Нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, бие биеэ дэмжих соёлын эхлэл Youth Conference 2024
Хувь хүний хөгжил
Enkule
Enkule
2024.05.27
4 минут
Нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, бие биеэ дэмжих соёлын эхлэл Youth Conference 2024

2024 оны тав дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минут. Арга хэмжээ эхлэхээс 30 минутын өмнө UG Arena-гийн танхим олны хөлд дарагдаж, хөл хөдөлгөөн эрчимжжээ. Олимпод оролцох баг тамирчдаа алдаршуулах, олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцах зорилгоор залуусын санаачлан зохион байгуулж буй  Youth Conference 2024: “To The World” арга хэмжээг 1900 гаруй залуус зорин ирсэн нь энэ аж.

Нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, бие биеэ дэмжих соёлын эхлэл Youth Conference 2024

Бид олимпод оролцож буй баг тамирчдаа нээлтийн ёслолын үеэр буюу цэнхэр дэлгэцээр л харан омогшиж, дээлийн захыг мушгин амжилт хүсэн суудаг цаг саяхан билээ. Тэгвэл ЦойлогсоZ залуусын нэгдэл болон Монголын Үндэсний Олимпын Хороо хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр “Парис 2024” зуны 33 дахь удаагийн олимпын наадамд оролцох эрхээ авсан баг тамирчдаа шинэ үеийн цойлогч залуус алдаршуулан дэмжсэнээрээ онцлог юм. 

Монгол хүн сансарт ниссэн мөчөөс буюу 1981 оноос хойш тив дэлхийд Монгол хэмээх нэр илүү тодоор цуурайтаж байв. Тэр ч утгаараа “Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа” хэмээх эрхэм алдрыг сонсох төдийд омогшиж, өвлөгдөн ирсэн өв их түүхээрээ бахархах сэтгэл бидэнд төрдөг. Монгол залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөх, олон улсын түвшинд хөдөлмөрлөх өргөн их үүд хаалгыг өргөн олондоо дэлгэсэн энэ л эрхмийн захиасыг уламжлан хүргэж байна. 

Нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, бие биеэ дэмжих соёлын эхлэл Youth Conference 2024
Монгол улсын баатар, сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа

“Хүний амьдралын хамгийн сайхан “гоёл” бол залуу нас юм. Эдэлж хэрэглэж буй алт, мөнгө, сувдан ээмэг, гоё сайхан дээл хувцас биш. Харамсалтай нь залуу нас мөнх биш. Богинохон хугацаанд үргэлжилдэг эрч хүчээр дүүрэн энэ сайхан насандаа илүү их суралцаж, илүү их зүйлсийг туршиж үзэн, хийж бүтээх хэрэгтэй гэдгийг залуу хүүхдүүддээ захиж хэлмээр байна. Залуу үе маань их зүйлс бүтээж, өөдөө тэмүүлж явааг спорт, урлагийн салбарынхны гялалзсан амжилтуудаас харах бахархам сайхан байдаг. Өнөөгийн залуучууд ч бидний үеийн залуусыг бодвол хамтдаа нэгдэж, нэгнээ дэмждэг болж. Тэр ч утгаараа олимпод оролцох баг, тамирчдаа алдаршуулах, бахархах ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж буйд нь баяртай байна.”

“Сөүл 1988” зуны 24 дэх удаагийн олимпын наадамд таеквондогийн спортын төрөл албан ёсоор нэмэгдсэнээс 28 жилийн дараа буюу “Рио 2016” зуны 31 дэх удаагийн олимпын наадамд таеквондогийн төрлөөр анх удаа монгол хүн өрсөлдсөн нь П.Тэмүүжин байв. Тэрээр багын л спортод сонирхолтой, адтай хүүхэд байжээ. Аль чиглэлээр дагнан хичээллэхээ мэдэхгүй төөрч явах үедээ хөлийн өшиглөлтийн нарийн техникт татагдан таеквондогийн спортоор хичээллэх болсон нь хожим түүнийг олимпын дэвжээнд хүргэжээ. 

Нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, бие биеэ дэмжих соёлын эхлэл Youth Conference 2024
Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин

Аливаа зүйлсийг бусадтай ижил түвшинд хийгээд байвал чи бусдын л адил нэгэн болно. Иймд бусдаас ялгарах өөрийн онцлогийг бий болгох нь чухал.

“Дэвжээн дээр гарах үеийн мэдрэмж гоё ч ялагдаад буух мэдрэмж муухай. Хэдий таеквондогийн тамирчид олимпын наадмаас медаль авч байгаагүй ч эх орноо төлөөлөн олимпод оролцож яваа гэдгээр нь бахархдаг. Миний хувьд монголчуудад харьцангуй шинэ спортын төрөлд зам гарган өөрийн гэсэн замнал, түүхтэй спортын төрөл юм шүү гэдгийг нотолж, “Рио 2016” олимпын наадмын шилдэг 16 тамирчны нэг болсноороо бахархаж явдаг. Бүх хүмүүстэй л адилхан техник ашиглаад байвал бусдын л адил өрсөлдөнө шүү дээ. Тиймээс бусад тамирчдын тэр болгон хийгээд байдаггүй, аль эсвэл арай өөр техникээр оноо авч болдоггүй юм болов уу гэх хүсэлд хөтлөгдөн бэлтгэл дээрээ маш олон шинэ техник, хөдөлгөөнүүдийг туршиж үздэг байсан юм. Гэтэл нэг тэмцээн дээр бэлтгэлийн үед хийж байсан техникээрээ өшиглөчихсөн. Өрсөлдөгч, шүүгч, тайлбарлагч, үзэгч олон гээд олон хүн юу болоод өнгөрснийг ойлгож ядан, юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байдалд орж байсан. Тэр үед яг л бэлтгэл дээрээ байгаа юм шиг, өөрийгөө чөлөөтэй байгаагаар мэдэрсэн. Хэрэв “за энэ өшиглөлтийг туршаад үзье” гээд төлөвлөж хийсэн бол биеэ бариад нэг л болж өгөхгүй байх байсан биз. Түүнээс хойш бөх хүний дархан мэх гэдэг шиг өөрийн дархан өшиглөлттэй болж, олон улсын дасгалжуулагч, тамирчид ч дуурайж хийх болсон. Иймд аливаа зүйлсийг бусадтай ижил түвшинд хийгээд байвал чи бусдын л адил нэгэн болно. Бусдаас ялгарах өөрийн онцлогийг бий болгох нь чухал юм. Таеквондогоор хичээллэснээр хөдөлгөөний болоод бие бялдрын өв тэгш, уян хатан чанарыг олж авахын сацуу мэндлэх, хүндлэх соёлоос авхуулаад төлөвшиж, хүмүүжиж байдаг. Тиймээс өөрийн хүрч чадаагүй амжилтад дараа үеийн тамирчдаа хүргэхийн төлөө чаддаг, мэддэг бүхнээ зааж сурган таеквондогийн хөгжилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.”

Нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, бие биеэ дэмжих соёлын эхлэл Youth Conference 2024

Баг тамирчид маань олон улсын тэмцээн уралдаанд оролцож, эх орныхоо нэрийг гаргаж байна гэдэг нь өөрөө маш том амжилт гэж боддог. Ялсан ч бай, ялагдсан ч бай баг тамирчдаа үргэлж дэмжин, хамт байгаарай.

Залуусын санаачилгаар анх удаа зохион байгуулсан “Youth Conference 2024” арга хэмжээний үр өгөөжийг арга хэмжээнд оролцогчдын нүдэн дэх гал цогоос мэдрэх шиг болно. Арга хэмжээнд оролцогчдын нэг бол Монгол Коосэн Технологийн Коллежийн био инженер мэргэжлийн 5-р түвшний оюутан Э.Билгүүн. Түүний хувьд олон төрлийн спортоор хичээллэж, шинэ зүйлд өөрийгөө сорьж үзэх дуртай бөгөөд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчдын туршлага, түүхээс суралцах хүсэлдээ хөтлөгдөн энхүү арга хэмжээг зорин иржээ. 

Нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, бие биеэ дэмжих соёлын эхлэл Youth Conference 2024
Арга хэмжээнд оролцогч Э.Билгүүн

“Миний хувьд олимпод оролцож буй баг тамирчдаа нээлтийн ёслолын үеэр л анх харж, “энэ спортын төрөлд энэ тамирчин оролцож байгаа юм байна” гэх ойлголттой болдог байсан. Анх удаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцсоноороо олимпын эрх авсан эхний ээлжийн тамирчдаа мэдэж, тэднээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна. Хувь хүнийхээ зүгээс  чөлөөт бөхийн Азийн наадмын аварга, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн Т.Тулга тамирчныг олимпын эрхээ авсанд баяртай байна. Тэр ч утгаараа олимпын дэвжээнд хүлээлт өндөр байгаа. “Парис 2024” олимпын наадамд оролцож буй баг тамирчдадаа хандаж, 3.500.000 хүн та бүхнийг дэмжиж, итгэл хүлээлгэж байгаа шүү. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөснийхөө үр дүнг гаргахын төлөө хамгийн сайнаараа хичээгээсэй хэмээн хүсэж байна.”

Хагас өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд 200 гаруй арын албаныхны хүч хөдөлмөр шингэсэн бөгөөд 1900 гаруй залуус олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцан, дэлхий дахинаа алдраа цуурайтуулсан тамирчдын түүхээр бахархаж, нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, хийж бүтээж буй нэгнээ дэмжих, алдаршуулах соёлыг эхлүүлж буй нь энэ юм. 

Go team MonGOlia!

 

Гэрэл зургийг: Л.Буд