Номын булан

Ном “иддэг” хүн

posted.mn -- 2024.11.025 минут унших

“Тэр асар ховдог хүн. Өдгөө 72 настай түүний хувьд 60 гаруй жил маш олон ном идсэн мангас. Түүнд идүүлэхээс айсан номууд нуугдах гэж хичээдэг боловч хаанаас ч хамаагүй олоод идчихдэг. Дэлхийн хаана хамгийн амттай ном гарсныг сонсохын тулд түүний чих маш том болж хөгжсөн бөгөөд одоо хоёр метр урттай, газраар чирэгдэж явдаг байна.”

Ном “иддэг” хүн

Ном иддэг энэхүү аймшигтай “мангас”-ыг О.Содномпил гэдэг. Энэ удаагийн “Номын булан”-даа түүнийг онцлохдоо “хүүхдийг хэрхэн номтой нөхөрлүүлэх вэ” хэмээх сэдвийн хүрээнд ярилцлаа.

Утга, уран зохиол, сэтгүүл зүйн салбарынхан түүнийг “Со багш” хэмээн авгайлна. Со багш дөрөвдүгээр ангиасаа эхлэн 60 гаруй жил номоор амьсгалж, номтой амьдарсан хүн. Түүний цуглуулгад 30 мянга гаруй ном байсан хэдий ч заримыг нь улсын номын сан, музей зэрэгт хандивласнаар өдгөө 20 мянга гаруй нь үлджээ. 

“Хүүхдэд адал явдалтай сонирхолд нь нийцэхүйц ном худалдан авч өгч өдөөх  хэрэгтэй”

Ном “иддэг” хүн

О.Содномпил гуай хүүхэд ахуй насандаа хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байжээ. Орж гарсан хүмүүсийн дээлийн хормойг газартай хадчихдаг зүггүй хүүг хүмүүс “Ойдовын дэлдэн шар хүн болохгүй ээ” хэмээн ярьдаг байж. Гэтэл тэр эл хүмүүсийн ярьсны тэс эсрэг зүгт цэгц шулуухан, эрдэм номын хүн болж чаджээ. Түүнийг эгэл даруу ийм нэгэн болоход ном л нөлөөлсөн бөгөөд энэ тухайгаа ийнхүү ярьж байна. 

“Хүүхэд 3 наснаасаа эхлэн өөрийн уран сэтгэмжээр (фантазиар) ид шидийн ертөнцийг төсөөлөлдөө бий болгон түүндээ бүрэн дүүрэн итгэж амьдарч чаддаг. Харин томчууд бид тэдний бүтээсэн ертөнцийг сөргөөр шүүмжилж загнах хандлагатай байдаг.

Хүүхэд өөрийн ертөнц дэх болсон үйл явдлыг гэр бүлийнхэндээ ярихад томчууд шууд бодит ертөнцтэй харьцуулан шүүмжилж тэднийг худлаа ярилаа гэцгээдэг. Хэний ч бодож олж чадаагүй тийм гоё ертөнцийг бий болгочхоод байхад нь эцэг эхчүүд адал явдалт, танин мэдэхүйн номууд худалдаж авч өгч өдөөх хэрэгтэй. Орчин үед хэчнээн олон гоё зурагт номууд хэвлэгдэж байна. Тэр номуудыг л мөнгө татахгүй авч өгөх хэрэгтэй. Ер нь эцэг эхчүүдэд их учир бий шүү. Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрсдөөсөө эхлэх нь чухал л даа. Олон номтой айлын хүүхэд хүссэн хүсээгүй нэгийг нь барьчихсан л сууж байдаг юм даа. Намайг анх тийм дэггүй хүүхэд байхад адал явдалтай тэр нэг ном таараагүй бол би өдийд хэн болсон байх байсан бол.” 

“Сайн сур, сайн сур л гэж загнаад байх юм…”

Ном “иддэг” хүн

Хүмүүсийг анзаараад байхад хүүхдээ сайн сур, сайн сур л гэж загнаад байх юм. Сайн сургахын тулд эхлээд уншуулж сургах учиртай байхгүй юу. Юм уншиж сураагүй, дадаагүй хүүхэд яаж сайн сурах юм бэ. Сургуулиуд хүүхдийг номтой л ажиллуулах хэрэгтэй. Номоор бүх шинжлэх ухааныг ойлгуулж болно шүү дээ. 

Худлаа л сайн сур гэхээ болих хэрэгтэй. Хүчээр заадаг сургадаг цаг үе аль хэдийн ард хоцорсон. Харин унших, суралцах тэр боломж бололцоог нь олгох л чухал болчхоод байгаа юм даг уу даа. Зарим зохиолчид ч гэсэн хүүхдийн ном бичиж байна гээд сургаал бичээд байх юм. Зарим гэж онцолж байгааг бас ойлгоорой. Сайн, сайн бүтээл туурвиж буй хүмүүс хэвлэлийн газар байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ л хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон адал явдалтай бүтээлийг олноор нь  туурвих чухал.

Жишээ нь, зүгээр нэг зүлгэн дээр гишгэж болохгүй гэж хэлэхийн оронд зүлгийг хүүхдийн хайр хүргэм тийм өхөөрдөм амьтнаар зүйрлүүлэн бичвэл ямар вэ. Тэгвэл тэр хүүхэд хайрлаад цэцэг ч таслахаа болино. Та нар өөрсдийгөө багадаа яагаад Буратино, Чебурашка, Ну Погодид дурлан үздэг байсан гэж бодож байна. Та нарын өнөөх адал явдлыг эрэлхийлдэг, уран сэтгэмж дээр тоглолт хийсэнд гол учир нь байгаа юм. Их яривал шинжлэх ухааныг ч гэсэн тийм хөөрхөн аргаар хүүхдэд ойлгуулж болно. Тоо, физикийг хүртэл хүүхдийг залхаасан байдалтай заах боллоо. Бүх л юм албаны болоод байх юм. Уран зохиол хүртэл шүү. 

Шинжлэх ухааныг хүүхдийн сонирхол татахуйцаар яаж ойлгуулах вэ. Жишээ нь, дэлхий бөөрөнхий /геоид/ тийм үү. Гэтэл хойд туйлд байгаа хүний толгой нь дээшээ харсан хөл нь доороо байна. Харин дэлхийн доод хэсэгт байгаа хүний толгой доош унжсан байна.. Бөөрөнд нь амьдарч буй хүмүүс хазайж унахгүй байгаа шалгаан юу юм. Яагаад? гэж асуугаад энэ бол дэлхийн татах хүч, ийм ийм учиртай хэмээн тайлбарлах ёстой юм шүү дээ. Тэгж байж л бид боловсролын чанар ярина. Нэг ёсондоо уран бүтээлчид, хэвлэн нийтлэгчид, эцэг эхчүүд гээд хэдэн талаасаа нийлээд тэдний хүсэл сонирхлыг өдөөх хэрэгтэй.  

Түүний санал болгож буй дөрвөн ном:

-БУЛГАКОВЫН “НОХОЙН ЗҮРХ”

-КАФКА “ХУВИРАЛ ТУУЖ”

-ЯРУУ НАЙРАГЧ Т.АМАР-АМГАЛАНГИЙН “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ АРИУН ӨДРҮҮД”

-ЗИГМУНД ФРОЙД “СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД”

“Юмыг олон хэлбэл улиг болно. Цөөхөн хэлбэл шүлэг болно”

О.Содномпил гуай Сүхбаатарын талбайд болдог номын баярыг ер алгасаж үзээгүй. Өөрийн гаргасан “Утга зохиол” цувралыг худалдан борлуулахаас гадна “Эрдэнэсийн сан” буюу хуучин номын худалдааны хэсэгт хоёр хөлөөрөө бохирч суугаад ном эрдэг хүн. Утга зохиол цувралын тухайтад өдгөө 55 боть гаргаад буй. Хамгийн сүүлийнх нь Эдгар Погийн “Шүлгийн амин сүнс” ном.

Тэр өөрийн эрхлэн гаргадаг эл цувралынхаа талаар “Би энэ цувралыг сайн уншигчид бэлдэхийн тулд л эхлүүлсэн юм шүү дээ. Алс ирээдүйд л үр дүнгээ өгнө. Ном бүтээх, цуглуулах үйл хэрэг маань өдгөө залуу үед ч халдварласан. Б.Алтанхуяг,  У.Чинзориг гэдэг залуучууд өнөөдөр хэчнээн их номд дурлаж шимтэж байна. Би тэдэнд юу ч заагаагүй. Гэхдээ л тэд ном уншиж өөрсдийгөө олж, бүтээж чадсан. Энэ үлгэрлэл л чухал. Аливаа юмыг олон хэлбэл улиг болно. Цөөхөн хэлбэл шүлэг болно. Чимээгүй хийвэл үлгэрлэл болно.” 

“Ном бүтээнэ гэдэг мөнхөд хүмүүстэй ярилцаж байна гэсэн үг”

Ном “иддэг” хүн

-Та сайн уншигч бэлдэхээр оролдож байна гэлээ шүү дээ. Тэгвэл сайн уншигч яаж бий болдог юм хэдий хэрийн хугацаа орох вэ? 

-Сайн уншигч гэж задлан шинжлэгчийг хэлнэ. Аливаа номыг уншаад өөрийнхөө хэр хэмжээгээр цааш ургуулан бодож ямар нэгэн шийдэл гаргахыг хэлнэ. Набаков сайн уншигч бол хамтрагч, бүтээлч, шалгарсан уншигч, бас дахин дахин уншигч гэж хэлсэн юм шүү. Тэгэхээр цаг хугацаа нэлээд орох нь ойлгомжтой.

Ном уншсанаараа их муу хүнийг таньж сурна. Хүн хүнээ хуурдгийг олж харна. Номоос ер ертөнцийн бүхий л үйл явдлыг олж таньдаг юм биш үү дээ. Олж танихаараа яах вэ. Цааш нухацтай ургуулан бодож ямар нэг үр дүнд хүрэх нь байна шүү дээ.

Харин ном зохиогчийн тухайд бол арай өөр. Сайн уншигч сайн зохиолч болно. Сайн уншигч ямар номыг унших вэ, уншихгүй вэ гэдгээ хүртэл шийддэг болдог. Ном бол харьцангуй мөнх настай эд. Хүнээс ном л үлдэнэ. Ном бүтээнэ гэдэг мөнхөд хүмүүстэй ярилцаж байна л гэсэн үг. 

“Би залуу үедээ итгэдэг. Үнэхээр муу байна гэж хэлж байгаа хүмүүст хэлэхэд чи ч дээд үедээ гологдож л явсан даа” 

-Шинэ залуу гарч ирж байгаа зохиолч, хүүхдүүдэд та хэр итгэдэг вэ. Тэд сайн зохиолч, уншигч болох шинж байна уу? 

-Хүн чинь цаг үеийнхээ л бүтээгдэхүүн юм байна. Ертөнцийн хууль гэж байдаг. Би хувьдаа шинэ залуу үе, хүүхдүүдэд итгэдэг. Аль ч цаг үеийнхэн хойч үеэ үгүйсгэдэг, нэг л дутуу юм шиг санадаг. Гэтэл тэр хүмүүс ч гэсэн өмнөх үедээ гологдож явсан шүү дээ. Энэ тухай бичсэн археологийн олдвор хүртэл байдаг. Би олж уншиж байлаа. Миний бодлоор бид л залуу үеэ муу сургаж байж болох нэг тал бий.

Жишээ нь, аравдугаар ангийн хүүхдүүд өдөржин л компьютер нүдэж байгаа хэр нь хэрэгтэй мэдээллээ аваад, бичих ёстой зүйлсээ цэвэр сайхан бичиж сураагүй л байна. Гаднаас нь харвал утас, компьютер ашиглаад мундаг байна гэж харагдахаар. Гэтэл өнөө нөхөд тоглоом тоглоод байгаа юм. Тоглож ч болно. Гол нь эхлээд аливаа зүйлийг учрыг нь олоод, боддог болчихвол ай даа мөн сайхан сан. Бусдаар тэднийг үгүйсгээд байх шаардлага үгүй. 

“Би хэвтрийн хүн”Ном “иддэг” хүн

Тэр ярилцлагын төгсгөлд хүүхэд залуучуудад хандаж үг хэлэхдээ “Ном уншихад бас их учир бий шүү. Миний хувьд өдий олон жилийг хэвтэж ном уншиж өнгөрүүлсэн байна. Яг л хэвтрийн хүн шиг. Гэтэл энэ маань хараа, сээр нуруунд нөлөөлдөг юм билээ. Тиймээс аль болох сууж ном уншиж байгаарай” гэсэн юм.

Харин биднийг явахын өмнө “намайг битгий магтаарай. Би магтаал шагналд тийм дуртай хүн биш” хэмээсээр хоцорсон юм. 

Ер тэр тийм даруухан хүн мөнөөсөө мөн. Уг нь түүний нэрийн өмнө. Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш гэх мэтчилэн олон гуншин тавьж болох л байлаа.