“Энэ зун заавал Хөвсгөл явна.”, “Ээлжийн амралтаараа Азийн аль нэг орон руу аялах л болно.” гэх мэт амлалтыг та хэзээ нэгэн цагт өөртөө өгч л байсан биз дээ? Гэтэл үнэн хэрэгтээ хэзээ, хэнтэй, яаж аялахаа төлөвлөж чадахгүй, төлөвлөсөн ч гэр бүл, найз нөхдийн чинь цаг зав таарахгүй байсаар бид аялж чадахгүй өнгөрдөг үе ч олон. Яг энд аялахад заавал хамтрагч хэрэгтэй гэсэн өрөөсгөл ойлголт гарч ирдэг.
Үнэндээ аяллын гол утга учир юунд оршоод байна вэ? Хүн бүр л энэ асуултад өөр өөрөөр хариулах байх. Угтаа аяллын үнэ цэн нь тухайн цаг хугацаанд танд тулгарч буй сорилт, саад бэрхшээлүүдийг даван туулж түүнээсээ суралцахад оршдог болов уу. Тэгвэл энэ нийтлэлийн хүрээнд ганцаар аялах нь бидэнд ямар нөлөө үзүүлдэг тухай мөн олуулаа аялахаас юугаараа ялгаатай болохыг өгүүлэх болно.
Ганцаараа аялах нь таныг биеэ даахад тусална
Ганцаар аялдаг хүмүүс тус тусын адал явдлаасаа ирээд нэг л зүйлийг дуу нэгтэйгээр ярьдаг. Тэр аялал өөрсдийг нь хэрхэн өөрчилсөн тухай. Аяллын явцад тэд олон төрлийн үзэл бодол, амьдралын хэв маягтай танилцаж шинэ хүмүүстэй танилцсанаар өөрсдийн ертөнцийг үзэх үзлийг улам тэлэх боломжтой болдог. Ганцаараа аялах нь эрх чөлөө, бие даасан байдал, хүсэл тэмүүллийг илэрхийлнэ. Түүний хажуугаар өөрийн хүсэл сонирхол, хувь хүний онцлогийг таньж мэдэх боломжийг олгодог.
Бас өөртөө итгэлтэй болгодог
Мэдээж ганцаараа аялах нь маш их зориг, бэлтгэл бас нарийн төлөвлөлтийг шаардана. Аяллаа сайн төлөвлөж чадвал бидэнд айх зүйл үгүй. Тухайлбал, аюулгүй байдал, болзошгүй эрсдэл, хэл соёлын ялгаа зэргийг тооцож, очих газраа урьдчилан судлах нь төлөвлөлтийн нэг хэсэг. Энэ мэтээр аялалд өөрийгөө бэлдэж, саад тотгоргүй адал явдлаа дуусгах нь таны өөртөө итгэх итгэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно. Гэнэтийн зүйлээс алдагдал хүлээсэн ч зүгээр дээ. Энэ нь ч танд бас нэгэн шинэ туршлага болж үлдэнэ.
Өөрийгөө нээж, ойлгох боломж
Ганцаараа аялж байх үедээ өөрийн мэдрэмж болон дотоод хүнийг анхааралтай сонсох боломж гардаг. Ингэснээр та цаашид юу хүсэж, хаашаа чиглэж буйгаа ойлгох болно. Эрсдэл тооцож, шийдвэр гарган, асуудал шийдэх зэрэг үйл явц нь таныг хувь хүний хувьд хэдэн шат ахихад туслах болно.
Шинэ харилцаа, нөхөрлөлүүд
Соло аялал хийж байна гээд цаг мөч бүрд ганцаараа яваад байна гэсэн үг биш. Аялал таныг шинэ хүмүүстэй танилцаж, үнэ цэнтэй дурсамжийг бүтээхэд тусална. Мөн шинэ нийгэм, шинэ соёлууд өөрийг чинь аяллын турш гайхшируулсаар байх болно. Өнөө үед сонирхол нэг аялагчидтай холбогдож, танилцах боломжтой олон аппликейшн байдаг болжээ. Эдгээрийг ашиглаж аяллын замаа огтлолцуулж, туршлага судлах боломж ч нээлттэй.
Эрх чөлөө мандтугай!
Мэдээж гэр бүл, найз нөхөдтэйгөө цуг аялах нь илүү үнэ цэнтэй гэх хүн олон бий. Энэ нь ч буруу биш. Гэхдээ бүгд л ажил амьдралтай, завгүй энэ цаг үед нэг хүнээс болоод л удаан хүсэж, төлөвлөсөн аяллаа цуцлах нь гунигтай шүү дээ. Дэндүү уужим дэлхий, туулж баршгүй олон адал явдал таныг хүлээсээр байна! Аяллын хугацаа, төсөв, төлөвлөгөө зэргийг өөрийн сонирхол, бололцоондоо тааруулж өөрчилж болдог давуу талтай байдаг нь соло аяллыг илүү эрх чөлөөтэй болгодог.
МЯНГАН БЭЭРИЙН АЯЛАЛ НЭГ АЛХМААС ЭХЭЛДЭГ. - ЛАО ЦИ
Эцэст нь аяллын өмнө та өөрийн бие физиологи, сэтгэл санаа, шаардлагатай зүйлсийг бэлтгэх нь юу юунаас илүү чухал. Энэ адал явдалд таны итгэж найдах ганц хүн бол та өөрөө. Мэдээж зарим хүний хувьд аймшигтай сонсогдож байгаа байх гэхдээ энэ бүгдээс таны олж авах тэр үнэ цэн юутай ч харьцуулшгүй байх болно. Тиймээс, аялалд цуг явах хүн хайж цагаа алдсанаас, зүгээр л цүнхээ үүрээд ертөнцтэй нүүр тулаарай!
Редактор: Г.Цэнд-Аюуш
Special thanks to: Ц.Очирбат