Бидний нэг

Б.Очирваань: Английн лигт монгол хүүхэд тоглох мөчийн төлөө бүхнийг хийнэ

Б.Намуун -- 2025.01.295 минут унших

Таны мөрөөдөл хаана байгаа вэ? Магадгүй 14,000 километрийн цаана уу? Та хэзээ тэнд очих бол? Жил, хоёр жил... Хэзээ ч байж болох юм. 2024 оны тавдугаар сард Манчестер Юнайтедын үнэнч фанат Б.Очирваань 14,000 километрийг туулан, 20 орноор дамжиж, жилийн дараа Английн Манчестерт очиж байв. Түүнд тэнд хүрнэ гэсэн итгэл байсан. Иймээс итгэлээ зоригоороо хурцлан, хүссэн газраа хүрсэн билээ. Түүний аялал дэлхий даяар хэдэн мянга, хэдэн сая хүнд урам зориг болсон нь саяхан. Энэ удаагийн Бидний нэг буландаа түүнийг онцоллоо. Уншигч та ч ярилцлагаа шимтэн уншиж, бидний нэг болоорой.  

“Кик офф” буюу эхлэлийн цохилт 

Хөл бөмбөгт бөмбөгийг тоглолтод оруулахын тулд эхний цохилт буюу “кик офф” хийдэг. Б.Очирваанийн хувьд хөл бөмбөгт дурлан, сонирхож эхэлсэн үе нь хөл бөмбөгөөр бол кик офф гэлтэй.  

Б.Очирваань: Английн лигт монгол хүүхэд тоглох мөчийн төлөө бүхнийг хийнэ

Би нэлээд хожуу буюу 15 настайгаасаа хөл бөмбөг тоглож эхэлсэн. Хамаатны ах нар маань хөл бөмбөг их үзэж, компьютер дээр FIFA тоглодог байсан юм. Тэдний дэмждэг баг нь Манчестер Юнайтед байсан. Иймээс миний танилцсан анхны баг энэ байлаа. Бага багаар гишүүдийг нь мэддэг болж, 2010 онд хөл бөмбөгийн ДАШТ үзсэнээс хойш илүү их дурлаж билээ. Ингээд компьютер дээр тоглодог байсан багуудаа эхнээс нь судалж эхэлсэн. Дунд ангид байхад минь манайх нүүхээр болж, 107 дугаар сургуульд шилжиж очсон маань миний амьдралыг тэр чигт өөрчилж байв. Шинэ сургуулийн найзууд маань маш идэвхтэй, спортлог хүүхдүүд байсан учраас тэднийгээ дагаж, спортод дурласан. Хөл бөмбөгийг компьютер дээр л тоглож, зурагтаар үздэг байсан бол энэ мөчөөс хойш тэдэн шиг тамирчин болох хүсэл тээж эхэлсэн юм. Ингээд 2012 оноос хөл бөмбөгчин болох зорилго тавиад, 2013 онд анхны хөл бөмбөгийн клубдээ орж байлаа. 

“Улаан хуудас”: Хуурамч агентад луйвардуулсан нь 

Примьер Лигийн “Fan Mail” нэвтрүүлэг Б.Очирваанийн захидлаар эхэлдэг. Уг захидалдаа тэрбээр хуурамч агентлагтай таарч, сэтгэл зүй болон санхүүгээр хохирсон тухайгаа хуваалцдаг билээ. Энэ тухай өгүүлэхдээ “Би бүх зүйлээ алдсан мэт санагдаж байлаа. Энэ бүхэн яг л хар дарсан зүүд шиг байсан” хэмээж байв. Хөл бөмбөгөөр зүйрлэвэл улаан хуудас авч, тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон мэт. Гол ялгаа нь түүний гаргасан алдаа хүүхэд насны хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, гараа сунгасан танихгүй нэгэнд хэт итгэсэн явдал л байсан юм.  

Миний анхны клуб Англи эзэнтэй байсан юм. 2014 онд манай багт Англиас дасгалжуулагч, сэтгүүлч ирэхэд Манчестер Юнайтедад тоглох хүсэл мөрөөдөл минь их онцлогддог байв. Бид ч хурдтай сайжирч, манай баг 2015 онд орсон бүх тэмцээндээ  түрүүлж, амжилт гаргах үед “Би чадах юм байна” гэсэн өөртөө итгэх итгэл улам л бадарч байлаа. Яг энэ үед фэйсбүүкээр нэгэн хөл бөмбөгийн агент холбоо барьсан юм. “Америкийн Лос Анжелес Галакси клубийн Хүүхдийн академийн скаут. Академидаа шалгаруулж авах хүүхдүүд хайж байгаа” гэж бичсэн. Би ч итгэж, надаас бүртгэл, даатгал нислэгийн зардал гэх мэтээр бага багаар мөнгө аваад л байсан. Явах хугацаа дөхөх үед “Чамайг академидаа яг авахаар боллоо гэрээний мөнгө өгөх хэрэгтэй” гэхэд нь ч илгээсэн. Тэр үед 18 настай, өөртөө итгэлтэй, би үүний л ард гарчихвал болно, бүтнэ гэж бодож байлаа. Тухайн үед манай клуб их амжилттай байсан учраас клубийн Англи эзэн Монголд Францын Канал телевизийн хоёр сэтгүүлчийг баримтат нэвтрүүлэг хийлгэхээр авч ирсэн юм. Нэвтрүүлгийн үеэр энэ тухайгаа хэлэхэд цааш судалж үзсэн. Ингэж хуурамч гэдгийг нь мэдсэн дээ. Ээж аав маань зээл аван барин тэр их мөнгийг өгсөн байтал хуурамч гэдгийг мэдээд тэнгэр хөмрөх шиг болсон. Тус телевизийнхэн ч энэ тохиолдлоор маань нэвтрүүлэг бэлдсэн. Нэвтрүүлэг гарсны дараа гаднын хандив босгох сайт дээр Англиас долоо хоногийн дотор маш олон фанатууд мөнгө шилжүүлж, луйвардуулсан мөнгө маань бүрдэж байлаа. Тэр цагаас хойш надад дахин боломж олгосон хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд заавал Англид очих ёстой гэж бүр их бодсон. Тухайн үед бас бэртэж тааран, хоёр жил хөл бөмбөг тоглож чадаагүй. Хоёр жилийн дараа ахин тоглоход бүх зүйл тэгээс эхлэх шиг л болж билээ.  

Б.Очирваань: Английн лигт монгол хүүхэд тоглох мөчийн төлөө бүхнийг хийнэ

“Шилжилтийн цонх” ба Англид очих төлөвлөгөө 

Хөл бөмбөгийн шилжилтийн цонх нь мэргэжлийн хөл бөмбөгийн клубүүд тоглогчдыг худалдан авах, зарах, зээлээр шилжүүлэх үйл явцыг зохицуулдаг хугацаа. Тухайн хугацаанд клубүүд багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, шинэ тоглогчдыг авч, хуучин тоглогчдыг зарах боломжтой байдаг. Хуурамч агентлагт луйвардуулсныхаа дараа Б.Очирваань хөл бөмбөг бол түүний хувьд зүгээр л дуртай спорт биш бүх зүйл гэдгийг ойлгосон гэлтэй. Манчестер Юнайтед үргэлж түүний мөрөөдлийн клуб байсан бөгөөд үүнийг өөрийн хүрэх ёстой газар гэж үздэг байв. Иймээс тэрбээр тэнд хүрэх аяллаа унадаг дугуйн дээрээс үргэлжлүүлж, хөл бөмбөгөөр бол “шилжилтийн цонх” хийсэн юм.  

2021 онд гэмтээд эмнэлэгт хэвтэж байхдаа ер нь гүйгээд Англид очно оо гэж бодсон. Хөл бөмбөг байнга гүйдэг спорт бас би өөрөө тогтмол бэлтгэл хийдэг учраас боломжтой гэж бодсон юм. Хэрэв гүйж хүрэх юм бол Англид очиж, мэргэжлийн хөл бөмбөгчин болж чадаагүй ч гэсэн тамирчин хүний бахархлаар тэнд очно, бас дурсамжтай адал явдлыг бүтээж чадна гэж бодсон. 2022 оны тавдугаар сар хүртэл гүйлтийн бэлтгэлээ хийж, ивээн тэтгэгч хайсан. Өдрийг хэрхэн хувааж, хэдэн километр гүйж, хаагуур явах гээд нарийн төлөвлөгөө гаргасан ч надад хэн ч итгээгүй, боломжгүй гэж үзсэн юм. Товлосон хугацаа ч боллоо. Гэтэл Орос, Украины дайн гарч, Орос, Украин, Польш гэж явах байсан маршрут минь бүхэлдээ өөрчлөгдөх болсон. Ингээд ахиад нэг жил хойшлуулж, 2023 оны тавдугаар сард аялалдаа гарахаар боллоо. 

Жил өнгөрч, 2023 оны дөрөвдүгээр сард хүмүүс угаасаа намайг тэнд ингээд очно гэдэгт итгэхгүй юм байна, би л ганцаараа хийх юм байна гэж бодсон. Тэр үедээ Инстаграмаас дугуйн дээрээ олон цүнх ачаад, ганцаараа явж байгаа хүмүүсийг олж харсан юм. Дугуйтай аяллыг судалж үзээд, энэ л миний хийх зүйл гэж бодсон. Ямар дугуйгаар аялдгийг нь судалж үзэхэд Монголд топ брэндүүдээс нь “Cube” гэдэг дугуй нь л байсан. Ингээд тэр газар руу очиж уулзахад тэд ч энэ аяллыг маань боломжтой гэж итгэсэнд би улам их урам авсан юм. Сонирхолтой нь 2021 онд захисан дугуй нь тэр үед л Монголд анх удаа орж ирж таарсан. Ийнхүү би тэр дугуйг аваад, аялалдаа гарсан даа. Ердөө 14 хоногт аяллын маань бэлтгэл ажил маш хурдан бүтсэн. Визний асуудлууд гарч ирвэл замдаа шийднэ гэж бодоод л шууд гарсан юм. Хүмүүсээс “Дугуй унаж чаддаг юм уу, өмнө нь ингэж аялалд гарч байсан уу, визээ авсан юм уу” гээд л маш их болж, бүтэхгүй талаас нь харсан асуултууд ирж байв. Харин би тухайн үед өөртөө сөрөг бодол үүсгэхгүйн тулд тэр хүмүүст визээ авчихсан л гэж хэлдэг байсан. 

Итгэлээр эхэлсэн бас бүтсэн 14,000 километр 

Монголоос гарахдаа би тэнд хүрэхэд 100 хувийн биш 20 хувийн л боломжтой гарсан. Гэхдээ л үлдсэн хувийг нь замдаа бүтээнэ гэж бодсон. Аяллын өдөр хоног өнгөрөх бүрд хүмүүс ч энэ боломжтой гэдэгт итгэж эхэлж байв. Нэг, хоёроороо “Ах/эгч нь кофе, хоолны мөнгө хийе” гээд л яг мөнгөгүй өнөөдөр яана даа гээд байж байтал мэдсэн юм шиг л мөнгө ороод ирдэг байлаа. Энэ аялал тэр чигтээ хүмүүсийн энерги, ерөөлөөр бүтсэн. Надад итгэл нь байсан. Тиймээс эхлүүлсэн. Бусад нь яваандаа бүтсэн. 

Төгсгөл нь үл харагдах зам, уул ус, гол мөрөн гээд тэрбээр 365 хоногийн турш өдөр бүр шинэ сорилттой таарч байсан билээ. Энэ тухайгаа ярихдаа “Хэцүү зүйл их байсан ч эргээд бодоход зөвхөн сайхан үеүд л санаанд ордог. Аяллын өдөр бүр дахин давтагдашгүй байсан. Нэг байрандаа эргэлдэхгүй үргэлж урсаж байгаа цаг хугацаа гэхээр сайхан шүү дээ” хэмээсэн юм.  

Яагаад заавал Манчестер Юнайтед гэж? 

Б.Очирваань: Английн лигт монгол хүүхэд тоглох мөчийн төлөө бүхнийг хийнэ

Манчестерын түүх нь их онцгой. Онгоцны ослоор багийнхаа гишүүдийг алдаад, гуравхан тоглогчтойгоор буцаж сэргэн өндөр амжилт үзүүлсэн баг. Мөн намайг сонирхож эхэлж байхад уг баг хожигдож явж байгаад л нэмэлт цаг дээр хожлыг эргүүлдэг байсан. Ийм бууж өгдөггүй сэтгэл зүй нь надад урам зориг өгдөг байлаа. Миний дэмждэг Уэйн Рүүни довтлогч мөртлөө хойно очоод хамгаалчихдаг, бүх байрлалд багийнхаа төлөө бүх зүйлээ гаргадаг, дайчин шаргуу нэгэн.  

2013 оноос хойш манай баг амжилт муутай байна. Гэхдээ л би дэмжсэн хэвээрээ байдаг. Амжилт гаргахгүй байсан ч тэдэнд хайртай хүмүүс олон. Тэдний бүтээсэн үнэ цэн одоо ч оршсоор байна. Би ч бас тэдэнд тийм үнэ цэнтэй нэгэн байхыг хүссэн. Өөрөө тэднээс урам зориг авдаг байсан шигээ буцаагаад тэдэнд урам зориг өгөхийг хүссэн юм. 

Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай 

Б.Очирваань: Английн лигт монгол хүүхэд тоглох мөчийн төлөө бүхнийг хийнэ

Туркт очоод Шенгений визээ заавал Монгол руу буцаж байж гаргуулах хэрэгтэй болсон. Тэр үе Примьер лигээс над руу холбогдоод, “Fan Mail” нэвтрүүлэгтээ онцолмоор байгаагаа хэлсэн байсан үе. Хэрвээ би буцчихвал намайг нэвтрүүлэгтээ онцлохоо больчих вий дээ гэж санаа зовж байлаа. Тэгж тэгж байгаад Примьер лиг рүү мэйл бичээд визээ авах боломжгүй болж, Монгол руу явах хэрэгтэй болсноо хэлэхэд уриалгахан хүлээн авсан. Дугуйгаа Туркт үлдээгээд, Монголд ирж, визээ аваад, буцаж Турк орон, дугуйтай аяллаа үргэлжлүүлсэн. Виз гарахгүй буцаж ирэн, алдсан нэг сарын хугацаа одоо бодоход маш зөв байсан санагддаг. Тухайн үедээ би хайран цаг хугацаа гэж их харамсаж байсан ч яг үнэндээ огт цаг хугацаа алдаагүй, бүх л зүйл болох ёстой үедээ л болсон юм билээ. Түүнээс өмнө очсон бол магадгүй би Рүүнитэй уулзахгүй ч байсан юм бил үү. 

Зорьсон газраа жилийн дараа хүрэх мэдрэмж ямар байсан бэ? 

Би зорьсон газартаа очихоосоо өмнө аль хэдийн аяллаасаа маш их мэдрэмж авчихсан байсан. Тэр холоос зорин зорин ирсэн хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгээ хэнтэй ч уулзахгүй, дотор нь ч орохгүй гаднаас нь тойроод явахад л хангалттай хэмжээний их мэдрэмжийг би аяллын явцаасаа авсан. Англид анх ирээд маш их эргэлзэж, догдолж билээ. Зөвхөн миний л толгойд байсан төсөөлөл бодит болоод, одоо Английн хөрсөн дээр гишгэж байна гэдэг зүүд юм шиг л байсан. Туулсан замаа эргээд харахад би тэр үед яаж үүнийг туулсан юм бол гэж бодох үйл явдлууд их байлаа. Манчестерт хүрэхэд 20, 30 километр үлдлээ гэж хэлэх гэхээр л аманд багтахгүй 20,000 км гэж их тоо л гараад байсан.   Олд Траффорд хүрээлэнг голын цаанаас харуулаад Примьер лигийн багийнхан бичлэг хийсэн юм. Тэр үед би сэтгэгдлээ ярьж байтал хөл, гарын үзүүрээс эхэлж чимчигнээд, хамаг бие мэдээгээ алдаад, ямар ч тэнхэлгүй болчихсон. Би тэнд очих хүртэлх бүх цаг хугацаанд сэтгэл зүйгээ маш өндөрт барьсан байсан юм. Харин яг зорьсон газраа ирээд, төсөөлдөг байсан зүйлээ харчихсан чинь гэнэт маш их ядарснаа анзаарсан. Бие маань “Болчихлоо, би ирчихсэн” гэдгээ мэдээд автоматаар одоо амарч болно гэсэн нь л тэр байсан юм билээ. 

Манчестер Юнайтедын түүхийн нэг хэсэг болсон нь 

Б.Очирваань: Английн лигт монгол хүүхэд тоглох мөчийн төлөө бүхнийг хийнэ

Цэнгэлдэх хүрээлэн рүү ороод, сэтгэгдлээ ярьж байтал миний урд байсан хүмүүс бүгд миний арагшаа хараад болдоггүй. Тэгэхээр нь юу руу хараад байгаа юм бол гээд гайхаад хартал Рүүни ард байж байсан. Би хэзээ ч Рүүнитэй уулзана гэж бодоогүй. Хүн ирвэл ямар нэгэн дасгалжуулагч байна байх л гэж бодсон юм. Рүүни надад “Чамаар маш их бахархлаа, чиний туулсан бүхэн бидэнд урам зориг өглөө” гэж хэлэхэд би өөрөө урам зориг авдаг хүмүүсийнхээ урам зориг нь боллоо шүү дээ гэж бодох үнэхээр сайхан байсан. Тэр үед нэг жилийн аялал, түүнээс өмнө 10 жил хөл бөмбөгөөр хичээллэсэн бүх цаг хугацаа минь маш утга учиртай, үнэ цэнтэй санагдаад, уйлж эхэлсэн дээ. “Би Юнайтедын тамирчин болно. Английн Примьер лигт тоглосон анхны монгол хүн болно” гэж ярьдаг байсан маань тамирчны хувиар биелээгүй ч би мөрөөдлийнхөө төлөө тэнд хүрсэн.  

Тэгэхээр та одоо Манчестер Юнайтедын түүхийн нэг хэсэг болжээ, тийм үү? 

-Тийм ээ. Би одоо Юнайтедын дэмжигчдийн хувьд дэмждэг фанат нь болчихсон байна лээ. Тэр нь их гоё санагдаж байгаа. Олон улсаас бид чамтай уулзмаар байна, чи энд ирж хамт тоглолт үзээч гэж урьж байна. “Фанатууд бид зөвхөн хайртай багаа зурагтаар үзээд дэмжих бус багтаа урам зориг болж чадна шүү” гэдгийг харуулж чадсан болохоор бусад фанатууд намайг их дэмждэг. Одоо миний хамгийн том зорилго хөл бөмбөгчний хувиар өөрийнхөө чадаагүй зүйлийг хэн нэгэн монгол хүүхдээр чадуулах юм. Тэнд монгол хүүхэд тоглох үе ирэхийн төлөө би илүү ихийг хийх болно.  

Намайг хамгийн их дэмждэг хүн ээж маань байсан гэж нэгэн ярилцлагадаа ярьсан байсан. Хэн ч итгэхгүй байхад итгээд замд гаргасан эрхэм хүнтэйгээ хамт сая тоглолт үзсэн байсан шүү дээ.  

Б.Очирваань: Английн лигт монгол хүүхэд тоглох мөчийн төлөө бүхнийг хийнэ

-Бүх цаг хугацааны явцад би ээжтэйгээ л ярьдаг байсан. Хэзээ нэгэн цагт би таныг тэнд аваачна гэж хэлдэг байлаа. Сая дугуйтай аяллаа амжилттай дуусгахад Примьер лигээс надад 2024-2025 оны улирлын хүссэн нэг тоглолтоо үзэх 2 тасалбар, ирж очих нислэг, буудал захиалах эрх бэлэглэсэн. Хэнтэй ирэхийг хүсэж байна гэхэд нь шууд ээжтэйгээ л гэсэн. Жоохон байхдаа өгч байсан амлалтаа биелүүлэх боломж энэ бүхнийг туулсны дараа өөрөө бэлэг болж ирсэн дээ. Ээжтэйгээ цуг тоглолт үзээд, миний мөрөөдөл энэ байсан шүү дээ гэж харуулах үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж байлаа. 

Одоо хөл бөмбөгөө тоглож байгаа юу? 

-Сүүлийн хоёр жил тоглосонгүй. Дугуй хэт их унасан учраас гүйж чадахаа больж, гүйлт арай өөр болсон. Иймээс ахиж жаахан бэлтгэл хийж байгаад тоглож эхэлнэ. Сая аяллаасаа ирээд нэгдүгээр лигт тоглохоор багт орсон ч их ядралттай, бэлтгэл хийх тусам улам ядраад, сэргэж өгөхгүй байсан. Иймээс яг одоогоор бол тоглох хэмжээнд хараахан бэлэн болоогүй юм байна гээд түр завсарласан. 

Хэрвээ та бусдад луйвардуулан, шантарч байсан үедээ эргээд очвол тэр өөртөө юу гэж хэлэх вэ? 

-Зүгээр л очоод нэг тэврээд авна. Үлдсэнийг нь угаасаа чадах юм чинь. Тэр үед итгэл, тэврэлт л хэрэгтэй байсан учраас зүгээр л итгэл өгөх болно.  

Б.Очирваань: Английн лигт монгол хүүхэд тоглох мөчийн төлөө бүхнийг хийнэ

Зорьсон газар руугаа хязгааргүй тэмүүл 

Спортод дуртай залуустаа хандаж хэлэхэд заавал дэмждэг багийнхаа тоглолтыг очиж үзээрэй. Тэгэх юм бол одоо уг спортоос мэдэрч байгаа мэдрэмжээ огт өөр өнцгөөс харна. Орчинд нь ороод үзэхээр дараа дараагийн тоглолтыг ч ингэж үзэхийг хүснэ. Үүнийхээ төлөө хичээнэ. Хүсэл тэмүүлэлтэй амьдарна. Мөн аялал бол боловсрол. Нэг газар очоод, тансаг буудалд орохоос илүү зүйл. Үүргэвчээ үүрээд хүссэн газар руугаа ганцаараа явах мэдрэмж үнэхээр гайхалтай, бүхнийг өөрчилдөг. Тэгэхээр заавал ганц удаа ч болов ганцаараа аялж үзээрэй. Тэгвэл ертөнцийг харах өнцөг чинь асар их өөрчлөгдөх болно. Энэ нь хувь хүний хөгжлийн хэдэн ном уншихаас хэд дахин их хөрөнгө оруулалт болох юм шүү. Аялалд зарцуулсан мөнгө хэзээ ч дэмий зардал болохгүй. Эргээд зарлагадсанаасаа илүүг өөрт чинь авч ирнэ. Аялалд гар, мөрөөдлөө биелүүл. Зорьсон газар руугаа хязгааргүй тэмүүл. 

Б.Очирваанийн энэхүү түүх бидэнд хүсэл мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй тэмүүлэх ёстойг ахин нэг санууллаа. Энэ бол энгийн нэг дугуйтай аяллын түүх биш, амьдралын бас нэгэн хичээл юм. Бодолд чинь багтаад байвал боломж байна гэсэн үг гэдэг дээ. Бодлоо бодит болгох замд тань амжилт хүсье! 

Б.Очирваань: Английн лигт монгол хүүхэд тоглох мөчийн төлөө бүхнийг хийнэ