Залуу байгаа дээрээ юу ч хийсэн яадаг юм


Ургамлын харшилтай болохоор бага байхаасаа л өдөр бүр тариа хийлгэдэг байлаа.
Сүүлдээ булчин тариа хүлээж авахаа больж, идээ татдаг байсан учраас тарианы зүүнээс айдаг болчихсон. Эмнэлэгт үзүүлэхээр очиход шивээсийг минь хараад “Ингэхээр бие чинь өвдөх нь аргагүй шүү дээ” гэдэг хандлага тогтчихсон. Тун эмзэглэмээр. Жишээ нь, вакцинд хамрагдахаар очиход “Ийм их шивээстэй байж, юунд нь айгаад байдаг юм” гэх мэтээр шивээстэй хүмүүсийг буруугаар дүгнэх тохиолдлууд багагүй.
Би бага байхаасаа л шивээс хийдэг болохыг хүсдэг байлаа. Одоо шивээс хийгээд 12 жил болж байна. Энэ хугацаанд олон янзын хүмүүстэй тааралдаж байсан. Шивээс хийх явцдаа үйлчлүүлэгчтэйгээ олон зүйлийн тухай ярилцдаг. Ярилцаад үзэхэд үлгэр дуурайлал авч, бахархмаар хүмүүс олон бий.
Нэг охин "To Infinity and Beyond" - Buzz Lightyear гэсэн үг шивүүлж байсан юм.
"Тоглоомын түүх" хүүхэлдэйн кинонд гардаг үг. Ийм шивээс хийлгэх болсон шалтгааныг нь асуухад, тухайн киног үзээд сууж байсан найз нь "Хязгааргүй уудам руу явах юм сан" хэмээн хэлж байсан гэсэн. Харамсалтай нь энэ яриа тэдний хооронд өрнөсөн сүүлчийн харилцан яриа байсан хэрэг.
Нэгэн сэтгэл зүйч шивээс хийлгэхээр ирж, тэр явцдаа бид хоёр багагүй яриа өрнүүлсэн юм. Тэрээр хэлэхдээ "Олны танил хүмүүс амиа хорлох тохиолдол байдаг шүү дээ. Хүмүүс тэр мэдээг хараад яг юу дутагдсан гэж ийм үйлдэл хийдэг байна гэсэн байдлаар хүлээж авдаг. Угтаа бол өөртөө байхгүй зүйлийг л олж хараад, тухайн хүнд дутагдаж байсан зүйлийг харж чаддаггүй юм. Бидний үүсгэсэн хандлагаас үүдээд тэр хүмүүс өөрийнхөөрөө байх боломжгүй болчихдог юм" гэж байсан. Энэ яриа их үнэний ортой санагдсан. Бусдын хүсэл, хүлээлтэд нийцүүлэх гэж өөрийнхөө жинхэнэ төрхийг алддаг юм шиг.
Би л гэхэд анх шивээс хийж эхэлж байхдаа, шивээсний машинаа угсрах явцдаа л сандарч эхэлдэг байлаа. Сураад удаагүй, учраа ч олоогүй байхдаа зөвхөн өөр дээрээ бүтэн төвлөрдөг байсан бол туршлага суух тусам үйлчлүүлэгч дээрээ анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Цаг явах тусам шивээс хийхдээ өөрийгөө нэг тохиргоонд тавьчихдаг болсон. Олон янзын хүмүүс үйлчлүүлэхээр ирдэг. Тэр хүн болгонтой би яг л нэг зангаар харьцах ёстой гэж боддог. Орж ирээд хэт тансаг үйлчилгээ шаарддаг үйлчлүүлэгчид ч бий. Товлосон цагаасаа хоцорчхоод, хийлгэх зургаа сонгохгүй уддаг хүмүүс ч бий. Тэр болгонд би тааруулж харьцана гэдэг бэрх. Улмаар би өөрөө үйлдлээрээ үлгэрлэх гэж хичээх болсон. Өөрөө цагийг ягштал барьж, үйлчлүүлэгчдэд зургаа түрүүлж сонгохыг сануулах маягаар. Миний үйлдэл тодорхой болчихвол түүнээс гарч буй үр дүн ч тодорхой болдог юм шиг санагдсан.
![]()
Хамгийн сайн шивээсчин гэж хэн нэгэн хүнийг шууд зааж хэлэх нь тохиромжгүй.
Бүх л хүн өөрийнхөө хэмжээнд хичээгээд явж байгаа. Миний чадахгүй зүйлийг өөр нэгэн шивээсчин хийдэг бол, түүний чаддаггүй зүйлийг би чадаж байх жишээтэй. Хүн бүрд л сайн хийж чадах нэг зүйл бий шүү дээ. Тийм учраас хүмүүсийг харьцуулах нь бусдыг үгүйсгэж буй үйлдэл шиг санагддаг.
"Төрөхдөө л бид нэр төрийг авч төрдөг учир, юу ч чаддаггүй, ямар ч нэр төргүй хүн гэж үгүй. Нэр төр гэдэг нь хэр нэр хүндтэй, сошиал хаягдаа хэдэн дагагчтай, дансандаа хэдэн төгрөгтэй гэдгээр хэмжигддэг зүйл биш гэж бодож байна. Тухайн хүний биеэ авч явах байдал, эрхэлж буй ажил, байгаа байдал л нэр төрийг нь илтгэх байх."
Надаас хөгшрөөд шивээсээ яах талаар их асуудаг. Яах вэ дээ, шивээстэй л эмээ болно шүү дээ. Ач зээгээ цэцэрлэгээс нь авахад жаахан хэцүү болох байх. Тэртээ тэргүй л тухайн үед даралт ихсэхээс авхуулаад санаа зовох асуудал тоолж баршгүй болох нь тодорхой, яг ийм залуу байгаа дээрээ л хүссэн бүхнээ хийх хэрэгтэй гэж боддог.
Уг ярилцлага нь"Global Dignity Day" буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн хүрээнд хийгдсэн бөгөөд уг санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршино.
Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Урнаа
Гэрэл зургийг: Э.Тайчар