Бидний нэг

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

М.Энхмаа -- 2024.11.144 минут унших

Тэртээх 2.5 сая жилийн өмнө орчин цагийн хүн гэгдэх бодгальтай нэн төсөөт амьтан дэлхий гараг дээр амьдарч байсныг бид балар эртний хүмүүс хэмээн нэрлэдэг. Энэ үеэс авхуулаад чулуун зэвсэг, цаашлаад хүрэл, төмөр зэвсгийн үе хүртэлх мянга мянган жилийн хугацаанд хүн төрөлхтний түүх хувьсан өөрчлөгдөж, эртний гэгдэх тэдгээр хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэл, соёл заншил бүхэн өдгөө бидний гишгэлж буй газар шороон дор хадгалагдаж байна. Харин өнгөрсөн үеийн нууцыг илрүүлж, мартагдсан соёл иргэншлийг эрэлхийлэн цаг хугацаагаар аялагчид бол яахын аргагүй археологич, судлаачид бол он жилийн уртад элэгдэж, гэмтсэн тэдгээр олдворыг ахин амьдруулж, түүх дурсгалын хосгүй үнэт өв болгон хувиргадаг нь сэргээн засварлагчид билээ. Иймээс бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн төмөр, металл эдлэлийн сэргээн засварлагч Р.Эрдэнэцэцэгийг онцолж байна. 

1941 онд нэрт археологич, академич Х.Пэрлээ тэргүүтэй монгол археологичид малтлага судалгааны ажлаа эхэлсэн байдаг тул Монголын археологийн судлалыг энэ үеэс эхлэн тооцох учиртай талаар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэвээндорж агсан “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байдаг. Энэ үеэс эрчимтэй хөгжсөн археологийн судалгаа, шинжилгээний салбар 1998 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төв болтлоо өргөжиж, 2002 онд ШУА-ийн бие даасан хүрээлэн болон цараагаа тэлжээ. Ийнхүү шинэ хүрээлэн байгуулагдахтай зэрэгцэн шинэ, залуу мэргэжилтнүүдийг эрж, хайж байсны дотор референтээр Р.Эрдэнэцэцэг сонгогдож, Археологийн хүрээлэнгийн анхны эмэгтэй ажилтан болж байж. Монголын археологийн салбарын шинэ үеийн түүхийг бичилцэж яваа энэ эрхэмтэй хийсэн бидний ярилцлага “Урьд нь надаас хэн ч асууж байгаагүй хэр нь их гоё асуулт байна…” хэмээх дурсамж сэргээсэн, дотно яриагаар эхэлсэн юм. 

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

“Манайх Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг. Би зургаан настай л байсан байх. Тэр зун манай хойд уулаар хоёр, гурван хүн ямар нэг зүйл эрж хайгаад л яваад байлаа. Нутгийнхан “Энэ хүмүүс геологийнхон, юм судалдаг хүмүүс гэнэ билээ” гээд хоорондоо ярилцахыг сонсоод “Би ингэж уул хадаар тэнэдэг хүн болмоор байна. Ийм л ажил хийдэг хүн болох юм сан” гэх бодол төрж байснаа санаж байна. Д.Үржинханд гэж алдартай сайн багшаас эхлэн олон сайн багш нараар хичээл заалгаж, арван жилээ төгсөх үед шилжилтийн үе таарч, их дээд сургуулиуд төлбөртэй болсон нь төгсөгчдөд хүнд цохилт болж байлаа. Тухайн үед хүссэн болгон нь конкурс өгөх боломжгүй байлаа шүү дээ. Би 1993 онд сургуулиа төгсөхдөө сурлагаараа хоёрт жагсаж байсан учраас конкурст орох эрхтэй болж, долоо хоног амраад эргэн ирж давтлагад суух даалгавар багш нараасаа аваад хөдөө гэр лүүгээ иртэл хөгшин ээж, аав хоёрын маань бие өвдсөн байсан тул сум орж шалгалтдаа ч бэлдээгүй, аймаг орж конкурс ч өгч чадалгүй бүр мөсөн сургуулиас гарчихсан. Хөгшин ээж, аав хоёр маань жил дараалан хүнд өвчний улмаас тэнгэрт дэвшиж, би гурван жилийн дараа конкурс өгөөд, Багшийн Их сургуулийн Түүх, нийгмийн ангид орж, тус чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Удалгүй шинээр Археологийн хүрээлэн байгуулагдаж, референт буюу одоогийнхоор нарийн бичиг ажилд авна гэхийг сонсоод, шалгаруулалтад оролцож, хүрээлэнгийн анхны эмэгтэй ажилтан болж байлаа.”

Ийнхүү ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирлын туслахаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2006 оноос музей-лабораторийн эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон ажиллах болсон нь соёлын өвийн хосгүй үнэт дурсгал, бодит түүхийн гэрч болох археологийн олдвортой ажиллах үндэс суурь болжээ. Археологийн хүрээлэнтэй амьдралаа холбосон он жилүүдийг эргэн дурсаж, “Хэнтийн уулс, говийн тал нутгаар алхаж явахдаа “Хөөх, би хүүхэд байхаасаа л ийм ажил хийдэг хүн болно гэж боддог байсан шүү дээ. Одоо би яг л юм хайгаад явж байна. Миний мөрөөдөл биелчихсэн байна шүү” хэмээн бодсон тухайгаа хуваалцахдаа түүнд эргээд хүүхэд ахуйдаа очсон мэт санагдсан тухайгаа нуусангүй. 

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

“Референтээр ажиллаж байхдаа “За ингээд Археологийн хүрээлэнд ажилд орчихдог, археологийн хичээл заалгаж байхдаа номноос л харж сонирхдог байсан олдворуудыг биетээр нь харж байна даа…” гээд итгэж ядан боддог үе байсан юм. Тэр үед 1940-өөд оноос хойш археологийн малтлага, судалгаагаар олдсон зарим олдворууд гадаа контейнерт хадгалагдаж, бүртгэл нь байгаа хэр нь сэргээн засварлалт хийгдэж амжаагүй байлаа. Хамтын ажиллагааны хүрээнд зарим өндөр хөгжилтэй орнууд руу сэргээн засварлах олдворууд илгээдэг ч бүх олдворуудыг ийм аргаар сэргээн засварлах боломжгүй шүү дээ. Тиймээс Археологийн хүрээлэнгийн гадаад харилцаа хөгжихийн хэрээр сэргээн засварлагч бэлтгэх хүсэлтийг манай захирал зарим улс оронд тавьж ирсэн юм билээ. 

Тухайн үед ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирлаар Монголын нэрт археологич, гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэвээндорж, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар доктор, профессор Б.Цогтбаатар нар ажиллаж байсан юм. Удирдлагууд маань дэргэдээ ажиллаж байгаа хүмүүсээ зан төрх, ур чадварыг нь ажиглаж, дүгнэж байгаа шүү дээ. Тухайн үедээ “Эрдэнэцэцэгийг сургалтад хамруулъя. Энэ хүүхдийг л сургаад ирвэл олдвор дээр нямбай ажиллаж чадах байх” гэж харсан болов уу. Тэгээд дөрөв дэх жилдээ ажиллаж байтал БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгээс зарласан гурван сарын сургалтад хамрагдах үүрэг өгсөн. Тэндээс л би “Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, археологийн олдворын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт гэдэг чинь ийм байдаг юм байна” гэх ойлголтыг энэ чиглэлээр дагнасан мэргэжлийн хүрээлэнд нь очиж байж мэдсэн юм.

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

Олдвор сэргээн засварлана гэдэг “Би сурчихсан” гээд багаж, бодис урвалж, тоног төхөөрөмж гэх мэт ямар нэгэн зүйл дутуу байхад хүрч болохгүй ажил шүү дээ. 2006 онд Археологийн музей-лаборатори байгуулагдаж намайг референтээс чөлөөлж эрдэм шинжилгээний ажилтан болгох шийд гарсан. Тэр үед тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гэж байгаагүй учраас ваар цэвэрлэх гэх мэт ажлууд л хийдэг, ихэнх олдвортоо айгаад хүрч зүрхэлдэггүй байв.”

Харанхуйг гэрэлтүүлэх оч нь болж яваа “сэргээн засварлагч”

Ийнхүү Археологийн хүрээлэнгийн анхны эмэгтэй ажилтан хүрээлэнгийн анхны сэргээн засварлагч болохоор Солонгос улсыг зорьж байжээ. Багаасаа л археологийн салбарт эрхгүй татагдаж, сониучхан зандаа хөтлөгдөн явсан тэрбээр археологийн олдворуудыг сэргээн засварлах “аврагч” болохоор бэлтгэгдэж эхэлсэн нь энэ юм. Тэрбээр хүрээлэнд нь хадгалагдаж байгаа олон арван олдворыг сэргээн засварлах мэдлэг чадвар эзэмшихийн төлөө  олон жилийн дадлага туршлагатай, мэргэшсэн солонгос мэргэжилтнүүдээс шамдан суралцжээ.

“Сургалтын хүрээнд “Сэргээн засварлалтын лаборатори ийм байдаг юм байна. Тоног төхөөрөмжүүд нь ингэж ажилладаг юм байна. Энэ төрлийн олдворуудтай ингэж ажилладаг юм байна” гээд сэргээн засварлалтын талаар тун дажгүй ойлголттой болоод ирэхэд надад юу ч байгаагүй. Нэг ширхэг жижигхэн бахь, мэс заслын хутга ч байгаагүй. Тэгээд би Солонгос багштайгаа харилцахдаа “Надад сэргээн засварлах зөндөө олдворууд байна. Гэхдээ надад зориулалтын цавуу, бахь, хутга ч алга” гээд бичдэг байсан юм. Тухайн үед хамтын ажиллагааны хүрээнд гаднаас ирж буй төслийнхөн археологичдоос гадна сэргээн засварлагчдаа авчирдаг. Сэргээн засварлагчид нь малтлагын талбай дээр ажиллаж, зарим олдворын бүртгэлийг хийж, заримыг нь цэвэрлэж, шаардлагатай олдворыг сэргээн засварлахаар авч явдаг юм билээ. Тэр хүмүүстэй лабораторидоо хамтарч ажиллана. Гэхдээ холоос ирж байгаа улс тийм ч их багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авчрах боломжгүй шүү дээ. Тиймээс энгийн, механик багаж, хэрэгслээр анхан шатны цэвэрлэгээ хийчхээд зургийг нь баримтжуулж аваад л явчихдаг байсан тул дорвитой ажил мөн л хийж чаддаггүй байлаа.

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

Тэгтэл 2010 онд манай Археологийн хүрээлэн БНСУ-ын хүрээлэнтэй хамтарч “Соёлын өвийг судалж, сэргээн засварлах, хадгалж хамгаалах” сэдэвт төсөл хэрэгжүүлээд, уг төслийн шугамаар хоёр сэргээн засварлагчийг зургаан сарын хугацаатай Солонгос улсад сургахаар болсон. Энэ үед би ой найман сартай хүүхэдтэй, хөхүүл байсан учраас “гурван сараар л сургалтад хамрагдъя” гээд хүүхдээ орхиод 2010 оны хоёрдугаар сараас тавдугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд дагнасан төмөр олдворын сэргээн засварлалт чиглэлээр суралцсан. Хүрээлэнгээс зохих зөвшөөрлийн дагуу 15 ширхэг төмөр олдвор авч яван Ryu Dong-wan гэж металл олдворын сэргээн засварлагч багшийн удирдлага дор лабораторийн тоног төхөөрөмж дээр ажиллаж сураад олдвороо сэргээн засварлаж авч ирсэн. Ингээд төмөр, металл эдлэлийг сэргээн засварлах дадлага хийгээд ирэхэд ахиад л тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бодис хэрэглэгдэхүүн байгаагүй. Тэдгээрийг эндээс худалдаж авъя гэхэд ч боломжгүй шүү дээ.  

Харин 2011 онд Солонгос улсын Соёлын өвийн удирдах газраас Зүүн Өмнөд Азийн орнуудын дунд зарладаг техникийн туслалцааны төсөлд оролцож, шат дамжлага бүрээр нь шаардлагатай материалыг илгээснээр манай хүрээлэн 40 мянган ам долларын үнийн дүнтэй төсөлд шалгарч, тоног төхөөрөмжүүдээ хүлээн авч 2011 оны 12-р сарын 28-ны өдөр он гарахтай зэрэгцэн лабораторийн нээлтээ хийсэн дээ. Энэ лабораторийг байгуулахад, манай хүрээлэнд сэргээн засварлалт хэмээх салбар хөгжихөд БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд зэрэг олон хүмүүсийн хүчин зүтгэл нөлөөлсөн. Улс орнуудын харилцаанд хүн хоорондын харилцаа маш чухал нөлөөтэй гэдгийг өдий хүртэл мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж зөвлөдөг багшаасаа, тус хүрээлэнгийн найз нөхдөөсөө хардаг юм. Одоо бид дэлхийн бусад улс орнуудын жишгээр, тэдний нэгэнт судалж тогтоосон техник технологийг хүрээлэндээ нэвтрүүлэх талаар зорьж ажиллаж байгаа”

Түүний энэхүү яриаг сонсоод “Жинхэнэ археологийн төлөө төрсөн хүн юм даа” хэмээх бодол толгойд эргэлдэнэ. “Өмнө нь би ийм юмтай болбол гоё доо л гэж боддог байсан ч гэв гэнэт тоног төхөөрөмжтэй болсон хүн чинь яаж ажиллуулахаа мэдэхгүй, бараг айж эхэлж байгаа байхгүй юу. Урьд нь хэдий тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан ч багш маань бүгдийг асааж тохируулчихаад “За, Эрка суугаарай, цэвэрлэж эхлээрэй, унтраагаарай” л гэдэг байсан болохоос биш “Энэ төхөөрөмжүүдийг ингэж угсарна, ингэж ажиллуулна” гэдэггүй байсан шүү дээ” хэмээн 12 жилийн өмнөх дурсамжаа хуваалцсан юм. Ийнхүү шинэ лабораторидоо хамгийн анх  Өмнөговь аймгийн Ухаа худаг гэх газраас олдсон төмөр, зэв, хүрэл эдлэл дээр ажиллаж эхэлсэн тэрбээр 2012 оноос хойш 600 гаруй археологийн металл олдворыг сэргээн засварлаж, авран хамгаалаад байна.

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

“Олдворыг сэргээн засварлах тогтсон арга зүй гэж бий. Хамгийн эхлээд баримтжуулалтаасаа эхэлдэг. Тухайн олдворын зургийг авахаас эхлээд шаардлагатай тохиолдолд рентген зургийг нь авхуулна, хэмжилт буюу жин, өндөр, урт, өргөнийг нь хэмжээд тусгай карт хөтөлдөг. Үүний дараа тухайн олдворыг хэрхэн цэвэрлэх, яаж сэргээн засварлах арга зүйгээ боловсруулдаг юм. Олдворуудын хадгалалтаас шалтгаалаад сэргээн засварлах арга нь өөр өөр. Тухайлбал, говийн булшнаас олдож буй олдвор, хангай газраас олдсон олдвор, хадны оршуулга нэг өөр. Хүннүгийн үеийн буюу Хүннүгийн язгууртны булш арав гаруй метрийн гүнээс олддог учраас хөрсний онцлогоос шалтгаалаад мөн л харилцан адилгүй. Мөн олдвор олдсоноос хойш хэр удаан хадгалагдаж байгаа зэргээс шалтгаалаад сэргээх арга зүй өөрчлөгддөг бөгөөд цэвэрлэгээний үе шат 7-8 үе шатыг дамждаг. Үүний дараа тарж, бутарсан хэсгийг нааж эвлүүлэх, өнгөлөх зэрэг үйл явц явагдаж, сэргээн засварлалт дууссаны дараа баримтжуулах гэрэл зургийг аваад хүчил, шүлтгүй зориулалтын зөөлөвчтэй саванд хийж, сан хөмрөгт хадгалдаг.”

“Хүүхдүүдээ эргэж, тойрч байгаа ээж шиг л сэргээн засварласан олдворуудаа тогтмол хянадаг”

Түүний сэргээн засварлахад хамгийн урт хугацааг зарцуулсан олдвор бол Монгол-Францын хамтарсан экспедицийн судалгааны үеэр 2,200 гаруй жилийн өмнөх Хүннүгийн булшнаас олдсон морины чимэглэл бөгөөд Монголоос ганцхан ширхэг олдсон нь энэ юм. Уг олдворын мөнгөн чимэглэл нь 22 ширхэг бөгөөд алтан чимэглэл нь есөн ширхэг ажээ. Түүх, дурсгалын хосгүй үнэт уг бүтээлийг бүрэн сэргээн засварлахад тэрбээр жил гаруйн хугацааг зарцуулсан байна.

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

“Энэ олдвор дээр ажиллахын хажуугаар хамт олдсон 100 гаруй олдворыг тус хугацаанд сэргээсэн байна. Зөвхөн нэг олдвортой ноцолдоод л байвал бусад олдворууд маань хэцүүднэ шүү дээ. Тиймээс энэ олдвор дээр ажиллаж байх хугацаанд бусад олдворууд ч бас засварлагдах ёстой тул намайг ажиллаж байхад тоног төхөөрөмжүүд маань ч бас зэрэг ажилладаг гэсэн үг. Монголоос хоёр ширхэг л олдсон энэхүү олдвор нь өдгөө Чингис хааны Үндэсний музейд хадгалагдаж байна. Манай хүрээлэн саяхан тус музейд Хүннүгийн судалгааны олон улсын эрдэм шинжилгээний хурал хийсэн юм. Тус хурлын үеэр Чингис хаан Үндэсний музейд байгаа сэргээсэн олдворуудаа харахад тун дажгүй байна билээ. Хүмүүс музей үзэхээрээ өөрсдийн сонирхсон чиглэл, сэдвээ түлхүү сонирхдог шүү дээ. Би өөрийгөө анзаараад байх нь ээ, сэргээсэн олдворуудаа ямар байдалтай байгааг л ажиглаад явдаг юм билээ. Тэгсэн манай нэг ажилтан “Та хүүхдүүдээ эргэж байгаа ээж шиг л олдворуудаа хараад явна уу” гэж байсан юм. Сэргээн засварласан олдворуудаа байнга шалгаж, эргэж тойрч байж тухайн олдворыг сэргээн засварлахад ямар нэгэн алдаа гарсан эсэхийг л шалгаад явдаг хэрэг.”

Монгол арга, технологийг соёлт орнуудын технологитой хоршуулан ашиглах нь

Тэрбээр олон улсын жишигт технологийн дагуу археологийн олдворуудыг цэвэрлэж, сэргээн засварлахын сацуу эртний уламжлалт арга технологио орхигдуулж болохгүй талаар онцолж байсан юм. Тухайлбал, Монголын газар нутагт монгол нүүдэлчдийн бүтээж, үлдээсэн энэ гайхалтай өв бүтээлүүдийг уламжлалт технологиор сэргээх юм сан гэх бодлоос улбаалан хэд хэдэн удаагийн туршилт хийж үзжээ. 

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

“Мөнгөн аяганд цай хийж уухаар аль эсвэл хэрэглэхгүй удахаар өнгөө алддаг шүү дээ. Гэтэл намайг багад хөгшин ээж маань аргалынхаа үнсээр мөнгөн аягаа зүлгэж, зөөлөн даавуугаар арчаад л гоё өнгөтэй болгочихдог байсан юм. Энэ аргыг багаасаа харж өссөн юм болохоор эргээд ямар ч хор хөнөөлгүй юм байна гээд мөнгөн эдлэл дээр туршилт хийж үзсэн. Тэгээд хүнсний содоор жижиг хэсгийг нь зүлгээд, өөр нэг хэсгийг нь аргалын үнсээр зүлгээд ажиглахад содоор өнгөлсөн хэсэг нь таван сарын дараагаас харлаж эхэлсэн. Харин аргалын үнсээр өнгөлсөн хэсэг найман сар болоход яг л хэвэндээ байсан. Мөн хавар үхсэн нялх хурганы шилбэний арьсыг удаан чанаж хийдэг “шар цавуу”-гаар эмээл, авдар зэрэг модон эдлэлээ нааж ирсэн уламжлалын дагуу ээжийнхээ хийсэн тэр цавууг аваад Баян-Өлгий аймгаас олдсон модон нум сумны хоромсого дээр туршиж үзэхэд дажгүй сайн наалдаж байсан. Тиймээс гаднын дэвшилтэт технологийн бодис, цавуу материалыг хэрэглэж байгаа хэдий ч уламжлалт арга, техникээ туршиж үзэх хэрэгтэй юм билээ. Ер нь бусад улс орнууд ч өөрсдийн уламжлалт технологийг сэргээн өвлөх талаар соёлын өвийн хадгалалт хамгаалалтын арга зүйдээ тусгах болсон юм билээ.” 

Онол, практик хоёрын зөрчил 

Олон улсын жишгээр сэргээн засварлагчид зарим тохиолдолд малтлагын талбай дээр биечлэн очиж, олдворуудыг авдаг байна. Учир нь малтлагын үед болон тээвэрлэлтийн явцад олдворыг гэмтээх тохиолдол гардаг тул шаардлагатай үед сэргээн засварлагчид тухайн орчинд авран хамгаалах ажиллагааг явуулдаг ажээ. Түүний хувьд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Доод Цахир уул, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малтлага болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших Бэлхийн аманд явагдсан археологийн судалгааны ажилд гар бие оролцож байжээ. 

“Гаднын улс орнуудын сэргээн засварлагчид нь малтлагын талбай дээр очиж, авран хамгаалах ажиллагаа явуулдаг талаар хэдий сонсож байсан ч надад тийм туршлага байхгүй шүү дээ. Тиймээс “Хөдөө малтлагад явж үзэх юм сан” гэж их боддог байлаа. Учир нь сэргээн засварлагчид хээрийн малтлагад хамт явахаар археологичдынхоо ажлыг илүү ойлгодог юм билээ. Жишээлбэл, Хөвсгөлийн Цахир уулын малтлагад ажиллаж байхад модны доорх оршуулгаас нум, сум хоромсоготойгоо бүтэн гарч ирсэн юм. Модны үндэс хоромсогоны доогуур нь хаваад орчихсон, үйснийх нь дээгүүр нэвт нүхлээд гараад ирчихсэн юмыг гэмтэлгүй аврах боломжгүй байсан. Хэрэв би өөрийн биеэр авран хамгаалах ажиллагаанд яваагүй байсан бол “Өө, та нар блоклоод аваад ирэхгүй яасан юм бэ? Археологийн ном, сурвалжууд дээр энэ төрлийн олдворуудыг блокийн аргаар авна гэсэн байдаг шүү дээ” гээд халаглаад суух байсан байх. Гэтэл тухайн улс орны булш оршуулгын ёс жаяг нэг өөр, манай улсын зан заншил бас өөр. Өөр орны хөрсний бүтэц, манай орны хөрсний бүтэц бас ялгаатай шүү дээ. Нөгөө онол, практик хоёр чинь энд зөрж байгаа байхгүй юу. Тиймээс тухайн нөхцөл байдал дээрээ тааруулж, археологичдын ажил амаргүй гэдгийг ойлгоод, суралцаад л явж байна даа.”

Монгол нүүдэлчдийн ур ухааныг гайхан бишрэх нь

“Археологичид бидэнд ямар олдворууд олоод ирэхийг хэн ч таашгүй. Учир нь археологийн олдворын төрөл хязгааргүй их шүү дээ. Монголын газар нутаг дээр амьдарч байсан эртний нүүдэлчин овог, аймгууд, эртний төрт улсууд  ямар олон төрлийн материалаар, ямар нарийн ур хийц, технологитой эд хэрэглэл урлаж байсан юм бэ гэдгийг бишрээд л суудаг. Чулуун зэвсгээс эхлээд бүх төрлийн металл, үнэт эрдэнийн чулууд, сувд, сувс, малын ясыг хүртэл засаад хийчихсэн олон төрлийн бүтээлүүд байна. Оршуулгад хамт дагалдуулсан эд, өлгийн зүйлс ч өөр өөр. Жишээлбэл, эрэгтэй хүний оршуулгад нум, сум хоромсоготойгоо, сүх, сэлэм, хутга зэргийг ихэвчлэн дагалдуулдаг бол бүсгүй хүнийхэд үс, толгойн гоёл, ээмэг зүүлт, сувд, сувс, хүүхдийн оршуулгад шагай, жижиг хутга, явуу зэргийг дагалдуулдаг ч тэдгээрийн материал, хэлбэр, хийц гээд бүгд харилцан адилгүй байдаг.” 

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

-Ингээд сонсох нь ээ, археологийн олдворуудыг судлах, сэргээн засварлах нь өөрөө түүхийн хамгийн том гэрчийг л хойч үедээ өвлүүлэн үлдээж байна гэсэн үг юм аа даа?

-Яг зөв. Археологич, сэргээн засварлагчдын гол зорилго, үүрэг бол ерөөсөө л тэр. Сэргээн засварлагчид энэ агуу түүх, энэ гайхалтай өв соёл, түүхийн дурсгалыг бидэнд үлдээсэн, тэр үед бүтээсэн хүмүүсийн өмнө хариуцлага үүрч байгаа гэсэн үг. Яагаад гэвэл тэр цаг үе, тухайн үеийн хүмүүс дахин хэзээ ч эргэж ирэхгүй, тэр бүтээл нь ч дахин давтагдашгүй. Мөн дээрээс нь эдгээр олдворуудыг судалж, олж ирсэн археологичдын өмнө, цааш цаашдаа судлах ирээдүйн судлаачдын өмнө би маш том хариуцлага үүрэн ажиллаж байгаа хэрэг. Хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон улсад баримталж буй арга зүйгээр зөв сэргээн засварлаад музейн үзмэр болгон хадгалуулахад эргээд тухайн олдвор маань ирээдүй хойч үеийн маань судлагдахуун болно шүү дээ. Манай Монгол улс дэлхийн нэг хэсэг, улс орон бүр түүх соёлын өв, археологийн олдворуудаа хадгалж, хамгаалах нь дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд оруулж буй хувь нэмэр гэсэн үг шүү дээ.”

Археологийн хүрээлэнгийн хос багана болсон хоёр сэргээн засварлагч

Нийгэм даяар соёлын өвийн дурсгал, археологийн олдворын хадгалалт, хамгаалалтын үнэ цэн, утга учгийн талаар тойм ойлголтгүй явсан цаг саяхан. 70 орчим сая жилийн өмнө Ази тив, тэр дундаа Монгол орны говь хэсэгт өргөн тархан амьдарч байсан Тарбазавр батаарын чулуужсан араг ясыг хил дамнуулан хууль бусаар гаргаж, дуудлага худалдаанд оролцуулсан тэртээх 2012 оны гашуун сургамжаас хойш олны анхаарал археологич, судлаачдын зүгт чиглэж, малтлага, судалгаагаар илэрсэн олдворуудыг нүд, чих тавин ажих болсон билээ. Гэвч урьд нь бид сэргээн засварлагч гэх энэ эрхмүүдийн тухай хэр сайн мэддэг байсан билээ гэх эргэцүүлэл археологийн төмөр эдлэлийн сэргээн засварлагч Р.Эрдэнэцэцэгтэй ярилцахад төрсөн билээ. Эдгээр хүмүүсийн сэргээн засварласан олдворуудын тоо олшрох тусам эгэл даруу ажилласаар ирсэн ч өдгөө ШУА-ийн Археологийн хүрээлэнд хоёрхон сэргээн засварлагч ажиллаж байна.

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

“Төсвийн байгууллагад орон тоо гэдэг их чухал зүйл шүү дээ. Энэ өрөөндөө керамик олдворын сэргээн засварлагчтайгаа хоёулаа суудаг юм. Бид хоёр аль болох л олон олдворыг сэргээн засварлахыг хичээдэг ч өмнө нь дурдсанчлан маш олон олдвор сэргээн засварлагдаагүй хүлээгдэж байдаг. Тиймээс сэргээн засварлагчдыг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Одоогийн байдлаар ШУТИС болон БНСУ-ын Конжу их сургуулийн хамтарсан хөтөлбөрөөр болон Улаанбаатар их сургуульд сэргээн засварлагчид цөөн тоогоор бэлтгэгдэж байна. МУИС-ийн археологийн ангийн хүүхдүүд сэргээн засварлалтаар суралцъя, дипломын ажлаа бичье гээд сонирхоод ирдэг. Гэхдээ зарим хүүхдийн сонирхлыг төдийлөн сайн татаж чаддаггүй юм шиг байгаа юм. Яагаад гэвэл сэргээн засварлагчийн ажил бол маш тэвчээртэй, нямбай хийх ёстой ажил. Тэгэхээр залуу хүүхдүүдийн хувьд өөрөө л чин сэтгэлээсээ сонирхоогүй бол их уйтгартай санагддаг байх. Мөн сэргээн засварлагчийн ажил дан ганц онолын мэдлэгээр явахгүй шүү дээ. Заавал гараараа хийж, нүдээрээ үзэж байж дадлага туршлага суудаг. Хүүхдүүд маань хурдхан шиг л сэргээн засварлачих юм шигээр ойлгоод, хэт яараад байдаг юм. Шүдний эмчийн багаж шиг машинаа аягүй хурдан тачигнуулаад, хутгаар хурдан ажиллаж байгаа нь сонсогдонгуут шууд л “За, удаан шүү. Маш удаанаар ажиллаарай. Ерөөсөө яарах юм байхгүй” гэж байнга хэлдэг юм. Анх олдворууд сэргээн засварлаж эхэлж байхад хурдхан шиг л эвлүүлээд нэг гоё бүтээл болгочих юм сан гээд яардаг байхгүй юу. Хааяа надад хүртэл Солонгос багшийн маань “Удаан хийгээрэй, битгий яар” гэх хоолой бараг сонсогддог юм. Хэдий цаг хугацаа өнгөрөх тусам туршлагажиж байгаа ч гэсэн олдвороор яагаад ч туршилт хийж, туршлага болгож болохгүй. Илт олдвороо гэмтээсэн алдаа гаргаагүй ч гэсэн магадгүй би дөрөв, таван хэсэг салчихсан хэсгүүдийг эвлүүлчхээд, алийг нь эхэлж наавал, гэмтэл нь мэдэгдэхгүйгээр, бүтэн эвлэх вэ гэдгийг сайн тооцоололгүй яараад наачихсан чинь дараагийн хэсэг нь эвлэхээ болих тохиолдол гарна шүү дээ. Энэ мэт зүйлсээс туршлагажаад л явж байна даа. Ёстой л нөгөө нэг “долоо хэмжиж, нэг огтол” гэх үг сэргээн засварлагчдад таарах үг дээ.”

Р.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Археологийн олдворуудаа “аврах” үедээ л би хамгийн жаргалтай болдог

“Хэдэн хэсэг болж эвдэрч гэмтсэн олдворууд эвлээрээ нийлж, сэргээн засварлалтын явц урагшлах үед “Хөөрхөн ш дээ” гээд л босоод ирэхээр нөгөө сэргээн засварлагч маань “Олчихсон уу?” гээд баярлаад асуудаг” хэмээх тэрбээр “Олдвортойгоо ажиллаад суух  үед л хамгийн жаргалтай байдаг” хэмээн дотночлон ярина. Хэдэн жилийн өмнө шинэ жилийн үеэр нуруугаа гэмтээгээд, босож чадахгүй болох үед лабораторид үлдсэн олдворууд руугаа яарч, “Хэрэв ямар нэгэн байдлаар надад муу зүйл тохиолдох юм бол ингээд л олдворуудыг маань сэргээн засварлах хүн үлдэхгүй нь байна шүү дээ” хэмээн санаагаа чилээж байсан тухайгаа хуваалцахад эрхэлж буй ажилдаа эзэн болж яваа түүнээр эрхгүй бахархаж, эцэг өвгөдийн минь туулж ирсэн үүх түүхийг үеийн үед өвлүүлэх бодит “түүхийг” үлдээж буй нөр их үйлсэд нь талархах сэтгэл төрсөн билээ. 

Урлагийн сор бүтээлийг бүтээнэ гэдэг нэгэн гайхамшиг. Харин он цагийн хугацаанд элэгдэж, хуучирсан бүтээлийг “ахин амилуулна” гэдэг хосгүй үйл биз ээ. Археологийн төмөр, металл эдлэлийн сэргээн засварлагч Р.Эрдэнэцэцэг энэ удаа “Бидний нэг” боллоо. Нийтлэлийг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд баярлалаа. 

 

Гэрэл зургийг: Д.Занданбат