Нийгэм

Судлаачид: Монголын эзэнт гүрний үед дэлхий 150 гаруй жил энх тайван байсан

posted.mn -- 2024.11.276 минут унших

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ удаагийн зочдодоо “Бид юугаар бахархах ёстой вэ” гэсэн асуултыг хамгийн эхэнд тавилаа. 

Хариултын нэгдсэн утга нь  “Бид өөр элдэв төрлийн шинэ бахархал бодож олохоосоо илүүтэйгээр Чингис хаанаар яагаад бахархах ёстой вэ. Бидний үзэл санаа юу вэ” гэсэн үндсэн агуулга дээр огтлолцлоо. 

МУИС-ийн Эрдэм шинжилгээний бодлого зохицуулалт, Хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан захирал, Түүхийн ухааны доктор, профессор П.Дэлгэржаргал: “Чингис хааны дэлхийг захирсан төрийн менежментийг судлах, таниулах нь сонин содон болж таарлаа. Энэ менежментийг өнөөгийн улс орон хэрэгжүүлэх нэн шаардлагатай.” 

Судлаачид: Монголын эзэнт гүрний үед дэлхий 150 гаруй жил энх тайван байсан

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор Л.Ганбат: “Өнөөгийн залуучууд дэлхийн олон орны хүмүүстэй харилцдаг дэлхийн иргэн болж төлөвшиж байна. Энэ нөхцөлд бид хэн бэ? Хүн төрөлхтний соёл иргэншилд ямар хувь нэмэр оруулав? гэсэн асуулттай цөөнгүй тохиолдож болох юм. Ийм учраас Монголын эзэнт гүрний түүх, түүний түүхэн нөлөөлөл, Pax Mongolica буюу Монголын их амар амгаланг тогтоосон тухай гэх мэт түүхийн өргөн мэдлэгтэй зөв тайлбарлал, харах өнцөгтэй байх хэрэгтэй болов уу. Энэ утгаараа залуусын зайлшгүй бахархаж явах ёстой зүйлсийн нэг.”

Өнцөг:  “Бид өнөө цаг үед өнгөрснөөрөө бахархаад л сууж байгаадаа эмзэглэдэг. Уг нь шинэ түүх, шинэ бахархлаа өөрсдөө бий болгох ёстой гэж бодох хүн олон. Би ч мөн ялгаагүй ингэж бодож явлаа. Гэтэл байсхийгээд XIII зууныг санагалздаг мөртөө өөрсдийн тэр үзэл санаагаа ойлгож чадаагүйд хамгийн гол утга учир байж ээ. Үүний талаар ч судлаачид ийн ярьж байна. 

Доктор Л.Ганбат: Монголчууд сэтгэлгээний хувьд цаг үеэсээ аль хэдийн түрүүлчихсэн байсан гэдгийг л Монголын их амар амгалан харуулдаг

Судлаачид: Монголын эзэнт гүрний үед дэлхий 150 гаруй жил энх тайван байсан

Эзэн богд Чингис хаан бол яалт ч үгүй бидний бахархах зүйлсийн төвд байх учиртай. “Pax Mongolica”-г Монголын их амар амгалан гэж орчуулж болно. Ингэж судалгаанд хэвшвэл зүгээр. Чингис хаан болон түүний залгамжлагчдын бий болгосон монгол соёл иргэншил Евроазид энх тайвныг тогтоосон нь дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” буюу “Пакс Монголика” хэмээн нэрлэгдэж, үнэлэгдэх болжээ.

Энэ утгаараа түүхээр бахархах, суралцах, танин мэдэх нь чухал. Мөн бид дэлхийн олон орны хүмүүстэй харилцана. Энэ үед “бид хэн бэ” гэсэн асуултад энэ агуулга хариулт болох буй за. Арабууд хүүхдүүдээ “монгол ирлээ” гэж айлгадаг гэдэг. Хуучин сурвалжийн зарим ташаа мэдээ, түүхэн ой санамжаас үлдсэн зүйл байх.  Уг нь бид даян дэлхийд энх тайван тогтоосон улс. Зарим сурвалж дээр монголчууд зарим хотын хүн ардыг бүгдийг хөнөөсөн тухай өгүүлдэг ч хэдхэн хуудас эргээд хорин жилийн дараа нөгөө хот нь цэцэглэн хөгжсөн гэж зөрчилтэй тэмдэглэсэн байх нь бий. Энэ бүхнийг л харьцуулж түүхийн үнэнийг ойлгох чухал. Энэ утгаараа түүхээ мэдэх нь бидний аливааг танин мэдэх хэрэгцээг хангаад зогсохгүй бахархал болох гээд байна шүү дээ. Хүн төрөлхтний хөгжилд бид ямар зүйл авч ирсэн юм гэдгийг бодох хэрэгтэй. 

“Монголын их амар амгалан” бол дэлхийн түүхэн дэх “Ромын их амар амгалан”-гаас хойш олон жилийн дараа тогтсон гурав дахь их амар амгалан гэдэг. Эзэн хааны байгуулсан энэ “Их амар амгалан” Ази, Европ тивийг дамнасан асар өргөн уудам нутгийг эзэлж байсан бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн багаар бодоход 150 орчим жил үргэлжилсэн байдаг. Урт удаан хугацаанд дайн дажингүй амар амгалан байсны хүчинд Ази, Европыг холбосон худалдаа наймаа, дипломат харилцаа хөгжөөд зогсохгүй хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.

Судлаачид: Монголын эзэнт гүрний үед дэлхий 150 гаруй жил энх тайван байсан

Тиймээс эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид эзлэн түрэмгийлэгчид бус харин амар амгаланг тогтоож, соёл иргэншлийг байгуулж, дэлхийн хөгжлийг тухайн цагтаа манлайлагчид байсан юм. Сурвалжид өгүүлснээр толгой дээрээ алтан цар бүхий бүсгүй эзэнт гүрний нэг хязгаараас нөгөө хязгаарт хүртэл явахад түүнд ямар ч аюул тохиолдохгүй хэмээн зүйрлэн бичсэн байдаг. Эзэнт гүрэн ийм нэгдмэл, амгалан ертөнц байжээ.

Монголчууд сэтгэлгээний хувьд цаг үеэсээ аль хэдийн түрүүлчихсэн байсан гэдгийг л Монголын их амар амгалан харуулдаг. Үнэхээр бид дипломат харилцаанд их хувь нэмэр оруулсан, үндэслэсэн ард түмэн мөн үү гэвэл яахын аргагүй мөн. Элчийг хөнөөхгүйгээс авхуулаад л олон жишээг үүнд дурдаж болно.

Монголын их амар амгалан байсан, харин ямар түвшинд хэрхэн хэрэгжсэн гэдгийг судлах нь эдүгээ цагт чухал судлагдахууны нэг болох биз ээ. Монголын эзэнт гүрэн байгуулагдсанаар дэлхий ертөнц хуучин шигээ байхаа эгнэгт больсон юм.

Хятадын шаазан урлал монголчуудын хээ угалзаар чимэглэгдэж, Торгон замаар дамжиж, Ойрхи дорнод руу худалдаалагдаж байсан нь үүний ганцхан жишээ. Исламын урлаг дахь чимэг зургийн урлаг гэхэд монголчуудын нөлөөнд орж олон зүйлийг өөртөө шингээсэн. Энэ мэтчилэн бидний өвөг дээдсийн сэтгэлгээ өргөн цар хүрээтэй байсан гэдгийг олон зүйлээр нотлон өгүүлж болохоор байна. Өнгөрсөн түүхээсээ суралцах зүйл ч их бий шүү. Яагаад задарч бутарсан юм. Ерөөсөө л эв нэгдэлгүй байдлаас болов уу гэх мэт.” 

 Г.Аюурзана:  “Өнөөдөр монгол бахархлын өдөр. Бахархах ёстой зүйлсийн нэг нь монголын их амар амгалан мөн” 

Судлаачид: Монголын эзэнт гүрний үед дэлхий 150 гаруй жил энх тайван байсан

Худалдааны зам нь ямар ч аюулгүй байсан болохоор Монголын их амар амгалан гэж нэрлэсэн болохоос биш монголчууд дайн дажингүй болсон гэсэн үг биш. Монголчуудыг захирч байхад дэлхий үндсэн худалдааны зам аюулгүй болсон гэдэг нь зөвхөн бараа таваар биш шинжлэх ухаан санааны дэвшил гарсан гэсэн үг. Иймээс Монголын их амар амгалан бол бахархах ёстой зүйлсийн нэг мөн. 

Түүхийн ухааны доктор, профессор П.Дэлгэржаргал: Чи өөрийгөө монгол хүн гэж харж байгаа л бол түүх соёлоо мэддэг, суралцдаг байх хэрэгтэй

Судлаачид: Монголын эзэнт гүрний үед дэлхий 150 гаруй жил энх тайван байсан

Дэлхийг захирах бодлого гэж бий. XIII зуунд бид дэлхийн ихэнх газар нутгийг эзэлсэн. Дэлхийг монгол цэргийн стратеги, сүр хүч эзэлсэн гэсэн зүйл ойлгогддог. Гэтэл дэлхийг эзлэхдээ зөвхөн цэргийн сүр хүчээс гадна төрийн менежмент, дэлхийн хүн хүчний нөөцийг дайчлах, шуурхай зохион байгуулалт зэрэг ойлголт орхигдсон байдаг. 

1250 онд дайн хийхдээ л гэхэд хоёр фронтод байлдаж байсан аж. Нэг нь одоогийнхоор Иран, Иракийн нутагт, нөгөөдөх нь Өмнөд хятадад болж байсан. Ийм өргөн газар нутгийн хэмжээнд аян дайныг логистик талаас нь хүн хүч, хоол хүнс, адуу малаа  хангаж байсныг судлаад баршгүй.  Зэвсэг хоол хүн хүчээ зохицуулдаг тэр бодлогыг бид судалсан. Энэ цаг үед монголчууд дэлхийг дөрвөн бүсэд хуваасан байна. Нэгдүгээрт, бүс нутаг хариуцсан захирагчийн газар. Хоёрдугаарт, даргачийн тогтолцоо. Гуравдугаарт, орон нутгийн засаг захиргааны тогтолцоо. Дөрөвдүгээрт, захирагчийн бүс нутаг хариуцсан тогтолцоо гэж хуваасан байгаа юм. Энэ л тэдний төрийн менежмент байж л дээ.

Түүх гэдэг нь ард  түмний ой санамж. Хүн өөрийнхөө өнгөрсөн түүхийг мэдэж байдаг бол ард түмний түүх гэж илүү том ойлголт бий. Зөвхөн ард түмэнд л түүх байдаг. Дэлхийн түүх, хувь хүний түүх гэж байхгүй. Чи өөрийгөө монгол хүн гэж харж байгаа л түүх соёлоо мэддэг, суралцдаг байх хэрэгтэй. Энэ бол үүрэг шүү.

Чингис хаанаа бусдын хараагүй өнцгөөс судалж ойлгох л чухал юм байна. Яг түрүүний төрийн менежмент гэдэг шиг.