Спорт

Go Team Mongolia: Монгол залуусын эрчээр хөглөгдсөн зуны Олимп

TsoilogsoZ -- 2024.07.285 минут унших

Эртний Грекээс гаралтай хүн төрөлхтний эв нэгдлийн баяр гэж нэрлэгддэг зуны Олимпын наадам Парис хотноо эхлэхэд ердөө нэг хоног үлдээд байна. Эх дэлхийн өнцөг булан бүрийн зоригтой, гал цогтой, идтэй, бяртай, чадалтай, эрчтэй насныхан чансаагаа сорьдог энэ наадамд нийт 32 тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцож, 3,5 сая монголчууд эх орноосоо болон хилийн чанадаас тамирчдаа дэмжихээр таван цагаригт далбаан дор эвлэлдэн нэгдэж, “Go Mongolia” үзэл санаагаар хамтдаа амьсгалан, нэг зүг чиг, нэг зорилго, нэг хүсэл эрмэлзлээрээ бахархаж, баясаж, баярлах гэж байна. 

Go Team Mongolia: Монгол залуусын эрчээр хөглөгдсөн зуны Олимп

Ouvrons grand les Jeux!

Зуны XXXIII Олимпын наадмыг Парис хотноо зохион байгуулах тухай 2017 онд Перугийн Лима хотод болсон Олон Улсын Олимпын Хорооны 131-р чуулганаар шийдвэрлэсэн билээ. Нийт 206 орны 10,500 тамирчин оролцож буй энэ удаагийн наадмыг “Ouvrons grand les Jeux!” /Games wide open!/ гэсэн албан ёсны уриатайгаар парисчууд зохион байгуулж байгаа бөгөөд Олимпын наадамд дэлхий нийтийг урин дуудаж, спортыг илүү өргөн хүрээнд сониучирхан, шинэ туршлага, шинэ мэдрэмжийг хамтдаа эрэлхийлэхийг уриалж буй агуулгатай аж. Парис хот өөрөө дэлхийн хосгүй үзэсгэлэнт газар болох үүднээсээ тамирчид, үзэгчдэд төгс үзэмжийг харуулахыг зорьж, тус хотын 35 алдартай түүхийн дурсгалт газар спортын өнгө төрхтэйгөөр үзэгчдийг угтах юм байна. 

Go Team Mongolia: Монгол залуусын эрчээр хөглөгдсөн зуны Олимп

Бидний нэгдмэл байдлын илэрхийлэл - Өөдөө тэмүүлэх Go Mongolia

Дэлхий нийтийг энэ цаг мөчид Олимп нэгтгэх бол монголчууд биднийг “Go Mongolia” нэгтгэнэ. Яагаад “Go Mongolia” гэж? Монгол Улсыг түүчээлж, дэлхийн түвшинд өнгөлж буй залуус бидний эрч хүч, итгэл үнэмшил, нэгдмэл урам зориг дээр суурилсан өнөөдрийн алхам болоод хөгжил дэвшлийг чиглэх ирээдүйн жимийг “Go Mongolia” үзэл санаа тодорхойлно. 

-Хөгжил дэвшил рүү биднийг юу чиглүүлэх юм бэ? 

-Залуус бидний нэгдмэл байдал.

-Юу биднийг нэгтгэдэг юм бэ?

-Бидний соёл!

Монголчууд бид оюун санаагаараа нэгдэж, дэлхийн түвшинд хэн гэдгээ, ямар харах өнцгөөс оролцохоо мэддэг, түүндээ итгэлтэй байхын тулд бидний хөгжлийн нэгэн үеийн өнгө төрхийг илтгэн, бидний соёлын агуулгыг нягт тусгаж, биднийг хаана ч явсан дагаж явах үндэсний бахархлыг төлөөлсөн илэрхийлэл оршиж байх учиртай. Спортын соёлоор дэлхий нийтийг холбох энэ цаг үед орон орны өөр өөр соёлын төлөөлөл болсон залуусын дунд бид “Go Mongolia” брэндээр онцгойрон, үндэснийхээ нэгдмэл үзэл санаа, түүх соёл, ёс заншил, бяр чадал, тэсвэр хатуужил, хүнлэг хүчирхэг сэтгэлгээг таниулах юм. 

Go Team Mongolia: Монгол залуусын эрчээр хөглөгдсөн зуны Олимп

Бидний итгэлийг алддаггүй 32 тамирчин, тэдний итгэлийг хөглөж буй 3,5 сая бид

“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадамд манай улсаас байт харваа, буудлага, бокс, дугуй, жүдо, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, чөлөөт бөх, усанд сэлэлт гэсэн есөн төрөлд эрэгтэй 14, эмэгтэй 18 нийт 32 тамирчин оролцохоор зориод байна. Тамирчдаас марафонч Б.Сэр-Од 6 дахь Олимпдоо эрхээ аван орлоцож байгаа бол жүдогийн 78 кг-ийн жинд зодоглож буй О.Хүслэн багийн хамгийн залуу тамирчин юм. Үүнээс гадна, дугуйн спортоор манай улс анх удаа эрхээ аван оролцож байгаа бөгөөд чөлөөтийн эмэгтэй тамирчид багаараа эрхээ авсан онцлогтой Z үеийнхэн давамгайлсан өнгөлөг баг энэ удаагийн Олимпын наадамд оролцож байна. 

Парисын тэнгэрт эгшиглэх Монгол Улсын төрийн дуулал, Парисын тэнгэрт мандах Монгол Улсын төрийн далбаа бидний соёл, олон жилийн турш шантралгүй, цуцалгүй тууштай хөдөлмөрлөж буй баг тамирчид бол бидний соёл, тэднийг дэмжихээр догдлон суугаа халуун ам бүлийн инээмсэглэл ч бидний соёл. Бид бол соёл. Бид бол нэгдмэл хүч. Go Mongolia!