Урлагийн боловсрол бол бидний сэтгэлгээний түлхүүр: Яагаад?


Биднийг хүрээлэн буй энэ дэлхий, бидний сэтгэл зүрхэнд оршиж буй тэрхүү нууцлаг хүч бол урлаг юм. Хэдийгээр олон хүн урлагийг зөвхөн том музейн танхим, элит хүмүүсийн цуглуулга, эсвэл ойлгоход төвөгтэй онолуудтай холбон төсөөлдөг ч үнэн хэрэгтээ урлаг бол хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш бидний амьдралын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн билээ. Гэсэн ч бид өнөөдрийг хүртэл урлагийг зөвхөн “онцгой” авьяастай хүмүүсийн нууц хэл мэтээр андуурах нь элбэг.
Тиймээс бид урлагийг илүү ойроос, илүү энгийнээр, илүү сонирхолтойгоор танин мэдэх зорилгоор “Урлагийн түүх” булангаа эхлүүлж байна. Энэхүү булангаар дамжуулан хүн төрөлхтний соёлын өв, уран бүтээлчдийн түүх, урлагийн урсгалуудын утга санааг хамтдаа судалж, цаг хугацааны гүнээс өнөө цагийн мэдрэмж рүү аялах болно!
Урлаг бол бидний мөн чанарт нуугдсан тэр мэдрэмж
Бид урлагийг ойлгохын тулд заавал зузаан ном унших, эсвэл нэр хүндтэй сургууль төгсөх шаардлагагүй. Учир нь урлаг гэдэг нь хүн болохын мөн чанартай зэрэгцэн оршдог төрөлхийн чадвар юм. Хэрэв та өөрийгөө урлагаас хол гэж бодож байвал түр азнаад, дараах агшнуудаа эргэн санаарай!
![]()
Нар жаргах мөчид үл ялиг гунигтайяа сэтгэл тань хөдөлж байсан уу? Алтан шаргал туяа, хөх ягаан өнгийн сүүдэрт холилдон, тэнгэрийн хязгаарт ямар нэгэн төгс гоо үзэсгэлэн бий болгохыг хараад, амьдралын тухай эргэцүүлж суудаг уу? Энэ бол ямар нэгэн зураачийн бүтээл биш, харин байгалийн өөрийнх нь урлаг бөгөөд та түүнийг ямар ч тайлбаргүйгээр мэдэрч, ойлгож чаддагийн нэг хэлбэр билээ. Таны тэр мэдрэмж бол гоо зүйн таашаал юм.
Амьдралд хүнд хэцүү үе эсвэл баяр хөөр тохиоход ямар нэгэн дуу аялгуу таны сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг үү? Гунигтай үедээ уянгын ая сонсоод сэтгэл тайвширч, эсвэл эрч хүчтэй хэмнэлд биеэ хөдөлгөн, дотор орших мэдрэмж бүрээ гадагшлуулдаг биз ээ. Та хөгжмийн зохиомжийн онолыг мэдэхгүй байж болно, гэхдээ та тэр дуу авианы хэлийг, сэтгэл хөдлөлийн ритм, аялгууг төгс ойлгодог. Энэ бол сэтгэл зүйгээ илэрхийлэх, өөрийгөө эмчлэх урлагийн сэтгэл заслын хамгийн энгийн хэлбэр юм.
Таны гэр, ажлын ширээ, эсвэл өмссөн хувцас тань таны тухай юу өгүүлдэг вэ? Хүн бүр өөрийн амьдарч буй орон зай, хувцас, эдлэлээрээ өөрийгөө илэрхийлж, өнгө зохицуулах хүсэлтэй байдаг. Та ямар ч дизайнерын нөлөөгүйгээр ханын өнгө, тавилгын байрлал, өөрийн хэрэглээний эд зүйлсийг тааламжтай, тухтай байдлаар сонгож, байрлуулдаг. Энэ бол дизайн ба гоо зүйн мэдрэмж бөгөөд таны хувийн орон зайг бүтээж буй бүтээл юм.
Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, бидний мэдрэх, төсөөлөх, зохион байгуулах, өнгө ялгах, сэтгэлээ илэрхийлэх бүх чадвар урлагаас үүдэлтэй. Урлагийн түүх, онол гэдэг бол тэрхүү төрөлхийн мэдрэмжийг маань нэрлэж, тайлбарлаж, гүнзгийрүүлэх хэрэгсэл юм. Тиймээс урлаг гэдэг хүн төрөлхтний нийтлэг хэл, түүх, мөн чанар юм.
Бидэнд яагаад урлагийн боловсрол хэрэгтэй вэ?
Урлаг нь хүний оршихуйн салшгүй хэсэг бөгөөд бидний өдөр тутмын амьдралд үргэлж оршин байдаг. Түүнийг мэдрэхүйгээр хүлээн авахын зэрэгцээ оюун ухааны түвшинд танин ойлгох нь сэтгэлгээний гүнзгийрэл, соёлын ухамсар, нийгмийн харилцааны хөгжилд онцгой ач холбогдолтой. Урлагийн боловсрол нь өнгөрсөн үеийн мэдлэгийг дамжуулахаас цааш, ертөнцийг шинээр танин харах сэтгэлгээг төлөвшүүлж, бүтээлч хандлагыг хөгжүүлэх танин мэдэхүйн чухал хэлбэр юм.
Сэтгэл хөдлөлийн танин мэдэхүй ба эмпати
Урлаг нь хүний сэтгэл хөдлөл, туршлага, оюун санааг цаг хугацаа, орон зайг даван холбох гүүр юм. Өнгөрсөн үеийн уран бүтээлчийн мэдэрсэн баяр, гуниг, эргэлзээ, итгэл найдвар гээд бүхий л мэдрэмж түүний бүтээлд шингэж, тэр мэдрэмж өнөө цагийн үзэгчдээр дахин амилдаг. Тиймээс урлаг нь цаг үеийн ялгааг үл тоон, хүн төрөлхтний сэтгэл зүйн нийтлэг утгыг хадгалж үлдэхийн зэрэгцээ, үе үеийн хүмүүсийг оюун санааны түвшинд холбох хүч болж байдаг. Энэ утгаараа урлаг нь түүхийн баримт биш, харин хүний дотоод ертөнцийн хэл, сэтгэл зүйн өвийг зуун зуунаар дамжуулан амилуулдаг соёлын амьд организм юм.
![]()
Энэхүү алдарт бүтээлийг Норвегийн алдарт эксперссионист зураач Эдвард Мунк (1863-1944) бүтээжээ. Мунк нь хувь хүний сэтгэл зүйн гүн гүнзгий мэдрэмж, айдас, ганцаардлыг өөрийн бүтээлээрээ илэрхийлдгээрээ онцлог юм.
Та Эдвард Мункын "Хашхираан" (The Scream, 1893) хэмээх энэхүү бүтээлээс юу мэдэрч байна вэ? Энэхүү алдарт зураг дээрх айдас, ганцаардлын илэрхийлэл нь бидний доторх хурц мэдрэмж, түгшүүрийг хөнддөг бөгөөд дэлхийн хүн төрөлхтний нийтлэг айдас, сэтгэл гутралыг илэрхийлж чадсан юм. Урлагийн боловсрол нь бидэнд бүтээлчийн сэтгэлийн ертөнцөд нэвтэрч, мэдэрч, өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж мэдэх эмпатийн чадварыг нээж өгдөг.
Нухацтай сэтгэлгээ ба "яагаад?" гэх асуулт
Урлагийн бүтээл нь тухайн үеийн нийгмийн бүтэц, улс төрийн нөхцөл байдал, соёлын үнэт зүйлийг илэрхийлэгч оюуны тусгал байдаг. Эдгээр нь заримдаа далд бэлгэдлээр, заримдаа ил тод дүрслэлээр тухайн цаг үеийн асуудлыг тусгадаг. Иймд урлагийн түүхийг судлах үйл явц нь баримт мэдлэг хуримтлуулахын зэрэгцээ утга, хэлбэр, үзэл санааг шүүн дүгнэх, мэдээллийг задлан шинжлэх чадварыг хөгжүүлдэг байна.
![]()
Испанийн алдарт модернист зураач, Кубизмыг үндэслэгчдийн нэг Пабло Пикассогийн (1881-1973) бүтээсэн энэхүү бүтээлээр Испанийн иргэний дайны үеийн бөмбөгдөлтөд өртсөн хотын аймшигт нөхцөл байдлыг эсэргүүцсэн юм.
Жишээлбэл, Пабло Пикассогийн “Герника” (Guernica, 1937) бүтээл нь Испанийн иргэний дайны харгис үр дагаврыг дүрслэх замаар хүний зовлон, айдсыг уран сайхны хэлээр илэрхийлсэн байдаг. Хар ба цагаан өнгийн огцом эсрэгцэл, геометрийн задгай хэлбэр, огтлолцсон дүрслэлүүд нь эмх замбараагүй байдал, аймшгийн мэдрэмжийг улам тодотгодог. Пикассо реалист дүрслэлээс татгалзаж, хэлбэрийг гажуудуулах замаар хүчирхийлэл, үймээн самууныг сэтгэлзүйн түвшинд мэдрүүлэхийг зорьсон нь тухайн бүтээлийг улс төрийн шинжтэй эсэргүүцлийн илэрхийлэл болгожээ. Урлагийн боловсролын орчинд энэхүү бүтээлийг судлах нь үзэгчдэд зураачийн хэлбэр, өнгө, зохиомжийн шийдлийг утгачлан тайлж, нийгмийн үзэгдлийг уран бүтээлийн хэлээр шүүмжлэлтэйгээр дүгнэх оюуны чадамжийг төлөвшүүлдэг.
Бүтээлч сэтгэлгээ ба асуудал шийдвэрлэх ур чадвар
Урлаг бол тасралтгүй шинэ санаа эрэлхийлэх, ертөнцийг өөр өнцгөөс харах, үзэгдэлд шинэлэг утга шингээх сэтгэлгээний үйл явц юм. Учир нь уран бүтээлч хүн аливаа зүйлийг уламжлалт хүрээнээс давж, түүнийг шинэ хэлбэр, дүрслэл, арга барилаар илэрхийлэхийг эрмэлздэг. Иймээс урлаг нь нийгэм, соёлын хөгжилтэй зэрэгцэн хувьсан өөрчлөгдөж, хүн төрөлхтний оюун санааны дэвшлийг илтгэгч хүч болон оршдог. Шинэ санаа, шинэ шийдэл эрэх энэ эрэл нь урлагийг зөвхөн гоо зүйн илэрхийлэл бус, харин танин мэдэхүйн, судалгааны, философийн шинжтэй бүтээлч үйл ажиллагаа болгодог.
![]()
Италийн Сэргэн мандалтын үеийн аугаа сэтгэгч, зураач, эрдэмтэн Леонардо Да Винчи (1452-1519) нь зөвхөн “Мона Лиза” бүтээлээрээ алдаршаад зогсохгүй, анатоми, инженер, нисэхийн чиглэлээр олон арван шинэ санаа, зураг төсөл үлдээсэн юм.
Жишээлбэл, 15-16-р зууны үеийн суут сэтгэгч Леонардо да Винчи нь уран зураг, инженерчлэл, анатомийн судалгаа, зохион бүтээх ухааныг нэгтгэн хөгжүүлсэн өвөрмөц бүтээлч оюуны илэрхийлэл юм. Түүний уран бүтээлүүд нь урлаг болон шинжлэх ухааны заагийг давж, ажиглалт, туршилт, уран сэтгэмжийг хослуулсан танин мэдэхүйн гүнзгий үйл явц байв. Да Винчигийн энэхүү сэтгэлгээ нь урлагийн боловсролын мөн чанарыг тодорхой харуулдаг бөгөөд аливаа асуудлыг нэг өнцгөөс бус, олон талын уялдаа, бүтээлч хандлагаар шинээр эргэцүүлэн шийдвэрлэх чадварыг төлөвшүүлдэг.
Тиймээс урлаг бол хүн төрөлхтний дотоод ертөнцийн тусгал бөгөөд ертөнцийг танин мэдэх хамгийн гүн утгат хэл юм. Түүнийг ойлгож, мэдрэн, өөрийн дотор дахин бүтээх мөчөөс жинхэнэ утгаараа амилдаг. Иймд эрхэм уншигч та бүхнийг урлагийн нууцыг хамтдаа тайлж, өөрийн дотор орших урлагаа сэргээхийг уриалж байна. “Урлагийн түүх” булантай хамт байгаарай!