“Хүн төрөлхтнийг ямар ирээдүй хүлээж байна вэ? Үнэхээр бидний төсөөлдөг шиг оюун ухаант роботуудын эрин үе ирж байгаа болов уу? Технологийн дэвшил эрчээ авсан энэ цагт байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн сааруулах боломжтой бол?” гэх мэт ирээдүйг таамагласан сонирхолтой бодлууд үргэлж бидний дотор байдаг шүү дээ. Тэгвэл үнэхээр ирээдүйг урьдчилан мэдэх боломжтой гэж үү?
Хариулт нь тийм. Учир нь жил бүрийн нэгдүгээр сард Швейцарын Давос хотноо дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагч, бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд болон олон улсын байгууллагууд гээд салбар бүрийн төлөөллүүд цугларан ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэж, ирээдүйг тодорхойлох чухал шийдвэрүүдийг гаргадаг билээ. Ийнхүү 1971 оноос зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы ээлжит чуулган энэ сарын 20-24-ний өдрүүдэд “Ухаалаг эрин үе дэх хамтын ажиллагаа” сэдвийн дор дэлхийн 130 гаруй улс орны 3,000 орчим удирдагч, манлайлагчдыг хамарсан олон талт хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн өнцөг булан бүрээс Давос хотыг зорин ирсэн зочид төлөөлөгчид дэлхий дахинаа тулгарч буй сорилт бэрхшээлийг хэрхэн хамтын хүчээр даван туулах арга зам, шинэ технологиудыг хэлэлцэхийн сацуу өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, бизнес хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудыг дэлхий дахинаа таниулах зорилгоор улс орныхоо онцлогийг илтгэх “House”-уудыг байршуулдаг билээ. Харин манай улсын хувьд Дэлхийн эдийн засгийн чуулганд анх удаа Монгол Улсын алсын хараа, эдийн засаг, нийгэм хөгжлийн нөхцөл байдал, дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах боломжууд болон эдийн засгийг тэлэх ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах “Mongolia House”-ийг Давос хотын гол гудамж болох Променад гудамжнаа байршуулан оролцсоноороо онцлог юм. Тодруулбал, Go Mongolia үндэсний брэндийн дор “Mongolia House”-аар дамжуулан 3,000 гаруй төлөөлөгчдөд соёлын өв, уламлжлал, аялал жуулчлалын талаар болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөл, тогтвортой хөгжилд чиглэсэн боломжуудыг сурталчлан танилцуулсан юм. Ингэснээр дэлхий дахинд эх орноо сурталчлахын сацуу хөрөнгө оруулалт татах маш том боломж, үүд хаалга нээгдэж буй билээ.
Швейцарын Давос хотноо сүндэрлэсэн “Mongolia House” нь манай орны эдийн засгийг тэлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн Монгол Улс дэлхийд эрчээ авч буй сэдвүүдийн талаар өөрсдийн байр суурь, үзэл бодлыг илэрхийлэх, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж буйг илтгэх нэгэн чухал талбар болсныг нэн онцлууштай. Дэлхийн эдийн засгийн чуулганд хэлэлцэж буй чухал сэдвүүдийн хүрээнд “Mongolia House” дотор сонирхолтой хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын төлөөлөл гээд олон улсын оролцогч талуудтай үнэ цэнтэй агуулгуудын талаар ярилцсан юм. Мөн Дэлхийн эдийн засгийн чуулганы Удирдах хорооны гишүүн Стефан Мергенталер, Тайландын Сангийн асуудал эрхэлсэн Тэргүүн шадар сайд Пичай Чунхаважира, АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Ал Гор, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, CNN-ий сэтгүүлч Ричард Күэст зэрэг хүндтэй зочид Mongolia House-аар зочилж, таван өдрийн турш “Mongolia House”-ыг зорих олны хөл тасарсангүй.
Энэхүү явдал нь Монгол Улс дэлхий нийтийн ногоон шилжилтэд хувь нэмрээ оролцуулах амбицаа танилцуулах, Монголын залуу удирдлагууд дэлхийн асуудалд ч бас шийдэл эрэлхийлж, хувь нэмрээ оруулах болсныг илтгэж буйн илэрхийлэл билээ. Ийнхүү манай улс өмнө нь өөрийн орны асуудлыг хэлэлцэж, ярилцдаг байсан бол энэ удаа дэлхийн шилдэг экспертүүд “Mongolia House”-аар зочилж, дэлхий дахины хөгжлийн чиг хандлага болоод манай улсын цаашдын хөгжилд оруулах хувь нэмэр, хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцсэн гэдгийг дуулгахад таатай байна. Тухайлбал, “Эрдэс баялгаас зах зээл хүртэл: Уул уурхайгаас хальсан шинэ хөрөнгө оруулалтын эрин” (From Minerals to Markets: New Investment Era Beyond Mining), “GO Mongolia: Дэлхийн аялал жуулчлалын тавцанд Монгол Улсын эзлэх байр суурь” (GO Mongolia: Positioning in the Global Tourism Landscape) зэрэг цаг үеийн сэдвүүдийн талаар хэлэлцүүлгүүд өрнөсөн билээ.
Эдгээрээс онцолбол, “Яагаад жижиг улсууд хиймэл оюун ухааны хөгжлөөр тэргүүлэх ёстой вэ?” (Why Small States will Lead the Al Revolution) сэдвийн хүрээнд SandboxAQ компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Эндрю Маклафлин, Руанда улсын мэдээлэл, харилцаа холбооны сайд Паула Ингабире, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Баттүшиг нар маш сонирхолтой яриа өрнүүлж, Tony Blair институтийн гүйцэтгэх захирал Эмили Стэнгер Сфайл хэлэлцүүлгийг удирдан чиглүүлсэн юм.
Тэд өндөр хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудын хооронд хиймэл оюун ухаан, цахим хуваагдлын том ялгаа үүсэж буйн гол шалтгааныг хэлтэй холбон тайлбарлаж байлаа. Жишээлбэл, Нигери улсын хэлийг хиймэл оюун ухаанд нэвтрүүлснээр хоёр жилийн хугацаанд сурах боловсролын агуулгыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар ердөө 6 долоон хоногт суралцах боломжтой болжээ. Иймд тухайн улсын хэлийг хиймэл оюун ухааны хэрэглээнд нэвтрүүлж чадвал богино хугацаанд үр дүн гарах боломжтой бөгөөд цаашлаад тухайн улсын боловсрол, нийгэм, эдийн засгийн салбарт нөлөөлөх чухал ач холбогдолтой гэдгийг онцолжээ.
Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн чуулганы хиймэл оюун ухааны хөгжлийн талаарх хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн эдийн засгийн чуулганы Залуу манлайлагчдын форумын гишүүн Б.Болор-Эрдэнийн хэлсэн үг олны анхаарлыг татсан билээ. Тэрбээр өөрийн AI Academy Asia-г үүсгэн байгуулж, Монголын хөдөө орон нутгийн иргэдэд хиймэл оюун ухааны боловсрол олгохоор 500 багш бэлтгэх зорилготойгоо илэрхийлсэн юм. Мөн малчдад зориулсан практик ур чадварын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд малчид хиймэл оюун ухаан ашиглан учирч болох байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой талаар онцолж байлаа.
Энэхүү үйл явдал нь хэт хурдацтай техник технологи биднээс хол биш, бид дэлхий нийтийн хөгжлөөс хол тасарсан биш хөл нийлүүлэн алхах боломж нэгэнтээ бүрдсэнийг батлан харуулж буйн бас нэгэн тод жишээ юм. Тухайлбал, Asia Ai Academy нь Кембрижийн Их Сургуулийн багш нартай хамтран энэхүү хиймэл оюун ухааны боловсролын хөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд хамгийн түрүүнд Нидерланд улс тус академийн сургалтад хамрагдахаар болсон нь Монголын YGL-үүд олон улсын зах зээлд хэдийн нэвтэрснийг нотолж байна. Нэг үгээр хэлбэл, моод Монголоор дуусдаг үе өнгөрсөн буюу дэлхийн эдийн засгийн зах зээлд бид хурдацтайгаар хөл нийлүүлж байна.
Дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулганд Монгол Улс тогтвортой хөгжлийн асуудал, технологийн шинэчлэл болон эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлэн идэвхтэй оролцсон юм. Тус чуулганы үеэр Монгол Улс хоёр том хэмжээний хэлэлцээр болон санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Мөн “Mongolia House”-д өрнөсөн Монголын аялал жуулчлалын салбарын талаарх хэлэлцүүлгийн хүрээнд манай улс аялал жуулчлалын стратеги боловсруулж, дэлхийн аль ч орноос олон талын үр өгөөжтэй жуулчид татах боломжтой талаар судалгаа явуулж, тухайн улсаасаа шууд нислэг буюу хамгийн хялбар тээврийг санал болгох бодлогын тухай хэлэлцсэн гэдгийг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин онцолж байлаа. Тус хэлэлцүүлэгт AirAsia авиа компанийн Дэд захирал Фарук Камал оролцсон бөгөөд судалгаа стратегитай улс орон руу шууд нислэг үйлдэх нь олон улсын эйр компаниудад ч харилцан ашигтай гэдгийг дурдсан юм.
Харин хиймэл оюун ухааны талаар хүчтэй яриа хэлэлцээ өрнөж байгаа энэ удаагийн чуулганд манай улс ч бас өндөр өгөөжтэй оролцох боломжтой талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд хөрөнгө оруулагчдад танилцуулсан байна. Тодруулбал, хиймэл оюун ухааны том дата төвүүдийг сэрүүн цаг агаартай, ногоон эрчим хүчний өндөр нөөцтэй улс орнуудад барьж байгуулахад Монгол Улс хамгийн тохиромжтой хөрөнгө оруулах цэг болохыг танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл, манай улс нэг сумаар хоёр туулай буудчихаад ирсэн гэсэн үг юм.
Хөгжиж буй манай орны хувьд Дэлхийн эдийн засгийн чуулганы индэр дээр өөрсдийн байр суурийг илэрхийлж, дэлхийн бодлого тодорхойлогч, бизнесменүүдэд дуу хоолойгоо хүргэж буй эдгээр үйл явдал нь түүхэнд тэмдэглэгдэхүйц чухал мөч болж өндөрлөлөө. Түүнээс гадна CNN, Financial Times, Reuters, Politico зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцаас манай улсын талаар онцолж, “Mongolia House”-ийн талаар мэдээ, сурвалжилга бэлтгэн хүргэсэн нь Монгол Улсыг олон улсын тавцанд сурталчлан таниулахад томоохон түлхэц болж байна.
Тухайлбал, дэлхийн хамгийн том олон улсын мэдээллийн агентлагуудын нэг болох Reuters агентлаг Монгол Улсын Засгийн газар болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хооронд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулсныг онцолж байлаа. Мөн дэлхий даяар 100 гаруй улс оронд хүрч ажилладаг Африкт төвтэй Arise News суваг “Mongolia House”-аар зочилсон бөгөөд 3.5 сая хүн амтай Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй, ашигт малтмалаас ихээхэн хамааралтай байдаг хэдий ч монголчууд эдийн засгийн олон талт ирээдүйг эрэлхийлж байгаа талаар дурджээ. Arise News-ийн сурвалжлах баг Монголд үйлдвэрлэсэн ноолууран ороолт, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож, манай орны соёл, уламжлалтай танилцахын сацуу Монголын эдийн засгийн чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуягтай ярилцсан байна.
Ийнхүү Швейцар улсын Давос хотноо тав хоногийн турш үргэлжилсэн Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганы хүрээнд Монгол Улс Go Mongolia үндэсний брэндийн дор “Mongolia House”-г байгуулж, аялал жуулчлал, соёлын өв, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн нөөц боломж, сэргээгдэх эрчим хүчний салбар гээд олон салбарын хүрээнд өөрсдийн байр суурийг илэрхийлэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлэн амжилттай оролцлоо. Эдгээр нь манай орны хөгжлийн зорилго, Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй гар нийлж, хөгжлийг хурдасгах гүүр болно гэдэгт итгэлтэй байна!