Залуусын орон зай

Урлагийн түүхийн нууцууд: Арнольфинийн хөргийг унших нь

М.Энхмаа2025.12.054 минут унших
Урлагийн түүхийн нууцууд: Арнольфинийн хөргийг унших нь - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өнөөдөр дэлхийн урлагийн музейнүүдийг чимдэг алдартай зургуудын нэг “Арнольфинийн хөрөг” бүтээлийг анхлан харахад энгийн нэг гэрэл зурган мэт санагдаж болох ч дотор нь арван тавдугаар зууны нийгмийн бүтэц, гэрлэлт, шашин, ёс суртахуун, уран бүтээлчийн өөрийн байр суурь зэрэг олон давхар түүх нуугдан оршдог. Уран бүтээлч Ян ван Эйк энэхүү бүтээлээрээ биет болон бэлгэдлийн ертөнцийг нэгэн дор зангидаж, урлагийг хүний амьдралын баримт болон түүхэн гэрч болгох шинэ боломжийг нээжээ.

“Урлагийн түүх” булангийн энэ удаагийн дугаарт бид энэхүү алдарт бүтээлийн ард нуугдах бэлгэдлийн систем, түүний техникийн онцлог, зураачийн оролцоо ямар утга агуулга бүрдүүлдэг талаар дэлгэрүүлэн авч үзэх болно. Энгийн ахуйн орчин мэт харагдах энэхүү зураг хэрхэн арван тавдугаар зууны Европын амьдралыг бүхэлд нь багтаасан түүхэн цонх болж, үзэгч бүрийг өөрийн цаг хугацаа руу татан оруулдгийг хамтдаа тайлж уншицгаая.

Ян ван Эйк: Техник, реализмын хувьсгал

зураг.jpg

Ян ван Эйк (1380-1441) нь Европын уран зургийн түүхэнд тосон будгийн техникийг шинэ түвшинд гаргасан мастер юм. Тэрбээр будгийг нимгэн, тунгалаг давхаргаар олон удаа түрхэх (glazingаргыг ашиглан зурагт өнгөний гүн, баялаг байдал болон гэрлийн тусгал, сүүдрийг маш нарийн дүрсэлдэг байжээ. Ингэснээр торго, үслэг эдлэл, металл зэрэг материалын бүтцийг яг  бодит мэт гялалзаж байгаагаар дүрсэлдэг гэдгээрээ онцлог байв. 

Ван Эйк гэрэл, сүүдрийн нарийн харьцааг ашиглан дүрсийг жинхэнэ мэт, орон зайтай болгож, тухайн агшныг цаг хугацаанаас ангид мөнхлөхүйц сэтгэгдэл төрүүлдэг байжээ. Түүний энэхүү техник болон зохиомжийн шийдлүүд нь Европын тосон будгийн реализмын түвшнийг төгс болгосон нь түүнийг урлагийн түүхэнд хувьсгалч мастер болгосон юм.

Нийгмийн байр суурь ба тансаг хэрэглээ

Арнольфинийн хөрөг дээрх хос нь Италийн Лукка хотоос гаралтай, тухайн үеийн Европын худалдаа, эдийн засгийн төв Брюггед амьдарч байсан Жованни Арнольфини болон түүний эхнэр юм. Жованни нь тансаг бараа наймаалдаг, Бургундын Герцогийн ордонд алба хашиж байсан нэр хүндтэй хүн байжээ. Тэдний өмссөн хувцас, эдлэл хэрэглэл ч тэдний нийгмийн байр суурь, баян чинээлэг байдлыг шууд илэрхийлж байна.

Тухайлбал, Жованнигийн өмссөн хөх саарал өнгийн, үслэг доторлогоотой хүнд нөмрөг нь тухайн үед зөвхөн язгууртан, ордны түшмэлүүдийн өмсдөг тансаг хувцас байв. Эхнэрийнх нь номин ногоон даашинзанд Европоос импортолсон үнэт материал бүхий олон метр даавуу ашигласан нь түүнийг жинхэнэ язгууртан эмэгтэй болохыг илтгэж байна.

Зураг дахь бэлгэдлүүдийг тайлах нь

Гарын байрлал: Итгэлцэл ба гэрээний бэлгэдэл

гар.jpg

Хос хоёр гар барин зогсох нь тухайн үеийн хүмүүсийн хувьд энгийн дотно харилцааны илэрхийлэл биш байлаа. Дундад зуунд гэрлэлт нь зөвхөн шашны зан үйл биш, хууль ёсны гэрээтэй адил үнэ цэнтэй амлалт гэж тооцогддог байв. Тиймээс гар барилт гэдэг бол хоёр хүний хоорондын “итгэлцлийн тангараг”, амьдралаа хамтран авч явах шийдвэрийн баталгаа юм. Зураач энэ үйлдлийг бүтээлийн төвд тодруулах замаар хосын харилцаанд чухал байр суурь эзлэх итгэл, хүндлэл, нэгнээ хүлээн зөвшөөрөх үйл явцыг үзэгчдэд илүү тод харуулжээ.

Нохой: Үнэнч байдал

нохой.jpg

Хосын хөлд байрлах жижиг нохой нь тухайн цаг үеийн гэр бүлийн ёс суртахуун, үнэт зүйлтэй гүн холбогдсон бэлгэдэл юм. Нохой нь үнэнч байдал, амлалтаа чанд сахих ёс суртахууныг илэрхийлнэ. Гэрлэж буй хосын хувьд энэ нь “нэгнээ орхихгүй, хамтдаа амьдрах” гэсэн санааг бэлгэддэг. Мөн тухайн үед жижиг анчин нохой тансаг хэрэглээнд тооцогддог байсан тул Арнольфинигийн гэр бүлийн эдийн засгийн боломж, нийгмийн байр суурийг илтгэх дүрслэл болдог. Ингэснээр нохой нь зургийн уур амьсгалд дулаан, амьд мэдрэмж нэмж, гэр бүлийн үнэ цэнийг илэрхийлэх чухал элемент болжээ.

Лаа: Шашны бэлгэдэл

лаа.jpg

Өрөөнд ганцхан асаалттай лаа харагдах нь энгийн боловч гүн утга агуулдаг. Христийн шашинд лаа нь “бурхны гэрэл” буюу үнэнийг гэрэлтүүлэгч хүчийг бэлгэднэ. Энэ зурагт лаа асаалттай байх нь гэрлэлт зөвхөн хоёр хүний хоорондын шийдвэр бус, бурхны өмнө өргөж буй ариун амлалт гэдгийг сануулж байна. Нэг л лаа асаалттай байх нь бурхны оршихуйг илэрхийлж, энэ мөчид тэнгэрлэг хүч гэрч болж буй гэсэн ойлголтыг улам тодотгожээ. Ийм байдлаар лаа бүтээлийн бүхэл уур амьсгалд нам гүм, ариун мэдрэмж нэмж өгдөг.

Ор, улаан хөшиг: Үржил шим ба гэр бүлийн бат суурь

ор.jpg

Зургийн ар талд байрлах ор болон улаан хөшиг нь гэр бүл, үр удамтай холбоотой хамгийн чухал ойлголтыг илэрхийлдэг. Улаан өнгө нь дулаан, элбэг дэлбэг байдал, аз жаргалтай амьдралыг бэлгэднэ. Харин орны толгойд сийлэгдсэн Гэгээн Маргаретийн дүр нь жирэмсэн эхчүүдийг ивээгч гэгээнтэн учраас хосын ирээдүйд хүүхэдтэй болох хүсэл, ерөөл энэ өрөөнд буйг илтгэнэ. Эдгээр элементүүд нийлж гэр бүл болох, үр удмаа үлдээх, амьдралын бат сууриа бий болгох гэсэн хүслийг зөөлөн, бэлгэдлийн хэлээр илэрхийлжээ.

Гутал: Ариун ёслол ба чиг үүргийн ялгаа

гутал.jpg

Шалан дээр байрлах эрэгтэй, эмэгтэй хүний гутлууд нь жижиг мэт боловч утга давхарласан деталь юм. Энэ нь Библийн “ариун газар гутлаа тайл” гэх санаатай уялдан гэрлэлт өрнөж буй энэ орон зайг ариун зан үйлийн талбар гэдгийг илэрхийлнэ. Мөн гутлын байршил тухайн үеийн нийгмийн жендерийн үүргийг бэлгэдлийн хэлээр харуулжээ. Эрэгтэй хүний гутал хаалганы ойролцоо байх нь түүний гэр бүлээ гадаад ертөнцөд төлөөлөх, хамгаалах, ажил хэргийн талд хариуцлага хүлээх үүргийг бэлгэднэ. Харин эмэгтэй хүний гутал өрөөний дотор байрлах нь гэр ахуй, хайр халамж зэрэг уламжлалт ойлголтыг илэрхийлж байна. Ингэснээр гутал нь тухайн үеийн нийгмийн зохицлыг жижиг боловч тодорхой дүрслэн харуулснаараа онцлог юм.

Толь ба бичээс: Зураачийн гарын үсэг буюу гэрчлэх утга

толь.jpg

Зургийн төвд байрлах дугуй толь нь “Арнольфинийн хөрөг”-ийн хамгийн өвөрмөц элементүүдийн нэг юм. Толины тусгалд хос хоёроос гадна хоёр хүний дүр харагдах нь энэ мөчид гуравдагч этгээдүүд буюу гэгээн гэрчлэгчид оролцож буйг илтгэнэ. Судлаачдын таамгаар тэдний нэг нь Ян ван Эйк өөрөө байж болзошгүй ажээ.

Түүнчлэн, толины дээрх “Johannes de Eyck fuit hic 1434” буюу “Ян ван Эйк энд байсан, 1434 он” гэх бичээс нь зураачийн гарын үсэг төдийгүй тухайн үйл явдлыг албан ёсоор баталгаажуулсан баримтын шинжтэй юм. Энэ нь Ван Эйк өөрийгөө ажил гүйцэтгэгчээс гадна бүтээлийн утга, орон зайг тодорхойлж буй уран бүтээлчийн хувьд байр сууриа илэрхийлсэн зоримог алхам байв. 

Учир нь арван тавдугаар зууны Европын ихэнх зураачид “гар урлаач” гэж тооцогдож, бүтээл нь захиалагчийн хүсэлд тулгуурлах нь хэвийн үзэгдэл байв. Харин Ян ван Эйк энэ тогтсон хандлагыг эвдэж, зургийн төв хэсэгт өөрийн оролцоо, латин бичээсийг үлдээсэн нь тухайн үед урлагийн бүтээлд ховор тохиолддог өөрийгөө илэрхийлэх шинжийг тодотгожээ. Ингэснээр “Арнольфинийн хөрөг” нь зөвхөн гэрлэлтийг баталгаажуулах нотлох баримтын хэлбэрээр тайлбарлагдахаас гадна зураачийн уран бүтээлдээ эзлэх байр суурь, мэргэжлийн үнэлэмж хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулсан чухал жишээ болсон юм.

Иймээс “Арнольфинийн хөрөг” нь түүхэн цаг үеийн Европын нийгмийн бүтэц, гэрлэлтийн ёс заншил, шашны бэлгэдэл, уран зургийн дэвшилтэт техникийг нэг дор төвлөрүүлсэн өвөрмөц бүтээл хэмээн тооцогддог байна. Ван Эйкийн хэрэглэсэн нарийн техник, бэлгэдлийн нарийн зохион байгуулалт, өөрийн оролцоогоо тэмдэглэн үлдээсэн байдлаас шалтгаалан энэ зураг өнөөдөр ч судлаач, уншигчдад тухайн үеийн амьдрал, ёс суртахуун, үнэт зүйлсийг гүнзгийрүүлэн ойлгох боломж олгосоор байна.

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд