Бусдаас суралцаж, өөрийгөө хөгжүүлэх орон зай: “Youth Conference 2024: Сонгинохайрхан”
Хувь хүний хөгжил
Enkule
Enkule
2024.05.22
3 минут
Бусдаас суралцаж, өөрийгөө хөгжүүлэх орон зай: “Youth Conference 2024: Сонгинохайрхан”

Шинэ зүйлд өөрийгөө сорих, зорилгоо зөв тодорхойлж, хийх алхмуудаа төлөвлөхөд хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй “гацах” үе хэн бүхэнд тохиолддог. Тэгвэл эдгээр үед ямар алхам хийвэл урагшаа илүү зоригтойгоор тэмүүлж, ирээдүйгээ гэрэлтүүлэх талаар болон шинжлэх ухааны суурь мэдлэг бидэнд яагаад чухал болох зэрэг сонирхолтой сэдвүүдийн хүрээнд залуучуудад зориулсан “Youth Conference 2024: Сонгинохайрхан” арга хэмжээ 2024.05.14-ны өдөр  амжилттай зохион байгуулагдлаа.  

ЦойлогсоZ залуусын нэгдлээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй Youth Conference арга хэмжээ энэ удаа Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд залуучуудын театрт 700 гаруй залуусын хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.

Бусдаас суралцаж, өөрийгөө хөгжүүлэх орон зай: “Youth Conference 2024: Сонгинохайрхан”
Нийслэлийн ЕБ-ын 162 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Түмэндэлгэр

“Миний хувьд сэтгэл зүйч болох мөрөөдөлтэй. Энэ л мөрөөдөлдөө хөтлөгдөн гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахаар төлөвлөж буй тул энэ төрлийн мэдлэг олгох арга хэмжээнд тогтмол оролцдог. Харин энэ удаагийн арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд залуучуудын театрт зохион байгуулж, хотын захын дүүргийн хүүхдүүдийг тэгш хамрагдах боломжоор хангаж буйд талархаж байна. Арга хэмжээнд оролцох нь салбартаа амжилттай яваа хүмүүсийн туршлагаас суралцаж, алдаа оноон дээр нь үндэслэн өөрийгөө хөгжүүлэх хамгийн том боломж юм. Миний хувьд хэдий гадаадад суралцах хүсэлтэй ч тухайн орны сайн туршлага, эерэг соёлоос суралцаж, эх орондоо ирээд өөрийн сурсан, мэдсэн бүхнээ үе тэнгийнхэнтэйгээ хуваалцана гэж боддог. Хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг манай орны хувьд өөрийн туршлагыг бусадтай хуваалцаж, хамтдаа хөгжих нь чухал шүү дээ.”

Бусдаас суралцаж, өөрийгөө хөгжүүлэх орон зай: “Youth Conference 2024: Сонгинохайрхан”

“Аливаа асуудлын учир шалтгааныг бусдаас биш өөрөөсөө хайж эхэлсэн цагт нийгэм эергээр өөрчлөгдөж эхлэх байх. Ямар нэгэн асуудал тулгарахад хэн нэгнийг буруутгаж, үүрэг хариуцлагаас зугтах хандлага нийгэмд түгээмэл ажиглагддаг шүү дээ. Энэ хэвшмэл сэтгэлгээ, буруу хандлагыг өөрчлөхийн тулд бид өөрсдөө эхлээд төлөвшиж, сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцахын төлөө сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Энэ бол залуус бидний хийж чадах, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах чухал үйлдлийн нэг гэж боддог” хэмээн үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах залуус бол ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн хоёрдугаар түвшний оюутан М.Энх-Амгалан, Логарифм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Чингүүн нар юм. Арга хэмжээнд оролцогч залуусын бас нэгэн төлөөлөл.

Тэдний хувьд шинэ мэдлэгээр оюунаа тэлж, өөрийгөө хөгжүүлэхэд мэдээллийн дутмаг байдал саад болдог тул залууст чиглэсэн мэдлэг олгох арга хэмжээнд тогтмол оролцож эхэлжээ. Механик инженер чиглэлээр мэргэжил эзэмшихээр төлөвлөж буй Э.Чингүүний зорилго бол залуу насандаа олон орноор аялан тухайн улсын туршлагаас суралцаж, өөрийгөө хөгжүүлэн эх орондоо авто соёлыг дэлгэрүүлэх аж. Харин М.Энх-Амгалангийн хувьд арга хэмжээнд оролцсоноор зорилго, чиглэлээ зөв тодорхойлох нь мөрөөдлийнхөө төлөө хийх алхмуудыг илүү тодорхой болгодог талаарх мэдээлэлтэй болсондоо баяртай байгаа аж. Тэрбээр, “Урьд нь зорилгоо тодорхойлохдоо “тэгнэ, ингэнэ” гэх нэг бодлын хийсвэр хүслийн жагсаалт гаргадаг байснаа ойлголоо. Зорилгоо зөв тодорхойлоход алсын хараа, эрхэм зорилго ямар чухал болохыг анзаарч, цаашдаа илүү бодит алхам хийхэд дөхөм болж байгаа” тухай хуваалцсан юм.

Сайхан ирээдүйг хүлээх бус гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээхийн төлөө өөрийгөө хөгжүүлэх арга замыг тогтмол эрэлхийлэх, үеийн залуустайгаа танилцаж, бусдаасаа үлгэрлэх, сурч мэдсэн мэдлэг боловсролоороо дамжуулан эерэг хандлагыг нийгэмд түгээх “чин хүсэл” тэднийг “Youth Conference 2024: Сонгинохайрхан” арга хэмжээнд ийн нэгтгэв.