П.Төрбат: Мотоспортын хамгийн том онцлог бол хүнийг эрэмгий, зоригтой болгодог


Эр зориг, хурд хүч, тэсвэр хатуужлын бэлгэ тэмдэг болсон мото спорт Монголд 70 гаруй жилийн уламжлалтай. Анхны тэмцээнүүд Богины аманд зохиогдож байсан тэр цагаас хойш энэ спорт олон үе дамжин залгамжилж, шинэ үеийн тамирчдыг төрүүлсээр иржээ. Тэрхүү уламжлалын нэгэн тод төлөөлөл бол мотоспортын дөрөв дэх үеийн тамирчин П.Төрбат юм. Бага наснаасаа мотоспортын гэр бүлд өсөж, өвөө, аав, ах нарынхаа замналыг үргэлжлүүлэн дэлхийн хамгийн сорилттой тэмцээнүүдэд өрсөлдөж, Монголын нэрийг гаргаж яваа тэрбээр эндуро төрлийн хөгжлийг эх орондоо нутагшуулахад голлох үүрэг гүйцэтгэж буй тамирчдын нэг П.Төрбатыг энэ удаагийн “БИДНИЙ НЭГ” буландаа онцолж байна.
“Мотоспортод тэмүүлэн ороход минь гэр бүлийн уламжлал хамгийн том нөлөө үзүүлсэн” хэмээн ярилцлагаа эхлүүлсэн түүний дурсамж бага насны гэгээлэг зураг шиг тодхон бууна. Өвөө нь 1960-аад оноос Монголын мото спортын анхдагчдын нэг байсан бөгөөд аав, авга ах нар нь уралдааны талбарт хүчин зүтгэж байжээ. Тэрхүү уламжлал өнөөдөр ч тасралтгүй үргэлжилж, гэр бүлээс нь 10 гаруй тамирчин төрөн гарсан нь мото спорт энэ гэр бүлийн “удмын өв” хэмээн үзэж болохуйц, хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг аж.
Мотоспортын дөрөв дэх үеийн тамирчин
![]()
“Манай гэр бүл мотоспортоор дөрвөн үе дамжсан баялаг уламжлалтай. Энэхүү түүх нь Монгол Улсад мотоспорт үүсэн хөгжих үеэс эхлэн тасралтгүй үргэлжилсээр ирсэн юм. Манай өвөө болох Доржийн Батхишиг нь 1960-аад оноос эхлэн уралдаж эхэлсэн бөгөөд тус спортын анхдагчдын нэг байсан. Өвөөгийн тэмцээн уралдаан бүрд гэр бүл, хамаатан саднаараа олноор цугларч, дэмждэг байсан нь манай гэр бүлийн уламжлалыг бэхжүүлсэн болов уу. Өвөөгийн залгамж халааг аавын хоёр ах болон манай аав үргэлжлүүлсэн бөгөөд өдгөө 13 орчим мотоспортын тамирчин төрөн гарч, дараагийн үеийн тамирчид маань бэлтгэгдэж байна.
Миний хувьд мотоспортын энэ уламжлалыг үргэлжлүүлэхэд бага насны орчин ихээхэн нөлөөлсөн юм. Би бага насаа аавынхаа машин засварын газарт өнгөрөөж, техниктэй ойр өссөн. Машин, механизмын засвар үйлчилгээний орчин нь надад техникийн мэдлэг, аливаа юмсын учир шалтгаан, логик холбоосыг таньж мэдэх суурь сэтгэлгээг суулгасан бөгөөд энэ нь миний тамирчны замналд чухал нөлөө үзүүлсэн болов уу гэж боддог.”
“Мотоцикл бол миний энэ амьдралын салшгүй нэг хэсэг”
Багаасаа техник, технологитой ойр өссөн түүний хувьд мотоцикл гэдэг амьдралынх нь салшгүй нэг хэсэг болжээ. “Ямар нэгэн байдлаар спортоос ч юм уу мотоцикл гэдэг энэ зүйлээс холдоход тухгүй, аз жаргалгүй болохоо мэддэг. Хэсэг холдчихоор юманд донтчихсон юм шиг өдрийн бодол шөнийн зүүд болдог. Хүнийг санаж бэтгэрдэг дээ, яг л үүншиг. Тиймээс мотоцикл бол миний энэ амьдралын салшгүй нэг хэсэг.” гэх түүний энэхүү ярианаас тус спортыг гэх чин сэтгэл мэдрэгдэнэ.

“Мотоспортын хамгийн том онцлог бол хүнийг эрэмгий, зоригтой болгодог. Багаасаа мэргэжлийн спортоор хичээллэсэн учраас амьдрал дээр гараад ямар нэгэн асуудал тулгарахад маш хурдан хугацаанд шийдвэр гаргаж, хурдан хугацаанд сэтгэдэг, хөрвөх чадвар сайтай болдог юм болов уу гэж боддог. Ямар нэгэн эрсдэл гарахад эрсдэлийг багасгахын тулд өөрөө маш хурдан сэтгэдэг байх хэрэгтэй.”
Мотоспортын сэргэлт ба эндурогийн эрин
Монгол Улсад мотоспортын түүх 70 гаруй жилтэй. Тус спортын анхны тэмцээн Богины аманд зохиогдсон гэдэг бөгөөд тэр цагаас хойш тасралтгүй хөгжиж, Монголын шигшээ баг дэлхийн болон ОХУ-д зохиогддог олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож иржээ. Гэвч мотоспортоор хичээллэх мэргэжлийн тамирчин дутагдсанаас үүдэн тус спортын хөгжил удааширч, уналтад орж байсан үе ч бий аж. Харин өнөөдөр энэ салбар эргэн сэргэж, өргөн хүрээний тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, фенүүдийн анхаарлыг татахуйц хэмжээнд хүрээд байгаа талаар тэрбээр хуваалцсан юм.
![]()
“2000-2010 оны хооронд эдийн засгийн хүндрэл, тамирчдын хомсдол зэрэг шалтгааны улмаас энэ спорт тодорхой хэмжээнд уналтад орсон байдаг. Харин 2010 оноос хойш энэхүү уналт зогсож, дэлхийн аваргад оролцсон гурван тамирчнаас эхлэн мотоспорт дахин сэргэж, хурдацтай хөгжиж эхэлсэн. Энэхүү амжилт нь залуу үеийнхэнд итгэл найдвар төрүүлж, мотоспортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлсэн болов уу гэж боддог. Сүүлийн 10 жилд энэ спорт, ялангуяа эндуро төрөл эрчимтэй хөгжиж, өргөн хүрээний фенүүдийг бий болгосон. Эндуро нь сошиал медиад хамгийн олон үзэлттэй, сонирхолтой төрөл болон хувирсан. Дөрвөн жилийн өмнө Монголд эндуро төрлийг мэддэг хүн ховор байсан бол өнөөдөр энэ спорт түгээмэл болж, улсын аварга шалгаруулах тэмцээн хүртэл зохиогдож байна. Энэхүү хөгжилд миний дэлхийн аваргад хоёр жил оролцсон туршлага чухал нөлөө үзүүлсэн болов уу.
Миний хувьд бага наснаасаа мотокроссоор хичээллэсэн боловч, энэ төрлийн дэлхийн хөгжил АНУ, Европын орнуудаас хэтэрхий хол зөрүүтэй байдаг тул эндуро төрөл рүү шилжихээр шийдсэн. Энэ нь Азийн орнуудад унтаа байдалтай байсан мотоспортын хөгжлийг идэвхжүүлэх, мөн Монголд эндуро спортыг шинээр нутагшуулах алхам болсон юм.”
![]()
- Мотоспортын төрлүүдийг манай уншигчдад тайлбарлах юм бол? Таны хувьд аль төрлөөр илүү мэргэшсэн бэ?
- Мотоспорт нь олон төрөлтэй бөгөөд Монголд мотокросс, ралли, эндуро гэсэн гурван төрөл зонхилдог. Тэдгээрээс хамгийн онцлог мөн Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой нь эндуро юм.
Мотокросс бол бэлтгэсэн шороон зам дээр 20-30 километрийн тойрогт өөрийн бүхий л хүч, авхаалж самбаагаа шавхан уралддаг төрөл. Харин эндуро нь "endurance" буюу тэсвэр тэвчээр гэсэн үгнээс гаралтай бөгөөд уул, ус, мод, чулуу зэрэг байгалийн саадтай газар, 4-5 хоногийн турш өдөрт 5-8 цагаар тасралтгүй уралддаг. Энэ спорт нь тамирчнаас өөрийн хүч, нөөцөө зөв хуваарилах, нарийн мэдрэмжтэй байх, мотоциклтойгоо нэгэн цул болох чадварыг шаарддаг.
Миний хувьд мотокроссоор удаан хугацаанд хичээллэсэн ч, дэлхийн хөгжлөөс хэтэрхий хоцрогдсон байсан тул сүүлийн дөрвөн жил эндурог сонирхон, мэргэшиж байна. Энэ төрөл дэлхийд эрчимтэй хөгжиж, олон фентэй болсон бөгөөд Монголд ч түгээмэл болж, улсын аварга шалгаруулах тэмцээн хүртэл зохиогдож эхэлсэн. Монголын уул, тал, говь гэсэн байгалийн үзэсгэлэнт газрууд нь эндуро спортын бэлтгэлийг үр дүнтэй хийхэд төгс тохирдог. Энэ нь монгол хүний дасан зохицох өндөр чадвартай хосолсноор биднийг дэлхийн тавцанд өрсөлдөхүйц тамирчин болгож чадна гэж би үзэж байна.
Иймээс эндуро бол Монгол тамирчдын амжилт гаргахад хамгийн ойр төрөл юм. Би өөрөө аялах дуртай тул бэлтгэл хийх хугацаандаа эх орныхоо үзэсгэлэнт байгалийг нээж, аялах боломжтой байдаг нь энэ спортын бас нэгэн давуу тал юм.

- Тус спорт хамгийн өндөр эрсдэлтэй спортын төрөлд тооцогддог шүү дээ. Тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтын үед эрсдэлээс хэрхэн сэргийлдэг вэ?
- Мотоспорт яалт ч үгүй хамгийн өндөр эрсдэлтэй спортын төрөлд тооцогддог. Тамирчид энэ спортоор хичээллэх явцдаа яс хугарах, хүнд гэмтэл авах тохиолдол байнга гардаг. Миний хувьд хоёр жилийн өмнө гар хугарахад бэртэлдээ бус, харин хоёр сарын турш өөрийгөө хөгжүүлж, амжилт гаргах боломжтой байсан цаг хугацаагаа алдсандаа харамссан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гэмтэл авч, хоёр тэмцээнийг өнжсөн нь маш их туршлага хуримтлуулах боломжийг алдсан гэсэн үг юм. Гэсэн хэдий ч үндсэн зорилго, тууштай байдалдаа үнэнч байснаар өвдөлт болон бусад хүндрэлүүд надад зорилгоосоо ухрахад саад болж чадаагүй. Бэртэл гэмтлээс үүдэлтэй зогсолтын дараа сэтгэл санаа хүнд байдаг ч, энэ нь тамирчдыг илүү хурцалж, дараагийн зорилгодоо хүрэх урам зориг өгдөг юм шиг санагддаг.
Тиймээс эрсдэл бол энэ спортын салшгүй нэг хэсэг бөгөөд тамирчин хүн эрсдэлээс айх бус, харин үүнийг удирдан зохицуулж, хэрхэн багасгах тал дээр анхаарах нь чухал юм. Бэртэл гэмтлээс хурдан сэргэхэд дараагийн зорилгоо тодорхойлон тавих нь хамгийн чухал.

- Тамирчдын өдөр тутмын бэлтгэл хэрхэн өрнөдөг вэ? Хамгийн дурсамжтай тэмцээнүүдээсээ бидэнтэй хуваалцаач?
- Тамирчин хүнд байнгын бэлтгэл сургуулилт хамгийн чухал. Хоёр, гурван жилийн турш мотоцикл дээр идэвхтэй өнгөрүүлсэн цаг хугацаа хамгийн чухал байдаг. Мэргэжлийн тамирчин хүн долоо хоногт дор хаяж дөрвөөс тав хоног мотоцикл унах ёстой. Ингэснээр мэдрэмжээ алдахгүй, мотоциклоо өөрийн биеийн нэг хэсэг шиг мэдэрч чадна. Тэмцээн дөхөхөөр эрчимтэй бэлтгэл хийх бус, харин удаан хугацаанд тасралтгүй хийх хэрэгтэй гэдгийг дэлхийн шилдэг тамирчдаас суралцаад явж байна.
Тэмцээний тухайд гэвэл, миний хамгийн анхны Дэлхийн цомын тэмцээн “Silk Way Rally 2021” тэмцээн хамгийн сорилттой бөгөөд дурсамжтай нь байсан. Олон хүний итгэлийг тээж оролцсон ч, замаа дуусгаж чадалгүй усанд живж тэмцээнээ өндөрлүүлсэн ч энэ тэмцээнээс маш их зүйл сурч авсан.
Мөн Австри улсад зохиогддог дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох Erzbergrodeo-д би хоёр удаа уралдсан. 1500 гаруй тамирчин оролцдог, дэлхийн шилдгүүдийн цуглардаг энэ тэмцээнд би 130 гаруй байрт орж, тэмцээний 60 хувийг туулж чадсан. Энэхүү тэмцээнийг 10 гаруй жил сошиалаар харж, “дэргэдээс нь үзэх юмсан” гэж бодож байснаас тэнд уралдана гэж огт бодож байгаагүй. Гэтэл явсаар байгаад өөрөө очиж уралдаад зогсохгүй Монголоос уралдаж байгаа анхны тамирчин болсон тэр мөч хамгийн гоё байсан.
![]()
Түүний хувьд орчин үеийн мотоспортыг Монголд хөгжүүлэхийн зэрэгцээ эндуро төрлийг түгээхийг эрхэм зорилгоо болгож ажиллаж байгаагаа ярилцлагын үеэрээ онцолж байлаа. Тэрбээр олон улсын тэмцээн уралдааны туршлагадаа тулгуурлан жил бүр “X-hills Hard Enduro” нэртэй тэмцээнийг санаачлан зохион байгуулдаг аж. Өдгөө тус тэмцээн нь 60-70 тамирчин оролцдог, мото спортын сонирхогчдын дунд тэсэн ядан хүлээдэг томоохон арга хэмжээ болон өргөжсөн байна.
“Эндуро спортын төрөл нас харгалздаггүй бөгөөд 50 гаруй настай хүмүүс ч дэлхийн аваргад оролцдог. Тиймээс энэ спортыг эх орондоо хөгжүүлж, өөрийн карьераа урт хугацаанд үргэлжлүүлэх боломжтой гэж би харж байна. Миний ирээдүйн зорилго болон бизнес ч энэ спортод төвлөрч байгаа. Нэг зүйлдээ тууштай байж амжилт гарна гэсэн зарчмыг баримталж ажилладаг.”
“Enduro Explorer Turbat”

Тэрбээр одоо олон улсын нэр хүндтэй “Sea to Sky 2025” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаад байна. Энэхүү уралдаан нь Турк улсад зохиогддог бөгөөд далайн эргээс эхлэн Олимпус уулын 2365 метрийн оргил өөд авирч барианд хүрдгээрээ онцлогтой. Дөрвөн өдрийн турш үргэлжилдэг энэ тэмцээнд тамирчид эхний өдөр элсэн эрэг дээр, дараагийн өдөр уулын бэлд, гурав дахь өдөр ойн бүсээр, эцэст нь цаст оргил өөд авирч өрсөлддөг бөгөөд байгаль, цаг агаар, хүний тэсвэрийн заагийг шалгадаг учраас “тэнгисээс тэнгэр өөд” хэмээн нэрийддэг байна. П.Төрбатын хувьд “Sea to Sky” бол шинэ зорилгын гараа аж. Тэрбээр энэхүү тэмцээнээс өөрийн шинээр эхлүүлж буй “Enduro Explorer Turbat” төслийн эхлэлийг тавьж байгаа талаараа бидэнтэй хуваалцсан юм.
![]()
“Би одоо "Enduro Explorer" гэдэг шинэ контент эхлүүлж байна. Энэ контентоор дамжуулан намайг зөвхөн тамирчин гэхээс илүүтэйгээр эндурогийн тамирчин, аялагч гэдэг утгаар нь олон улс болон дотоодын хүмүүст таниулахыг зорьж байгаа. Энэ төслийн гол зорилго нь эндуро төрлийн онцлог болох байгаль ба мотог хослуулах юм. Би өөрөө аялах дуртай учраас энэ хоёрыг хослуулан сонирхолтой контент хийхээр шийдсэн.
Манай хамгийн анхны контент Туркт болдог "Sea to Sky" гэсэн дэлхийн аваргын уралдаанаас эхэлнэ. Энэ уралдаан нь далайн эргээс эхлээд Олимпус хэмээх өндөр уул руу чиглэсэн 4 өдрийн адал явдалт маршруттай. Энэ нь зүгээр нэг уралдаан биш, харин хүмүүс амрангаа хоббиндоо цаг гаргадаг онцлогтой. Тиймээс энэ тэмцээн манай контентын агуулгатай төгс тохирч байгаа юм.
Цаашид энэ контентоор Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар мотоциклтой аялан, өндөр уулс, гол ус, жалгаар явж, дэлхийн мото сонирхогчдод эх орноо эндурогоор дамжуулан таниулах зорилготой. Энэ нь мотоспортын ертөнцтэй танилцах, тамирчин хүмүүс өөрийн дуртай зүйлдээ хэрхэн цаг зориулдаг тухай мэдээлэл өгөх бүрэн боломжийг олгох болов уу.”
![]()
“Эрсдэл хаана ч байдаг учраас тэдгээрийг амьдралаас авч болох сайхан зүйлсийн нэг гэж хараарай”
“Мэргэжлийн тамирчин болохыг зорьж буй болон хоббигоороо мотоцикл сонирхож эхэлж байгаа хүмүүст хандаж би нэгэн зөвлөгөөг хүргэхийг хүсэж байна. Хоббигоороо сонирхож байгаа хүмүүст эндуро гэдэг спорт бол цагаа зөв боловсон өнгөрүүлэх, байгальтай ойр байх боломжийг 100 хувь олгодог. Дээрээс нь таныг стрессээс хамгаална. Тиймээс мотоспортыг сонирхож үзээрэй. Эрсдэл хаана ч байдаг учраас тэдгээрийг эрсдэл гэж харахаас илүүтэй амьдралаас авч болох сайхан зүйлсийн нэг гэж хараарай. Харин мэргэжлийн тамирчин болмоор байгаа хүмүүст маш тууштай байх хэрэгтэй. Мөн мотоцикл дээрээ маш олон цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Өөрт зорилго тавиад түүнийхээ араас тууштай бэлтгэл хийгээд, зорьчихсон байхад та тухайн зорилгынхоо 50 хувийг аль хэдийн биелүүлчихсэн гэсэн үг юм шүү.”
Мотоспортын дөрөв дэх үеийн тамирчин П.Төрбатын түүх бол хүсэл тэмүүлэл, тууштай хөдөлмөр амжилттай хэрхэн холбогддог болохыг харуулсан тод жишээ юм. Тэр зөвхөн уралдаанч төдийгүй Монголын эндуро спортыг хөгжүүлэх, эх орныхоо байгаль, уул ус, тал говийг дэлхийд таниулах эрхэм зорилготой нэгэн билээ. Хүсэл тэмүүлэл, тууштай байдал гэдэг тамирчдыг бэртэл гэмтэл, саад бэрхшээл зэргээс эргээд босох урам зориг болдог гэдгийг үлгэрлэж яваа тэрбээр энэ удаа бидний нэг боллоо. Нийтлэлийг уншиж мөн бидний нэг болсон уншигч танд талархъя.
Гэрэл зургийг: Д.Занданбат