М.Нандин-Эрдэнэ: 50 грамм усан дээр л өнөөдрийн тэмцээнд орох үгүй минь шийдэгддэг


Заримдаа бидэнд заяасан энэ бие маань хангалтгүй санагдаж, олон биетэй ч байсан болоосой, илүү ихийг амжуулах юм сан гэх үе бий. Гэтэл зарим нь яг л хэд хэдэн биетэй хүн шиг бүхий л зүйлийг туршиж үзэн, олон юм амжуулж амьдрах нь ч бий. Гэрийнхээ ойролцоох фитнест явах гэж өдөр шөнөгүй бодох зуур хэн нэгэн 6,7 спортоор зэрэг хичээллэн, амжилт гаргаж байж ч болно. М.Нандин-Эрдэнэ бол боксын Ази тивийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн кикбоксын БНСУ-ын хоёр удаагийн аварга, мутай боксын WBC холбооны БНСУ-ын аварга, кикбоксын Азийн аварга. Түүнчлэн жюү жицү NO-GI төрлийн БНСУ-ын аварга, мэргэжлийн холимог тулааны MFC холбооны хоёр удаагийн аварга юм.
Хүмүүс түүнийг “Солонгос Нандиа” гэж хочилж дууддаг юм билээ. Ийнхүү Монголдоо ирсэн түрхэн хугацаанд нь хичээллэсэн спорт бүрээрээ амжилт гарган яваа Солонгос Нандиатай хэсэг зуур ярилцан “Бидний нэг” буландаа онцоллоо. Уншигч та ч ярилцлагаа шимтэн уншиж, бидний нэг болоорой.
Анхны хонх - Ринг рүү орсон нь
![]()
Аав маань боксчин, ер нь гэр бүлээрээ тамирчид л даа. Бага байхад аав толины урд янз бүрийн хөдөлгөөн хийгээд боксоо давтаж байгааг их хардаг байлаа. Ингээд 6 бил үү 7 дугаар ангидаа найзуудтайгаа Спортын төв ордонд дугуйланд явахаар болсон. Аавынхаа санал болгосноор боксын дугуйланд явснаар спортын гараа маань эхэлсэн юм. Боксын дараа таеквондогоор хичээллэсэн. Манай ангид таеквондогоор хичээллэдэг хүүхэд байсан юм. Хөлөө ашиглаад л янз бүр болоод байгааг нь хараад “Би ч гэсэн ингэе” гэж бодоод таеквондогоор хичээллэсэн. Харин холимог тулаанаар бүр хожим Солонгост очоод, 2014 оноос хичээллэж эхэлсэн гэхээр 11 жил, боксоор бол 25 жил хичээллэсэн байна.
Спорт бүрийн өөр дүрэм – Би хэрхэн хослуулсан бэ?
Судалгаагаар олон спортоор хичээллэдэг тамирчид нэг спортоор мэргэшсэн хүмүүстэй харьцуулахад гэмтэх эрсдэл багатай байдаг гэнэ. Энэ нь төрөл бүрийн булчингийн хэрэглээ, дасгал хөдөлгөөнтэй холбоотой аж. Энэ мэт давуу тал байхын зэрэгцээ сул тал ч мөн бий.
Бэлтгэл сургуулилтын хувьд бүх спорт маань хоорондоо маш их ялгаатай. Бокс тоглодог байж байгаад таеквондо руу орохоор гараа буулгаж тулалдах ёстой болно. Бокс руугаа орохоор таеквондо дээрээ гараа буулгаад хэвшчихсэн учраас гараа өргөх гэхээр их ядарна. Кикбоксоос холимог тулаан руу орохоор хөл рүү нь орж чадахгүй, холимгоор тулалдаж байгаад кикбокс руу орохоор хөл рүү нь ороод унагаачих гээд хэцүү. Спорт бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Тухайн тулалдаж байгаа төрөлдөө л бүрэн орохгүй бол хүндрэлтэй. Мутай бокс гэхэд л дан гуя руу өшиглөж, тохойлдож тулалддаг. Бокс руу энэ техниктээ дасаад орчихвол цохиулаад унах магадлалтай. Тэмцээнээс таван минутын өмнө дүрдээ орж байгаа мэт “Би мутай боксчин шүү. Би мутай боксчин шүү” гэж өөртөө хэлж байгаад л үзэхгүй бол өөр спортын техникүүд гарч ирэх гээд байдаг. Жишээ нь, би өнгөрөгч нэгдүгээр сард мэргэжлийн боксын Солонгосын аварга шалгаруулах тэмцээнд орохдоо нөгөө хүн маань тонгойхоор нь шууд дараад, хөлийг нь авч унагаагаад, араас нь тэвэрч авч өргөөд л их юм болсон. Үзэгчид ч инээгээд, дүүрэн инээд болоод өнгөрсөн дөө.
![]()
-Спортод жиндээ орох гэдэг ойлголт байдаг. Олон спортоор хичээллэхээр спорт тус бүрд өөр өөр жинд орох хэрэг гардаг байх тийм үү?
-Олон төрлийн спортоор хичээллэх үед спорт бүрд өөр жин шаарддаг нь хамгийн хэцүү. Миний хувьд холимог тулаан 70 кг, кикбокс 75 кг, мэргэжлийн бокс 69 кг, каратэ дээр 77 кг болох ёстой. Хүн тулаанд орохын тулд хоёр юмыг ялах ёстой байдаг. Нэг нь өөрийгөө, нөгөө нь өрсөлдөгчөө. Өөрийгөө гэдэг нь эхлээд би жиндээ орох ёстой юм. Сүүлийн холимог тулааны тэмцээндээ л гэхэд би жингээр хасагдах дөхсөн. Маргааш жин үзэх гээд байхад миний жин таван килограммаар илүү байсан. Үүнийгээ хасахын төлөө бүх зүйлээ зориулсан ч хөлс гарахгүй, бүр юу ч байхгүй хоосон болчихсон. Би чинь 14 кг хасах ёстойгоос есийг хасаад тав үлдчихсэн байсан юм л даа. 70 кг болох ёстой байхад 75 кг байсан гэсэн үг. Тэгээд “За больё, жингээрээ торгуулаад оръё доо” л гэж бодсон. Гэхдээ өмнө нь надтай тулалдах бразил тамирчин жингээрээ хасагдах үед би “Хүн өөрийгөө ялж чадахгүй бол өрсөлдөгчөө яаж ялах юм бэ” гэж ярилцлага өгч байсан юм. Өөрийнхөө хэлсэн энэ үгэнд өөрөө уначихсан. Би ийм юм ярьснаа жиндээ орж чадахгүй бол Нандин-Эрдэнэ гэхээс илүү нөгөө Монгол л гэж яригдана шүү дээ. Ингээд л куртикээ өмсөөд гараад гүйчихсэн. Гүйснийхээ дүнд 3.8 кг хасаад, орой нь дахиж 1 кг хасан, маргааш нь тэмцээндээ орсон. Маргааш нь жингээ үзэхэд өглөө 70 кг, орой 18 цаг гэхэд 78 кг, маргааш нь 81 кг болсон. Одоо 85 кг байна даа. Гуравдугаар сарын 16-нд холимог тулааны тэмцээнтэй. Жингээ хасахаасаа өмнө идье гэсэн бүх юмаа заналтайгаар иднэ дээ.
-Жиндээ хүрснийхээ дараа жингээ барьчихвал дахиж хасна гэхгүй амар юм уу?
-Тийм. Гэхдээ чи 50 кг жинтэй найзыгаа өргөх амархан уу, 60 кг жинтэй найзыгаа өргөх амархан уу? Яг үүн шиг. Жингээ үзүүлсний дараа сайн хоол идчихвэл өрсөлдөгч маань 70 килограммтай намайг өргөснөөс 80 килограммтай намайг өргөх нь хэцүү шүү дээ. Ингэж жингээ тавих хэрэгтэй байдаг.
“Би чинь адилхан л БИДНИЙ НЭГ шүү”
Бид зарим хүмүүсийг “Өө, тэр бол төрчихсөн, угаасаа л тийм хүн шүү дээ” гэж ярих нь бий. Өнгөт орчлонд хэн ч бүхнийг мэдэж, чаддаг болоод төрдөггүй нь тодорхой. Өнөөдөр бидний төрөлхийн авьяастай гэж харж байгаа хүмүүсийн цаана зорилгодоо хүрэх гэсэн тэвчээр, шантрахыг хүссэн өдөр хоногууд олон бий.

Хүмүүс спортын хүмүүсийг анхнаасаа л спортод зориулагдсан биетэй юм шигээр ярих нь их. “Өө, чи угаасаа л жингээ хасчихдаг юм чинь дээ” гээд л. Энэ чинь 100 хувь тэвчээр, сахилга бат, зорилгынхоо төлөөх тэмцэл юм шүү дээ. Жингээ хасъя гээд хасаж чаддаггүй хүмүүс байдаг. Тэр хүмүүс хамгийн гол нь хүсэх ёстой байхгүй юу. Манайхан ерөөсөө хүсдэггүй. Турах юм сан гэж ярьдаг ч хангалттай хүсдэггүй гэсэн үг. Ярих нэг өөр, үйлдэх бүр өөр шүү дээ. Хүсэл, зориулалт хоёр хамт байх ёстой. Зориулалт гаргаж гүйх ёстой, дасгал хийх хэрэгтэй. Дан ганц хоолоо сойгоод турна гэж худлаа. Би чинь адилхан л бидний нэг шүү. Би ч гэсэн адилхан ядардаг, хүссэн хоолоо идэхийг хүсдэг. 50 грамм усан дээр өнөөдрийн тэмцээнд орох үгүй минь шийдэгддэг. 70 килограммаас 50 грамм илүү байхад л хасах гэж зовно. Тухайн үедээ бие засчих юм бол ёндоорчихлоо, хэдэн грамм ч болов хасчихлаа гэж баярлана. Заримдаа ус ууж байна гэж зүүдэлж сэрнэ. Н.Төгсцогт бид хоёр Хятадад Азийн аваргад оролцохоор явж байхад Төгсөө зүүдэндээ босоод таргийн сав долоочихсон байж байвал яах вэ. Ингэн байж л жингээ хасдаг даа.
-Ус ууж байна гэж зүүдэлж сэртлээ бүх юмаа хасдаг гэхээр дунд нь ер нь больё гэж бодох үе олон байх даа?
-Ийм бодол зөндөө орж ирнэ. Би өнөөдөр 100 грамм ус ууж, 200 грамм хоол идэх ёстой гэж байгаад “халтирчихна” даа. 100 грамм ус маань 200 грамм болчихно. Нэг балгах гэж байгаад шунаад дөрөв, тав балгана. Тэгээд л “Би юу хийчих вэ” гээд харамсдаг. Өнгөрөгч аравдугаар сард мэргэжлийн боксын Солонгосын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо 69 кг руу хассан. Сүүлд 2009 онд л 69 рүү хасаж байсан.
“Би ринг рүү ороод буцаад бууж ирэхгүй ч байж мэднэ шүү дээ”

“Бэлтгэлээ тасалсан нэг өдөр бол ялагдалд ойртсон өдөр” гэсэн үг бий. Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилт бол амжилтад хүргэх хамгийн чухал алхам. Зааланд өнгөрүүлсэн цаг бүр, дуслах хөлс болгон өөрийн эрхгүй хийдэг булчингийн ой санамж болсон хөдөлгөөнийг бүтээж, ирээдүйн амжилтын баталгаа болдог билээ. М.Нандин-Эрдэнийн бэлтгэлийн нэг өдөр өглөө бүр 10 км гүйхээс эхэлдэг. Заримдаа үдээс хойш 17-20 км гүйдэг гэнэ. Тэмцээн нь ойртох үед жингээ хасах аялал эхэлдэг аж.
Манай спортын хувьд биеэс гадна сэтгэл зүйгээ бэлдэнэ гэдэг их хэцүү. Би ринг рүү, тор руу ороод буцаад бууж ирэхгүй ч байж мэднэ шүү дээ. Иймээс өөрийгөө тайвшруулахдаа “Угаасаа л маргааш болно. Бүх зүйл болоод өнгөрнө” гэсэн бодолтойгоор л тэмцээндээ ордог. Мөн тэнэг байж болох ч “Угаасаа нэг л үхнэ шүү дээ. Ямар хоёр удаа үхэх биш” гэсэн үгээр өөрийгөө зоригжуулдаг. Гэхдээ гоё оо, гоё. Миний хүмүүжил тийм байхгүй юу. Хар багаасаа хэлсэн үгэндээ үнэнч, байр сууриасаа эргэж буцаад байдаггүй, далжгар онгироо биш байхыг л хүсдэг. Манай аав яг тийм хүн. Би багадаа атаман байсан уу гэвэл байсан. Гэхдээ атаман гэхээр хүн зодоод яваад байдаг гэсэн үг биш. Атаман гэсэн нэртэй сахилгагүй л хүүхэд байсан юм.
“Өвдөлтийн мэдрэмж их сонирхолтой, гоё...”
Бусад тулааны спорттой харьцуулахад холимог тулаан нь хамгийн их гэмтдэг спорт юм. Тухайлбал, мэргэжлийн бокст 1,000 тулаан тутамд 118.0-256.0 бэртэл авдаг бол сонирхогчдын боксын хувьд 1,000-аас 77.7, жүдо, таеквондогийн хувьд 1,000 тулаанд 44.0, 79.4 байдаг ажээ. Харин холимог тулаанд энэ тоо ойролцоогоор 228-аас 246 байдгаараа тэргүүлж буй юм.
Миний гар л гэхэд одоо таван удаа хугарсан байна. Тэмцээний үеэр хугарснаа ч мэдэхгүй зодолдож байгаад дууссаны дараа л мэддэг. Гэхдээ ер нь олон спортоор хичээллэх нь бусад спортдоо их дэмжлэг болдог. UFC-д барилдааны суурьтай тамирчид сайн байдаг шиг ямар сууриас эхэлснээс хамаараад өөр өөр байдаг. Би бол боксоос эхэлсэн учраас чөлөөт бөхийн суурь байхгүй. Тэгэхээр барилдаанд хамгаалалт муу гэж болно. Тулааны спортын үед бэртэл бараг л энгийн зүйл. Миний хувьд өвдөлтийн мэдрэмж сонирхолтой, гоё санагддаг. Тулааны бэлтгэл хийж байхдаа цохиулахаар “Ямар овоо гар вэ” гэж бодоод, цохилтоос нь бултан зөрүүлээд цохино. Сонин шүү. Угаасаа л хичээллээд эхлэх юм бол тэгж мэдрэгддэг болдог юм шиг. Зодуулж зодуулж байгаад ганц хоёр цохихоор өөрийнхөө сайжирч байгааг мэдрээд гоё байдаг юм.
![]()
-Монголд эдгээр спортын хөгжил аль шатанд явж байна вэ?
-Монголд хүний нөөц маш бага. Харахад сайн тамирчид зөндөө ч тэгээд л дуусаа. Харагдаж байгаа тэр хүмүүс л бий. Хүн ам бага болохоор хүний нөөц бага. Хөгжүүлэхийн тулд олон тэмцээн зохиож, олон хүн хичээллэх хэрэгтэй. Гэхдээ хичээллэсэн хүн бүр тамирчин болохгүй. Тэгэхээр сонирхогчийн болон мэргэжлийн олон тэмцээн зохион байгуулахын хэрээр хурдтай хөгжинө гэж хардаг.
“Биеэ тоож, гадуур хүнтэй зодолдож яваа тамирчид ёс зүйтэй байх хэрэгтэй”
Холимог тулааны тамирчин Жейк Трейвауд 2020 онд нэгэн пабын гадаа хүнтэй маргалдан, цохиж гэмтээсэн хэрэг гарч байв. Трейвауд мэргэжлийн тамирчин гэсэн утгаараа маргааны үеэр хэт их хүч хэрэглэсэн болохыг шүүх тогтоон, нийтэд тустай ажил хийн, хохирлыг барагдуулахаар болж байсан билээ. Энэ мэт хэрэг хааяа нэг дуулдах нь бий. Энэ талаар Н.Нандин-Эрдэнэ “Ер нь гадуур явж байгаад хүмүүстэй маргалдаж зодолдоод байгаа хүмүүс нэг бол биеэ тоочихсон тамирчин байна, эсвэл юу ч мэдэхгүй хичээллээд удаагүй хүмүүс л байдаг” гэсэн юм.
Олонд танигдаад эхлэхээрээ гарууд буруу зүйл их хийж байна аа. Энд тэнд хүнд гар хүрэх ч юм уу, элдэв юм болж байгааг би сонссон, харсан. Үүнийг уншиж байгаа тамирчид байвал тийм байж болохгүй шүү. Харин тэднээр л тамирчдыг төсөөлж байгаа хүмүүст хэлэхэд бүгд тийм биш ээ. Намайг бол гудамжинд зодолдож байгааг хэн ч харж байгаагүй байх, цаашдаа ч харахгүй. Би чинь хүн ирээд цохиод авбал цохиулаад л байж байдаг тийм аядуу зөөлөн хүн шүү дээ. Ер нь бол хоорондоо наалдсан хоёр буузыг салгаад идэж чадахгүй хамтад нь иддэг тийм л эмзэг хүн /инээв/. Би ч хэл амаараа л дийлчихдэг юм даа.
“Тулаан болгон миний хувьд эргэлтийн цэг болдог”

Тулаан бүр эргэлтийн цэг, шийдвэр гаргах мөч шиг санагддаг. Тулаан болгоны өмнө одоо цохиулаад уначих болов уу, бэртчих болов уу гэж санаа зовж байгаад ялаад гарч ирэхээр “Ямар гоё юм бэ, дараагийн удаа бэлтгэлээ сайн хийгээд бүр сайн байя” гэж бодоод л хүч орно. Ялагдчихаараа “Би энэ спортоор хичээллэх ёстой юм болов уу, үгүй юм болов уу. Болих уу” гэж бодно. Гэхдээ шууд л ардаас нь би бууж өгөх ёсгүй гэж шийднэ. Тэмцээн бүрийн ардаас сэтгэл зүйн уналт, босолтыг мэдэрч байдаг даа. Энэ үед би л өөрөө өөрийгөө босгодог. Би чинь эх орондоо биш Солонгост байгаа учраас “Намайг хүмүүс Нандин-Эрдэнэ гэж биш Монгол гэж л харж байгаа шүү дээ” гээд өөртөө урам өгнө. Гэхдээ одоо ч надад юм наалдахаа байсан даа. Угаасаа л ирэх зүйл гэж хардаг болсон.
“Зодолдохын тулд биш өөрийгөө хамгаалахын тулд тулааны спортоор хичээллээрэй”
Тулааны спорт намайг төлөвшүүлсэн гэж боддог юм. Сахилгагүй, хар багаасаа л атаман гэгддэг хүүхэд байлаа. Дунд ангидаа боксоор хичээллэдэг болсны дараа бокс намайг хүмүүжүүлж, хүн болгосон юм шиг. Хичээллэж байгаа бүх спортдоо эн тэнцүү дуртай. Гэхдээ холимог тулааны бэлтгэл хийж байгаа үед мэргэжлийн боксоо тоглох юм сан гэж бодно. Боксын бэлтгэлээ хийхдээ холимог тулаанаа бодно. Тухайлбал, боксын тэмцээнээр нэг үе нь 3 минут, тасралтгүй зодолдох ёстой. Саяхан л гэхэд би 10 үеийн турш 30 минут ринг дээр тулалдсан гээд бод доо. Яг тэр үед холимог тулаанаараа л явъя даа гэж бодно. Холимог тулаан чинь 5 минутаар 3 үе учраас 15 минутад л дуусдаг. Нэг нь хэцүү санагдах үед нөгөөг нь дурсдаг. Ингэж л нэгийг нь илүүд үзнэ үү гэхээс биш яг бодитоор харвал бүгдэд нь л дуртай. Ер нь хүмүүс айлгүйгээр тулааны спортоор хичээллээд үзээсэй гэж боддог юм. Эхлэхийн тулд агуу байх ёстой биш агуу байхын тулд эхлэх ёстой. Тиймээс спортоор хичээллэж эхлээсэй. Эрэгтэй хүн бол тэр тусмаа өөрийгөө, гэр бүлээ хамгаалж сурах ёстой гэж боддог юм. Заавал хүн бүртэй зодолдоод яв гэсэн үг биш болзошгүй аюулын үед өөрийгөө хамгаалдаг байх хэрэгтэй.
![]()
Бид бүгд амьдралынхаа тулаанд ямар нэгэн үед золиос, бэрхшээлтэй тулгарч, бас амжилт хожлыг ч хүртдэг. Золиос бүрийн ард бидний илүү хүчирхэг хувилбар бий болдог билээ. Бид амьдралд ялагдахын төлөө амьдардаггүй шиг тулааны спортын тамирчид ч ялахын төлөө өрсөлддөг. Гэхдээ бидний ч, тэдний ч амжилт хэзээ ч хялбар олддоггүй. М.Нандин-Эрдэнэ тамирчны хэлснээр бид аливаа тулаанд эхлээд өөрийгөө дараа нь өрсөлдөгчөө ялах учиртай. Ийнхүү энэ хүртэл ярилцлагатай хамт байсан уншигч танд талархлаа. Таны өөрийгөө ялах аялалд амжилт хүсье. Их тэмцлийн ардаас өөрийгөө хайрлахаа ч мөн бүү мартаарай!