Залуу, боловсролтой эмэгтэйчүүд ганцаардлыг түгээмэл мэдэрч байгааг судалгааны үр дүн харуулжээ


Сүүлийн жилүүдэд залуусын дунд ганцаардлын асуудал нэмэгдэж байгааг олон судалгаа баталсаар байна. АНУ-ын Pew Research Center-ийн 2025 оны нэгдүгээр сарын тайланд дурдсанаар 18-29 насны залуусын 24 хувь нь өөрийгөө байнга эсвэл ихэнхдээ ганцаардмал, бусдаас тусгаарлагдсан мэт мэдэрдэг гэжээ.
Гэхдээ энэ ганцаардал нь заавал найз нөхөдгүй байгаатай холбоотой биш байж болохыг шинэ судалгаа харуулж байгаа юм. Plos One шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар хүмүүсийн насыг тэдний нийгмийн сайн сайхан байдал буюу найз нөхдийн дэмжлэг, харилцааны нягтрал болон нийгмийн таагүй байдал буюу ганцаардал, тусгаарлагдсан мэдрэмжтэй харьцуулан судалсан байна.
Судалгаанд оролцсон 18-95 насны 4,812 хүний дунд нэг онцгой бүлэг илэрсэн нь өргөн хүрээний, идэвхтэй харилцаатай атлаа ганцаардал мэдэрдэг хүмүүс байжээ. Энэ бүлэгт ихэвчлэн залуу, боловсролтой эмэгтэйчүүд багтсан байна.
Амьдралын өөрчлөлт
Канзасын их сургуулийн Харилцаа судлалын профессор Жэффри Холлын хэлснээр залуу хүмүүс амьдралынхаа энэ үед их хэмжээний шилжилт, өөрчлөлтийг туулдаг. Сургуулиа төгсөх, амьдралаа шинээр эхлүүлэх, харилцаагаа дуусгах, өөр хот руу нүүх зэрэг нь залуу насанд түгээмэл тохиолддог.
Эдгээр өөрчлөлт нь хүнийг байнга “шинэ орчинд үндсээрээ суурьших” шаардлагад оруулж, өмнөх харилцаануудаа хадгалах, шинэ холбоо үүсгэхэд сэтгэл зүйн дарамт үүсгэдэг гэж Холл тайлбарлажээ.
Эмэгтэйчүүдийн харилцаанд тавих хүлээлт өндөр
Судалгаанд дурдсанаар эмэгтэйчүүд найз нөхдийн харилцаанд илүү өндөр хүлээлт тавьдаг байна. Үүнд найзууд нь тэднийг үнэхээр ойлгодог, цаг гаргаж уулздаг, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг байх зэрэг орох аж. Тиймээс олон найзтай байсан ч “хангалттай ойр дотно биш” мэт мэдрэмж төрж, ганцаардал бий болдог ажээ.
Судлаачдын үзэж буйгаар залуусын ганцаардлыг бууруулахын тулд нийгэмд амжилт, карьер, санхүүгийн өсөлтийг хэт шүтэх хандлагыг багасгаж, нийгмийн харилцааг илүү үнэ цэнтэйд тооцох соёл хэрэгтэй юм байна.
Нөгөө талаас ганцаардал мэдрэх нь заавал сөрөг зүйл биш гэдгийг Холл онцолжээ. Энэ нь тухайн хүн бусадтай холбогдох, харилцаагаа гүнзгийрүүлэх хэрэгцээтэй байгаагийн дохио аж.
Түүний зөвлөснөөр:
- Харилцаагаа тогтмолжуулах (жишээ нь, долоо хоног бүр гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярих)
- Найз нөхөдтэйгөө мессеж, дуудлага, видео яриагаар холбоо барих
- Нийгмийн эрүүл мэндийг биеийн эрүүл мэндтэй адил чухалд тооцох нь ганцаардлыг даван туулахад чухал нөлөөтэй гэнэ.
Эх сурвалж: CNBC