Б.ШИНЭБАЯР: Дурлахад төвлөрч, илүү их дурлаж амьдраарай 
БИДНИЙ НЭГСонгодог урлаг
Б.Намуун
Б.Намуун
2024.11.06
3 минут
Б.ШИНЭБАЯР: Дурлахад төвлөрч, илүү их дурлаж амьдраарай 

Монголын язгуурын төрт улс болох "Хүннү" улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг өгүүлэх "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг шинэчилсэн найруулга, шинэ баг бүрэлдэхүүнтэйгээр 33 удаа үзэгчдийн оюуныг цэнгүүлэн хаалтын тоглолтоо хийж, түр завсарласан билээ. Театр нь өнгөрсөн, одоо, ирээдүйг холбон, болж өнгөрсөн түүхийг өнөөгийн нүдээр харж, ирээдүйгээ санаж сэрэхэд тусалдаг. Вашингтоны их сургуулийн судалгаагаар кино, жүжгээр дамжуулж түүхэн үйл явдлыг хүргэхэд үзэгчид тухайн түүхийг бусад байдлаар олж мэдэхээс 50 хувь илүү санадаг ажээ. Иймээс энэ удаагийн БИДНИЙ НЭГ буландаа “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюгийн дүрийг бүтээсэн жүжигчин, СТА Б.Шинэбаярыг онцоллоо. Уншигч та ч ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болоорой.  

Ганцаардлаас төрсөн жүжигчин 

Бага насныхаа дурсамжийг бодоод үзэхээр ганцаараа байсан үеүд санаанд ордог доо... 

Б.ШИНЭБАЯР: Дурлахад төвлөрч, илүү их дурлаж амьдраарай 

Төгсөх ангид аав ээж маань надад төмөр замын ажилтан болохыг санал болгож байлаа. Аав, ээж хоёр маань хоёулаа төмөр замд ажилладаг байсан юм л даа. Өвөө, эмээ маань ч төмөр замд ажилладаг байсан. Бага насныхаа дурсамжийг эргэн санахад аав маань өглөө гараад л орой орж ирдэг. Ээж маань хэд хоногоор ажлаар хол явчихдаг байсан. Миний дурсамжид аав ээжтэйгээ байсан гэхээс илүү ганцаараа байсан нь их байдаг юм. Жүжигчин гэдэг мэргэжлийг сонгосон шалтгаан ч багаасаа ганцаараа байсных юм болов уу гэж боддог. Таван настайгаасаа л гэртээ ганцаараа байсан хүүхэд гиюүрээд л байгаад байна гэж байхгүй, өөрөө өөртэйгөө ярьж тоглонгоо өөрийн гэсэн ертөнцийг бий болгоно. Тэгж явсаар үзсэн харсан юмаараа дамжуулаад, “вирус” нь халдан, жүжигчин болох мэдрэмж төрсөн юм шиг байгаа юм. 

Ганцаараа байдаг хүүхэд чинь хүний мөрөөсөл болчихно. Тэгээд л сургуульд ороод найзуудаа гэртээ дагуулж ирэн, их тоглодог байлаа. Тоглохдоо найзуудтайгаа дүр хуваарилж аваад, дүр бүтээж тоглоно шүү дээ. 2000 оны эхээр ахлах ангид хип хоп хөгжим их алдартай болсон учраас бараг найзууд болгон, орц бүр л хамтлагтай байв. Үүний жишгээр л дуулж, бүжиглэдэг хүүхэд байсан учраас урлагийн наадамдаа идэвхтэй оролцдог байсан. Ингээд л найзуудтайгаа цуг хэсэг хип хоп хамтлаг болж явав аа. Өглөө гараад л орой орж ирдэг ажилтай ч юм шиг ажилгүй ч юм шиг хүн болчихсон байлаа. Тэгж явахдаа би ямар нэг байдлаар урлагийн хүн болох юм бол жүжигчин гэдэг мэргэжлийг сонгоод, дараа нь дуучин, бүжигчин болж хөрвөж болох юм байна гэж бодсон хэрэг.

Б.ШИНЭБАЯР: Дурлахад төвлөрч, илүү их дурлаж амьдраарай 

Бас кино үзэх хоббитой байсан учраас цуглуулсан мөнгөөрөө CD авч, кино их үздэг байв. Тухайн кинонд гарч буй жүжигчнээс урам зориг аван, түүн шиг болно гэж хичээдэг байсан. Нэг ёсондоо үзсэн киноны маань ямарваа нэг дүр сэтгэл зүрхэнд минь гүн гүнзгий оч манаргадаг байлаа. Дандаа л эерэг талын дүрүүд харсаар байгаад би ийм л хүн болох ёстой гэж бодох жишээний. Ирээдүйн мэргэжлээс гадна дотоод хүнээ ч давхар кино үзэж бүтээж байв. Ингээд л мэргэжил сонголт ирэхэд аав ээждээ өөрийнхөө сонголтыг хэлсэн дээ.  

Магад хүн бүрд л хайрлаж дурлан сонгосон мэргэжлийнхээ ертөнцөд орж ирэх үед арай өөрөөр бодож явснаа ойлгох үе тулгардаг биз. Б.Шинэбаяр жүжигчин ч үүнийг дайраад л гарсан ажээ.  

СУИС-ийн нэгдүгээр курст элсэн орж, жүжигчний мэргэжлийн анхан шатны зүйлс, А үсгийг нь сурч эхэлсэн. Зүгээр нэг тайзан дээр гараад, эсвэл  дэлгэцийн ардаас үг хэлээд л жүжиглэдэггүй юм байна гэдгийг ойлгосноос хойш улам илүү мэргэжилдээ шунадаг юм билээ. Тэгээд тэр жүжигчин шиг кино, жүжигт тоглодог болмоор байна гэж шунасаар байгаад, мэргэжлээ эзэмшин төгссөн. Илүү мэргэшихийн тулд одоо ч сурсаар л байна. Тайзан дээр гарах болгондоо шинэ юм сурч, шинээр амьдарч байна шүү дээ. Багаасаа тоглодог байсан тоглоом, хоббигоо өөрийн мэргэжил болгосондоо баяртай байдаг.  

Б.ШИНЭБАЯР: Дурлахад төвлөрч, илүү их дурлаж амьдраарай 

-Эерэг талын дүрийг хараад “Би ийм хүн болох ёстой юм байна” гэж боддог байсан гэлээ. Багын уран сэтгэмж, дүрслэл тань өнөөдрийн уран бүтээлд тань хэрхэн бууж байна гэж хардаг вэ? 

-Эерэг дүрд дандаа тоглохоор бас жаахан уйддаг юм билээ. Гэхдээ дандаа л шунаж байдаг. Яагаад Шинэбаяр огт өөр, хэний ч хараагүй дүр төрхийг бүтээж болохгүй билээ гээд огт өөр зүйл рүү тэмүүлж эхэлнэ. Багадаа Жэки Чаны кинонд их дуртай байсан учраас хөдөлгөөнийг нь их дуурайж тоглодог байв. СУИС-д орж ирэхэд үзэж харж байгаа зүйлс ч өөр болж, янз янзын юм сонирхдог олон хүүхэд нийлэхэд тэр бүхнээс өөрт хэрэгтэйг хутгаж аван сав руугаа юүлж эхэлсэн. Одоогийн уран бүтээлүүдэд маань багын уран сэтгэмж маань их шингэж явдаг юм шиг харагддаг шүү.  

Хайрынхаа төлөө үхэхээс ч буцах Ромеогоос хайрыг худалдаж ч авч чадах Шу Фу руу... 

"Ромео Жульетта" бол театрын хамгийн эрэлттэй жүжгүүдийн нэг бөгөөд хайр дурлал, эмгэнэлт явдал, залуу насны хүсэл тэмүүлэл бүхий хүчтэй агуулга нь үе үеийн үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр байдаг. Иймээс орон орны олон ч жүжигчид энэхүү жүжигт дүрээ мөнхлөхийг хүсдэг биз ээ. Харин жүжигчин Б.Шинэбаяр Ромеогийн дүрийг олон жил тайзнаа амьдруулж буй нэгэн юм.  

Оюутан байхдаа өөрийгөө Ромеод тоглоно гэж төсөөлж, бэлдэж ч байсангүй. Ихэвчлэн сонирхож, бэлддэг байсан дүр гэвэл Отелло тэргүүтэй дүрүүд байсан юм. Хүн бүр төгсөөд заавал жүжигчин болоод байх албагүй. Нэг ангиас хэд нь төгсдөг вэ гэдэг их адармаатай. Мөн төгслөө гэхэд хүсэж мөрөөддөг дүрүүддээ тоглоно гэдэг хэцүү талаар багш маань ч хэлдэг байлаа. Тийм учраас оюутан байх хугацааны лабораторийн үе асар их боломж бололцоо юм. Яагаад гэвэл бид өөрсдийгөө өндрөөр үнэлэн ямар ч дүрийг сонгож аваад бэлдэж болно. Харин амьдрал дээр бол аз, эз завшаан гээд олон зүйл тохиолдоно шүү дээ. Ийнхүү азаар би Ромеогийн дүрд тоглосон. Энэ дүрдээ би маш их хайртай. Ромео бол насны хязгаартай дүр. Би 10 жилийн өмнө тоглочихсон учраас л одоо бэлгэдлийн чанартай тоглож байгаа болохоос 30 гарсан хүн Ромеод тоглох хүнд. Тухайн үеийн бага залуугийн сэтгэл хөдлөл, догдлол, гэгэлзсэн байдал байхгүй болчихно шүү дээ. Насны онцлогтой учраас хүн бүр Ромеод тоглох боломжгүй. Мөн Д.Нацагдоржийн дүрийг бүтээсэн байна. Сурагч байхдаа шүлгийг нь цээжилж, хичээл дээрээ судалдаг байсан хүнийхээ дүрд амьдрах боломж олджээ. Жүжигчин хүн их шуналтай. Туслах дүрд тоглохдоо хүртэл дүрд шунаад нэг жүжгээс хоёр дүрд орно шүү дээ. Одоо бол Монголын ч бай, гадаадын ч бай бүх уран бүтээлээс өөрийгөө шинээр нээж харуулах дүрүүдэд л их ажилламаар санагддаг. Жишээлбэл, “Сычуаны сайн хүн” жүжигт үсчин Шу Фугийн дүрд тоглохдоо найруулагчтайгаа маш сайн ярилцаж, их эрэл хайгуул хийсэн. Зүгээр нэг баян үсчин байхыг хүсээгүй, өвөрмөц байх гэж хичээсэн нь өөрийгөө дахин шинээр нээсэн явдал байсан юм. 

Б.ШИНЭБАЯР: Дурлахад төвлөрч, илүү их дурлаж амьдраарай 

Үнэхээр ч хайрыг хамгийн гэнэн, цайлган, цагаан цаас шиг хиргүй тунгалгаар илэрхийлэх, хайр сэтгэлдээ үнэнч хөвгүүн Ромеогийн дүрээс мөнгийг шүтсэн, завхай, зальжин Шу Фу үсчний дүр рүү үсэрснээрээ тэрбээр өөрийн жүжигчний ур чадварыг тайзнаа сорьсон билээ. Энэ талаар жүжигчин Б.Шинэбаяр “Арван жүжигт Шинэбаяр Шинэбаяраараа гарч ирж болохгүй, арван өөр хүн байх хэрэгтэй. Хайрыг дахиад л Ромеогоор төсөөлөөд байвал үзэгчдэд ч уйтгартай шүү дээ. Хайрыг бид мянган аргаар илэрхийлж болох учраас энэ удаа ямар өнцгөөр нь илэрхийлэх вэ гэдгийг эрж хайж, суралцах хэрэгтэй” гэсэн юм.  

“Тэнгэрийн хүү” Б.Шинэбаяр 

УДЭТ-ийн тайзнаа 2011 онд анх амилсан “Тэнгэрийн хүү” жүжиг 13 жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болоход жүжигчин Б.Шинэбаяр шинэ Тэнгэрийн хүү болсон билээ. Харин тэрбээр Тэнгэрийн хүү Модун Шаньюйг хэрхэн дүрсэлсэн бол…? 

Жүжгийн зохиол, үйл явдал бол яг л адилхан шүү дээ. Харин аливаа фактад хандаж байгаа хандлагын хувьд хүн өөр өөр байж болно. Яг адил зүйл өөр олон хүнд тохиолдлоо гэхэд зарим нь бодоод өнгөрч байхад өөр нэг нь дүрэлзэн асаж, уурлаж болно шүү дээ. Хүн бүрийн араншин өөр. Тэгэхээр миний хувьд хаан гэхээс илүүтэй хүн гэдэг талаас нь бодож үзсэн. Хаан ч гэсэн зүрх сэтгэлтэй учраас адилхан л шаналж эмзэглэнэ. Тайзан дээр нэг дүрийг хоёр өөр хүн яг адилхан хийхэд хүмүүс дуртай байдаг. Өөрийнх нь анх үзсэн шиг л байгаасай гэж хүсэмжилдэг юм. Тэгэхээр би тархи, зүрхээ ажиллуулаад байх шаардлагагүй, хүн дуурайхад л хангалттай болчихно. Гэхдээ тэгэхийг хүсээгүй. Мөн миний хувьд тухайн үеийн нийгэм цаг үед хүний харилцаа хандлага ямар байсан бол гэсэн төсөөлөл дээрээ ажилласан. Гадаад төрхийн хувьд жүжигтээ зориулан үсээ хуссан. Эмэгтэйчүүдийн үс дээшээ боолттой байгаа нь тэнгэртэйгээ харьцана гэсэн утга бүхий. Харин эрчүүд зулайныхаа оройг гарган халзалснаар мөн тэнгэртэй харьцахыг бэлгэддэг гэх судалгааг олсон юм. Энэ мэтээр дүр дээрээ ажиллалаа. Гэхдээ 2011 оны Тэнгэрийн хүүгийн судалгаа одоогийн судалгаа хоёр ер нь өөр. Учир нь судалгаанууд харьцангуй олширсон байна.  

Б.ШИНЭБАЯР: Дурлахад төвлөрч, илүү их дурлаж амьдраарай 

Тэнгэрийн хүүгийн араншин бодит амьдралд гарч ирж байна уу? 

Их ууртай болоод байгаа. Би уг нь хүн дүрдээ ороод гарахгүй байна гэдгийг эсрэгээр нь хардаг. Тухайн цаг хугацаандаа л тэр дүрдээ амьдарч байгаа болохоос гарч чадахгүй гацна гэдэг сонин санагддаг байсан. Гэтэл сүүлийн үед нэг л бухимдангуй болоод байгаа. Дүртэй маань холбоотой юм биш биз гэж хаа нэг бодож л байна даа. 

“Театр сэтгэл зүйчтэй байх зайлшгүй шаардлагатай” 

-Театрын жүжигчдэд тулгамддаг асуудлуудын тэргүүн эгнээнд сэтгэл зүйн асуудал ордог. Иймээс ч Их Британийн Үндэсний театр 2021 онд сэтгэл зүйчтэй болсон. Таны хувьд жүжигчдэд сэтгэл зүйч байх хэр шаардлагатай гэж харж байна вэ? 

-Театр сэтгэл зүйчтэй байх нь дан ганц дүр дээр ажиллах үед үүсэх асуудлаас гадна ар гэрийн амьдралаас эхлээд олон талаар хэрэг болдог. Өмнө нь ажил золиос шаардана гэж их ярьдаг байв. Гэхдээ цаг үе харьцангуй өөр болсон. Намайг багад аав ээж маань их ажилтай учраас харагддаггүй байсан шиг би ч хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаа асар бага болжээ. Аав ээжийндээ очих маань ч багассан байна. Аав маань надад “Энэ мэргэжлийг хэцүү гэдгийг мэднэ. Гэхдээ ийм хэцүү гэж мэдсэнгүй” гэж хэлж байсан. Баяр ёслол боллоо гэхэд гэр бүлийнхэнтэйгээ байх биш ажлаа л хийж байх жишээний. Сэтгэл зүйн асуудал ганц том юмнаас болоод шууд хямрахаасаа илүүтэй бага зүйлс томорч цугларсаар асуудал болдог юм болов уу гэж хардаг. Тэгэхээр сэтгэл зүйч уран бүтээл дээр ажиллаад явж байхад тулгарсан сэтгэл зүйн асуудлаас гадна гэр бүлийнхэндээ цаг гаргаж чадахгүй байгаадаа харамсах, гэрийнхэндээ ажлынхаа онцлогийг ойлгуулах гэх зэргээр энгийн мэт боловч хүнд мэдрэмж үлдээж байдаг асуудлуудад ч хэрэгтэй. Тайзан дээр байхад хэн нэгэн хайртай дотнын хүн нь өнгөрсөн ч жүжгээ юу ч болоогүй мэт дуусгаад гарна гэдэг хүнд шүү дээ.  

Б.ШИНЭБАЯР: Дурлахад төвлөрч, илүү их дурлаж амьдраарай 

“Жүжигчин бол үзэгчдэд үйлчилж байгаа үйлчилгээний ажилтан” 

Аделаидын их сургуулиас 2016 онд 20 мэргэжлийн жүжигчний дунд хийсэн нарийвчилсан чанарын судалгаагаар 9 нь олон нийтийн зүгээс ирэх дэмжлэгээс үүдэн өөртөө итгэлтэй болж, үүндээ бардамнах байдал илэрсэн гэжээ. Түүнчлэн энэ нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд ч нөлөөлсөн гэж тэмдэглэсэн байна.  Алдар нэрийн өвчин буюу бидний нэрлэдгээр “оддын өвчин”-д өртөх эрсдэл жүжигчдэд тодорхой хэмжээнд байгаад зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэйг уг судалгаа харуулсан билээ.  

Нэг юмыг мартаж болохгүй. Мөрөөдөл гэдэг зүйлийг мартаж хэрхэвч болохгүй. Оюутан ахуй цагтаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Гамлет” жүжгийн олны хэсэгт орж байхдаа энэ тайзан дээр олон мундаг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн, текст хэлээд, ямар нэгэн дүрд л тоглохыг хүсэж байв. Мөрөөдөл маань ч биелсэн. Миний мөрөөдөл учраас би зүгээр ажлаа л хийж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр зүгээр ажлаа л хийж байгаа үедээ хамраа сөхөн сагсуурах хэрэг байхгүй. Хамгийн анх кинонд тоглоод, гудамжаар зурагт хуудас маань байх үед жүжигчин болох гэж зорьж байгаа хүүхдийн хувьд асар их догдлол мэдэрч байв. Худлаа ярихгүй ээ, нэг хэсэг тодорхой хэмжээнд биеэ тоон, “оддын өвчин” гэдэгт нь өртсөн ч байх. Нэг мэдсэн хүрээлэл ихтэй, найзууд олонтой хүн болчихсон байлаа. Тийм зүйлд сатаараад эхлэхээр үндсэн зорилгоо алдаж эхэлдэг юм билээ. “Хүсэж хүсэж дөнгөж зах зухаас нь атгаж авсан байж би юу болж байна аа” гэж бодсон. Тэр үед мөрөөдлөө л мартаж болохгүй гэдгийг эргэн санасан даа. Эцсийн эцэст театрт жүжиг үзэхээр ирсэн хүмүүс уран бүтээлийг зорьж ирдэг болохоос жүжигчдийг төдийлөн зорьж ирдэггүй. Тодорхой хэмжээнд жүжигчнийг зорьж ирэх нь байх ч дийлэнх нь л уран бүтээлийг гэж ирдэг шүү дээ. Тэгэхээр би тэр хүмүүст үйлчилж байгаа үйлчилгээний байгууллагын ажилтан л байхгүй юу. Иймээс энэ хэцүү байна гэж ялархах эсвэл би лаг гэж оодроод байх шаардлагагүй юм билээ. 

Б.ШИНЭБАЯР: Дурлахад төвлөрч, илүү их дурлаж амьдраарай 

“Дурлахад төвлөрч, илүү их дурлаж амьдраарай” 

Эргээд харахад театр таныг хэрхэн бүтээж, таны хувьд юу болсон байна вэ? 

Шинэбаяр гэдэг хүнийг хүмүүс уран бүтээлээр нь хүлээж авч байгаа. Нэрийг нь гэхээс илүү дүрийг нь санаж яваа гэсэн үг. Тэгэхээр би тэр хүмүүсийн сэтгэл итгэлийг алдаж, урмыг нь хугалж болохгүй. Мөн би багадаа жүжигчдийг хараад үлгэр дуурайлал авч байсан шиг хэн нэгэн хүүхэд ч намайг хараад тэгж байгааг үгүйсгэхгүй шүү дээ. Хоёр хүүхдээ бодсон ч би зөв явах хэрэгтэй. Эдгээр бодлыг минь театр бүтээж өгчээ гэж хардаг юм. Ер нь хүн юунд анхаарна, тэр л илүү томордог. Кино урлаг ч бай, театрын урлаг ч бай ямарваа нэгэн урлаг тухайн үзэж сонсож байгаа хүмүүстээ ямар нэг зүйлийг өгч байх ёстой. Театр өөрийн гэсэн хэлтэй, уран бүтээл бүр өөрийн гэсэн онцлог, хэлэх гэсэн санаатай учраас үзэгчид тэндээс өөрийгөө тольдон, нийгмийг ажиж, нэгийг ухааран гардаг. Бид өглөө бүрийг л шинэ мэдээгээр эхлүүлж, маш их үйл явдал дунд амьдарч байна. Юунд цагаа зарцуулаад байна вэ гэдгээ л анзаарах хэрэгтэй. Сая хэлсэнчлэн юунд анхаарна, тэр л томорно. Тэгэхээр театраас, амьдралаас суралцаж яваа зүйлээсээ хуваалцахад дурлахад төвлөрөөсэй гэж хүсэж байна. Ажилдаа дурла, амьдралдаа дурла, ууж идэж байгаа хоол хүнсэндээ дурлаж хайрлаж ид, хамт байгаа хүндээ ч дурласан шиг дурлаарай. Илүү их дурла. 

Алдарт жүжигчин Жон Литкоу “Театр бол хүмүүсийн хүн чанараа санах гэж очдог газар юм” хэмээсэн байдаг. Бид театраас гарахдаа бидний амьдрал юу болоод байгааг, бид өөрөө хэн болж хувираад байгаагаа тольдохын зэрэгцээ хэзээ, хэнд сайхан сэтгэл гаргаснаа, сүүлд хэзээ хайртай хүмүүстээ хайртайгаа хэлснээ тунгаасаар гардаг шүү дээ. Нийгмийн толь болон ажилладаг театрын салбарын нэгэн төлөөлөлтэй хийсэн ярилцлага ийнхүү өндөрлөлөө. Бидний нэг болон ярилцсан жүжигчин Б.Шинэбаярт болон уншигч танд баярлалаа. Ойрд театр зориогүй бол амьдралаа тольдохоор театрыг зүглээрэй! 

Гэрэл зургийг: Д.Занданбат