Залуусын орон зай

Аяга кофены хэмнэлт

Д.Наранцэцэг2024.04.215 минут унших
Аяга кофены хэмнэлт - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголд кофены соёл сүүлийн хэдэн жилд нэлээд өргөжин дэлгэрч, бидний тухтай сууж, ярилцах газруудын нэг бол яахын аргагүй кофе шоп болжээ. Харин амтат кофегоо ууж дуусгасны дараа гарт “дүүрэн” хаягдал үлдчихсэн байдаг нь сэтгэл эмзэглүүлнэ. Энэхүү нийтлэлээр бид өөрийн аяганд кофе уух зуршил бидэнд ямар ач холбогдолтой болох тухай хуваалцахаар бэлтгэлээ.

Аяга кофены аюул

Slide 16_9 - 51.png

Аяга кофе ууж дууссаны дараа ширээн дээр үлдэх соруул, баригч, аяга, таг, салфетка гээд гарт багтахгүй хаягдал үүссэн байдаг. Дэлхий дээр жилд 2.5 тэрбум ширхэг кофены аяга хаягддаг(2011) бөгөөд энэ нь минут тутам 5,000 ширхэг кофены хог хаягдал үүсдэг гэсэн үг юм. Гэтэл эдгээр хаягдлын зөвхөн 1% орчмыг л дахин боловсруулах, дахин ашиглах замаар байгальд шууд хаягдахаас сэргийлж чаддаг байна. Үлдсэн 99% нь газар дээр болон далайн усанд хаягдаж, тухайн орчинд 30 жилийн турш  өгөршиж, задарч орчны бохирдол үүсгэдэг ажээ. Өнөөдөр хэрэглэсэн нэг удаагийн аяга 2054 онд л эцэст нь задарна гээд бодохоор л…🥺 Гэхдээ үүнийг шийдэх маш энгийн арга бий.

Slide 16_9 - 52.png

Тэр бол өөрийн аяганд кофе авах юм. Бид кофе шоп, сүлжээ дэлгүүрээс өөрийнхөө аяганд кофе худалдаж авснаар 500-1,000 төгрөгийг хэмнэх боломжтой байдаг😱. Их мөнгө биш ч автобусны мөнгөө хэмнэх боломжтой ч бид шууд л хогийн сав руу хаядаг гэсэн үг. Хэрэв та өдөрт нэг аяга кофе авч уудаг бол 7 хоногт 3,500-7,000 төгрөг, жилд дунджаар 22 аяга кофены үнийн дүн болох 182,000 төгрөгийг бодитоор хэмнэх боломжтой. Мөн Монголд CoffeeNamu, CU, Tom N Toms, Segafrede, Cosy club, Jack’s coffee зэрэг олон газар өөрийнхөө аяганд кофе авч буй өөртөө бас байгальдаа хайртай хэрэглэгчдэдээ дээр дурьдсан хөнгөлөлтийг үзүүлдэг. Одоо зөвхөн хэрэглэгч бид нар л “аягандаа кофе авъя” гэдгийг тренд болгох л үлджээ. Түүнчлэн хог хаягдлын том хар уут хурдан дүүрч, тэр болгонд нь бариста нар гаргаж хаядаг ачаалал багасах боломжтой гэхээр ажил нь ч хөнгөрч, илүү амттай кофег хайр дүүрэн сэтгэлээр, нүүр дүүрэн инээмсэглэлтэй чанах байх даа🥰. Мөн дэлхийн томоохон кофены сүлжээний нэг болох Starbucks  нэг удаагийн аяганы хэрэглээг багасгахыг уриалж, үйлчлүүлэгч аягандаа кофе авбал 0.10$ болон 25 оноог бонус болгон авах боломжтой үйлчилгээг нэвтрүүлжээ. Ингэснээр 2030 он гэхэд өөрсдийн үүсгэж буй хаягдлыг 50% бууруулах амлалтдаа хүрэх боломжтой гэж үзсэн бөгөөд энэ нь бидний өдөр тутамдаа худалдан авдаг аяга кофены хаягдал ямар том нөлөөтэй гэдгийг илэрхийлж байгаа юм. Ер нь дэлхийн чиг хандлага аягандаа уух руу чиглээд байна уу даа😁.

Нөгөөтээгүүр, нэг удаагийн аягыг үйлдвэрлэхэд  ус, эрчим хүч, цаас, хуванцар зэрэг байгалийн нөөцийг ашигладаг. Харин бид ийм их нөөц ашиглаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэдхэн минут ашиглаад, шууд хогийн сав руу хаяж байгаа нь тоомжиргүй үйлдлийн нэг биш гэж үү🤔. Мөн хүн өдөр тутам хуванцар аяган, соруул, халбага хэрэглэснээр микропластик иддэг гэх судалгаа гарсан. Тиймээс нэг удаагийн аяганд биш өөрийнхөө аяганд кофе худалдаж авах нь зөвхөн байгалиа хайрлах биш эрүүл амьдрахын төлөө хийж буй энгийн алхмуудын нэг юм.

Эцэст нь, өглөө гэрээс гарахдаа утсаа авахаа мартдаггүй шиг өөрийн жижигхэн аягыг цүнхлээд, кофегоо аягандаа аваад санхүү болон байгальдаа ээлтэй энгийн үйлдэл хийдэг, хариуцлагатай иргэн байх сонголт хүн бүрд байна. Харин та энэ хариуцлагатай үйлдлийг түүчээлэгч залуусын нэг байгаарай. 

Редактор: Г.Цэнд-Аюуш

Гэрэл зургийг: Л.Буд

Ашигласан эх сурвалж:
Starbucks becomes first national coffee retailer to accept reusable cups for drive thru and mobile orders.
Coffee pollution: Plastic waste & what we can do about it
Paper coffee cups cannot be recycled
The lifecycles of plastics
Microplastics in food eating plastic waste
Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд