллагаагаар оролцогчдын зүрх сэтгэлийг баясгалаа. Энэ бол багачуудын хувьд шинжлэх ухаантай сонирхолтойгоор танилцах боломж, томчуудын хүүхэд насаа дурсах аялал юм.
“Quiz-ын асуултууд миний хувьд харьцангуй хүнд байлаа. Арван жилийн сурагч байхдаа шинжлэх ухааны талаар сонирхон судалдаг байсан бол одоо зав зайтай үеэрээ шинжлэх ухааны суурь ойлголтуудын талаарх бичлэг үзэх дуртай болсон. SciCon арга хэмжээнд анх удаагаа оролцож байгаа учраас бүхий л зүйлс шинэ содон байна. Энд тэнд сонирхолтой туршилт хийж байна, оролцогчийг арга хэмжээнд жинхэнэ утгаараа “оролцох” боломжоор бүрэн хангаж байна. Шинэ зүйлс мэдэж авна гэдэг нь шинэ төрлөөр бодож, сэтгэнэ гэсэн үг шүү дээ.”
Программист мэргэжилтэй, Science Quiz тэмцээний ялагч Г.Өнөбаяр
![]()
🌪️Change my mind
Үндсэн тайзан дээр эрдэмтэн судлаачид сүүлийн үеийн судалгааны үр дүн, шинжлэх ухааны ертөнцийн сонин хачныг дуулгахын сацуу салбар салбарын төлөөллүүд “Change my mind” буюу яагаад гэх асуултад хариулт эрэхээр “Хурдтай хөгжил сайн уу, муу юу аль нь вэ хө?”, “Шинжлэх ухааны салбарт эмэгтэйчүүдийн эрин ирлээ”, “Эрвээхэйн дэвэлт дэлхийг шатаах уу” сэдвүүдийн хүрээнд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
“Chat GPT, Google, Siri, Alexa гэх мэт бидний өдөр тутмын хэрэглээ болсон хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нэг талаараа хүн төрөлхтөнд эергээр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүн бүр эдгээр хиймэл оюун ухаан буюу AI-ийн тусламжтайгаар хэрэгтэй сэдвийнхээ дагуу мэдээлэл бэлтгэх боломжтой болсон энэ цаг үед хувь хүн өөрийн үнэ цэнийг агуулсан, зөвхөн өөрийн илтгэлийн агуулгаараа ялгарах боломжийг бидэнд олгож байна. Энэ бол технологийн дэвшлийн эерэг нөлөө.”
Philosophy-ийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр
Go Mongolia: Go for a New Hope!
Арга хэмжээний үзэсгэлэнгийн хэсэгт оролцогчдын харааг булааж, бодол төрүүлсэн хэсэг Go Mongolia байв. Шинжлэх ухааныг шинэ үеийн залууст таниулан сурталчлахын сацуу итгэл найдварын дөлийг бадраах нь арга хэмжээний бас нэгэн зорилго гэлтэй. Оюун санааны хамтын хүчээр шинийг бүтээх чин хүсэлд хөтлөгдөн тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурьсгах асар их итгэл найдвар, хөдөлгөгч хүч бидэнд бий. Залуус бид АЙСУЙ НАЙДВАРЫН ЭЗЭД. Энэ бол сайн сайхан цагийг хүлээх бус хамтдаа бүтээж, өөрсдийн чиг хандлагаар ирээдүйг чиглүүлж, шинжлэх ухаанаар дамжуулан гэрэл түгээх боломж юм. Үргэлж урагшаа тэмүүлэх MonGOlia 🇲🇳
![]()
👨🔬Агуу эрдэмтэд анхнаасаа төрдөггүй
Шинжлэх ухааны гайхалтай олон туршилт, үндэслэлтэйгээр аль нэг онолыг үгүйсгэх аль эсвэл хорвоо ертөнцийн тухай шинэ ололт нээлтийг зөвхөн “төрмөл” авьяастай хүмүүс хийдэггүй. Өөрөөр хэлбэл, агуу эрдэмтэд цаанаасаа төрдөггүй. Харин тэд шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болж төлөвшдөг. Магадгүй тэдний нэг нь та ч байх боломжтой гээд бод доо.
Шинэ үеийн залууст шинжлэх ухааныг таниулан сурталчилж, айсуй найдварын жим гаргаж яваа “Гэж Юу Вэ?”-гийн үүсгэн байгуулагч А.Доржпаламын шинжлэх ухааны шимт ертөнцөд хөл алдсан түүх ч нэн сонирхолтой. Их сургуулийн хоёрдугаар түвшний оюутан байхдаа хувьслын биологийг хялбаршуулан тайлбарласан “Хувьслын онол” номыг уншсанаар түүний хорвоотой танилцсан түүх эхэлжээ.
![]()
Одоогоос 5 жилийн өмнө цахим орчинд шинжлэх ухааны холбогдолтой агуулгыг эх хэлээрээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор эхэлж байсан “Гэж Юу Вэ?” суваг SciCon 2024 арга хэмжээний үеэр анх тавьсан зорилгодоо хүрэв. Энэ бол шинжлэх ухааны талаарх төрөлжсөн мэдээллийг монгол хэлээр хүлээн авах боломжтой веб сайт. Техник технологи хурдацтай хөгжиж, хүн бүр цахим эх сурвалжаас мэдээлэл авахыг илүүд үзэх болсон энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрээс төрөлх хэлээрээ мэдээлэл авч, шинжлэх ухааны талаарх мэдлэгээ тэлж, ойлголтоо гүнзгийрүүлэн, сурч хөгжих боломжийг нь бүрдүүлэх платформ бүтээх нь түүний зорилго байв. Энэ л зорилгыг өвөртлөн 5 жилийн өмнө Youtube сувгаа эхлүүлсэн байна.
⚡️Айсуй найдвар
![]()
Шинжлэх ухаан сонирхогч залуусын цугларах хамгийн том цэг SciCon арга хэмжээ нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаад буй. Залуус рок эвентийн тасалбар худалдаж авдаг шигээ шинжлэх ухааны холбогдолтой, оюундаа хөрөнгө оруулалт хийсэн ийм төрлийн эвентийн тасалбарыг уралдаж авдаг, зорьж ирдэг, эргээд өгснөөсөө илүүг авдаг байгаасай гэсэндээ SciCon арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болжээ.
“Гэж Юу Вэ? одоо л жинхэнэ утгаараа эхэлж байна. Өнөөдрийг хүртэл зөвхөн нэг хүний платформ байсан бол одоо та, би, бид бүгдээрээ контент бүтээгч болох боломжтой. Бидний хамтдаа бүтээх орон зай учраас залуусын оролцоо ямар түвшинд байгаа, цаашлаад бид шинжлэх ухааны хөгжлөөрөө хаана яваагийн тусгал болно гэсэн үг. Иймд шинжлэх ухаан сонирхогч залуус бүгд өөрийн хувь нэмрээ оруулаасай, оролцоосой, дэмжээсэй!” хэмээн уриалав.
Шинжлэх ухаанд “дурлах” гурван шалтгааныг тодорхойлохдоо:
![]()
Нэгдүгээрт, логик сэтгэлгээ. Шинжлэх ухаан гэдэг бол зөвхөн оддын тухай мэдье, физикийн хуулийн тухай судалъя гэх мэтээр хязгаарлагдах ойлголт биш. Чиний харах өнцөгт логик суурийг шинжлэх ухаан бий болгодог. Иймд хэрэв чамд болон танд шинжлэх ухааны суурь ойлголт байгаа л бол аливаа бүх асуудалд логик сэтгэлгээгээр хандах бүрэн боломжтой.
Хоёрдугаарт, өөрийгөө таньж мэдэх аялал. Шинжлэх ухааны нэвтэрхий толийг нээснээр хүрээллээсээ задгай сэтгэж, орчлон ертөнцийн хажууд чи яг хэн юм бэ гэдгээ ойлгох болно. Дэлхий ертөнц гэдэг бол хүний сэтгэлээр л хөдөлдөг зүйл биш. Өөрийн гэсэн байгалийн хууль тэнд үйлчилдэг гэдгийг ойлгоно. Энэ бол маш сонирхолтой, хүний заавал авах ёстой мэдрэмжүүдийн нэг. Эс бөгөөс хүн зүгээр л зүрх сэтгэлээрээ амьдарч, байгаль ертөнцийг ойлгохгүйгээр насыг барвал хэчнээн харамсалтай вэ?
![]()
Гуравдугаарт, оюуны эрх чөлөө. Мэдлэггүй хүний харах өнцөг баригдмал байдаг. Баригдмал харах өнцөгтэй хүний хүрэх хязгаар хязгаарлагдмал. Иймд мэдлэгийн хязгаараа тэлснээр илүү их эрх чөлөөг олж авах боломжтой.
Энэ бол өөр өөрийн ондоошлыг тээн, хамтын соёл, нэгдмэл байдлыг эрхэмлэн, салбар салбарын түүчээ залуусын харанхуйд гэрэл асаах зорилго өвөртлөн “ШИНЭ ИТГЭЛ НАЙДВАР”-аар дүүрэн маргааш руу тэмүүлж яваан нэгээхэн хэсэг. Залуу үеэ дэмжиж, хийж бүтээх урам зоригийг сэдэлжүүлж, хамтдаа урагшилцгаая. Go Mongolia, Go Science…
Гэрэл зургуудыг: Л.Буд