Өнөөдөр Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны түүхт өдөр


Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан Судар бичгийн хүрээлэн 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үүсгэн байгуулагдсан нь монголчуудын оюуны соёлын хөгжилд шинэ эрин эхлүүлсэн түүхэн үйл явдал байлаа. Ардын засгийн эхэн үеийн бичгийн хүмүүн, сэхээтнүүдийн санаачилгаар байгуулагдсан тус хүрээлэнгийн зорилго нь үндэсний хэл бичиг, түүх, соёлын үнэт өвийг хамгаалан түгээн дэлгэрүүлэх, ард олныг соён гэгээрүүлэхэд чиглэж байв.
Судар бичгийн хүрээлэнгийн анхны даргаар гүн С.Жамъян, нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнд Ж.Цэвээн, Д.Дашням нар ажиллан хувийнхаа ном, судар бичгийг нийлүүлж, 2000 гаруй бүтээл бүхий анхны санг бүрдүүлсэн нь Монголын шинжлэх ухаанч судалгааны эх үндсийг тавьсан үйлс болсон юм. Удалгүй хүрээлэн музей, архив, хэл бичиг, түүх, хөгжим, газрын зургийн зэрэг олон салбар тасагтай болж өргөжин тэлж, улс дахь судалгааны ажлын төв байгууллага болон төлөвшжээ.
Судар бичгийн хүрээлэнгийн үйл ажиллагаа нь монголчуудын соёлын өвийг устаж алдагдахаас авран хамгаалах, шинжлэх ухааны нэр томьёог бий болгох, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэлшгүй хувь нэмэр оруулсан бөгөөд түүнээс хожмоо Үндэсний номын сан, Төв архив, Улсын музей зэрэг өнөөгийн үндэсний томоохон байгууллагууд салбарлан хөгжсөн билээ.
Өнөөдөр энэхүү хүрээлэнгийн уламжлалыг залгамжилсан байгууллагууд монгол хэл, түүх, соёлын үнэт өвийг хадгалж хамгаалан судлах их үйлсийг үргэлжлүүлсээр байгаа нь Судар бичгийн хүрээлэнг байгуулсан тэр үеийн сэхээтнүүдийн эх оронч үзэл, сэтгэлийн их эр зоригийн үнэ цэнийг дахин сануулж байна.
Эх сурвалж: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн