“Би хөөрхөн. Би ухаантай. Би энэ онд хамгийн сайнаараа хичээх болно”. Бид бусдыг халуун дулаан үгээр тэвэрдэг шигээ өөртөө эерэг үгсийг хэлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлснээр амьдралын чанараа дээшлүүлэх боломжтойг та мэдэх үү? Өөртөө эерэг үгсийг тогтмол хэлэх нь өөрийгөө ойлгож, хайрлан, амжилтад хүрэх замыг гэрэлтүүлэх хамгийн чухал арга гэдгийг судлаачид онцолсон байдаг.
Гэвч АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Сангийн судалгаагаар хүн өдөрт дунджаар 50,000–70,000 бодол боддог бөгөөд тэдгээрийн 80% нь сөрөг бодол байдгийг тогтоожээ. Тэгвэл эдгээр сөрөг бодол бидний өдөр тутмын амьдрал болон өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлдөг болон өөрийгөө эерэг үгсээр “услахын” ач холбогдлын талаар “Тархины халаас” контент сувгийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач А.Тайванжаргалтай ярилцсан ярилцлагаас хүлээн авч уншаарай.
-Бид “үгийн хүч” гэж их ярьдаг шүү дээ. Энэ утгаараа бидний хэлж буй үгс тархины үйл ажиллагаа болон сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү ярилцлагаа эхэлцгээе.
-“Үг” гэхээр гадагш хэн нэгэнд хандаж хэлж буй үг, дотогш өөртөө зориулж хэлж буй үг гэх мэт олон төрөлтэй. Үүнийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд аль аль талаас нь судалсан байдаг. Монголчуудын хувьд “Амны бэлгээс ашдын бэлэг, Үг, бодол хүчтэй” гэж их ярьдаг шүү дээ. Тэгэхээр үг бидний сэтгэл хөдлөл, зан үйлд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг.
“Эерэг” үг гэхээр хүмүүс ихэвчлэн “гоё, сайхан, мундаг, сайн” гэх мэт үгсийг боддог. Харин “сөрөг” үг гэхээр “муу, чадахгүй, буруу” зэрэг үгс бодогдож байгаа байх. Гэхдээ эерэг, сөрөг үгсийг сэтгэл зүйд нөлөөлөх талаас нь аваад үзэхээр хэдий үгийн утга нь өөрөө эерэг ч гэлээ тухайн хүнд стресстэй, дарамттай, таагүй мэдрэмж төрүүлж байвал тэр нь сөрөг үгтэй адил нөлөө үзүүлнэ. Жишээлбэл, “Би тайлангаа сайн дуусгах ёстой.” Уг нь сайн дуусгах ёстой гээд эерэг үг юм шиг боловч тухайн хүнд дарамт болж байвал энэ нь өөрөө сөрөг үгтэй адил нөлөөтэй болчхож байгаа юм. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд үгийн бүтэц, утга талаас нь тайлбарлах гэхээс илүүтэйгээр тухайн хүний сэтгэл зүй, бодол болон үйлдэлд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг талаас нь тайлбарлах нь илүү тохиромжтой.
-Ихэнх тохиолдолд бид өөртөө их хатуу хандаж, бусдыг урамшуулдаг шигээ өөрийгөө урамшуулж чаддаггүй шүү дээ. Ер нь бид яагаад өөртөө л хатуурхаж, сөрөг үгс их хэлдэг юм бол?
-Гадаад ертөнц бол “харилцаа”-тай л холбоотой байдаг шүү дээ. Ихэвчлэн бидний “чадахгүй, мэдэхгүй, муу” гэж өөртөө хэлдэг үгс “Бусад хүмүүс намайг юу гэж бодох бол? Нийгэм намайг яаж хүлээж авах бол?” гэх бусдын үнэлэмжтэй холбоотой үүссэн байх нь олонтоо. Нөгөөтээгүүр гэр бүлийнхэн, дотнын хүмүүсийн үнэлэмж их нөлөөлдөг. Магадгүй хүн өөрийгөө гоё зурдаг гэж боддог ч бага байхаас гэрийнхэн нь “Чи гоё зурж чадахгүй байна, цэвэрхэн биш байна” гэж хэлдэг байсан бол хүнд автоматаар “Би зурж чадахгүй” гэж боддог болно. Хэдий өөрийгөө гоё зурдаг гэж боддог ч гэлээ “чадахгүй, муу” гэх үгийг олон дахин сонсоод байхаар хүнд автоматаар сөрөг бодол бий болдог. Иймд бидний өөртөө хэлж буй сөрөг үгс, бодлууд ихэвчлэн хийсвэр үнэлэлт, дүгнэлт буюу автомат бодол байх нь их. Муу гээд хэлж байгаа нь яг бодит байдал дээр муу биш, таны хэтрүүлэн бодож байгаа бодол, төсөөллүүд, хэтрүүлэн үнэлж байгаа үнэлэлт дүгнэлтүүд гээд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй байгаа тэдгээр зүйлсээс бий болсон байх талтай.
-Тэгвэл эдгээр нийгмийн үнэлэмжид хэт автахгүйгээр өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хэрхэн нэмэгдүүлж, өөрийн үнэ цэнээ хэрхэн тодорхойлох хэрэгтэй вэ?
-Юун түрүүнд “Та бусдад юу гэж хэлдэг вэ, яаж сайхан ханддаг вэ? Яг үүнтэйгээ адилаар өөртөө тэр эерэг үгсээ хэлж, сайхан хандаж чаддаг уу?” гэдгийг өөрөөсөө нэг асууж үзээсэй гэж хүсэж байна. Үүний тулд өөртөө хэлдэг эерэг болон сөрөг үгсийн жагсаалт гаргаад үзээрэй. Магадгүй өөртөө хэлдэг эерэг үгсээс сөрөг үгс нь их байх болов уу. Тэгээд эдгээр үгсээ анзаараад үзвэл бусдын үнэлэмж, хүлээлттэй холбоотой зүйлс байдаг. Тиймээс хамгийн чухал нь “Би өөрөө өөртөө ямар байвал сайхан бэ? Би өөрөө ямар байвал өөрийгөө хүндэлж, хайрлах вэ?” гэдгээ эхлээд харах хэрэгтэй. Нэг сэтгэл судлаач хэлсэн байдаг, “Та өөрийгөө хэр их хүндэлж, хайрлаж байна. Тэр нь бусад хүмүүс тантай яаж харилцахыг зааж өгдөг заавар нь байдаг” гэж.
Мөн “Миний хяналтад юу байгаа билээ, миний хяналтад юу байхгүй билээ” гэдгийг өөртөө эргэцүүлж бодоорой гэж хэлмээр байна. Таны хяналтад юу байдаг вэ гэвэл таны үг, үйлдэл, харилцаа, хандлага. Харин таны хяналтад юу байхгүй вэ гэвэл бусдын хэлж байгаа үг, бусдын бодол, хэн нэгний таныг үнэлэх үнэлэмж. Бид бусдын гаргаж байгаа эдгээр зүйлсийг өөрчилж чадахгүй юм чинь эдгээрийг өөртөө хэрхэн хүлээж авч, хэрхэн тусгахаа буюу өөрийн хяналтад байгаа зүйлсдээ анхаарал хандуулахад л сэтгэл санаа илүү тайван, тогтвортой болдог. Аливаа нөхцөл байдлыг бодитоор анзаарч эхлэхэд өөртөө эерэг үг хэлэх үү, сөрөг үг хэлэх үү гэдгээ шийдэж чадна аа гэсэн үг.
-Өөрийгөө сөрөг үгсээр дүгнэх, шүүмжлэх зуршил нь бидний сэтгэл зүй болон өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжид хэрхэн нөлөөлдөг бол?
- Бидний өөртөө хэлж буй үг, бодол биднийг ямар үйлдэл хийх вэ гэдэгт шууд утгаараа нөлөөлдөг. Тухайлбал, хүн өөртөө сөрөг үг хэлэх тусам өөрт гарч ирэх боломжуудыг хааж байдаг талаар судалгаа байдаг. Тэгэхээр “би чадахгүй” гэж бодох тусам бидний үйлдэл өөрөө “чадахгүй” болж эхэлдэг. Нэг үгээр хэлбэл хүн өөрийнхөө үйлдлээр өөрийнхөө боломжуудыг хязгаарладаг гэсэн үг.
Мөн өөртөө сөрөг үгс хэлэх тусам бидний тархинд стрессийн даавар болох кортизол ялгарч байдаг. Кортизол ихсэх тусам бид илүү стресттэж, дарамт мэдэрч эхэлнэ. Бие организм стресс мэдрээд ирэхээрээ дархлаа муудна, эрч хүчгүй болж, ядардаг. Энэ үйл явц удаан үргэлжлэх юм бол хүн сэтгэл түгшилт, сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй болдог. Харин эсрэгээрээ эерэг үг их хэлэх тусам эрч хүч нэмэгдэж, аз жаргалын дааврыг ихээр ялгаруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг.
Бидний тархи эерэг мэдрэмж, эерэг сайхан үйл явдлууд, эерэг үгсийг ой тогтоолтдоо хадгалаад, асуудал бэрхшээл тулгарах үед эдгээр дурсамж, хадгалагдсан мэдээллүүд нь хүнд өөртөө итгэх итгэл, асуудлыг даван туулахад туслах нөөц болж байдаг. Хүн бүр л сайхан зүйлсийг хүсэж байдаг учраас өөртөө юу хүсэж байна түүнийгээ бас бусдад бэлэглэх гээд оролдоод үзээрэй. Харин энэ бүхний эхлэл, үндэс суурь нь өөрийгөө хайрлах, өөртөө эерэг үгсийг тогтмол хэлж, өөрийгөө зоригжуулах явдал юм. Учир нь хүн өөрийгөө хүндэлж хайрлаж байж бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэлж чаддаг.
-Тэгвэл бид өдөр тутмын амьдралдаа эерэг дадлыг төлөвшүүлж, өөрийгөө эерэг үгсээр “услахын” тулд ямар алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
- Сэтгэл судлалд тухайн хүнд сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үр дүн гарч байгаагийн хамгийн анхны илрэл нь тухайн хүн асуудал, бэрхшээл, түүний нөлөөллийг хүлээн зөвшөөрч, анзаарахаас эхэлдэг гэж үздэг. Өөртөө эерэг үгсийг хэлж байна гээд үнэхээр чадахгүй байгаа зүйлээ, эсвэл өөрийнхөө ажиллах хэрэгтэй сул талаа тоохгүй яваад байж болохгүй. Үүнийгээ бодитоор үнэлж, дүгнээд, нүүр тулснаар дараагийн алхмаа ухамсартайгаар хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Харин үүний дараа өөртөө эерэг үг хэлдэг болъё, эерэг дадалд суралцъя, чадахгүй гэх бодлоо өөрчилье, хийгээд үзье гэж зорилго тавиад түүнийгээ ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр төлөвлөх хэрэгтэй. Сэтгэл зүйчдийн хийлгэдэг нэг дасгал байдаг юм. Эхлээд өөрийнхөө хийнэ гэж бодож байгаа зүйлээ “ёстой” гээд хэлээд үз. “Би өглөө болгон 7 цагт босох ёстой.”, дараа нь ёстой гэдэг үгээ “хэрэгтэй” гэдэг үгээр солиод үз. “Би өглөө болгон 7 цагт босох хэрэгтэй.” Үүний дараа “болно” гээд хэлээд үзээрэй. “Би өглөө болгон 7 цагт босох болно.” Ёстой-хэрэгтэй-болно гэх үгнүүдийн хооронд маш том ялгаа байдаг. “Ёстой” гэдэг бол шаардаж байгаа юм шиг, хэцүү, төвөгтэй сонсогдож байгаа бол “болно” гэхээр бидний тархи “Аан, би угаасаа л хийчихнэ” гэх байдлаар хүлээж авдаг гэсэн үг.
Мөн өөртөө эерэг үг хэлж, өөрийгөө урамшуулахдаа илүү бодит байдал дээр тулгуурлах нь тохиромжтой байдаг. “Би маш их хичээсэн учраас энэ амжилтад хүрлээ. Би өчигдөр маш сайхан амарсан учраас эрч хүчтэй байна” гэх мэт. Хүүхдийг хэрхэн магтах талаар жишээнүүд ч байдаг. Хүүхдийг магтахдаа мундаг, супер гэх мэт туйлын үгс ашиглах тусам хүүхэд яг юу нь мундаг байгаа юм, аль нь супер юм гэдгийг ялгадаггүй. Харин “Чи өчигдөр даалгавраа сайн хийсэн учраас багш нь өнөөдөр таван оноо өгсөн байна. Чи маш их хичээл зүтгэл гаргасан болохоор тэмцээндээ амжилттай оролцлоо” гэх мэт бодит үйлдэл дээр нь тулгуурлаж магтах нь илүү тохиромжтой байдаг. Тиймээс томчууд маань ч бас энэ техник дээр тулгуурлаж, өөрийгөө урамшуулж, эерэг үгсийг хэлэх нь илүү үр дүнтэй.
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүний үнэт зүйлсийг судлахдаа эерэг, сөрөг үгс дээр тулгуурлаж судалдаг байна. Эерэг, сөрөг үгсийн жагсаалтаас юуг хамгийн их эрхэмлэж байна вэ гэдгийг жагсаах байдлаар тухайн хүний үнэт зүйлсийг тодорхойлдог аж. Иймд ямар үгийг бодохоор, ямар үг хэлэхээр тайван, тухтай мэдрэмж төрж байна, тэр үгээ өөртөө хэлж байх хэрэгтэй гэлээ. Хэрэв та “хайр, халуун дулаан” гэх мэт үгсийг хэлэх үедээ тайвшрал, аз жаргалыг мэдэрдэг бол өөрийгөө тэврээд “Би өөртөө хайртай” гээд хэлж болно. Хүмүүжил, зан төлөвийн онцлог, тархины үйл ажиллагаа, нас, хүйс зэрэг маш олон хүчин зүйлс бидний сэтгэл зүйн байдалд нөлөөлдөг учраас нэг хүнд тохирсон арга нөгөө хүнд тохирно гэж байдаггүй. Тиймээс “Би энэ үгийг хэлэх үед надад ямар мэдрэмж төрж байна вэ?” гэдгийг анзаарч, өөрт тохирсон аргаа олох нь чухал. Харин ямар ч аргыг туршсан “Миний энэ хэрэглэж байгаа арга надад болон бусдад хохиролтой юу?” гэдгийг л бодож үзэх хэрэгтэй. Хэрэв танд болон бусдад хохиролгүй бол энэ сайн арга гэдгийг тэрбээр онцолж байлаа.
-Хүн бүр хийж бүтээх хүсэлд хөтлөгдөн яваа энэ цагт шинэ дадалд суралцаж, шинэ ондоо сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхааран дотоод амар амгалан, аз жаргалаа нэмэгдүүлэхийг зорьж буй хүмүүстээ ямар зөвлөгөө өгөх вэ?
-Шинэ оны эхлэл бол хүн бүрийн хувьд маш их зорилго тавьж, хийх зүйлсийн урт жагсаалт бичдэг үе байдаг. Харин хоёр, гурав дахь долоо хоногоос нөгөө их хүсэл буурч эхэлдэг нь зарим жагсаалтууд хэт сэтгэл хөдлөлд тулгуурласан байдагтай холбоотой. Тэгэхээр бидний амьдралын чанарыг илтгэх хамгийн чухал үзүүлэлтийн нэг нь сэтгэл зүйн тайван, тогтвортой байдал учраас хорь, гучин биелэгдэшгүй зүйл бичээд өөртөө дарамт өгөхийн оронд чанартай хийх зүйлсийн жагсаалтаа, бодит нөхцөл байдалдаа тулгуурлан гаргаарай. Би юунаас илүү тайван, аз жаргалыг мэдэрч байна гэдэг дээрээ төвлөрч, би юуг илүү сайн хийж, юуг үйлдэл болгож чадаж байна гэдэгтээ анхаараарай гэж хэлмээр байна. Зарим хэмжиж болох зүйлсийг хэмжиж болохуйцаар тавих нь илүү үр дүнтэй. Хамгийн чухал нь аль болох өөртөө эерэг үг хэлж, талархахад суралцаарай. Өөртөө талархаж, өөртөө зөөлөн хандах нь маш олон сайн үр дүн дагуулдаг гэдгийг батлах судалгаа, нотолгоо олон байдаг.
-Ярилцсанд баярлалаа.