Жүдо… Тэсвэр тэвчээр, хурд хүч, хүндлэл. Өөрөө өөрийгөө ялах сэтгэл зүйн тулаан. Дэвжээн дээр хэн сийрэг, дайчин байж чадсан нь уян хатан арга замаар өрсөлдөгчөө ялдаг оюуны спорт.
2022 оны 10 дугаар сарын 08. “Ташкент 2022” Дэлхийн аваргын финалын шатанд Дэлхийн аварга Канадын бөх Криста Дегучитай учраа таарч, нэмэлт цаг руу барилдаан шилжив.
Маш хүнд барилдаан болсон. “Яаж унагаах вэ? Би ялахгүй юм байна… Яаж оноо авах вэ?” гэх сөрөг бодлоор толгой дүүрээд л. Криста Дегучиг бариад авахад хэзээ ч мэдэрч байгаагүй тийм мэдрэмж авсан. Хатуу чанга биетэй. Тухайн үед “Эцсээ хүртэл бууж өгөлгүй, хамгийн сайнаараа л зүтгэе” гэж шийдээд өрсөлдөгчийнхөө тэнцвэрийг гурав дараалж алдагдуулсан мэх хийн Дэлхийн аваргыг гуравдугаар тойрогт торгуулиар ялж, эмээгийнхээ төрсөн өдрөөр Дэлхийн медальтан болж бэлэг барьсан даа.
Энэ бол Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Ази тивийн аварга Л.Энхрийлэнгийн тив дэлхийн дэвжээнд нэрээ тамгалж яваа түүхийн эхлэл. Хүнд бэртлийн дараа илүү их урам зоригтойгоор их спортдоо хүч үзэж яваан баталгаа. Харин өнөөдөр тэр хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон Олимпын дэвжээнд зодоглох болно.
2016 оны “Чингис хаан” Гран прид 17 насандаа аваргалж, түмэн олныг шуугиулж явсан охин 2016 оны 11 дүгээр сард өвдгөндөө хүнд бэртэл авав. Жүдогийн спортод улам их дурлаж, шатаж явсан энэ цагт “залуу хүний цог золбоо, сэтгэлийн тэнхээ” эдгээнэ хэмээн эндүүрч явсаар 2019 оны 8 дугаар сард өвдөгний чагтан холбоосны бэртэл оноштойгоор АСL хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай нүүр тулжээ.
2016 онд өвдгөндөө бэртэл авсан ч тэмцээнээ орхиогүй. Тухайн үед Н.Түвшинбаяр аварга санаанд орж байсан юм. Өвдөг нь гэмтсэн ч барилдаанаа үргэлжлүүлэн өрсөлдөгчөө ялж байсан болохоор би ч бас чадна гэж бодсон. Гишгэж чадахгүй байгаа ч шүд зуун барилдаанаа үргэлжлүүлэхийг зорьсон. Гэвч хөлөө мэдрэхгүй болж, түргэн тусламжийн дамнуургаар эмнэлэгт хүргэгдэн барилдаанаа орхиж байсан юм. Залуу хүүхэд эдгэнэ гэх бодлоор хандсан ч урагдсан даавуу сэмэрдэг шиг цаг хугацааны аясаар хөл маань бүр л муудан 2019 оны 8 дугаар сард хагалгаанд орсон.
ACL бол хүнд бэртэл. Эдгэлтийн 40 хувь хагалгаанаас шалтгаалж, 60 хувь нь нөхөн сэргээлт буюу тухайн хүнээс асар их сэтгэлийн тэнхээ шаардаж байж өвчнөө орхидог тийм л бэртэл. Мэргэжлийн тамирчдын хувьд энэ том бэртлийн араас амжилтаа ахиулж, тэр ч бүү хэл Олимпыг зорино гэдэг боломжгүй мэт санагдана.
“Нөхөн сэргээлт гэдэг бол эмчилгээний дараа хийдэг дасгалууд. Миний өдөр дасгалаар эхэлж, дасгалаар дуусдаг тийм л хэмнэлтэй болчихсон. “Жүдодоо илүү хүчтэйгээр эргэж ирэх хэрэгтэй. Өөрийн дуртай зүйлээс таашаал авч, амжилт үзүүлэх ёстой” гэх бодол намайг өвдөж байсан ч, шантармаар байсан ч өдөр бүр дасгалаа хийх л ёстой гэх тийм л дүрэмд хөтөлсөн юм. Дэвжээндээ эргэж ирээд бүх зүйлийг давж гарна гэсэн асар их сэтгэлийн хүчээр л боссон гэж боддог юм.”
Дэвжээн дээр гараад “Энэ л цаг мөчийн төлөө би арван жил хичээлээ шүү дээ” гэж өөртөө хэлдэг юм. “Хэрэв би энэ дэвжээн дээр гарахаасаа айх юм бол яах гэж өдөр бүр хөлсөө дуслуулж, өөрийгөө зовоож, тэр хүнд бэлтгэлүүдийг давж гарсан юм бэ?” гэж өөрөөсөө асуудаг. Миний хувьд барилдаж эхэлснээсээ хойш мөрөөдөж байсан хамгийн дээд цэг, Эверестээс ч өндөр оргилдоо ирж байна. Өрсөлдөгч тамирчдаа харахаар сэтгэлд багтаад л… Монголд эмэгтэй Олимпын аварга байдаггүй. Тэр нь би ч юм бил үү? Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпын наадмаас алтан медаль авч, та бүхэндээ нэг өдөр ч гэсэн хамгийн дээд жаргалыг мэдрүүлмээр байна.
Өөрийгөө ялсан хүн бусдыг ялдаг. Өвдөлтдөө шаналж явсан өдрүүд, мөрөөдлийнхөө төлөө нулимс дуслуулан хичээж явсан мөч бүр түүнд үнэ цэнтэй. Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл гэмтлийг үл ажран, өмнөө тавьсан зорилгын төлөө өдөр бүр тэмүүлсээр өнөөдөр ийнхүү дэлхийд данстай бөх болжээ.
Тамирчныхаа ялалт, ялагдал, бүхий л агшинд хамт байж, сэтгэл догдлом торгон мөчүүдийг хамтдаа бүтээцгээе. Монгол Улсын төрийн дуулал Парисын тэнгэрт олонтоо эгшиглэж, Монгол Улсын төрийн далбаа Парисын тэнгэрт олонтоо мандах болтугай!
Go team MonGOlia!