Зарим оронд байдаг он солигдох мөчид үнсэлцдэг уламжлал эртний Ромоос гаралтай ажээ


Он солигдох мөчид үнсэлцэх нь олон орны шинэ жил тэмдэглэх уламжлалд байдаг бөгөөд гүн утга агуулгатай ажээ. Хосуудын дунд халуун дулаан мэдрэмж төрүүлдэг, ганц бие хүмүүст багахан дарамт ч үүсгэдэг энэ уламжлал эртний соёлын зан үйлтэй холбогддог байна.
Түүхчдийн үзэж буйгаар шинэ жилийн үнсэлт эртний Ромын Сатурналиа хэмээх өвлийн баяртай холбоотой аж. Уг баяраар хүмүүс гэр орноо ногоон мөчрөөр чимж, найр наадам хийж, бэлэг солилцон, нийгмийн хатуу хэм хэмжээг түр орхидог байжээ. Энэ үеэр олон нийтийн дунд ил задгай энхрийлэл, үнсэлт түгээмэл байсан нь хожмын уламжлалын суурь болсон гэж үздэг байна.
Хожим Сатурналиа Христийн шашны Зул сарын баяртай уялдан, дундад зууны Европт шинэ жилийн баяр нэлээд задгай, багт наадамтай, шөнө дунд багаа тайлж үнсэлцдэг ёс болон хөгжжээ. Тухайн үед үнсэлт нь аз жаргал, шинэ эхлэл, ганцаардлаас хамгаалах бэлгэдэл хэмээн ойлгогддог байсан байна.
Орчин үеийн Америкт энэ заншил XIX зууны сүүлээр герман цагаачдын нөлөөгөөр дэлгэрсэн аж. 1893 оны New York Times сонинд Нью-Йоркт герман гаралтай иргэд шинэ жилийг хамтдаа угтаж, тэврэлдэн үнсэлцдэг тухай тэмдэглэсэн нь хамгийн эртний бичмэл баримтад тооцогддог юм байна.
Сэтгэл зүйчид, судлаачдын тайлбараар үнсэлт нь хүн төрөлхтний хувьд мэндчилгээ, дотно харилцаа, баяр тэмдэглэх түгээмэл илэрхийлэл юм. Харин шинэ жилийн шөнө энэ үйлдэлд илүү гүн утга агуулагддаг. Зарим нь шөнө дунд хэнтэй, ямар мэдрэмжтэй байгаагаа ирэх жилийн “зөгнөл” гэж үздэг аж.
Эх сурвалж: Vogue