Залуусын орон зай

Э.Золжаргал: Академик орчин ямар гайхалтай гэдгийг Кембрижид очоод мэдэрсэн

М.Энхмаа2025.03.235 минут унших
Э.Золжаргал: Академик орчин ямар гайхалтай гэдгийг Кембрижид очоод  мэдэрсэн

Дэлхийн хөгжил дэвшил, “дэлхийн хүн” гэх тодотгол үнэхээр биднээс хол гэж үү? Бидний мөрөөдөлд л тодордог Харвард, Кембриж, Стэнфорд зэрэг өнө эртний түүхт, хөгжлийн “уурхай” болсон эдгээр өргөөнд амьдрал хэрхэн өрнөдөг бол гэх сониучхан бодол, тийш зорих нууцхан хүсэл хэн бүхний дотор орших мэт. Харин өөрийн хүсэл мөрөөдлийг бодит болгож, зорилго чиглэлийнхээ төлөө тууштай тэмүүлж яваа шинэ үеийн төлөөлөл, Кембирижийн Их сургуулийн 24,912 суралцагчийн нэг болох Нийгэм, соёлын антропологич, Кембрижийн Их сургуулийн докторант Э.Золжаргалыг бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа онцолж байна.

“Намайг бакалаврын түвшинд суралцаж байх үеэс л багш нар маань “Чи Кембриж явах хэрэгтэй” гэдэг байлаа. Тухайн үед тийшээ явна гэдэг хэтэрхий хол санагдаж байсан юм. Кембрижийн Их сургуулийг хэтэрхий үнэтэй, хол тасархай амьдралтай, нийгмийн элит гаралтай хүмүүс л явдаг гэж боддог байлаа шүү дээ. Гэвч миний амьдрал тэднээс тэс өөр. Магадгүй тийм ч учраас хүн ер нь эзэмшсэн мэргэжилдээ чадвартай гэдгээ харуулахын тулд аль нэг нэр хүндтэй сургуульд харьяалагдаж, заавал тэнд хүрч байж л мундаг болно гэсэн үг биш гэсэн эсрэг байр суурьтай байсан юм” хэмээх эрс шулуухан түүний эрдмийн мөр өдгөө Кембрижийн Их сургуультай салшгүй холбогджээ. Түүний сэтгэл догдлуулж, зориг бадраах амттай түүхийг эрхэм уншигч та бүхэндээ ийн сийрүүлье. 

“Яагаад?” хэмээх асуулт, аливааг таньж мэдэхийн хүсэлд хөтлөгдсөн хүүхэд нас

“Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрж өссөн. Өвөл, зуны амралтаараа Төмөрбулаг суманд байх хөгшин аав, ээжийндээ очдог байсан учраас хүүхэд насны дурсамж минь ихэвчлэн мал хунартай л холбогддог юм. Хөдөө малдаа явахдаа аавынхаа номын сангаас авч өгсөн хүүхдийн зохиолыг өвөртлөөд явна. Завсар, зай гарвал номоо л уншина. Түүнээс гадна манайд аавын минь болон өвөөгийн эдэлж, хэрэглэж байсан хуучны уран зохиол, философийн ном товхимлууд их байсан. Тухайлбал, Ираны яруу найрагч, философич, математикч Ибн Синагийн шүлгийн орчуулга, Оросын философийн тухай хуучны зузаан товхимлууд, феноменологи, физик гээд шинжлэх ухааны холбогдолтой олон номыг их сонирхож уншдаг байлаа. 

1.jpgСүндэв өвөө маань Франц, Герман, Англи зэрэг орны хүүхдийн уран зохиолыг орос хэлнээс орчуулж хүргэсэн бөгөөд Ломоносовын Их сургуулийг Монголын анхны мэргэжлийн номын санч мэргэжлээр төгсөж ирээд Төв номын сангийн Архивын даргаар хүртэл ажиллаж байсан маш мундаг боловсролтой хүн. Харамсалтай нь хэлмэгдүүлэлтийн үеэр нутаг буцаж, өвөө, эмээ хоёр маань Рашаант сумандаа орос хэлний багш, дотуур байрны багш болон Мөрөн сумын номын сангийн даргаар ажилласан гэдэг. Гэвч би өвөөтэйгөө амьд ахуйд нь уулзаж байгаагүй учраас түүний өвлүүлж үлдээсэн ном, бүтээлээр нь дамжуулан өвөөтэйгөө танилцсан хэрэг. Тиймээс багаасаа л шинжлэх ухаан, философийн номуудтай зууралдаж, нийгмийн шинжлэх ухаан амьдрал хорвоо ертөнцийн талаар хэрхэн тайлбарлаж буй нь маш сонирхолтой санагддаг байсан нь намайг нийгмийн шинжлэх ухаан руу хөтөлсөн болов уу гэж бодож байна.”

“Антропологи хэмээх нэрийг анх сонсоод л дурласан”

Багаасаа л уран зохиол, философийн тухай ярианд татагдаж, нийгмийн шинжлэх ухаанаар дамжуулан хорвоо ертөнцийг тольдож явсан тэрбээр мэргэжил сонголттой нүүр тулав. Хэл, уран зохиол, түүх, философи, кино найруулагч, сэтгүүлч бүр хувцас дизайны салбар хүртэл түүний сонирхлыг татаж байлаа. Өмнөө гарч ирсэн олон сонголтыг эргэцүүлэн тунгааж, олон талаас нь дүгнэсний эцэст антропологийн салбар эдгээр бүх мэргэжлийг нэгтгэсэн юм байна гэдгийг ойлгосон нь түүний амьдралын хамгийн зөв шийдвэр ажээ.

“Бид анхны харцаар дурлана гэж ярьдаг шүү дээ. Харин би “хүн судлал” гэх энэ нэрийг сонсоод анхны сонсголоороо дурлаж, “Энэ л миний мэргэжил юм байна” гэдгийг шууд мэдсэн. Яагаад гэвэл антропологи маш сонирхолтой судалгаануудыг хийдэг байхгүй юу. Жишээлбэл, жоохон байхдаа антропологийн салбар сүнс судалдаг тухай олж уншчихаад “Тийм зүйлийг судалж болдог юм уу” гээд гайхаж байснаа их тод санадаг юм. Энэ мэтчилэн сониуч занг минь өдөөх олон зүйл байсан учраас антропологиор суралцахаар шийдсэн дээ. 

web-1.jpg

Түүнчлэн антропологийн салбар бусад нийгмийн шинжлэх ухааны салбараас судалгааны арга зүйгээрээ их онцлог. Учир нь хүн өөрийн биеэр тухайн орчин нөхцөлд уусан шингэж, хэдэн сар, жилийн хугацаанд маш нарийн ажиглалт хийсний дүнд түүнийгээ баримтжуулан, баталгаажуулж, архивлан үлдээдэг гэх юм уу. Судлаачид өөрийн судалгаандаа бодол, мэдрэмж, туршлагаа шингээж, харьцуулах боломжийг нээлттэй олгож, олон төрлийн судалгааны арга зүйг туршиж үзэх эрх чөлөөг олгодог.”

Магад судлаач гэж хамгийн сайн ажиглагчийг хэлэх байх. Өдөр хоногууд харвасан сум шиг өнгөрч, амьдрал улам завгүй, улам л ээдрээтэй болох тусам бид аливааг өөрсдөөсөө хол хөндийрүүлж, нийгмээс ангид тусгай мэтээр өөрийн харах өнцгөө “бөмбөлөг” дотор хязгаарлаж орхих нь олонтоо. Харин бидний анзааралгүй өнгөрөөдөг, магад анзаарахыг ч хүсдэггүй энэ бүхнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ажиглан судалж, яагаад гэх асуултад үнэн зөв хариулт олохын төлөө тэмүүлдэг нь эрдэмтэн, судлаачдын эрх, үүрэг нөгөөтээгүүр эрх чөлөө гэдгийг түүний энэхүү яриа батлах шиг болно.

Шинжлэх ухаанд ахин дурласан нь

“2014 онд МУИС-ийн Антропологийн ангийг төгсөөд Герман явмаар санагдсан. Берлин хот өөрөө аягүй сонирхолтой санагдаж байсан гэх үү дээ. Харин маш сонин тохиолдлоор Берлин явах шалтгаан гарч, тохироо нь бүрдээд 2016 онд Freie University of Berlin буюу Берлиний Чөлөөт Их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимд элсэхээр герман хэлээ бэлдэж эхэлсэн. Учир нь тус сургууль миний суралцахыг хүсэж байсан дүрслэлийн антропологийн магистрын хөтөлбөртэй байсан юм. Гэвч би Герман улсад магистрын түвшинд суралцах эрхгүй болж таарсан. Хэдийн бакалаврын түвшний боловсрол эзэмшчихсэн хүний боловсролыг үнэгүйдүүлж, манай улсын боловсролын системийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг гомдмоор зүйл шүү дээ. Тухайн үед энэ мэдээ маш том шок болсон ч сургууль маань хос дипломтой төгсгөдөг байсан тул 2018 онд антропологи болон кино судлал мэргэжлээр бакалаврын түвшинд элсэж орсон юм."

8.jpg

Ийнхүү тэрбээр Герман улсад суралцах хугацаандаа Герман төдийгүй дэлхий дахинаа нэр хүндтэй, томоохон судалгааны хүрээлэнгүүдийн нэг болох Хүн Төрөлхтний Түүхийн Шинжлэх Ухааны Макс Планк институтэд ажиллаж эхэлсэн бөгөөд түүний гар бие оролцсон олон сонирхолтой судалгааны ажлын талаар бидний ярилцлага үргэлжиллээ.

“Миний хамгийн анхны судалгааны ажил “Улаанчулуутын хогийн цэг дээр хог түүж, амьжиргаагаа залгуулж буй айл өрхүүдийн тухай” байсан юм. Үүнээс хойш арав гаруй жил энэ талаар судалж байна. Германд суралцаж байх хугацаандаа Макс Планкийн хүрээлэнд ажиллаж, зун нь судалгааны ажлаар Монголдоо ирдэг байлаа. Төгсөхийн алдад хоёр сарын хугацаанд Монголд судалгааны ажлаар ирээд ковидын улмаас дахиж Берлин явалгүй эндээ үлдсэн дээ. 

Цар тахлын үеэр судалгааны ажлаа онлайнаар бичихийн сацуу сургуулийнхаа судалгааны тэтгэлэг болон ЮНЕСКО-ийн залуу судлаачдад зориулсан жижиг төсөлд шалгарсан юм. Ийнхүү цар тахлын үед Улаанчулуутын хогийн цэг дээр хог түүж, амьжиргаагаа залгуулж буй айл өрхийн эрүүл мэнд болоод аж ахуй хэрхэн эрсдэлд орж байна вэ гэдэг нөхцөл байдлыг судалсан. Энэ судалгааны үр дүн ЮНЕСКО гэх мэтчилэн хог хаягдлын менежментийн талаар судалгаа боловсруулж буй хүмүүст очсон. Гэвч судлаач судалгааны ажлын үр дүнд хэчнээн сайн дүгнэлт боловсруулсан ч хэн нэгний ширээн дээр үлдчихдэг учраас тэрхүү дүгнэлт маань бодлогын хэмжээнд хүртэл нөлөөлж чадаагүй гэж бодож байна. Гэхдээ гол асуудал нь судалгааны хүрээнд чухал асуудлыг хөндсөн гэж боддог. Тухайлбал, гудамжаар хөглөрч байгаа маск, ахуйн хог хаягдал гээд юу байдаг юм бүгд холилдоод Улаанчулуутын хогийн цэг дээр очиж байгаа юм. Эмнэлгийн болон ахуйн хог хаягдлыг тусад нь боловсруулах, түүнийг хүлээн авах газар хүрэлцээгүйн улмаас тэр. Гэвч тэнд чинь хүн амьдарч байгаа шүү дээ. Цаашлаад ахин нийгмийг хамарсан цар тахал, хөл хорио боллоо гэж бодоход эмнэлгийн хог хаягдлыг хэрхэн боловсруулах талаар судалгааны ажлаараа хөндсөн.”

Берлинээс Кембрижийг зорих аялал

7.jpg

“Судлаач хүнд маш сайн удирдан чиглүүлэх багш хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр том сургуулийн нэр гэхээс илүүтэйгээр чамайг гардан, чиглүүлж яваа хүн чинь чамтай төстэй судалгааны сэдэв, чиглэлээр судалгаа хийдэг аль эсвэл газар зүй, соёлын хувьд ижил бүсэд судалгаа явуулдаг байх нь илүү үр, өгөөжтэй гэсэн үг. Харамсалтай нь Берлиний Чөлөөт Их сургуульд миний сонирхож байсан сэдэвтэй төстэй чиглэлээр судалдаг хүн ховор бас дээрээс нь Монголын тухай судалдаг хүн байхгүй байсан. Энэ байдал надад “Би цаашдаа эндээс академик мэдлэг олж авч чадахгүй юм байна” гэж бодоход хүргэсэн. Онолын мэдлэгийг хүн өөрөө хичээгээд хаанаас ч авч болно шүү дээ. Харин мэргэшээд цааш явахад сайн багш хэрэгтэй гэдгийг мэдэрсэн учраас Кембрижийн Их сургуулийг зорихоор шийдсэн юм. Учир нь тэнд Mongolian and Inner Asian Studies Unit буюу Монгол, Дотоод Ази судлалын төв буюу дэлхийн Монгол судлалын хамгийн том төв байгаа шүү дээ. Тэнд миний оюутан цагаасаа л судалгааны бүтээлүүдийг нь уншиж, судалж ирсэн маш мундаг судлаачид болох Профессор Кэролайн Хамфри, Дэвид Снийт, Урадын Булаг зэрэг Монгол судлал төдийгүй дэлхийн антропологийн салбарт нэр хүндээ үлдээж яваа эдгээр хүмүүсээс суралцахыг хүссэн.”

Өөрийн хүсэл сонирхлоор Берлин хотыг зорьсон түүний зүрх сэтгэл энэ удаа арвин их түүхтэй Кембрижийн сургуульд татагдаж байлаа. МУИС-ийн бакалаврын түвшний суралцагч байхаас л “Чи Кембрижид байх ёстой” хэмээн дэмжиж, урамшуулдаг байсан хоёр багш нь “Чиний Кембриж явах цаг одоо болсон шүү” хэмээх урмын үг, өөрийн хүсэл сонирхлыг харгалзан үзэж, дэлхийн томоохон Их сургуулиудын нэг Кембрижийн Их сургуулийг зорихоор эрс шулуудсан байна. Ийнхүү бүхий л цаг хугацаагаа хэлний шалгалт, сургуулийн материал бүрдүүлэлт, тэтгэлгийн эсээ, ярилцлагадаа зориулан маш олон удаагийн үе шатуудыг даван туулсны эцэст Кембрижийн Их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхим түүнд өргөн үүдээ нээж, Гэйтсийн тэтгэлгээр суралцах мэдээгээ хүлээн авсан баярт мөчөөсөө бидэнтэй хуваалцсан юм. 

9.jpg

“Анх сургуульдаа тэнцсэн мэдээгээ сонсоод тийм айхтар баярлаагүй. Учир нь Кембрижийн Их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхим намайг хүлээж авсан гэдэг нь шууд л тийшээ явчихна гэсэн үг биш шүү дээ. Үүний ард маш олон давах ёстой даваа байсан. Хамгийн чухал нь би тэтгэлэг авах ёстой. Материалаа илгээсэн Гэйтс болон Чевнингийн тэтгэлгээс ярилцлагын шатанд тэнцсэн тухай хариугаа авсны дараа зөвхөн шалгалт болон тэтгэлгийн ярилцлагадаа төвлөрөхөөр Хатгалд хоёр сарын хугацаатайгаар өөрийгөө бэлдсэн. Ингээд ярилцлага болохоос хэдхэн хоногийн өмнө хотдоо эргэж ирсэн юм. Хамгийн сонирхолтой нь Гэйтс болон Чевнингийн тэтгэлгийн ярилцлага хоёул нэг өдөр товлогдсон байсан. Өглөө нь Английн элчин сайд дээр  Чевнингийн ярилцлагад ороод, орой 18 цагт Гэйтсийн ярилцлагад онлайнаар оролцсон. Ярилцлагаас хэдхэн хоногийн дараа Гэйтсийн тэтгэлгээс тэнцсэн тэр мөчид л хамгийн ихээр баярласан даа. Учир нь маш ширүүн өрсөлдөөнтэй бөгөөд жилд дунджаар дэлхийн бүхий л улс орны, төрөл бүрийн салбар, мастер, докторын түвшинд суралцах 5,000 гаруй хүн тэтгэлгийн материалаа илгээж байгаа шүү дээ.  Энэ тэтгэлэг олон үе шаттай бөгөөд Кэмбрижийн бусад тэтгэлгээс өөр зарчмаар явагддагаараа онцлог. Эхлээд тухайн тэнхимд тэр жилдээ суралцахаар тэнцсэн мастер, докторын оюутнуудаас хэдийг нь Гэйтсийн тэтгэлэгт өрсөлдүүлэхээр сонгон шалгаруулдаг. Дараа нь бүх тэнхимүүдээс шалгарч ирсэн оюутнуудын материалуудыг Кэмбрижийн нэгдсэн сургалтын алба шалгаж, үнэхээр цаашаа явуулж болох уу, үгүй юу гэдгийг баталгаажуулдаг. Ингээд Гэйтс тэдгээр шалгаруулалтад орж тэнцсэн оюутнуудыг дараагийн шат болох ярилцлагад урьдаг. Ярилцлагын шатанд очлоо гээд шууд тэнцэнэ гэсэн үг бас биш бөгөөд дунджаар 60%-ийг нь эцсийн байдлаар сонгож авна. Ийм зарчмаар 5000 хүнээс 50, 60 хүнийг л сонгон шалгаруулдаг учраас тэтгэлэгт тэнцэх магадлал маш бага байдаг. Яг тэр мөчид өөртөө итгэдэггүй юм билээ. Энэхүү баярт мэдээгээ хамгийн түрүүнд Хөвсгөлд байгаа ээждээ дуулгахад ээж минь надад “баярлалаа” гэж хэлсэн. Тэгэхэд би гайхаад “Та яагаад надад баярлалаа гэж хэлж байгаа юм бэ. Харин би танд баярлах ёстой шүү дээ” гээд ярилцаж байсан тэр дурсамж хамгийн тод үлдсэн байна.

Кембрижид очоод бакалаврын түвшний суралцагч байхаас л яагаад багш нар маань Кембрижид суралцах хэрэгтэй гээд байсныг ойлгосон доо. Өөрийн үзэл бодолтой, судалгааны ажлын төлөө, аливааг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй олон мундаг, авьяаслаг хүмүүсээр хүрээлүүлсэн орчинд ороод “Академик орчин гэдэг чинь ямар гоё юм бэ” гэдгийг бараг анх удаагаа мэдэрсэн гэх юм уу. Яагаад гэвэл тэр чинь Их сургуулийн хот шүү дээ. Тиймээс бүх зүйл нь оюутнуудад төвлөрчихсөн. Хаашаа л харвал оюутнууд, хаашаа л харвал багш нар. Бүгд шинэ ном, шинэ ололт, сонирхолтой судалгааны сэдвүүдээр ярилцаж, үргэлж шинэ соргог санааг бусадтайгаа хуваалцаж байдаг нь сэтгэлд хүрсэн гэх юм уу.”

Дүрслэлийн антропологи буюу судлаачийн ёс зүй

2.jpg

-Судлаачдын хувьд судалгааны баримтжуулалт гэдэг хамгийн чухал үе шат гэдэгтэй маргах хүн цөөн. Иймд судлаачийн ёс зүйн талаар зайлшгүй дурдах хэрэгтэй байх. Тэр тусмаа дүрслэлийн антропологид аливааг баримтжуулан буулгахдаа судлаач хүн ямар ёс зүйг баримтлах ёстой вэ? 

- Антропологийн түүх өөрөө колоничлолын түүхтэй салшгүй холбоотой. Эхэн үеийн антропологичид шинэ газар нутаг, өөр соёлд очихдоо тухайн орны хүмүүс хэрхэн амьдарч байна, нийгмийн аж байдал болон соёл, уламжлалын онцлог зэргийг камерын тусламжтайгаар зураг, дүрс бичлэг болгон баримтжуулдаг байсан нь хожим дүрслэлийн антропологийн эхлэл болсон гэж үздэг. Гэвч энэ арга барил сүүл рүүгээ маш их шүүмжлэлд өртсөн. Англи, Франц, Америк зэрэг эзэнт гүрнүүд бусад улс орнуудыг колоничлох үедээ өөрийн орны судлаач, эрдэмтдийг тухайн газар орон руу илгээж байсан шүү дээ. Ийнхүү судлаачид тухайн нийгмийн аж байдал, ард түмний дүр төрхийг камерын дуранд тэмдэглэн үлдээхдээ колоничлогчийн өнцгөөс харж, дүгнэсэн байдаг тул анхны этнографийн кино, баримтат гэрэл зураг, дүрс бичлэгүүд бүгд өөрийн эрхгүй колоничлолын өнгө аястай болсон байдаг.

Иймд дүрслэлийн антропологид “Хүн рүү камер чиглүүлэхдээ ямар ёс зүйн зарчмыг баримтлах вэ?”, “тухайн соёлын дүр төрхийг хэрхэн шударга, тэнцвэртэйгээр буулгах вэ” гэх мэтчилэн олон асуудлыг илүү гүнзгий авч үздэг болсон. Орчин цагт дүрслэл буюу  “visual” мэдээллийг судлахдаа зураг, дүрс бүрийн ард ямар бэлгэдэл, симболик утга агуулагдаж байгаа вэ гэдгийг улс төр, эдийн засаг, соёлын нөхцөл байдалтай нь холбон задлан шинжлэх шаардлагатай. Тиймээс зураг бүрийг ямар өнцгөөр авсан нь, ямар мессеж өгүүлж, түүнд агуулагдсан далд утга санааг тайлах нь антропологийн судалгааны чухал чиглэл болж байна.

Жишээлбэл, сүүлийн 20 жилийн турш гэрэл зурагчид, сэтгүүлчид траншей, хогийн цэг дээр амьдарч буй хүмүүсийг архичин, гэмт хэрэгтэн мэт харгис, зэрлэг өнцгөөс харуулж,  нийгэмд буруутгагдсан, үзэн ядсан өнгө аясыг бий болгосоор ирлээ шүү дээ. Зарим нь зөвшөөрөлгүй зураг авч, телевизээр нүүр царайг нь ил гарган цацсан ёс зүйгүй тохиолдлууд ч бий. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр хүмүүс бидний л адил ажлаа хийж, амьжиргаагаа залгуулж буй хүмүүс шүү дээ. Тэдний дунд тогтсон системээр ажилладаг, хувийн компаниудтай хамтарч ажилладаг ченжүүд гээд амьдралын төлөө тэмцэж буй олон хүн бий. Тиймээс судалгааны салбарт тэр дундаа дүрслэлийн антропологид бүхий л зүйлдээ хянуур хандах хэрэгтэй гэсэн үг. Хүн ямар ч нөхцөлд байсан бид хүний эрхэм ёс, халдашгүй байдалд хүндэтгэлтэй хандах ёстой. 

Монголчуудын талаарх сонирхолтой нээлт: Бид лактоз задлах чадвартай юу?

“Хүн хэмээх “ертөнцийг” тольдох цонх нь хүн судлалын шинжлэх ухаан” гэх нь ч бий. Дэлхий ертөнц дээрх олон соёл иргэншил, ахуй амьдралын хэв маягийг судлан шинжилж, зан заншил, итгэл үнэмшил, амьдралын хэв маягаар нь дамжуулан нийгмийн хэсэг бүлгийг танин мэддэг соньхон хэр нь нэн чухал салбар бол антропологи буюу хүн судлал. Ийн бодоход өмнөх үеийн түүхэнд тулгуурлан өнөөдрийг судалж, ирээдүйг тодорхойлон цаг хугацаагаар аялах хүч гагц антропологичдод буй гэлтэй.

66.jpg
“Бас нэгэн сонирхолтой судалгааны талаар хуваалцахад, монголчууд генетикийн хувьд лактоз задлах чадваргүй хэр нь олон мянган жилийн турш сүү, цагаан идээ хэрэглэсээр ирсэн шүү дээ. Энэ талаарх Макс Планкын судалгааны хүрээлэнтэй хамтарсан “Цагаан идээний соёл” судалгааны дүнд нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн. Намайг Хатгалд хатгалын малчидтай хамтарсан төсөл дээр ажиллаж байх үед Макс Планкаас холбогдож, Монгол, Йордан, Альпийн нуруу зэрэг мал аж ахуй эрхэлж, уламжлалт аргаар сүү, цагаан идээ боловсруулдаг малчин өрхүүдийн талаар олон улсын харьцуулсан судалгааны суурь болгож манай малчдын хоршоололтой хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ийнхүү Хатгал болон тайга, баруун тайга, цаашлаад Булган, Дундговь аймгийн Цагаан суварга гээд таван жилийн турш Монгол орноор хөндлөн гулд явж, хэдэн зуун малчин өрхөөс цагаан идээ болон амьтны, хүний, агаарын, хөрсний, орчны гээд бүх төрлийн дээж цуглуулсан юм. Үүний цаад шалтгаан нь монгол хүний болоод уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээнд агуулагдаж буй бактерийг л харах гээд байгаа хэрэг шүү дээ.

Тухайлбал, монголчууд эртээс сүү боловсруулах чадваргүй атлаа яагаад өнөөг хүртэл сүү, цагаан идээ хэрэглэсээр ирсэн бэ гэдгийг тогтоохын тулд археологийн олдвороос олдсон булш бунхнаас гарч ирсэн хүний шүдэнд наалдсан үлдцийг лабораториор шинжилж, 3000 гаруй жилийн тэртээ бид ямааны шар сүүг боловсруулж байсан юм байна гэдгийг манай судалгааны удирдагч болоод хамтран ажиллагсад олж нээсэн юм. Үүний шалтгаан нь  бидний гэдэсний микробын орчинд сүүг задалдаг ашигтай бактериудыг хадгалан үлдсэнтэй шууд холбоотой. Тэгвэл тэр микробууд хаанаас гарч ирсэн бэ гээд үзэхээр бидний хүрээлэн буй орчин буюу уламжлалт мал аж ахуйн бүхий л эд эсэд шингэчихсэн байжээ. Өөрөөр хэлбэл, уламжлалт цагаан идээнд нь, сав суулганд нь, гэрийнх нь хана бүрээс, агаарт нь, хөрсөнд нь тэдгээр ашигтай бактериуд хадгалагдан үлдсэн байжээ гэдгийг маш олон хүний хүч хөдөлмөрөөр нээж илрүүлсэн гэсэн үг.”

Урлагаар дамжуулан шинжлэх ухааныг танин мэдүүлэх нь

Энэхүү судалгааны ажлын талаар шимтэн сонсох нь ээ “Шинжлэх ухаан гэдэг чинь биднээс хол хөндий зүйл биш байж шүү дээ” хэмээн эргэцүүлэхэд хүрсэн юм. Лабораторид, хуруу шил, химийн бодист, квант физикийн онолын номд л шинжлэх ухаан оршдог юм биш. Харин бидний амьсгалж буй агаар, ундаалж буй ус, гишгэлж буй газар шороо, эдэлж хэрэглэж буй юмс бүхэн шинжлэх ухаан гэдгийг магад бид мартаж орхидог бололтой. Энэ хэвшмэл ойлголтыг бага ч атугай өөрчилж, хүн бүр шинжлэх ухааныг шимтэн сонирхдог, хорвоо ертөнцийн гоо сайхныг мэддэг, мэдэрдэг байгаасай гэсэндээ “Futuristic Type” брэндийн үүсгэн байгуулагч И.Мөнхтуяатай хамтран “Сүүний бактерийн хөрөг” хэмээх 600 гаруй цагаан идээний микроскопын зургаар хувцас загварын коллекц гаргаж, Монголын цагаан идээн уламжлалт өв соёлыг бүтээлч байдлаар танилцуулж байжээ.

6.jpg

“Бидний нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч бидний биед, хүрээлэн буй орчинд тэр бүү хэл хоол унданд хүртэл байдаг бактериуд ямар тохиолдолд ашигтай, ямар тохиолдолд ашиггүй бактер болдог гэдгээс авхуулаад хорвоо ертөнцийн үүсэл гэх мэт маш том ертөнцийн үүдийг тэр жижигхэн микробын ертөнц надад нээж өгсөн юм. Цуглуулсан цагаан идээний дээжийг АНУ, Герман, Өвөр Монголын гурван том лабораторид шинжлүүлж, өндөр чанартай микроскопоор авсан зургуудыг харахад яг л галакси шиг санагдсан. Тэр бяцхан микробууд дотор бүх л бүтэн галактик байгаа юм шиг тийм үзэсгэлэнтэй хээ угалз, дүр зургуудыг олж хараад “Энийг хүмүүст харуулах хэрэгтэй” гэх бодол төрсөн юм. 

Шинжлэх ухааны салбарын нэг төвөгтэй зүйл нь судлаачид хэдий чанартай судалгаа хийж, чухал асуудлыг хөндсөн ч ихэнх нь хэдэн судлаачдынхаа дунд нэг ном болоод л хэвлэгдэж гарна. Эсвэл нэг эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдэж, шинжлэх ухааны талаар нийтэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг гарчиг болж л үлддэг шүү дээ. Олон чухал судалгаанууд ийм хязгаарлагдмал орчинд үлдчихдэг учраас монголчуудын хувьд маш үнэ цэнтэй, нээлт гэж хэлж болохуйц энэ судалгааны үр дүнг ганцаараа гоё сайхныг нь мэдрээд зогсохгүй хүн бүрд мэдрүүлмээр, харуулмаар санагдсан. Ялангуяа эдгээр шинжлэх ухааны сонирхолтой нээлтүүдийг таниулж, түүгээрээ дамжуулан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилтот бүлэг нь залуучууд байсан юм. Тиймээс би залуучуудын хэлээр ярихыг хүссэн. Залуучуудын хэл гэдэг бол загвар шүү дээ. Дуу хөгжим, кино, хувцас дизайн гээд л. Иймд Берлинд байх хугацаандаа “Futuristic Type” брэндийн үүсгэн байгуулагч И.Мөнхтуяатай холбогдсон юм. Учир нь Мөөнөөгийн хийхийг хүсдэг ирээдүй рүү чиглэсэн, сонирхолтой, шинжлэх ухаанч бүтээл болон надад байгаа санаа хоёр яг цав нийцэж байсан учраас хоёулаа хамтран “Сүүний бактерийн хөрөг” нэртэй коллекц гаргасан юм.”

5.jpg

Ийнхүү тэрбээр шинжлэх ухаан, урлагаар дамжуулан сүүлийн үеийн шинжлэх ухааны шинэ содон нээлт болон судалгааны үр дүнг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “The Sci-Fa” төслийг санаачлан хэрэгжүүлж буйн эхний амжилт нь “Сүүний бактерийн хөрөг” коллекц байв. Уг төслөөрөө дамжуулан “Судалгаа, шинжилгээний ажил заавал уйтгартай байх албагүй бөгөөд хүн бүхэн энэ талаар сонирхон судлах, танин мэдэх боломжтой” гэдгийг нэгдүгээрт судлаачдад, хоёрдугаарт олон нийтэд харуулахыг хүсдэг тухайгаа хуваалцаж байлаа.

“Антропологийн судалгаа юун түрүүнд өөрийгөө таньж мэдэхээс эхэлдэг”

“Мэргэжил чинь чамаас үнэртэх ёстой” гэдэг үг бий. Өөрийн хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ шингээж, түүнээсээ таашаал мэдэрнэ гэдэг хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл сүлэлдэн тухайн мэргэжлийн онцлог амьдралыг харах өнцөгт уусан шингэдгийн илрэл гэлтэй. Өөр өөр орчин, өөр өөр соёлд хөл тавих тэр мөчөөс амьдралын хуудас ахин шинээр нээгдэх шиг. Бодит байдлыг баримт нотолгоотойгоор батлан харуулахын тулд тухайн орчин нөхцөл, ахуй байдал, ард иргэдтэй нэгэн цул болон хувирч чаддаг нь антропологичдын бас нэгэн онцлог ажээ.

hf.jpg

“Антропологийн судалгаа юун түрүүнд өөрийгөө таньж мэдэхээс эхэлдэг юм болов уу. Хүн судлал гэдэг хэдий бусдыг судалж буй мэт боловч үнэндээ өөрийн оршихуй, сэтгэл зүй, бодол мэдрэмжийг давхар ажиглан тэмдэглэж явдгаараа онцлог. Учир нь антропологийн судалгааны арга зүйгээр тухайн нөхцөл байдалд өөрийн бие, сэтгэлийг ямар хариу үйлдэл үзүүлж байгааг анзаарч, тэмдэглэн улмаар судалгаатайгаа уялдуулан дүн шинжилдэг. Судлаач хүн өөрийн судалж буй орчноос ангид, гаднын хүн биш, харин тэр нийгмийн нэг хэсэг болох учиртай шүү дээ. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэгтэй л адил.  Ингэснээр хувь судлаачийн бодит мэдрэмж, тухайн асуудлыг өөрийн биеэр мэдэрсэн туршлага шингэж, зөвхөн гаднаас нь харах бус, өөрийнхөө дотоодод ч тусгаж, ойлгож байж л үнэн бодит дүгнэлтийг гаргаж чадна.

Тухайлбал, манай антропологийн салбарт хээрийн судалгаа хийдэг шүү дээ. Миний хувьд энэ үе бол судалгааны хамгийн сайхан үе. Яагаад гэвэл, сонирхолтой судалгаанууд дээр ажиллахын сацуу тухайн нутаг орныхонтойгоо танилцаж, удаан хугацааг хамтдаа өнгөрүүлдэг учраас нэг мэдэх нь ээ хүмүүстэйгээ дотно нөхөрлөж, нандин холбоо үүсгэчихсэн байдаг. Жишээлбэл, Макс Планктай хамтарсан цагаан идээний төсөл дээр гэхэд малчин айлуудтайгаа яг л өвөө, эмээ, ах дүүсийн харилцаатай болсон байна. Тэдэнтэйгээ одоо ч холбоотой байдаг тул энэ үед судлаач өөрөө аз жаргалыг мэдэрдэг юм шиг санагддаг. Учир нь манай мэргэжил зөвхөн судалгаа хийгээд явдаг ажил биш амьдралын харилцаа үүсгээд явдаг учраас тэр.”

4.jpg

-Эндээс нэг зүйл сонирхолтой санагдаж байна л даа. Судалгааны явцад танд хүндрэлтэй, сорилттой, эсвэл шантрах мэдрэмж төрдөг үе бий болов уу?

-Судалгааны дараагийн шат болох бичгийн ажил судлаачдын хамгийн их шаналдаг үе байх. Хүний амьдралын түүх, дурсамжийг, бидэнтэй хуваалцсан нарийн ширийн бүх л мэдээллийг нэгтгэн бичиж, бусдад хүргэнэ гэдэг бол маш том хариуцлага. Тухайн нийгмийн амьдралыг, хувь хүний түүхийг бүхэлд нь өгүүлдэг учраас бичиж буй үг үсэг, цэг таслал бүрдээ хүртэл хянуур, хариуцлагатай хандах ёстой болдог. Дүр дүрслэл, зураг бичлэг, үг хэллэг гээд тэр бүгдийг хэрхэн ёс зүйтэй, үнэн шударгаар хүндэтгэлтэйгээр хэрхэн бусдад дамжуулах вэ гэдэг бол судлаачийн хамгийн их шаналдаг зүйл. Тэгээд яг л уран бүтээлч шиг ажиллана даа. Харин бүх юмаа цэгцэлж, бичвэрээ дуусгасны дараа нэлээд тайвширсан мэдрэмж төрдөг юм. Гэхдээ тэр тайвшрал нэг их удаан үргэлжлэхгүй. Удалгүй дараагийн ажил, дараагийн бичвэрийн санаа төрнө. Ингээд л дараагийн судалгаандаа төвлөрч, энэ үйл явц ахин давтагдана даа.

“Хүндэлж, биширч, судалгааны арга барил, сэдэв материалуудаас нь үлгэрлэн суралцдаг хүмүүсийн минь дэргэд миний мэдлэг цэцэрлэгийн хүүхдийн түвшинд л байгаа хэрэг шүү дээ” хэмээн инээмсэглэх түүний  даруу зан, чин сэтгэл нь өөрийн эзэмшсэн мэргэжилдээ хэрхэн дурлаж, аливаа зүйлийн мөн чанарыг уг углуургаас нь таньж мэдэх хүсэл эрмэлзлийг нь илтгэх шиг. Сониуч хүсэл, бүтээлч сэтгэлгээндээ хөтлөгдөн хүн судлал хэмээх энэхүү салбарт залуу судлаачийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж яваа Нийгэм, соёлын антропологич, Кембрижийн Их сургуулийн докторант Э.Золжаргал энэ удаа бидний нэг боллоо. Нийтлэлийг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд талархъя.

 

Гэрэл зургийг: Д.Занданбат

Холбоотой нийтлэлүүд