Залуусын орон зай

Зорилго нь хэрэгслээ цагаатгана

Posted2023.11.258 минут унших
Зорилго нь хэрэгслээ цагаатгана - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Энэ өгүүлбэрийг 16-р зуунд нэгэн Итали эр цаасан дээр буулгаж хэвлэснээр улс төр, нийгэм, эдийн засгийн салбаруудад цочроо өгч баруун Европын засаглалын хэлбэр эрс өөрчлөгдөхөд нөлөөлсөн гэдэг. 

Дипломатч, улс төрч, философич Никколо Макиавеллигийн Хунтайж буюу The Prince гэх эсээ нь хэвлэлийн салбарын шинэ үеийн хөгжилтэй давхцаж олны хүртээл болж олон улсад үзэл санаа нь дэлгэрч алсдаа бүгд найрамдах засаглалыг нийтлэг засаглалын хэлбэр болоход нөлөөлсөн ба зарим эрдэмтэд түүний үзэл санааны нөлөөлөл АНУ-г байгуулагдахад хүргэсэн гэж үздэг байна.

Хүний бүх үйлдэл зорилготой. Өөрөө зорилгыг нь мэдэхгүй эсвэл сэтгэл хөдлөл, мэдрэмжээсээ үүдээд хийсэн үйлдэл байж болох ч ухаж бодвол бүгд зорилготой. Хайртай хүнээ үнсэх, цонхоо нээлттэй унтах, бусадтай сайхан харьцах, нойргүй хонож хичээл хийх гээд бүх л үйлдлийн цаана зорилго байдаг. Тэгвэл нөгөө талаас нь харвал уг үйлдлүүд нь бүгд зорилго гэж тодорхойлсон эсвэл ухамсарласан үйлдэлдээ хүрэх хэрэгсэл юм. “Хайртайгаа илэрхийлэх” гэдэг зорилгод хүрэхийн тулд үнсэнэ. “Шөнө сэрвэлзэхгүйгээр унтах”-ын тулд цонхоо нээнэ. “Аятайхан сэтгэгдэл” төрүүлэх зорилготой сайхан харьцаж “Сургуулиа төгсөх”-ийн төлөө “хичээлээ хийх” гэдэг хэрэгсэл ашиглаж байна гэсэн үг. “Ends justifies the means” буюу “Зорилго нь хэрэгслээ цагаатгана” гэх үгийг тайлбарлахад эндээс эхэлж болно. Макиавеллигийн үзэл санаанд харъяалагдах уг ишлэл нь гол төлөв улс төр, засаглалын үзэл санаатай холбогддог ч тэр тухай дараа бичнэ.

Эхлээд “хүний” тухай лавхан шиг ярих хэрэгтэй. Хийж бүтээе, өөрчилье, шинэчилье гэсэн зорилготой хүмүүсээр аль ч үеийн ямар ч нийгэм дутдаг. Гэхдээ энэ бүх “сайн” зорилгод хүрэх арга нь “муу” байвал яах вэ? (сайн, муу гэх ойлголт нь харьцангуй ойлголт тул онцгойлон бичив) Энэ ишлэл нь хамгийн түрүүнд ёс суртахууны асуудлыг хөндөнө. Хэрэв чамд сонголт байсан бол 10 сайн хүний амьдралыг илүү сайн болгохын тулд нэг муу хүнийг муухай амьдруулах уу? Ингээд бодоход сайн, муу гэх, сайхан муухай гэх ойлголт нь бас л субъектив учраас шийдэхэд хэцүү. 

Зорилго = Хүсэл

Тэгвэл илүү хувийн шинжтэйгээр “зорилго” гээчийг “хүсэл” гэгчтэй дүйцүүлэн төсөөлье. Чи нэг хүнд ухаан мэдрэлээ алдталаа дурлажээ. Чи тэр хүнтэйгээ кинон дээр гардаг шиг амьдрал зохиож түүнийгээ жаргалтай сайхан амьдруулахыг хүснэ. Энэ нь чиний зорилго. Чи зорилгодоо хүрч чадвал гарах үр дүн нь хэн хэндээ эерэг гэдэгт итгэнэ. Гэхдээ зорилго доо ёс суртахууны хувьд “зөв, зүйтэй” гэсэн замаар хүрэхэд чи дэндүү хол. Яагаад гэвэл тэр нөхөртэй. Хамгийн гол нь чи түүнийг нөхрөөс нь илүү жаргалтай амьдруулж чадна гэж бодож байгаа. Ингэхээр энэ зорилгыг нэг талын өнцгөөс “зөв” гэж харж болно. Гол асуудал нь зорилгодоо хүрэхээр сэтгэл шулуудсан чамд хайртай бүсгүйн чинь одоогийн амьдрал хангалтгүй санагдаж “зөвхөн би л хүртэх ёстой амьдралыг нь өгч чадна” гэж бодож эхэлнэ. Үүнээсээ болоод чи ёс суртахууны хэм хэмжээд “муу” гэж тодорхойлогдож болох бүхий л арга чаргуудыг ашиглаж эхэлнэ. Баяр хүргэе, чи макиавел боллоо. Макиавеллигийн үзлийг энгийн нэгэн дурлалын жишээн дээр буулгаад “хэрэгсэл” буюу зорилгодоо хүрэх үйлдлүүд нь юу байх вэ гэдгийг чиний төсөөлөлд үлдээе.

Угтаа бол...

Монархи, тоталитариан , дарангуйллын, бүгд найрамдах гээд маш олон засаглалын хэлбэр байдаг. Гэвч аль ч засаглал дунд засгийн газар нийтлэг нэг зорилготой байдаг нь “Олонхын сайн сайхны төлөө улс орныг удирдан чиглүүлэх юм”. Угтаа бол Макиавелли энэ харгис үзлээ боловсруулахдаа нийтийн сайн сайхныг, алс ирээдүйг бодсон гэнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашгийн төлөө цөөнхөөр туг тахиж болноо гэсэн утгатай харгис үзэл юм. Макиавеллианист ертөнцөд байсан бол зорилго нь л зөв байвал ялгаварлал, бусдын эрхийг хахин боогдуулах, аллага, геноцид зэрэг нь энгийн л үзэгдэл байх байсан. Хамгийн егөөтэй нь зорилгодоо заавал хүрэх ёстой.

Origin

Англи хэлний “for the greater good”, “by any means” гэх хэлцүүдтэй үеэл хаяал шиг ойрхон энэ ишлэлийг Макиавелли хамгийн анх хэлээгүй бөгөөд Хунтайж эсээн дээрээ яг ч бас үг бүрчлэн ингэж хэлээгүй. Эсээний агуулгыг хураангуйлж өнөөгийн нийгэмд ингэж ашигладаг бөгөөд эртний Ромын яруу найрагч Овидын хэлсэн exitus ācta probat буюу “үр дүн нь үйлдлээ зөвтгөдөг” гэх үгийг урвуулан ашигласан гэж үздэг. Утга агуулгын хувьд Овид энэ санааны эсрэг байр суурьтайгаар бичсэн гэж үздэг байна.

ҮГСИЙН ТАЙЛБАР 
МакиавелМакиавеллигийн үзэл санааг тээгч хүн
МонархиУлсыг удирдах эрх мэдэл нэг хүний гарт байдаг засаглалийн хэлбэр
ТоталитарианАрд иргэдийн амьдралын бүхий л хэсэгт оролцдог хязгааргүй эрх мэдэлтэй төрөөр удирдуулдаг засаглалын хэлбэр
Дарангуйллын Dictatorship. Ганц хүн, эсвэл цөөн хүнтэй бүлгэмийн хязгааргүй эрх мэдлээр улсын бүх үйл ажиллагаа шийдэгддэг засаглалын хэлбэр
Бүгд найрамдахRepublic. Ард иргэдийн саналаар төлөөлөгчдөө сонгон дээд эрх бүхий засгийн газар байгуулан улсаа удирдуулдаг засаглалын хэлбэр
Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд