Залуусын орон зай

Үзэсгэлэнгийн танхимаас: Ардчиллыг бид хамтдаа авчирсан

М.Энхмаа2025.12.124 минут унших
Үзэсгэлэнгийн танхимаас: Ардчиллыг бид хамтдаа авчирсан - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

“Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт бид Монгол Арт Галерейд дэлгэгдсэн “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” түүхэн гэрэл зураг болон шог зургийн үзэсгэлэнгээр зочиллоо. 1990 оны Ардчилсан хувьсгалын жагсаал болоод тухайн цаг үеийн мэдрэмж, түүхэн мөчүүд хэрхэн уран бүтээлээр дамжин өнөөдрийн бидэнд хүрч буйг энэхүү нийтлэлээс хүлээн авч уншаарай!

Галерейн үүдээр ороход танхимын намуухан гэрэл, чимээгүй орчин уран бүтээл рүү алгуур татах шиг санагдав. Дотоод орон зайд 60 баримтат гэрэл зураг, 40 шог зураг эгнэн байрлах бөгөөд өнгөрсөн үеийн уур амьсгалыг тайван боловч тодорхой хэлээр өгүүлнэ.

Цаг хугацаа үргэлж урагшилдаг ч зарим уран бүтээл биднийг өнгөрсөн үе рүү дахин аваачих чадвартай. Монгол Арт Галерейд дэлгэгдсэн “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн яг ийм л нөлөө мэдрэмж төрүүлж байлаа. МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралтын 1989-1990 оны түүхэн мөчийг буулгасан баримтат зургууд, МУСГЗ, шог зураач С.Цогтбаярын нийгмийн уур амьсгалыг шүүн харуулсан шог зургууд, мөн тухайн үеийн үйл явдлыг хөдөлгөөнөөр сэргээсэн видео дүрслэлүүд гээд энэ бүгд нийлж ардчиллын хөдөлгөөний уур амьсгалыг үзэгчдэд ойртуулж байснаараа онцлог юм.

Өнгөрснөөс өнөөдрийн түүх рүү: Иргэдийн оролцоо, эргэлзсэн ч зоригтой мөчүүд

cover-2.jpg
"Ардчиллыг бид хамтдаа авчирсан" үзэсгэлэнгийн хэсгээс

Бүтээлүүдийн дундаас аавынхаа өвөрт тэврүүлсэн өлгийтэй бяцхан хүүхдийн зураг онцгой анхаарал татаж байлаа. Энэ бяцхан хүүхэд тухайн үед 8 сартай байсан бөгөөд өнөөдөр тэр 35 настай. Монголын ардчиллын замнал ч 35 дахь жилдээ үргэлжилж байна. Энэхүү зураглалаас бид нэг хүний амьдрал болон нийгмийн өөрчлөлт хэрхэн нэгэн цагийн замналыг хамтдаа туулсныг харж болох ажээ. 

cover-3.jpg
"Ардчиллыг бид хамтдаа авчирсан" үзэсгэлэнгийн хэсгээс

Хажууханд нь байрлах дараагийн гэрэл зурагт жагсаалд оролцож байсан залуухан хүү харагдана. Түүнийг Т.Баясгалан гэдэг бөгөөд хожим тэрбээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, нэртэй эмч болжээ. Өөрийн оролцоотойгоор ирээдүйн сурч боловсрох, хөгжин дэвшиж, өөрийн сонгосон замаар явах боломжийг бий болгосон нь энэ юм.

Энэ мэтчилэн 1989-1990 оны жагсаалд 8 сартай нялхас хүртэл оролцож, 80 настай буурлууд ч байр сууриа илэрхийлж байсныг гэрчлэх эдгээр зургууд нь тухайн үеийн хөдөлгөөний цар хүрээг тод харуулах аж. Эдгээр хүмүүсийн харцнаас итгэл найдвар, ирээдүйн тухай бодол, нийгмийг өөрчлөх хүсэл тодхон илэрнэ. Гэрэл зураг, шог зураг бүр тэдний дотоод тэмүүллийг улам тодотгож байв.

Иргэд анх удаа төв талбайдаа цугларч, санал бодлоо нээлттэй хэлж, өөрчлөлт шаардан зогссон нь Монголын ардчиллын түүхэн эхлэл болсон юм. Энэ бүхэн өнөөдөр баримтат гэрэл зураг хэлбэрээр үлдэж, нийгмийн өөрчлөлт хэрхэн энгийн иргэдийн оролцоогоор өрнөдгийг илтгэж байна.

Ёгтлол бодит байдал хоёрын хоршил

веб зурагаг.jpg
"Ардчиллыг бид хамтдаа авчирсан" үзэсгэлэнгийн хэсгээс

Үзэсгэлэнгийн бас нэгэн чимэг нь МУСГЗ С.Цогтбаярын шог зургууд байлаа. Эдгээр зургууд нь тухайн үеийн нийгмийн амьдралыг шоглон харуулж, инээдтэй дүр төрх, өхөөрдөм дүрслэлээрээ үзэгчийг татах аж. Эдгээр шог зургууд баримтат гэрэл зурагтай нийлснээрээ бодит байдал, амьдралын өдөр тутмын дүр зургийг улам тодотгох гайхалтай хоршил болжээ. 

Зарим бүтээлүүдийг ажиглахад өнгөрсөн үе рүү аялж байгаа мэт боловч, өнөөдрийн өөрсдийгөө олж харах шиг болсон юм. Тухайн үеийн зарим асуудал, иргэдийн ахуй амьдрал, нийгмийн сорилтууд өнөөдөр ч хэвээр буйг анзаарч, өнгөрсөн ба өнөөдрийн тухай эргэцүүлэлд хөтөлж байлаа.

"Ардчиллыг бид хамтдаа авчирсан гэдгийг залуу үедээ таниулах нь энэ үзэсгэлэнгийн гол зорилго"

cover-5.jpg

Эдгээр гэрэл зургийн ард оршин буй цаг үе, нийгмийн бодит нөхцөл байдлын талаар илүү тодорхой ойлголт авахын тулд үзэсгэлэнгийн бүтээлчдийн нэг болох МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралттай цөөн хором ярилцлаа. Бидний яриа 1990-ээд оныг эргэн дурсаж, социализмын нийгмийн дэг журам, иргэдийн өдөр тутмын амьдрал ямар хүрээнд байсан талаар эхэлсэн юм. 

- Юун түрүүнд шинэ үзэсгэлэнгээ дэлгэсэнд тань баяр хүргэе. Манай үеийнхэн дунд 1990-ээд он, социализм, ардчилал яг ямар байсан бол гэж бодох, төсөөлөх сонирхол их байдаг. Тиймээс та бидэнд тэр цаг үеийн амьдрал, уур амьсгал, дурсамжийн тухай хуваалцаач?

- Би хааяа “социализм ямар байсан бэ” гэж боддог юм. Миний хувьд социализмын үед төрж, өссөн, социализмын жишгээр сургууль соёлд суралцаж, социализмын үед ч ажиллаж байлаа. Социализмын гол үндсэн чанар бол нийтийн өмч. Хувцас, амьдралын хэв маяг хүртэл ижилссэн, улс төрийн болон түүхийн тухай чөлөөтэй ярьж болохгүй тийм л цаг үе. Хувийн өмч хязгаарлагдмал, хувийн малын тоо зөвшөөрөгдсөн хэмжээнд л байлаа. Хэрэв хувийн малтай бол хангай газар 25, говь нутагт 50 тоо малтай байх эрхтэй гэх жишээтэй. Цалин, хувцас, амьдралын хэвшил гээд бүх зүйл нэг хэв маягтай байлаа шүү дээ.

зураггг.jpg
"Ардчиллыг бид хамтдаа авчирсан" үзэсгэлэнгийн хэсгээс

Хөдөө орон нутгийн хүн Улаанбаатар хот руу ирэхэд хүртэл замын зөвшөөрөл авах шаардлагатай, хувийн машинтай хүн ховор, өргөн хэрэглээний барааны үнэ олон жил өөрчлөгддөггүй тогтмол шинжтэй байсан тул “төгрөг дөчийн талх, есийн тос” гэж ярина. Би та бүхний адил хүүхэд байхдаа дэвтрийнхээ арын хуудсанд гоё гоё байшин, машин мөрөөдөж зурна. Гэхдээ өөрөө хувийн машин унаж, өндөр байшинд амьдарна гэж төсөөлдөггүй байж. Тиймээс Монгол төдийгүй дэлхий дахинаа асар том өөрчлөлтүүд болж байсан энэ он жилүүдэд амьдарч, түүхэн мөчүүдийг гэрэл зургаар гэрчилсэн нь миний хувьд их аз завшаан гэж боддог.

- 1990 оны жагсаал, тухайн үеийн нийгмийн амьдралын дүр зураг, хүмүүсийн оролцоо ямар байсан бэ?

- Энэхүү нийгмийн асар том өөрчлөлт маш богинохон хугацаанд бий боллоо шүү дээ. Тэр үед жагсаалд оролцож байсан залуус социализмыг өөрчилнө, шинэчилнэ гэж бодож байснаас биш ардчилал хэмээх асар том өөрчлөлт ирнэ гэдгийг төсөөлөөгүй байлаа. 1990 оны Ардчилсан хувьсгалын түүхийг зарим хүн аль нэг нам эвслийн үйл ажиллагаа мэтээр ойлгох нь бий. Гэтэл энэ хувьсгал, жагсаалыг хийсэн нь нийт ард түмэн юм.  Өсвөр үеийнхэн, залуучууд, насанд хүрэгчид, ахмад настан хүртэл бүх насныхан оролцсон бөгөөд хамгийн балчир нь аавтайгаа хамт ирсэн 8 сартай хүүхэд байлаа. Тиймээс ардчиллыг бид хамтдаа авчирсан гэдгийг залуу үедээ таниулах нь энэ үзэсгэлэнгийн гол зорилго юм.

cover-8.jpg
"Ардчиллыг бид хамтдаа авчирсан" үзэсгэлэнгийн хэсгээс

Тэр үеийн сонин, сэтгүүлүүдэд манай Цогоогийн зурсан шог зургууд тухайн үеийн нийгмийн амьдралыг бүх талаас нь харуулдаг байсан. Жишээ нь, “Ааваа манайх улс төрийн өлсгөлөн зарласан юм уу?” гэдэг асуултад “Үгүй ээ, аавынх нь цалин байхгүй, талхаа авч чадаагүй” гэж байна шүү дээ. Энэ бол нийгмийн амьдралын дүр зургууд. Тэдгээрийг шог зургаар дүрсэлж, баримтат гэрэл зургаар үзүүлж буй нь тухайн үеийн бодит байдлыг эргэн сануулж, залууст ойлгуулахыг хүссэн.

- Тухайн үед залуусын оролцоо, мэдээллийн хязгаарлалт хэрхэн нөлөөлж байсан бэ. Өнөө үед залуус бид хэрхэн оролцож, нэгдэх ёстой гэж та харж байна вэ?

cover-1.jpg
"Ардчиллыг бид хамтдаа авчирсан" үзэсгэлэнгийн хэсгээс

- Энэхүү үзэсгэлэнд уриа лоозон бүхий зургууд олон оруулсан байгаа. Эдгээр уриа лоозонгуудын зарим нь биелсэн, зарим нь биелээгүй. Гэхдээ биелээгүй байгаа зүйлс нь хүн төрөлхтний байнга тулгардаг асуудлууд болов уу гэж харж байна. Залуусын оролцоо тухайн үед хоёр талтай байсан. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хязгаарлагдмал, сошиал гэж байгаагүй учраас хүмүүс талбай дээр жагсаж, үзэл бодлоо биеэрээ илэрхийлэхээс өөр аргагүй байсан.

Мөн талбай дээр ордон дотор болж байгаа хурлын үйл явцыг цагаан хоолойгоор хэлж, хүмүүс тэндээс шинэ мэдээлэл олж авахын тулд анхааралтай сонсож байгаа зураг ч энд бий. Харин өнөөдөр бид телевиз, фэйсбүүк зэрэг сувгаар мэдээллийг хялбархан авч, уур бухимдал, үзэл бодлоо цахимаар илэрхийлдэг болж. Гэтэл саяхан болсон залуусын жагсаалаас өөрийн биеэр оролцох, үгээ хэлэх, өөрийн оролцоог харуулах нь ямар чухал вэ гэдгийг ахин мэдэрлээ шүү дээ. Энэ бол цаг үе, нийгмийн нөхцөл байдалд тулгуурласан үзэгдэл. Тиймээс С.Цогтбаяр, Д.Сосорбарам зэрэг манай найзуудын боддог нэг зүйл бол шинэ үе үргэлж илүү байдаг. Тиймээс залуустаа талархалтай бөгөөд хүндэтгэлтэйгээр хандах хэрэгтэй гэж боддог юм.

- Энэхүү богино ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж дайх үг?

- Залуучууддаа хандаж хэлэх зүйл бол өөрийн гэсэн бодолтой байгаарай. Хэн нэгний хэлснийг үргэлж эргэцүүлж, өөрийн бодлоо өөрсдөө бий болгож чадвал хандлага гэдэг зүйл аяндаа тогтоно шүү гэж хэлмээр байна. Та нарын үе ирж байна шүү дээ. Тиймээс та нар хийж чадна. Залуу байна гэдэг нь давуу тал болохоос сул тал биш байхгүй юу. 

Үзэсгэлэнгээс төрсөн эргэцүүлэл

cover-4.jpg

Цаг хугацаагаар аялуулж, түүхийн үнэ цэнийг эргэн сануулах эдгээр бүтээлүүд алдсан ч бай, олсон ч бай, эргэлзсэн ч бай залуусын итгэл, сэтгэл, хүсэл эрмэлзэл, хүн бүрийн хувь нэмрийг хадгалан үлджээ. Тиймээс “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” түүхэн гэрэл зураг болон шог зургийн энэхүү үзэсгэлэн нь өнгөрснийг өгүүлээд зогсохгүй түүхийг амьдаар нь мэдрүүлж, өнгөрсөн ба өнөөдрийг нэхэн санаж, өнгөрснөөс суралцан ирээдүйг бүтээх залуусын итгэлийг хөглөх шиг…

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд