Тэл (хос) хэлтэн үү, хольж хутгаж ярьдаг уу?
БоловсролХэл соёл
Ayuussh
Ayuussh
2024.05.21
5 минут
Тэл (хос) хэлтэн үү, хольж хутгаж ярьдаг уу?

“... Ачаалалтай хуваарьтай үед стресстэж, burnout болохгүйн тулд өглөөний routine-ийхээ дагуу заавал өөрийгөө care-лээд, өглөөний цайндаа fresh хүнснүүд хэрэглэж, гарахаасаа өмнө заавал skincare хийхээр өдөржин happy байж, full energy-тэй ажиллаж чаддаг!...” 

Өнөөдөр бидний өдөр тутамдаа төрөл бүрийн эх сурвалжаас уншиж, үзэж, сонсож буй мэдээлэл, цаашлаад бидний энгийн харилцан ярианд хүртэл англи үг маш идэвхтэй ашиглагдах болж, монголоор ч яриад байгаа юм шиг, англиар ч яриад байгаа юм шиг болчихсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Заримдаа харилцан ярианы үеэр бие биеэ ойлгохгүй лавлаж асуух шаардлага гарах тохиолдол ч байдаг шүү дээ. Энэ мэдээж орчин үеийн мэдээллийн хурдацтай тархалт, англи хэлний хөгжил, гадаад хэлний маркетинг болоод эцэг эхчүүдийн хүүхдүүдийнхээ боловсролд цаг үеэ даган санаа зовниж, гадаад хэл сайн сурах хэрэгтэй тухай хүүхдүүддээ зөвлөж, анхааруулах болсон гээд олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Нэгэнт англи хэл олон улсын хэл болсон энэ цаг үед англи хэлний мэдлэг олон салбарт хэрэгцээ шаардлагатай болсон боловч эх хэлнийхээ хэм хэмжээг алдагдуулж буй явдал нь зөвхөн манай улсад яригдаж буй асуудал биш юм. Ийм асуудал дэвшүүлэх бүрд бидний дунд “үзэж, сонсож буй гадаад хүмүүст ойлгомжтой байх хэрэгтэй…, англи хэл хэрэгтэй…, хүний ямар хэл дээр, яаж ярих нь тухайн хүний эрх, эрх чөлөө шүү дээ…, орчин үед хос хэлтэй байх хэрэгтэй болчхоод байна!” гэх мэт маргаан гардаг. Гэтэл асуудлыг бид өөр өөрсдийн өнцгөөс дэвшүүлээд орхих бус, шийдлийг нэгдмэл байдлаар хайх хэрэгтэй билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр нэг талаас хос хэлтэн, нөгөө талаас хэлний хэм хэмжээ гэх ойлголтын тухай авч үзэцгээе.

Тэл (хос) хэлтэн үү, хольж хутгаж ярьдаг уу?

Хоёр хэлийг нэгэн түвшинд зэрэг эзэмшсэн хүнийг “хос хэлтэн” буюу “bilingual” гэнэ гэж хэл шинжлэлийн онолд тодорхойлсон байдаг байна. Орчин цагт бид хос хэлтэн гэж ярилцаж заншсан боловч энэхүү ойлголтыг илэрхийлэх “тэл хэлтэн” гэх нэр томьёо үнэн хэрэгтээ монголчуудын дунд эрт үеэс хэрэглэгдэж байсан бөгөөд 18-р зууны үед бүтээгдсэн монгол-төвд нэр томьёоны толь бичиг “Мэргэд гарахын орон” гэх бүтээлд “... тэл хэлийг өгүүлэгч арван гүүш нүгүүд бээр эртний хуучин орчуулга ба сайн зарлигийн тааллыг сайтар шинжилж…” хэмээн тэмдэглэсэн нь тухайн үеийн монгол-төвд, монгол-манж, монгол-хятад, монгол-санскрит хэлийг нэгэн түвшинд эзэмшсэн орчуулагчдыг нэрлэдэг байжээ. Цаашлаад хоёроос дээш хэл эзэмшсэн хүнийг “олон хэлтэн” буюу полиглот гэж нэрлэж байна.

Бид “тэл хэлтэн” мөн үү?

Олон улсын түвшинд тэл хэлтнийг тойрсон олон чиглэлийн судалгаа хийгддэг бөгөөд тэл хэлтнийг хоёр хэлтэй орчин төрж, өссөн, бага насандаа хоёр дахь хэлээ сурч эхэлсэн, өсвөр насандаа хоёр дахь хэлээ сурч эхэлсэн, насанд хүрсэн хойноо сурч эхэлсэн бөгөөд хоёр хэлний мэдлэгийн түвшин хоёулаа ижил гэх мэт янз бүрийн нөхцөлөөр ангилж авч үздэг байна. Нөгөө талаас тухайн хэлний мэдлэгийн түвшнээс хамааран хүлээн авах чадвартай тэл хэлтэн, тэнцвэртэй болон тэнцвэргүй тэл хэлтэн гэх мэтээр янз бүрээр ангилжээ. Судлаачдын тодорхойлсноор монгол-англи, монгол-герман, монгол-франц, монгол-солонгос, монгол-япон гэх мэт хоёр хэл мэддэг бөгөөд аль ч хэл дээр тухайн хэлнийхээ хэм хэмжээнд нийцүүлэн оновчтой үгийн сонголт, найруулга зүй ашиглан зөв цэгцтэй ярилцаж, чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг, зөв бичих дүрмийн дагуу төвөггүй бичиж чаддаг бол баланстай буюу зохистой тэл хэлтэн мөн. Харин нийтлэлийн эхэнд дурдсанчлан өгүүлбэрт хоёр хэл хольж ярьдаг бол та тэнцвэртэй бус тэл хэлтэн юм. Энэ нь аль аль хэлээ сайн эзэмшиж чадаагүй буюу өдөр бүр давтаж, сайжруулахын оронд “сурсан болоод” л орхисон байгаагийн илрэл ажээ.

Тэл (хос) хэлтэн үү, хольж хутгаж ярьдаг уу?

Хэлний хэм хэмжээ гэж юу вэ, түүнийг яагаад сахих ёстой юм бэ?

“Бид бүгд өөр өөр, хүн бүр өөрийн гэсэн онцлогоор гэрэлтэж байдаг” гэдэгтэй яг ижилхэн хэл бүхэн өөрийн гэсэн онцлогтой, үгсийн сантай, өгүүлбэрийн бүтэцтэй, уран найруулгатай, яруу дуудлагатай. Тэрхүү онцлог дээр нь тулгуурлан хэлний хэм хэмжээ бий бий болдог. Харин үүнийг өдөр тутмын харилцан ярианд, тэр дундаа олон нийтийн мэдээ мэдээллийн орчинд зохистой хэрэглэхийг дэлхийн улс орон бүрд журамлан зохицуулж, сурталчлан түгээдэг. Энэ үүднээс хэл болгонд чиглэл бүрийн судалгаа шинжилгээний ажил хийгддэг, зөв бичих дүрмийн ном, тайлбар толь бичиг, сурах бичиг, алдаа шалгагчийг бүтээж, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлдэг. Улс болгон эх цэгцтэйгээр хөгжүүлж, хүчирхэг байлгахынн тулд сайтар судлахаас гадна бусад улс орнуудад сурталчилж байдаг. 

Хэлний хэм хэмжээг алдуулахгүйгээр хэлийг цэгцтэй хэрэглэж, хөгжүүлэхийн тулд:

  • Надад ийм эрх бий, ийм зүйлийг хүртэх эрхтэй гэдгээ бид сайн ухамсарладаг шигээ өдөр тутамдаа сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлж, харилцаж буй эх хэл тань ч бас өөрийн онцлог шинжээ хадгалж, зөв замаар хөгжих эрхтэй гэдэг талаас нь бодолцож үзээд, сонирхон судлах, хайрлах. 
  • Хольж хутгаж ярихгүй байхыг хичээх. Хэрэв таны түгээж буй мэдээллийг гадаад хүн үзэх бол аль нэг хэлээр нь цэгцтэй яриад, нөгөө хэлээр нь хадмал орчуулга хийх соёлыг өөртөө төлөвшүүлэх. Энэ бол хамгийн мэдрэмжтэй, мэдлэгтэй, соёлтой хүний үйлдэл юм шүү.
  • Зөв бичгийн дүрмийг сайтар судлах. Зөв бичих болон зөв сайхан найруулан бичих чадвараа хөгжүүлэхийн тулд тогтмол ном унших.
  • Толь бичиг ашиглах. Найзаасаа, танилаасаа, гэрийнхнээсээ “энэ үгийг яаж бичдэг билээ?” гэж асуухын оронд толь бичгийн хэрэгслүүдийг тогтмол ашиглаж сурах, бусдад санал болгох. 
  • Алдаа шалгагч ашиглах. Олон нийтэд мэдээлэл түгээхийн өмнө бичвэрээ алдаа шалгагчаар шалгаж байж нийтлэх соёлд суралцах.

Тэл (хос) хэлтэн үү, хольж хутгаж ярьдаг уу?Гадаад хэл сурахыг хэн ч хорьж цээрлээгүй, харин аль аль хэлнийхээ хэм хэмжээг алдуулахгүй, цэгцтэй хэрэглэцгээе, залуус аа!