Дэлхий дахинд залуусын дунд эх дэлхийдээ санаа тавих хандлага өсөн нэмэгдэж байгаа ч яг үнэндээ далайд дусал нэмэр гэдэг шиг байгальд ээлтэй тор, хогоо ангилах сэтгэл, байгалиа хайрлая гэсэн уриа лоозонгоос хэтрэхгүй байна. Жишээ нь, Ernst & Young (2020) компаниас гаргасан судалгаагаар залуусын ердөө 16%-ийг активист хэмээн тодорхойлж болох бөгөөд тэдний дунд л энэхүү хандлага давамгайлдаг. Залуусын бусдад итгэх итгэл, санхүүгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт зэрэг зохицуулах олон асуудлын дундаас БАЙГАЛЬ дэлхийн талаар бодох сөхөө, сонирхол үнэхээр байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Магадгүй үүнийг уншиж байгаа та “бүгд л дэлхийн дулаарлын эсрэг, байгалиа хайрлахын төлөө байгаа” гэдэг гоё ганган, баатарлагийн хөөсөн дунд байх вий. Хэрэв таны эргэн тойронд “ДЭЛХИЙ ДУЛААРААД БАЙНА!!!” гээд зүгээр л ярьдаг ч агуулгын түвшинд ойлголтгүй мэт хүн байвал энэ нийтлэлийг илгээгээрэй. Магадгүй хий хоосон үгийг нь бодол болгоход энэхүү нийтлэл туслах байх.
Геологийн урт удаан хугацааны туршид дэлхийн уур амьсгал тогтвортой байсан. Үлэг гүрвэлүүдийн эрин үе болох мезозойн эриний(252-66 сая жилийн өмнө) халуунаас эхлээд плейстоцений мөстлөгийн үе (2.58 сая жилийн тэртээх) хүртэл манай гараг өнөөгийн бидний харж байгаагаас илүү цаг уурын эрс тэс байдлыг туулж ирсэн. Дэлхийн мөсөн бүрхүүл, хурдас чулуулгийн давхарга болон бусад геологийн датаг үзвэл цаг уурын өөрчлөлт сая сая жилийн туршид мэдэгдэхүйц өөрчлөгдөж, 55 сая жилийн тэртээ дэлхийн температур Палеоцен-эоцений дулааны дээд хэмжээнд (PETM) хүрч, экосистемд томоохон өөрчлөлтүүд гарсан үе бий. Ийм эртний халуун үеүдтэй харьцуулахад орчин үе харьцангуй гайгүй мэт санагдаж магадгүй юм. Тэгэхээр эхний ойлголтоо үүгээр засацгаая. Дэлхийн дулаарал бус уур амьсгалын өөрчлөлт. Дэлхий дулаараагүй, хүн төрөлхтөн өөрсдийнхөө хамгийн дулаан жилүүдтэй нүүр тулах гэж байна.
Дэлхий үүссэн цагаас эхлэн уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн зүй тогтол, тектоник хавтангуудын хөдөлгөөн, галт уулын дэлбэрэлт, солирын нөлөө гэх мэт байгалийн өөрийн хүчин зүйлээс хамаарч байсан бол энэ удаад хүний нөлөөтэйгөөр огцом өөрчлөгдөж байна. Эдгээр хүчин зүйлээс хамаарч дэлхийн температур 5 градусаар өөрчлөгдөхөд 100,000 орчим жил шаардагддаг байна. Гэтэл сүүлийн 100 орчим жилд бид дэлхийг 1 градусаар, түүний хагас буюу 0.5 градусаар дулаарахад нөлөөлөх гол нөлөөллийг сүүлийн 30 жилд үзүүлжээ. Хүн амын өсөлт, аж үйлдвэржилт, хэт их хэрэглээ гэх мэт байгаль дэлхийд өөрийн мэт хандаагүйн нөлөө.
Хүн төрөлхтөн байгальдаа сөргөөр хандах хандлагын үрээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хугацаа, боломж улам багасгаж байна. Гэхдээ бид дэлхийн хамгийн тогтвортой, сэрүүн болоод амьдрахад таатай нөхцөлд буйгаа мартаж болохгүй. Айдас биднийг буруу шийдвэрт хөтөлдөг шиг, уур амьсгалын асуудалд хэт их төвлөрч, түүгээр одоогийн нөхцөлөө халхлан байгальд ээлтэй нэрийн дор тархи угаах, байгалиа хайрлах нэрийн дор хэт их хэрэглээг эргээд дэмжих байдал үүсэхээс эхлээд бодит байдлаа дүгнэж, нэгдэхээс илүүтэй өөрөө өөрсдийнхөө эсрэг тэмцэх тэмцэл явагдсаар байна.
Бид дэлхийн сэрүүн, илүү тогтвортой үе шатуудын нэгэнд амьдарч байж магадгүй гэсэн энэхүү санаа нь биднийг асуудлыг үл тооход бус эсрэгээрээ түлхэц болох ёстой.
Асуулт нь дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ авах уу, байгалийг хайрлахын төлөө ажиллах уу гэдэг дээр биш харин дэлхийн уур амьсгалын өргөн уудам түүхийн талаарх бидний ойлголт байгаль орчныг хамгаалахад хандах хандлагыг хэрхэн гүнзгийрүүлж чадах вэ гэдэгт байгаа юм. Энэ нь үргэлжлээд хүн төрөлхтөн өөрсдийн түүхээ эргэн санаж, эргэцүүлэн бодоход уриалж байна. Бид хүн төрөлхтний соёл иргэншлийг бий болгосон цаг уурын нөхцөл байдлыг хадгалан хамгаалагчид байх уу, эсвэл тэнцвэрт байдлыг алдагдуулж, шинэ амьдралыг хайж сансарт гарах шалтгааныг эхлүүлснээрээ түүхэнд үлдэх үү?
Тэгэхээр бид эдгээр асуултад хариулах нь дэлхийн дулаарлын аль эсвэл хүн төрөлхтөн өөрсдийнхөө эсрэг, тэр ч байтугай хямралаас зайлсхийх тухай биш юм гэдгийг харж болно. Энэ нь хүн төрөлхтнийг өлгийдөн авсан гаргийн төлөөх бидний зөв уриалга, амлалтын тухай юм. Биднийг хөдөлгөх урам зориг айдсаас биш, харин байгаль ертөнцийг хайрлах гүн гүнзгий хайр, түүний төрөлхийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхөөс үүдэлтэй байг. Ингэснээр бид урьд өмнөхөөсөө илүү бүгдийн анхаарлыг татахуйц, өөрчлөлтийг авчрах нэгдмэл үзэл санааг олж чадна гэдэгт итгэж байна.