Бидний нэг

О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

Б.Отгонзаяа -- 2024.12.205 минут унших

“Дасгал нь олон эмийг орлож чаддаг ч дэлхийн ямар ч эм дасгалыг орлож чадахгүй”  гэж Италийн нэрт физиологич Анжело Моссо хэлсэн байдаг. Гэвч энэхүү орлож болохгүй эмийг мэддэг хүн олон ч бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг нь цөөн. ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Энэхүү дасгал хөдөлгөөнийг эм болгон амьдралынхаа нэг хэсэг болгож эрүүл зөв хооллолттой хослуулан тунг нь тохируулж мэддэг спортын нэг бол бодибилдинг, фитнесийн спорт. Иймээс бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа бодибилдинг, фитнесийн спортын тамирчин дэлхийн аварга, ОУХМ О.Энхсаруулыг онцолж байна. Уншигч та ч гэсэн түүний амьдралын хэв маяг, уналт, босолт, амжилтын нууцыг шимтэн уншиж, бидний нэг болоорой. 

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

“Би өвөө, эмээгийн охин.  Одоогийн Саруулыг бүтээхэд өвөө, эмээгийн маань нөлөөлөл их бий. Намайг таван настайгаас ширээний теннис, зургаан настайгаас усанд сэлэлтийн спортоор хичээллүүлж төрөл бүрийн урлаг, спортын дугуйланд явуулж олон талаар л хөгжүүлэхийг тэд урьтал болгодог байсан. Тэдгээр олон төрлийн дугуйлан, сургалтууд дундаас би өөрийнхөө юунд сонирхолтой болохыг таньж мэдсэн. 

Намайг ямар нэгэн спортоор хичээллэж эхлэхэд  “Хүүш, чи үнэхээр эвсэлтэй юм байна, тэмцээнд орж үзэх үү” гэж хичээллэж үзсэн бүх спортын багш нар маань асууж байсан. Магадгүй би анхнаасаа л спортын өгөгдөлтэй, жаахан ч гэсэн эвсэлтэй хүүхэд байсан байх. Тэр цагаас хойш би спортод байх ёстой хүн юм байна гэдгээ ойлгосон.”

Түүний хувьд таван настайгаасаа хойш ширээний теннисээр 12 жил тууштай хичээллэж, Монгол Улсын өсвөрийн шигшээ багт харьяалагддаг байв. Ямар ч хүний эвийг олж, хүнтэй хүндлэлтэй харьцах, бусадтай зөв боловсон мэндлэх, цаг баримталдаг, тууштай байх гээд маш олон зан чанарт суралцсанаа багаасаа спортоор хичээллэж, хүмүүжсэний үр дүн гэж боддог тэрбээр Өсвөрийн улсын аварга шалгаруулах, Өсвөрийн шигшээ тамирчдын чансаа тогтоох тэмцээнүүдэд оролцож, жил болгон чансаагаараа нэг хоёрдугаар байранд эрэмбэлэгддэг тамирчин хүүхэд байжээ. Тиймдээ ч “спорт хүнийг зөв хүн болгож төлөвшүүлдэг” гэх энэ үг үнэхээр үнэн шүү. Би өөрийн биеэр мэдрээд сууж байна гэх хөнгөн хошигнолоор бидний яриа үргэлжилсэн юм. 

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

“Магадгүй 2020 онд АШУҮИС-д хоол зүйчийн анги нээгдэж, элсэлт аваагүй бол би бусдын мөрөөдлөөр амьдарч, өнөөдрийн Энхсаруулыг бүтээж чадаагүй ч байж мэднэ. Өсвөр насны охин байхдаа гоё биетэй болохыг мөрөөсөж, жингээ барихын тулд хүмүүст юу идэхээ мэддэг, яаж эрүүл зөв хооллохыг нь заадаг хүн болох сон гэх бодлоос миний мэргэжлээ сонгох, судлах эхлэл минь тавигдсан. Тухайн үед Монголд энэ мэргэжлийн талаар мэдээлэл хомс байсан учир гэрийнхэндээ ч олигтой ойлгуулж чаддаггүй байлаа. Гэрийнхэн маань эмч болгоно, АШУҮИС-д оруулна гэж шийдээд би хими, биологийн хичээлийн сонгонд дуртай дургүй явдаг байв. Гэтэл яг 12-р ангиа төгсдөг жил хоол зүйч, шим тэжээл судлаачаар АШУҮИС шинэ элсэлт авч, би ч уухайн тас бичиг баримтаа барьж очоод, өөрийн хүслээрээ бүртгүүлж билээ. Гэтэл гэрийнхэн маань “юу гэнэ ээ, хоол зүйч ээ, чи тэгээд тогооч болох юм уу,  хаана ажиллах юм” гээд гайхаж бас зэмлэж хүлээж авсан. Би ч зөрснөөрөө зөрж, хоол зүйчийнхээ мэргэжлээр сурч төгсөөд, түүнийгээ амьдралдаа ашиглаад хүмүүст ч зөвлөгөөгөө өгөөд явж байна. 

Айдас ба эхлэл

2022 онд хөл хорио суларч, үйлчилгээний газрууд нээгдэж эхлэхэд түүний хувьд фитнест явж үзье гэж бодсон ч хаалгыг нь хараахан татаж зориглодоггүй байж. “Хүмүүс намайг юу гэж бодох бол, очоод ямар дасгал хийхээ ч мэдэхгүй шүү дээ” гэх айдсаасаа болоод явж чаддаггүй. Ингэж явсаар найз залуу нь түүний өмнөөс шийдвэр гаргаж, фитнест бүртгүүлснээр бодибилдинг, фитнесийн спортод хөл тавьжээ. 

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

“Анх 2020 онд ковид гарч бүх нийтээрээ хөл хорионд орсон үе. Энэ үед бусдын адил би ч бас  таргалалт, жин нэмэлттэй тулгарсан. Оюутан болж байгаа юм чинь хичээл номоо хийе гээд спортоос завсарлага аваад тамирчин байхаа больж байсан. Шаргуу бэлтгэл хийж байгаад, огцом гэртээ суухад бие маань нэг л сонин, хөдөлгөөний дутагдалд орж, хөдөлж чадахгүй байгаагаасаа стресстэж, жин нэмсэн. Гэртээ байгаа хүн юу эсийг хийх вэ, янз бүрийн юм идмээр санагдана. Тухайн үед дөнгөж оюутан болж байсан, бас дажгүй гоё бие хаатай баймаар байдаг. Ингээд л жин нэмэлттэйгээ тэмцэхээр маскаа хоёр, гурваар нь давхарлаж зүүж, битүү баглаад гүйж эхэлсэн. Тухайн үед хоол зүйчээрээ сурч эхэлж байсан болохоор давхар хоол хүнсээ зохицуулаад жингээ ч дажгүй барьсан. 

Эхний өдөр очоод бэлтгэл хийж үзэхэд багш “чи тамирчин болох  уу, тэмцээнд ороод үзээч” гээд өмнөх спортуудын адилаар нөгөө л саналыг тавьсан. Тэгээд л би чинь дотроо бас хөөрөөстэй. “Багш намайг тэмцээнд ороод үзээч гэж байхыг бодвол дажгүй биетэй ч юм уу” гэж бодоод, оролдоод үзэхээр шийдсэн. Бас л зоригтой хүн шүү. Одоо бодох нь ээ, би бараг л хүний сумалгаагаар “чи дажгүй биетэй юм байна” гэдэг үгэнд хөөрөөд, тэмцээнд орчихсон юм шиг санагддаг.

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

Сөрөг сэтгэгдэл, хэвшмэл ойлголтуудыг халж амжилтаа баталсан нь

Нийгмийн зүгээс эмэгтэйчүүдэд бодибилдинг, фитнесийн спортоор хичээллэхэд “Булчин шөрмөсөө хөгжүүлж эр хүн шиг болж яах гэсэн юм. Төмөр өргөж булчингаа томруулах чинь эр хүний хийдэг ажил. Эмэгтэй хүний булчин шөрмөс чангарч, хөгжихөөр хожим төрөхөд хүндрэлтэй” зэргээр олон талын шүүмжүүд ирдэг. Эдгээр сорилт шүүмжүүд ч бас түүнийг тойроогүй юм. 

“Хоёр сар гаран хичээллээд, анхны тэмцээндээ тавдугаар байранд орж байлаа. Богино хугацаанд хичээллээд топ таван тамирчны нэгээр шалгарснаа ихэд бодохгүй дараагийнх нь хэзээ юм бол гэж шунаж байсан. Би дараагийн тэмцээнд нь заавал түрүүлнэ гэж өөртөө амлаад, гурван сарын дараа оролцож хоёрдугаар байранд орсон.  Дахиад  л би яагаад түрүүлж чадсангүй вэ, юун дээр алдаад байгаа юм бол гээд бэлтгэлээ илүү чамбайруулсан. Ингэж явсаар яг гурав дахь тэмцээн дээрээ улсын аварга болсон. Анхандаа гэрийнхэн маань “нүцгэн шалдан, тайзан дээр гарч зогсоод юу гэхэв. Миний охин зүгээр дасгалаа хийгээд явж болдоггүй юм уу гээд дургүйцдэг байсан. Нэг тэмцээнд оролцоод ирэхэд л “за одоо болино биз дээ, хэзээ болих гэж байна” гэж асууна. Намайг улсын аварга болох хүртэл гэрийнхэн маань төдийлөн сайн хүлээн зөвшөөрдөггүй байсан. Харин одоо бол миний хамгийн том дэмжигчид. “Одоо болино биз дээ” гэх асуултыг “дараагийн тэмцээн нь хэзээ билээ?”  болох хүртэл би маш олон сорилт, шүүмжүүдийг давж хичээж ирсэн. 

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

“Бикини модель ангилал яг л элсэн цаг шиг галбиртай байхыг шаарддаг”

Ийнхүү өөрийгөө бага багаар шахаж, тэмцээнээс тэмцээний хооронд хор шарандаа хөтлөгдөж явсаар дэлхийн аварга болжээ. “Би дахиад ч өөрийгөө шахах болно.  Намайг  маш олон уралдаан тэмцээн сорилтууд хүлээж байгаа” гэх хоёрхон өгүүлбэр түүнийг ямар зарчимч, тууштай болохыг нь илтгэнэ. Манай улсад бодибилдинг, фитнесийн спорт нэлээн хожуу буюу 1990 оноос хөгжиж эхэлсэн байдаг. Харин тэр энэ чиглэлийн спортын хамгийн анхны холбоо болох Монголын бодибилдинг, фитнесийн холбоонд харьяалагддаг шинэ залуу тамирчдын нэг юм. 

“Бодибилдинг, фитнесийн спортын уралдаан тэмцээнүүд дотроо маш олон ангилал төрөлтэй. Миний хувьд Бикини модель ангиллаар уралдаан тэмцээнд оролцдог. Энэхүү ангилал нь эмэгтэй хүний эмэгтэйлэг шинж чанарыг илүү тодотгосон яг л элсэн цаг шиг галбиртай байхыг шаарддаг. Хэт их булчингийн масс биш, өөхний хувь багатай нимгэн барзгар арьс биш, хэт эрэгтэйлэг булчинлаг биш эмэгтэй хүний байж болох хамгийн төгс хувилбарыг бүтээдэг ангилал гэж хэлж болно. Эмэгтэй хүн бүрийн эхлээд орж үзэх ангиллыг Бикини модель ангилал гэж боддог. Энэ ангиллаар тэмцээнд оролцож үзээд, дараа нь өөрийнхөө бие пропорцод тохирох төрлийг сонгоод явах боломжтой.”

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

Сул талаа давуу тал болгон хөгжүүлэх боломжтой спорт

-Өдөр нь цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулан дасгал хөдөлгөөн хийчхээд орой нь цуйван, түргэн хоол идээд байвал үр дүн төдийлөн гарахгүй байх. Фитнесээр хичээллэхэд дасгал хийхээс гадна хооллолт дээрээ давхар анхаарах хэрэгтэй юм болов уу. Тэгэхээр дасгал хөдөлгөөн, хооллолтоо хэрхэн зөв тохируулж, балансыг нь алдагдуулахгүй авч явах вэ?

-Бодибилдинг фитнесийн спортын бусад спортоос ялгарах онцлог нь өөрийнхөө сул талыг давуу тал болгон хөгжүүлэх боломжтой спорт. Өөрөөр хэлбэл, хүн өөрийгөө цаасан дээр зураад, түүнийгээ хараад юу дутуу байгаагаа хөгжүүлж болдог. Өөрийнхөө биеийг өөрийн хүссэнээрээ бүтээж болно гэсэн үг.

Дасгал хөдөлгөөн бол 30 хувь, хооллолт 70 хувь байдаг. Эрүүл хоол гэхээр хүмүүс өртөг өндөртэй хэр нь амтгүй, давсгүй, чанасан жигнэсэн хоол гэж ойлгодог. Гэвч энэ нь маш энгийн зүйл байдаг. Хоол хүнсний таван бүлэг гэж бий. Үүнд үр тариа, сүү сүүн бүтээгдэхүүн, мах буюу уураг тос, жимс, хүнсний ногоо ордог. Эдгээр хоол хүнсийг зохистой хэмжээгээр тохируулан өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. 

Манайхан мах гурил гээд хоёрхон төрөл зүйлийг нь дийлэнхдээ хэрэглэдэг. Үүнийгээ тав болгож баяжуулах хэрэгтэй байгаа юм. Өдөрт нэг аяга сүү юм уу, тараг уугаад, нэг алим эсвэл гадил ямар нэг төрлийн жимс ид. Ингээд л хоолондоо ямар нэгэн ногоо оролцуулах юм бол аль болох байгалийн эрүүл аргаар хоол хүнснээс авах ёстой шим тэжээлээ авч чадна шүү дээ. 

“Дэглэмийг өдөр тутмын амьдралдаа урт хугацаанд хэрэгжүүлж яасан ч болохгүй” 

“Дэглэм л барихгүй бол гоё биетэй байж чадахгүй гэж дийлэнх хүмүүс ойлгоод байдаг.  Яг үнэндээ дэглэмийг ямар нэгэн тамирчин тэмцээн уралдаанд оролцохдоо нарийн төлөвлөж барьдаг зүйл. Өөрөөр амьдралдаа урт хугацаанд хэрэгжүүлж яасан ч болохгүй. 

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

Дэглэм, эрүүл зохистой хооллолт хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаардаг, өөртөө хайртай хүмүүс мөнгөтэйдөө эрүүл хооллож, завтайдаа дасгал хөдөлгөөн хийдэггүй. Гарын доорх материалаа ашиглаад өдөр тутамдаа хоол хүнсээ тохируулаад явах боломж хүн болгонд бий. Дасгал хөдөлгөөн гэхээр л фитнест очиж төмөр өргөнө гэсэн үг биш. Гэр чинь 10 давхарт байдаг бол цахилгаан шат ашиглахгүйгээр алхаад явж болно шүү дээ. Эрүүл амьдралын хэв маяг энгийн үйлдлээс эхэлдэг гэдгийг бусдад ойлгуулахыг хичээдэг.”

Хүний биеийг урлана гэдэг бол агуу том шинжлэх ухаан

“Ганц тамирчин тайзан дээр гараад өөрийгөө харуулж байгаа юм шиг хэр нь үүний цаана маш том шинжлэх ухаан, баг хамт олны хүч хөдөлмөр ажиллаж байдаг. Эмэгтэй тамирчин өөхний хувиа хаслаа гэж бодъё. Өөхний хувиа хасаж өөхгүй болсноор хүний биеийн цаад булчин гэрэлтэж харагдана. Ингэлээ гээд биеийнхээ бүх хэсгийн өөхийг хасаж бас болохгүй. Эмэгтэй хүний нүүр тодорхой хэмжээнд өөхтэй байснаараа илүү гоё эмэгтэйлэг харагддаг. Хэрэв үүнийг тооцоолохгүй явбал нүүрний өөх хайлж, араг яс шиг, үзэмжгүй болно. Тэгэхлээр энэ бүхнийг яаж зохицуулж, эмэгтэйлэг байдлаа алдахгүйгээр биеийнхээ өөхийг хасан давхар булчин массаа нэмж, биеийн пропорцоо эвдэхгүйгээр тайзан дээр гарах вэ гэдгийг нарийн тооцоолдог. Хүний биеийг урлана гэдэг бол агуу том шинжлэх ухаан. Үүнийг маш ухаантайгаар зохицуулж, мэдлэгтэй багшийн удирдлагаар дасгал сургуулилалт хийх хэрэгтэй. Мэдлэггүй хүний доор бэлтгэл сургуулилалт хийж, өөрөө уншиж судлахгүй, мэдлэггүй дасгал хөдөлгөөн хийснээрээ эрүүл мэндээ хохироож болох аюултай спорт.

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

Бодибилдинг фитнесийн спортыг хүмүүс “спортын хаан” гэж ярих нь ч бий. Тийм ч байж мэднэ. Учир нь тэмцээний бэлтгэлийн бүхий л үйл явц цаг, минут, секундийн дагуу төлөвлөгдсөн байдаг. Өглөө есөн цагт тайзан дээр гарахын тулд хэдэн цагийн өмнөөс усаа хасаж, булчингаа хөөлгөхийн тулд хэдэн цагийн өмнө юу идэх, өтгөнөө хэзээ гадагшлуулах гэдгийг хүртэл маш нарийн тооцож гаргадаг. 1-2 грамм алдахад л тухайн биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж, амжилтад нөлөөлнө. Ийм л нарийн спорт. Хэрэв тайзан дээр гарахаасаа өмнө өтгөнөө гадагшлуулж чадахгүй бол гэдэс татагдахгүй шүү дээ.” 

“Би яахаараа чаддаггүй юм гэсэн шазруун зан чанар намайг дэлхийн аваргын тайз руу хөтөлсөн байх”

Олон сар жилээр бэлтгэл хийж, хүч хөдөлмөр зарцуулж урласан биеэ тайзан дээр 3-4 минутад гарч шалгуулахад позоо зөв барьж, сандралаа дарах нь хамгийн чухал байдаг байнаБэлтгэл хийгээд ядарч, шантраад болимоор санагдах үе ч түүнд олон байж. Энэ үедээ тэр өөртэйгөө маш сайн ярилцаж, өөрийгөө ялан дийлдэг тухай хувийн арга туршлагаа хуваалцсан юм.

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

“Удаан хугацааны хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ тайзан дээр гурван минутад л харуулах боломж тамирчдад олддог. Дэлхийн аваргын тайзан дээр Монгол Улсынхаа төрийн далбааг нөмрөөд, цом медалиа бариад зогсож байхдаа бусад улс үндэстний тамирчдыг ялснаасаа илүүтэйгээр өөрийгөө ялж, бүтээж чадсандаа баярлаж байсан. Тайзан дээр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэхэд “үүний төлөө л би хичээсэн шүү дээ” гэж өөрөөрөө хамгийн их бахархсан. Би яахаараа чаддаггүй юм гэсэн шазруун зан чанар намайг дэлхийн аваргын тайз руу хөтөлсөн байх. 

Тэмцээний хувьд поз маш чухал. Тэгж их хичээж бэлтгэчхээд тайзан дээр өөрийн биеийн онцлогийг бүрэн дүүрэн харуулж чадахгүй бол харамсалтай шүү дээ. Тиймээс дасгал хөдөлгөөн хэдий хэр хугацаанд хийнэ, төдий чинээ позоо бэлдэх хэрэгтэй болдог. Миний хувьд тайзан дээр гарахдаа ерөөсөө сандардаггүй. Учир нь би тэмцээнд орох гээд бэлтгэл хийх хугацаандаа өдөр болгон тайзан дээр гарч байна гэж сэтгэл зүйгээ бэлддэг. Орой унтахаасаа өмнө, гүйлтийн зам дээр алхаж байхдаа хүртэл би тайзан дээр гараад тэд алхаад энэ позоо барина, цаашаа гурав алхаад тэнд тэр позийг барина, тайз руу яг ингэж алхаж гарна гээд төсөөлөлдөө алхдаг. Ингээд л тэмцээний үеэр тайзан дээр гарахдаа хэзээ ч анх удаа гарч байгаа юм шиг сандардаггүй. Энэ миний бусад тамирчдаас ялгарах давуу тал ч байж мэднэ. 

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

Дэлхийн аваргын тайзан дээр гарахад мэдээж өөр байсан. Хэдий бодолдоо 365 хоногийн турш би энэ тайзанд гарчихсан шүү дээ гэж өөрийгөө тайвшруулсан хэр нь дэлхийн аваргын тайз гэдэг нэрээс нь сүрдэж бага зэрэг сандарсан. Гэсэн хэдий ч хоёр, гуравхан минутын хугацаанд би бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэх гэж байна. Тэгэхээр надад сандрах эрх байхгүй. Хэрэв би сандраад нэг хазгай мурий гишгэж, буруу поз бариад зогсчих юм бол оноо хасуулж, өөрийнхөө давуу тал бэлдсэн зүйлээ харуулж чадахгүй. Тиймээс “алдах эрх байхгүй шүү. Тайван бай, чи энд ирэх гэж ямар зүйлийг туулж хүслээ дээ, хүссэн тайзан дээрээ гарах гэж байж юундаа сандраад байгаа юм” гэж өөртэйгөө маш сайн ярилцдаг.” 

Монголын нөхцөлд тамирчин байх хэцүү

Гадагшаа тэмцээн уралдаанд оролцоход зардал ихтэйгээс гадна визний татгалзсан хариу авах нь тамирчдын сэтгэл зүйд хүндээр нөлөөлөх нь мэдээж. Гаднын томоохон тэмцээн уралдаанд оролцох эрх авсан хэдий ч түүнийхээ хэрээр ажиллаж мөнгө олох, тэр хэрээрээ бэлтгэл сургуулилалтаа илүү чамбайруулах хэрэгтэй болно. Гаднын тамирчдын үндсэн ажил нь өөрөө бэлтгэлээ хийх байдаг. Харин манайд тамирчид үндсэн ажлынхаа хажуугаар олдсон 2-3 цагт нь дасгал сургуулилалтаа хийж амьдралаа залгуулдаг байна. 

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

“Энэ онд Америк явах тэмцээнд мөнгө санхүүгийн асуудалтай байснаас гадна виз татгалзахад би бага зэрэг сэтгэлээр унасан. Яагаад байгаа юм бол оо, би юуг буруу хийсэн юм бол гээд цаанаасаа асуудал нь бүтэхгүй болоод ирэхээр больдог ч юм бил үү гэж бодсон. Тэгээд нэгэнт л би оролцохоор энэ тэмцээнийг зорьсон юм хойно тайзан дээр нь гарах л болно. Элчин хүртэл намайг зогсоож чадахгүй шүү гээд тэмцсэн. Эцэст нь би чадсан тэмцээндээ оролцоод шилдэг дөрөвт шалгараад  ирсэн. 

Олон улсын тэмцээн уралдаанд миний хувьд найз залуутайгаа хоёулхнаа явдаг. Өөр өөрсдийнхөө хувийн эмч, дасгалжуулагч, сэтгэл зүйчээ хийдэг гэсэн үг.  Манай монгол тамирчдад бол хувийн эмч, дасгалжуулагч, сэтгэл зүйч, хоол зүйчтэй багаараа явна гэдэг нь үнэхээр хэцүү. Өөрийгөө яаж авч явъя гэж байхад баг хамт олноороо явах нь одоогоор үлгэрийн мэт л сонсогдох зүйл. 

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

Гаднын тамирчдыг харахад үнэхээр атаархал төрдөг. Нэг тамирчны араас 10-20 хүнтэй баг бүрэлдэхүүн дагаад явж байдаг. Нэг хүн хажууд нь цагийг нь төлөвлөөд “одоо усаа уу” гээд уулгаж байхад биеийнх нь хэмжилтийг хийдэг хүн, гар хөлийг нь бариад, хувцас хунарыг нь бэлдээд явдаг хүн тусдаа байх жишээний. Үүний хажууд манай монгол тамирчид бол бор зүрхээрээ, дасгалжуулагчаа ч авч явж чаддаггүй шүү дээ. Өөрсдөө өөрийнхөө бүх зүйлийг хянаад багштайгаа цахимаар ярилцаж зөвлөгөө аваад явдаг. 

Миний хувьд гадна дотнын том, жижиг нэлээдгүй уралдаан тэмцээнүүдэд оролцоод бага ч гэсэн туршлага хуримтлуулаад ирсэн. Ингээд харахад манай бодибилдинг, фитнесийн спортын тамирчид гаднын өндөр хөгжилтэй орнуудын тамирчдаас ур чадварын хувьд дутахааргүй санагдсан. Манай монгол тамирчдын биеийн онцлог нь өөрчлөлт үр дүн гарахад хурдан байдаг. Тиймээс энэ онцлог байдлаа давуу тал болгон ашиглаад үүн дээр шинжлэх ухаанч байдлыг илүү нэмж шингээгээд тунг нь тохируулж чадвал бид дэлхийд өрсөлдөж, гарч ирэхэд илүү ойрхон байна.” 

 О.Энхсаруул: Бодибилдинг, фитнесийн спортын ард маш том шинжлэх ухаан ажиллаж байдаг

Дан ганц төмөр өргөж, зогсоо зайгүй дасгал хийгээд эрүүл чийрэг, зөв пропорцтой биетэй болох боломжгүй. Үүний цаана хэзээ, хэдэн цагт ямар шим тэжээлтэй хоол идэж, түүндээ тохирсон дасгал хөдөлгөөн хийж, бодисын солилцоогоо хүртэл нэг бүрчлэн тооцож шинжилдэг нарийн спорт  гэдгийг түүнтэй ярилцахдаа гүн гүнзгий мэдэрч, энэ спортын тамирчид хамт олноор бахархах сэтгэл төрөв.  “Бодибилдинг фитнесийн  спорт гэхээр хүмүүс зааланд төмөр өргөж, уураг ууж булчингаа задалж, хөгжүүлээд түүгээрээ өрсөлддөг гэж эндүү ойлгоод байдаг. Энэ бүдүүлэг хэвшмэл ойлголтыг халах сан” гэж сэтгэлийнхээ угаас ярих залуу тамирчин бодибилдинг, фитнесийн спортын дэлхийн аварга, ОУХМ О.Энхсаруул энэ удаа “Бидний нэг” боллоо. Нийтлэлийг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд баярлалаа.