ЦойлогсоZ дөрвөн нас хүрлээ
Хувь хүний хөгжил
TsoilogsoZ
TsoilogsoZ
2024.06.04
4 минут
ЦойлогсоZ дөрвөн нас хүрлээ

Дэлхий дахинаа ковид-19 цар тахлын тархалт эрчимжиж, хатуу хөл хорионы дэглэмд шилжихтэй зэрэгцэн сурч, хөгжих боломж хаагдан, нийгмээс тусгаарлагдаж эхэлсэн цаг хугацаа буюу 2020 он. Хөл хорионы улмаас амьдралын хэв маяг өөрчлөгдөн шинэ сорилтуудтай тулгарч, өөр өөрсдийн арга барилаар шинэ зүйлсийг туршиж байлаа. 

Харин энэ мөчид хийж бүтээх чин хүсэлд хөтлөгдсөн хорин настнуудын оюунаас ундрах бүтээлч сэтгэлгээ, гал эрмэлзлийг хөл хорио хорьж чадаагүй нь хожим залуусын дуу хоолойг илэрхийлэх, бусдаас суралцаж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, ганцаараа биш хамтдаа хөгжих орон зайг бүрдүүлэгч, 250.000 залуусын ирээдүйг илүү тодоор гэрэлтүүлэхэд хувь нэмрээ оруулах залуусын хамгийн том комьюнити болох ЦойлогсоZ комьюнитиг байгуулахад хүргэжээ. Ийнхүү одоогоос дөрвөн жилийн өмнөх яг энэ өдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 04-ний өдөр оюутан залуус хамтран ЦойлогсоZ-г үүсгэн байгуулснаар өнөөдрийн энд өгүүлэх бяцхан түүхийн эхлэл тавигдсан юм. 

ЦойлогсоZ дөрвөн нас хүрлээ

Хамтарч ажиллах, бүтээмжээ нэмэгдүүлэх, олон улсад гарах хүсэл тэмүүлэлтэй залуус нэгдэж, дараагийн шатанд өөрийгөө сорих, суралцах зургаан арга барилыг тодорхойлсон нь ментортой болох, дадлага хийх, төсөл хэрэгжүүлэх зэрэг байжээ. Ийнхүү өөрсдийн бичсэн төслөөр олон улсын оюутнуудын төслийн уралдаанд өрсөлдөхөөр зориг шулуудсан тэр мөчид короновируст цар тахалтай нүүр тулав. Хэдий олон улсын шинжтэй уралдаанд оролцох мөрөөдөл талаар өнгөрсөн ч хэн нэгнийг хүлээлгүйгээр өөрсдийн төслөө эхлүүлэх шийдвэр гаргасан нь өнөөдрийн бидний мэдэх ЦойлогсоZ залуусын комьюнитиг бий болгожээ.

2020 оны дөрөвдүгээр сараас авхуулаад төслийн санаагаа эрэлхийлж, залуус залуусын нийгмийг бүтээхийн төлөө тэдэнд ямар асуудал байгааг илэрхийлэх зорилгоор 1000 гаруй залуусын дунд судалгаа явуулж, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг судалгааны үр дүнд үндэслэн тодорхойлж, залуусын дуу хоолойг нийгэмд хүчтэй түгээх зорилгын дор хэрэгжүүлэх “ЦойлогсоZ” төслийг хоёр сарын хугацаатай компанит ажил байхаар төлөвлөж байсан ч өнөөдөр ийнхүү дөрөв дэх жилтэйгээ золгож байна.

Стратеги төлөвлөгөө боловсруулах, контент бэлтгэх, арга хэмжээ зохион байгуулах, санхүүгийн менежментийн талаарх ойлголт дутмаг ч “энийг л хийж үзэх юм сан” гэх эрмэлзэлдээ хөтлөгдсөн нь энэ юм. 

ЦойлогсоZ дөрвөн нас хүрлээ

Шинийг туршиж, туршлагаасаа суралцах залуу нас

Тогтсон оффисгүй учраас номын санд оффислон судалгаагаа боловсруулж, саравчинд уулзалт зохион байгуулж, хөдөлмөрөө урамшуулах цалин хөлсгүй ч дур сонирхолдоо хөтлөгдөн ажил, хичээлийнхээ хажуугаар төслөө хэрэгжүүлж байв. 2020 оны арванхоёрдугаар сар буюу хөл хорионы үед залуучуудад чиглэсэн контент хийж эхэлсэн юм. Сэтгэл зүй, эрүүл мэнд зэрэг цар тахлын үед залууст дутагдаж байсан, хэрэгтэй сэдвийн хүрээнд нөхөрсөг, ханьтай байгаа мэт мэдрэмж төрүүлэх контент бүтээж эхэлсэн нь цаг үеэ мэдэрсэн шийдвэр байв.

2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Z Networking Conference” арга хэмжээг зохион байгуулсан нь шинэ итгэл найдварыг авчрав. Хөл хорио суларсан энэ үед 200 хүнийг хамарсан танхимын арга хэмжээ зохион байгуулж, цахим орчинд шууд дамжуулсан нь 2-3 цагийн турш 60.000 гаруй хүнийг хамарчээ. Энэхүү арга хэмжээ нь ковидын дараах залуучуудад чиглэсэн хамгийн анхны арга хэмжээ болсноороо онцлог бөгөөд зөвлөгч багш нарын зөвлөгөөний дагуу мэдлэгээр цангасан залуу үеийн төлөөллийг ийнхүү нэгтгэжээ.

ЦойлогсоZ дөрвөн нас хүрлээ

Өнөөдрийн юм бүхэн, маргаашийн түүх

Аливаа зүйлсийг анх удаа хийж үзэх хэцүү. Тэр тусмаа бүхнийг шинээр эхлэх бүр хэцүү. Төдийгөөс өдийг хүртэлх энэ хугацаанд замын дундаас шантрах, эхлүүлснээ орхих нь цөөнгүй. Алдаж, онож, алдаанаасаа суралцан, маргааш руу илүү урам зоригтойгоор урагшлахыг эрмэлзэж яваа адал явдлаар дүүрэн дөрвөн жил. Энэ хугацаанд ЦойлогсоZ комьюнити залуучууд руу чиглэсэн контент бүтээхээс авхуулаад бүтээгдэхүүн хөгжүүлж, судалгаа шинжилгээ боловсруулж, хамтын ажиллагааг эрхэмлэж, бодлого тодорхойлогчдод залуусын дуу хоолойг хэн нэгнээс хараат бус байдлаар хүргэж, салбар дундын тоглогч болсоор байна.

ЦойлогсоZ дөрвөн нас хүрлээ

“Өнөөдөр чадахгүй мэт санагдаж, хийж буй зүйлээсээ шантравч маргааш юу тохиолдохыг бид мэдэхгүй шүү дээ. Одоо байгаа боломжоо тултал ашиглаж, асуудал гэж харж буй зүйлээсээ шийдэл олж харан, алдахаас айлгүй хийж эхэлсэн цагт л бид хамтдаа хөгжих болно” гэдгийг энэхүү түүх өгүүлэх шиг.  

ЦойлогсоZ залуусын комьюнити үүсгэн байгуулагдсан цаг мөчөөс эхлээд өнөөдрийг хүртэлх туулж өнгөрүүлсэн адал явдал, уналт босолт, хайрламаар нандин дурсамж бүрийг ганцхан нийтлэлд багтаана гэдэг тун хэцүү. Иймд оюутан залуусын санаачилсан төсөл ЦойлогсоZ гэх комьюнити болтлоо өргөжиж, өнөөг хүртэлх цаг хугацаанд ямар сорилт, бэрхшээлийг даван туулж, залуусын дуу хоолойг илэрхийлэгч хүчтэй комьюнити болж яваагийн нэгээхэн хэсгийг энэхүү нийтлэлээр хүргэхийг зорилоо. Дөрвөн жилийн энэ бяцхан аяллыг миний, таны, бид бүгдийн оролцоогүйгээр төсөөлшгүй тул биднийг дэмжиж, хамтран ажилладаг хувь хүн, байгууллагууд, ЦойлогсоZ комьюнитигийн томоохон хэсэг болсон энэхүү нийтлэлийг уншиж буй та бүхэндээ баярлалаа. Биднийг урт аялал, туулж үзээгүй олон шинэ туршлагууд хүлээж байна.

ЦойлогсоZ дөрвөн нас хүрлээ ЦойлогсоZ дөрвөн нас хүрлээ