Н.Ундрах: Улсын төсвийг зөв хуваарилахад сэтгэлийн “боловсрол” дутаж байна


Арван нэгдүгээр сарын 12-нд 2026 оны Монгол Улсын төсвийг баталлаа. Төсөвт хэд хэдэн онцлох зардлууд шинээр тусгагдсан. Улсын төсөв иргэдийн амьдрал, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг ойлгоход чухал ач холбогдолтой ойлголт юм. Энэ үүднээс бид “Solution Journal” булангийнхаа ээлжит дугаарт эдийн засагч, санхүүч, “Төсвийн толь” номын зохиогч Н.Ундрахтай улсын төсөв тойрсон асуудал, иргэдэд үзүүлэх үр өгөөжийн талаар ярилцлаа.
“Улсын төсвийг ойлгох их амархан. Яг л гэрийн төсөв шиг!”
2026 оны улсын төсвийг ярихаасаа өмнө уншигчдадаа улсын төсвийг ахуйн төсөвтэй жишээлж хөнгөн тайлбарлахыг зорилоо.
Аав ээж, хоёр хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ өрх байлаа гэж бодъё. Эцэг эх хоёр ажил хийдэг учраас сарын тогтмол орлого нь 4 сая төгрөг гэвэл улсын төсөвт энэ нь орлого шүү дээ.
Харин зардалд өрхийн хүнс, ахуйн хэрэглээ, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт тогтмол хэрэглээний зардал бий. Энэ нь улсын төсвийн хэллэгээр урсгал зардал. Жишээ нь, тэд сарын 3 сая төгрөгийг өдөр тутмын хэрэглээндээ зарцууллаа гэж бодъё. Үлдсэн 1 сая төгрөг нь тэдний орон сууцны зээлд шилждэг. Ингэхээр энэ өрх хуримтлал үүсгэж чадахгүй болж байгаа биз? Том хүүхэд нь ирэх жил оюутан болох учраас боловсролд нь зориулаад хуримтлал үүсгэх хэрэгтэй болж байгаа ч одоогийн байдлаар боломж гарахгүй байна. Улсын төсөв дээр энэ нь санхүүгийн сангууд руу хийдэг хуримтлалын шилжүүлэгтэй адил.
Ийм үед өрх яах вэ? Хүүхдийн боловсрол зайлшгүй зүйл тул 1 сая төгрөгийг хуримтлал руу хийх шаардлага гарвал байрны зээлээ төлөх мөнгө хүрэлцэхгүй болно. Тэгээд гаднаас дахин зээл авдаг. Улс ч ялгаагүй дотооддоо мөнгө хүрэхгүй бол бонд гаргана, гадаадын байгууллагатай зээлийн гэрээ байгуулна. Гэхдээ нэг том эрсдэл бий. Орлого нь 4 сая хэвээр байхад зардал нь 5 сая хүртэл нэмэгдээд ирвэл яах вэ? Дутууг нь зээлээр л нөхнө. Улсын хувьд энэ нь гадаад өр нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхлээр ийм нөхцөлд өрх хэрхэн өрийн дарамтад ордогтой адил улс ч мөн адил өрийн дарамтад орно.
“Цалингийн зардлыг өсгөх боломж байсаар атал хангалттай хэмжээнд өсгөж чадсангүй”
2026 оны улсын төсвийг боловсруулахдаа Засгийн газар иргэдийн санал бодлыг өргөн хүрээнд тусгасан юм. И-Монголиа цахим системээр 188 мянган иргэн саналаа өгч, 239 мянган хүн танхим болон цахим хэлбэрийн хэлэлцүүлэгт оролцжээ. Давхардсан тоогоор 8.8 мянган санал ирүүлсэн нь иргэдийн оролцоог төсвийн бодлогод системтэйгээр тусгасан анхны тохиолдол болов. /Н.Ундрах,“Төсвийн толь”, УБ., 2025/
Улсын төсвийг шинжлэхдээ орлого, зарлагыг зэрэг хардаг. Юун түрүүнд орлогоо бодитой, боломжийн хэмжээнд төсөвлөж чадсан эсэхийг шалгах шаардлагатай. Хэт өөдрөгөөр тооцсон орлого биелэхгүй тохиолдолд зардлаа нөхөж чадахгүй бөгөөд эцэст нь улсын өр нэмэгдэнэ. Улсын өр нэмэгдэнэ гэдэг нь нэг иргэнд ногдох өр өснө гэсэн үг.
Зарлага талдаа “Яг юунд зарцуулж байна вэ?” гэдэг чухал асуулт гарч ирнэ. Иргэдийн хувьд бодит тулгамдсан хэрэгцээ бол боловсрол, эрүүл мэндийн салбарууд. Тиймээс эдгээр салбарт нийт төсвийн хэдэн хувь ногдож байгаа, бодит дэмжлэг ямар түвшинд байгаа зэргийг салбараар нь ангилан харах хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулалтын зардал буюу зам, дэд бүтцийн төсөлд зарцуулагдаж буй мөнгийг урсгал зардлаас нь ялгаж харах нь чухал. Ийнхүү орлогоо бодитоор төсөвлөсөн эсэх, зардал нь ямар бүтэцтэй, аль салбарт илүү чиглэж байгаа зэргийг цогцоор харах нь улсын төсвийн бодит байдал, иргэдэд үзүүлэх нөлөөг ойлгоход тусална.
Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлого 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувийг эзэлж байгаа юм. Тэнцвэржүүлсэн орлого гэдэг нь тухайн жилийн төсвийн нийт орлого зардлыг харьцуулж, ашиг буюу алдагдлыг тодорхойлсон орлого юм. Харин урсгал зардал 990,169.0 сая төгрөг, хөрөнгийн зардал 361,138.2 сая төгрөг нийт 1 их наяд 351 тэрбум 307.2 сая төгрөг байхаар тусгагджээ. Эндээс нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1 хувьтай тэнцэж байгаа юм.
-Тэгвэл 2026 оны улсын төсвийн орлого зарлагын тэнцэл ямар байна вэ?
-Сая батлагдсан улсын төсөвт цалингийн зардал орсон байгаа. Гэхдээ бусад ижил түвшний орнуудтай харьцуулахад манай улсын цалингийн зардлын эзлэх хувь нь харьцангуй бага. Энэ зардлаа өсгөх боломж, нөөц бололцоо байсаар атал хангалттай хэмжээнд өсгөж чадсангүй.
Хоёрдугаарт, улсын төсөвт хэрэгцээгүй хөрөнгө оруулалтын олон төсөл багцлан орж ирдэг. Яг аль сум, багт ямар зам тавигдаж, ямар соёлын төв баригдаж байгааг иргэд тодорхой мэддэггүй. Гэвч эдгээр төслүүд дотор үнэхээр зогсоох хэрэгтэй, үр ашиггүй төсөл цөөнгүй байдаг. Ийм төслүүдийг танаж, зогсоох шаардлагатай байтал төсөвт бараг хэвээр нь оруулж ирсэн нь хангалтгүй санагдаж байна. Үүн дээр нэмээд төсөв хэлэлцэх хугацаа хангалтгүй, яаран сандран баталсан нь том асуудал. Уг нь хөрөнгө оруулалтын төсөл, урсгал зардал, цалингийн зардал нэмэх эсэх, зогсоох ёстой төсөл хөтөлбөрүүдийг нэг бүрчлэн нягт шалгах ёстой байсан. Мөн манайд төслүүдийн бодит үр нөлөөг хэмжих, тайлагнах тогтолцоо сул. Аль нэг төсөл яг хэдэн хүний амьжиргаанд ямар өөрчлөлт авчирсан, ирэх 5–10 жилд ямар үр дүн гарах прогнозтой, нийгэм, эдийн засгийн бодит өгөөж нь юу гэдгийг тайлангаар нотолдог баймаар байна.
Орлогын хувьд өмнөх оныхоос өссөн мэт харагдавч мөн л нэлээд өөдрөгөөр төсөвлөсөн тал бий. Эдийн засгийн хүндрэл тодорхой хугацаанд үргэлжлэхээр байгаа тул энэ нь эрсдэл. Харин орлого төлөвлөснөөс давбал нөөц сангуудад хөрөнгө төвлөрүүлэх боломж гарч ирнэ.
“Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхдээ ижил 20%-иар бус, өмнөх ялгааг арилгаж тэнцвэржүүлэн нэмэх ёстой”
2026 оны Улсын төсөвт:
Багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 742 мянгаар, арван нэгдүгээр сарын 1-нээс 2.8 сая төгрөгт хүргэхээр тооцож, 518,620.2 сая төгрөгөөр,
Эмч, эмнэлгийн байгууллагынхны цалинг 15 хувиар нэмэхээр 190,300 сая төгрөгөөр
Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж 145,000 сая төгрөгөөр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80 мянган төгрөгөөр нэмэхээр тооцож 29,300 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардал нэмжээ.
-Тэтгэвэр тэтгэмжийг тус тус 20 хувиар нэмнэ гэсэн. Энэ нь эдийн засагт бодит өгөөж болж чадах уу?
![]()
-Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхдээ нийтэд нь нэг ижил байдлаар өсгөх нь эдийн засагт бодит өгөөж авчрахгүй. Энэ нь нэмэх шаардлагагүй гэсэн үг биш, харин зорилтот байдлаар нэмэх ёстой гэсэн үг. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар тэтгэврийн хэмжээ маш их ялгаатай тогтчихсон. Нэг хүн 600–700 мянган төгрөгийн л тэтгэвэр авч байхад, нөгөө хүн 3 сая, бүр 7 сая төгрөгийн тэтгэвэр авч байна. Тиймээс тэтгэврийн нэмэгдэл нийтэд нь бус, ялгавартай байдлыг багасгах чиглэлд, доод түвшний тэтгэврийг илүү ахиу өсгөх зарчмаар явах ёстой.
“Харамсалтай нь одоогийн арга барил ялгаатай байдлыг бууруулахын оронд улам хадгалсаар байна. Ингэснээр иргэдийн амьдралын түвшин улам алсарч, баян нь улам баяжиж, орлого багатай хэсэг нь доороо л үлдээд байна. Энэ л хүмүүсийн бухимдлын гол шалтгаан. Нийгмийн сэтгэл ханамж буурч байгаа нь ч үүнтэй холбоотой. Ийм ялгаа тасралтгүй өсөөд байвал бид дундаж, тогтвортой давхаргаа хөгжүүлэх боломжгүй. Харин зорилготой бодлогоор тэтгэвэр, тэтгэмжийн ялгааг ойртуулж, чинээлэг дундаж давхаргыг бий болгох дээр илүү анхаарах ёстой.”
“Сэтгэл хөөрлөөр гаргасан тооцоолоогүй зардал төсвийн зардлыг нэмдэг”
-Төсвийг ойр ойрхон тодотгох нь итгэлцлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны бодлого хэрэгжүүлэхэд саад болдог. Гэтэл хэдэн жилийн өмнө шинэ жилийн үеэр тэтгэврийн зээл тэглэх зэрэг гэнэтийн шийдвэрүүд гарч байсан. Ийм сэтгэлийн хөөрөлтэй шийдвэрүүд батлагдсан төсөвт яаж нөлөөлдөг вэ?
-Тэр тохиолдолд Засгийн газар төсвийн тодотгол оруулж, нэмэлт зардлыг батлагдсан төсөв дээр нэмж суулгадаг. Анхнаасаа тооцоолоогүй зардал төсвийн дарамтыг нэмж байна л гэсэн үг. Ийм гэнэтийн, бодлогоор сайтар шүүж тооцоолоогүй шийдвэрүүд нь эцэстээ инфляцыг өсгөнө. Үнэ нэмэгдэх шалтгаан нь бодит эдийн засгийн өсөлт биш, зүгээр л зах зээлд нэмэлт мөнгө цутгасан учраас үүсдэг хий хөөрөгдөл. Ахуйн жишээ дээр бол өмнө нь хэмнээд хямд нойлын цаас авч явсан өрх гэнэт илүү үнэтэйг нь авч эхэлбэл тэр нь бодит баялаг нэмэгдсэндээ биш, зүгээр л ганц удаагийн илүү зардлын үр дагавар. Төсвийн хувьд ч ялгаагүй бодит өсөлт нэмэгдэхгүй мөртлөө зардал нь өсөөд ирдэг. Тиймээс ийм шийдвэрүүдэд маш болгоомжтой хандах ёстой.
“Төсвийг зөв хуваарилахад сэтгэлийн “боловсрол” дутаж байна”
Ярилцлагын зочин, эдийн засагч Н.Ундрахын “Төсвийн толь” номд дурдсанаар хөгжиж буй орнуудад төсвийн нийт зардал ДНБ-ий 20-25 хувь байдаг бол 2026 оны манай төсөвт 32.2 хувь байгаа аж. Түүнчлэн жил бүр урсгал зардал давамгайлсан хэвээр байна. Иймээс үүний үндсэн шалтгаан юу вэ, урсгал зардлаас хөрөнгө оруулалт руу шилжих механизмыг яаж бий болгох талаар сонирхлоо.
Асуудал нь мэдлэг боловсрол дутсанд биш сэтгэлийн боловсрол, алсын хараа дутмаг байгаад л байна. Аль нэг тойргоос сонгогдсон даруйдаа тэр тойрог руугаа мөнгө “суулгачих” гээд, зөвхөн богино хугацааны оноо авах гэж яараад байгаа мэт харагддаг. Уг нь бол тэд улс орны ирээдүйг бодсон, алсын хараатай шийдвэр гаргах ёстой хүмүүс шүү дээ.
Тэр хүмүүс өөрсдөө сайн мэдэхгүй байсан ч хажууд нь эдийн засгийн зөвлөхүүд, мэргэжлийн багууд бүгд бий. Зөв мэдээлэл, гарц, шийдэл нь байгаа. Хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж, 100 орчим арга хэмжээг царцаахад л улсын төсвөөс 760 тэрбум төгрөг хэмнэх боломжтой байна. Богино хугацааны улс төрийн ашиг сонирхлоо хойш тавьж, урт хугацааны зөв бодлого барих сэтгэл нь л хэрэгтэй байна.
Монгол Улсын төсөвт нэн шаардлагатай гарах ёстой өөрчлөлтүүд
Хамгийн түрүүнд үр дүнгүй төсөл хөтөлбөрүүдийг таслан зогсоож, мөнгөний урсгалыг хянаж, нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр суларсан хөрөнгөөрөө нэн чухал салбаруудын хэрэгцээг хангаж болно. Жишээлбэл, эмч, багш нарын цалинг нэмэн, төрийн албан хаагчдын цалинг бүтээмжид суурилсан байдлаар шинэчлэх гэх мэт. Энэ нь хувийн хэвшилтэй харьцуулахад ялгаатай байдлыг багасгаж, шударга тогтолцоог бий болгоно. Мөн ахмадын тэтгэвэрт ялгаатай байдлыг багасгаж, нийгмийн тэгш бус байдлыг ойртуулах боломжтой.
Иймэрхүү яаралтай засах ажлын ардаас хөрөнгө оруулалтын чиглэл рүү анхаарлаа төвлөрүүлэх боломж гарна. Тухайлбал:
Боловсролын салбар — цэцэрлэг, сургууль барих, хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах.
Эрүүл мэнд — эмнэлгийн үйлчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжийг хангах.
Хөдөө аж ахуй, мал аж ахуй — улсын хүн амын хоол хүнсний аюулгүй байдлыг дэмжих.
Эрчим хүч — цахилгаан станц, дата төвийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох.
Технологийн салбар — оюуны хөрөнгийг хөгжүүлэх, старт-апуудыг дэмжих.
Гэвч энэ бүхний хязгаар нь хүн ам цөөхөн, зах зээлийн өрсөлдөөн өндөр, гадаадын үйлдвэрлэлтэй өрсөлдөх шаардлага юм. Монгол хүнд потенциал байгаа тул оюуны хөгжил, инновацыг дэмжихэд төвлөрөх ёстой. Энэ бүх хөрөнгө оруулалтын менежментийг зөв зохион байгуулбал улсын төсвийн зардал хэт төвлөрөхгүй, илүү үр ашигтай болно. Түүнээс улсын өмчийг хаа сайгүй үрэх биш, харин хувийн хэвшлийг оролцуулж, тогтвортой хууль эрх зүйн орчин бүрдүүлж, бизнесийн боломж олгох нь зүйтэй. Ингэснээр мөнгөний урсгал хяналттай, эзэнтэй болж, улсын оролцоо багасна, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэнэ.
-Иргэд төсөв боловсруулах үед яаж оролцох боломжтой вэ?
- Эхлээд орон нутаг, дүүргийн түвшинд оролцох хэрэгтэй. Жишээ нь, 2026 оны 2–3 сараас эхлээд баг, хорооны ИТХ, ИНХ-д оролцож, “Манай орон нутагт ямар ямар төсөл, хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ?” гэдэг саналаа иргэд өөрсдөө оруулах ёстой.
Энэ санал нь үнэхээр төсөвт туссан эсэхийг хянах хэрэгтэй. Учир нь улсын том төсөв багцлагдсан байдлаар орж ирдэг учраас дотор нь юу байгааг задлан харахад хүндрэлтэй. Иймд иргэд төсөв боловсруулах шатанд идэвхтэй оролцох нь чухал. Тэгэхээр нэгд, санал гаргах; хоёрт, аудитын тайланг судлах хэрэгтэй. Жил бүр төсөвт аудит хийгдэж, тайлан гардаг. Үүний дараа орон нутгийнхаа сум, баг, хорооны Засаг дарга дээрээ очиж, “Бид ийм санал гаргасан, ямар зүйл нь хэрэгжсэн, ямар зүйл нь хэрэгжээгүй вэ?” гэдгийг протоколын дагуу лавлан авч болно. Ингэж хяналт тавих замаар иргэд төсөвт оролцох эрхээ бодитоор хэрэгжүүлж чадна.
“Төсвийн боловсролыг хангалттай олгохгүй байгаа учраас иргэд төсөвт оролцож чадахгүй байна”
Иргэний боловсролыг хөгжүүлэх нь чухал бөгөөд энэ үүрэг нь улсад, ЗГ-т оногддог. Тухайлбал, иргэдэд төсвийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, төсөв сурталчлах ажлыг хийх нь Засгийн газрын үүрэг юм.
Өнөөдөр энэ тал дээр дутагдал их байна. Төсвийг хэвлэн нийтлэх нь хийгддэг ч иргэний төсөв буюу “Citizen Budget” байдлаар хялбаршуулж, иргэдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх ажил дутагдаж байна. Гарын авлага маягаар тайлбарласан, хялбаршуулсан төсөв гаргах нь чухал. Энэ ажил нь хөрөнгө оруулалт шаарддаг ч улсаас зоригтой төсөвт суулгаж, иргэдэд төсөвт оролцох, ойлгох боломжийг олгох нь нийгмийн чухал компанит ажил юм. Улс төсвөө зөв сурталчилж, иргэдийн боловсролыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ хүрээнд санаа зовж явдаг учраас иргэдэд боловсрол олгох үүднээс “Төсвийн толь” номоо энэ оны аравдугаар сард гаргалаа. Хэн ч уншаад ойлгохуйц, хялбар байдлаар гарын авлага болгож бэлдсэн учраас төсвийг ойлгоход тусална гэж найдаж байна.
-Улсын төсөв бүрдүүлэхэд иргэд хэрхэн хувь нэмэр оруулах вэ?
-Төсвийн орлогыг бүрдүүлж байгаа үндсэн эх үүсвэр бол иргэд бидний төлж байгаа татвар. Энэ нь хувь хүн дээр ногдох орлогын албан татвар (ХХОАТ), ААН-үүдийн төлдөг татвар, нөөцийн татвар болон бусад онцгой татваруудыг багтаадаг. Өөрөөр хэлбэл, иргэн бүр улсын төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг.
Иргэд бидэнд татвараа төлөх үүрэг бий. Гэхдээ энэ үүрэг нь дарамт болон хүчээр тулгасан зүйл биш, харин бүр бахархалтайгаар, үр өгөөжийг нь мэдрэн төлөх боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, бидний төлж буй мөнгө үр ашигтай зарцуулагдаж, өдөр тутмын амьдралд шууд мэдрэгдэж байх нь чухал.
Жишээ нь:
Бид эрүүл, чанартай эмнэлгийн үйлчилгээ авч байна.
Бидний хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж байна.
Амьдрах орчин маань аюулгүй, замын түгжрэл багасаж, осол аваар буурч байна.
Агаарын бохирдол буурч, эрүүл орчинд амьсгалж байна.
Эдгээрийг бодитоор мэдэрч, үр өгөөжийг нь ойлгох үед л иргэд Монгол Улсынхаа иргэн гэдгээрээ бахархаж, татвараа чин сэтгэлээсээ төлдөг болно. Энэ бол төсвийн орлогыг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог бодитой, үр дүнтэй болгох гол арга зам юм.