Залуусын орон зай

Coldplay хамтлагийн өрнүүлж буй хувьсгал

Б.Хонгор2024.03.076 минут унших
Coldplay хамтлагийн өрнүүлж буй хувьсгал - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Нүд гялбам хурц гэрэлд бүх асуудлаа мартаж, чанга хөгжмийн хэмнэлээс урлагийн таашаалыг мэдэрч зогсох нь сүнсэн биедээ өгч болох хамгийн тансаг бэлгүүдийн нэг болов уу. Гагцхүү ийм мэдрэмжийг бидэнд томоохон хөгжмийн фестивалиуд л өгч чаддаг. Өнөө үед энэ төрлийн арга хэмжээ нь зохион байгуулагдаж буй орныхоо аялал жуулчлал, эдийн засагтай шууд холбогддог, тун “нөлөө бүхий” үйл ажиллагаа болон өргөжжээ. 21-р зуунд дэлхий дээр оршин буйн хувьд “Coachella” фестиваль дээр нарлаг Калифорний мужтай танилцаж, “Tomorrowland”-д цуурайтах шилдэг DJ нарын бүтээлийг сонсон, “Java Jazz” фестивалийн донжтой хэмнэлийг “мэдэрч үзмээр л байдаг биз дээ?”. Тэгвэл яг тантай адилхан сая сая хүн оршин бий. Дэлхий даяар хөгжмийн фестивалийн тоо ихсэж, эрэлт нэмэгдсэнээс үүдэлтэй эерэг, сөрөг олон үр дагавар ажиглагдах болсон байна. Улмаар уг бичвэрийн хүрээнд хөгжмийн фестивалиуд хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буйг тоо баримт дээр тулгуурлан эргэцүүлж, алдарт Coldplay хамтлаг энэ асуудалтай хэрхэн тэмцэж байгаа талаар өгүүлэх болно. 

Цочир факт: 19.778 ТОНН!

Зөвхөн Их Британид зохион байгуулагддаг хөгжмийн фестивалиуд жил бүр нийт 19.778 тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулдаг гэсэн судалгаа байдаг аж.

1 хүн = 5 кг нүүрстөрөгчийн давхар исэл 

“AGF” хэмээх байгууллагаас дэлхийн 17 орны хөгжмийн фестиваль дээр  судалгаа хийж тэдний байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг ил болгосон байна. Тухайн судалгааны тайлангаас товч танилцуулбал:

  • Нэг тоглолт дунджаар 500 тонн нүүрстөрөгчийн давхар исэл агаарт ялгаруулдаг.
  • Харин тухайн арга хэмжээнд оролцож буй нэг хүн өдөрт 5 кг нүүрстөрөгчийн давхар исэл бий болгодог.

Улмаар энэ нүсэр хэмжээтэй нүүрстөрөгчийн давхар исэл нь чухам хаанаас бий болоод байна вэ гэдгийг нарийвчлан гаргажээ. Тухайлбал, хөгжмийн фестивалиас үүдэн агаарт ялгарч буй нийт CO2-ийн 41.4 хувийг үзэгчдийн зорчих хөдөлгөөн буюу бүх төрлийн тээврийн хэрэгсэл бий болгож байна. Түүний араас хоол хүнс, ундаа буюу түүнд ашиглагдах нэг удаагийн бүтээгдэхүүнүүд 34.5 хувиар удаалж байгаа бол уран бүтээлчдийн зорчих хөдөлгөөн 9.3 хувьтай байна. Сонирхолтой нь, хог хаягдлаас ялгарах хий нийт нүүрстөрөгчийн давхар ислийн ердөө 3.8 хувьтай тэнцэж байгаа ажээ.

Music Festival Chart (1).jpg
Зураг 1. Хөгжмийн фестивалиудаас ялгарч буй нүүрстөрөгчийн давхар исэл эх үүсвэрүүд

Эрх чөлөөний хөшөөг 10 нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хог хаягдал

Өмнөх хэсэгт дурдсанчлан хог хаягдлаас үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт, бусад хүчин зүйлтэй харьцуулахад тун бага хувийг эзэлж байсан. Тэглээ гээд хог хаягдлыг асуудал биш харах нь өрөөсгөл юм. AGF-ээс гүйцэтгэсэн судалгааны бас нэгэн хэсэгт Их Британид зохион байгуулагддаг хөгжмийн фестивалиудаас ялгарч буй нийт хог хаягдлын хэмжээг тооцож үзжээ. Ингэхэд зөвхөн хөгжмийн фестивалиуд нэг жилийн хугацаанд 23.500 тонн хог хаягдлыг бий болгож байсан аж. Энэ нь ямар аймшигтай тоо болохыг та бүхэнд тун энгийн жишээгээр тайлбарлая.

  1. АНУ-ын Нью-Йорк хотод байрлах эрх чөлөөний хөшөө нь 46 метрийн урттай бөгөөд нийт жин нь 225 тонн ажээ. Тэгвэл энэ хөшөөг 10 нийлүүлсэн ч Их Британийн хөгжмийн хорхойтнуудын ялгаруулсан хогны хэмжээтэй дүйж очихгүй.
  2. 23.500 тонн хогийг энгийн хогны машинаар нийт 1850 удаа явж байж зөөвөрлөж дуусна. 

Мэдээж Их Британийн хувьд 67 орчим сая хүн амтай, том зах зээлтэй орон. Энэ мэт хог хаягдал ялгарах нь мэдээжийн үзэгдэл гэж бодож байвал дараагийн “ЦОЧИР ФАКТ”-ийг ил болгоё! Энэ хог хаягдлын 68 хувь нь шууд газарт хаягдаж үлддэг эсвэл булагддаг. Үүнээс үүдэх хөрсний бохирдлын талаар дурдахгүй өнгөрье.

Аялал post (2).jpg
Зураг 2. Их Британийн хөгжмийн фестивалиудаас ялгардаг хогны хэмжээ

Химийн бохирдол

Бас нэгэн сонирхолтой өнцөг нь, бидний фестивальд зориулж худалдан авсан шинэхэн хувцас ч байгаль орчинд ноцтой хохирлыг учруулж байдаг гэнэ. Энэ төрлийн үйл ажиллагаанд явж буй хүмүүс ихэнхдээ тухайн арга хэмжээний загварт тааруулж нэг  л удаа өмсөөд хаях чанар муутай, хямд хувцас худалдаж аваад, фестиваль дуусахад хаядаг тохиолдол элбэг. Тэгвэл энэ чанар доогуур хувцсыг үйлдвэрлэх явцад үүсэх бохирдлууд, дараа нь үүсэх хог хаягдлыг том зургаар нь харвал хүрээлэн буй орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй ажээ.

Мөн томоохон фестивалиуд олон хоног дамнаж зохион байгуулагддаг. Энэ үед үзэгчид өндөр үнэтэй зочид буудал, хоноглох газраас илүүтэй зохион байгуулагчдаас тусгайлан гаргаж өгсөн газарт майхан босгож хонох нь элбэг билээ. Хямд майхныг ихэвчлэн PVC (поливинил хлорид)-аар бүтээдэг. Монголын нөхцөлд ийм тохиолдол ховор ч, гаднын фестивалиудад хүмүүс тоглолт дууссаны дараа майхнаа орхиж явах үзэгдэл их гардаг бөгөөд үүнээс үүдэлтэй бохирдлын асуудал томоохон толгойн өвчин болдог ажээ.

Дуу чимээний бохирдол

Задгай талбайн тоглолтоос үүдэлтэй бас нэгэн асуудал бол дуу чимээний бохирдол юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу аливаа дуу чимээ 65 дБ (децибел)-ийг давж байвал үүнийг дуу чимээний бохирдолд тооцдог. Тэгвэл хөгжмийн фестивалиуд ихэнх нь 100 дБ давуулж хөгжмөө дуугаргадаг ажээ. Фестивалиуд ихэнхдээ хотоос зайдуу газарт болдог ч гэлээ, байгаль орчин ан амьтанд энэ чимээ шууд нөлөөлдөг аж. Тухайлбал, зэрлэг амьтдын үйлдэлд нөлөөлөх, харилцаанд саад учруулах, үржлийн циклийг алдагдуулах зарим тохиолдолд үхэлд ч хүргэх үзэгдэл судалгаагаар харагджээ. 

COLDPLAY ХАМТЛАГИЙН ӨРНҮҮЛЖ БУЙ ХУВЬСГАЛ

Аялал post.jpg
Зураг 3. Coldplay хамтлаг. Эх сурвалж: X, Coldplayfeels.

Их Британийн алдарт Coldplay хамтлаг 2018 онд аялан тоглолтуудаа илүү байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулах болсноо зарлаж байв. Тодруулбал, тэдний тавьсан гол зорилт нь өмнөх тоглолтуудаас ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийг 50 хувиар бууруулах явдал байв. Улмаар алдарт хамтлагийн яг одоо үргэлжилж буй Music of the Spheres аялан тоглолтын логистикийн ажлыг DHL компани хариуцаж байгаа бөгөөд 2023 оны Ази тивээр өрнөсөн аялан тоглолт нь 2016-2017 онуудад хийгдсэн тоглолтуудаас 47 хувиар бага нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулжээ. 
 

Тэдний аялан тоглолтынхоо явцад авч буй арга хэмжээнүүд:
Тоглох газар бүрдээ нарны эрчим хүч цуглуулах төхөөрөмж угсарч, тодорхой хэмжээний эрчим хүчээ хангаж байна.
HVO буюу ахуйн хэрэглэсэн тос зэргээс гаргаж авсан түлшийг тээвэртээ хэрэглэж байна. 
BMW компанитай хамтарч тоглолт болох газрын цахилгааныг 100 хувь хангах төхөөрөмж бүтээсэн бөгөөд энэ нь дээр дурдсан сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг.
Хүний хөдөлгөөнөөс эрчим хүч гаргах, кинетик шал болон унадаг дугуйг тоглолт болох газруудад байрлуулснаар үзэгчид хүлээх зуураа эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.
Тоглолтын ашиг орлогоос одоогоор 5 сая гаруй мод тариад байгаа.
Цахилгааны хэрэглээ 50 хувь бага LED дэлгэц, лазер, гэрэлтүүлэг ашиглаж байна.
Ургамлын гаралтай материалаар хийгдсэн, дахин ашиглах боломжтой гэрэлтдэг бугуйвчийг үзэгчдэд тараадаг.

Тэрнээс гадна Европ тивийн олон оронд хөгжмийн фестивалиудыг байгальд ээлтэй байдлаар зохиодог болж байна. Жишээ нь, Дани улсын нийслэл Копенхаген хотод зохион байгуулагддаг “North Side” нэртэй фестиваль нь нийт хог хаягдлынхаа 78 хувийг дахин боловсруулахаас гадна, олсон ашгаа Никарагуад мод тарих үйлсэд зориулжээ. Мөн Австралийн хамгийн том фестиваль болох “Splendour in the Grass”-ийн зохион байгуулагчид арга хэмжээндээ сэргээгдэх эрчим хүч ашиглаад зогсохгүй, босгосон хөрөнгөө тухайн бүсэд энэ төрлийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд зориулдаг байна.

Их Британийн томоохон хөгжмийн фестивалиуд болох “Glastonbury”, “Burning Man” зэрэг шоуны зохион байгуулагчид хуванцар бүтээгдэхүүний худалдааг хориглож, үзэгчдийнхээ тоог 100,000-аас 80,000-руу буулгах шийдвэр хүртэл гаргаж байв. Мөн “Shambala” фестиваль хуванцар, амьтны гаралтай хоол хүнс зарахыг хориглож, шоуны үеэрх цахилгааныг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр шийддэг болжээ. 

Дэлхийн шилдэг уран бүтээлч, фестиваль зохион байгуулагчид нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны асуудлыг нухацтай авч үздэг болсныг дээрх жишээнүүдээс харж болно. Хөгжмийн фестиваль, томоохон тоглолтууд нь зөвхөн урлагийн таашаалыг хүмүүст өгөөд зогсохгүй ёс зүй, ухамсрын хувьд ч зөв хандлагыг үзэгчдэдээ түгээхийг зорих болсон нь илт байна. Дан ганц ашгийн төлөө ажиллах биш, өөрсдийн тайз, өөрсдийн дуу хоолойг ашиглан зөв үйлдлийг уриалан, үлгэрлэж байгаа нь бахдууштай. 

Тэгвэл таны хувьд манай орны хөгжмийн фестиваль, задгай талбайн тоглолтууд байгаль орчинд ээлтэйгээр зохион байгуулагдаж чаддаг уу? Бас бид тоглолт үзэхдээ ухамсартай, зөв хандлагатай байж чаддаг уу?

Ашигласан материал:
-”Fields of Green: Towards sustainable Scottish music festivals”, 2016, Brennan, M, Lawrence, G & Connelly.
-”AGF Festival Carbon Footprint Report”, 2022/2023, AGF.
-”The Show Must Go On Report”, 2015.
-”Addressing the impacts of concerts and music festivals on the environment”, 2023, Lindsey Schmidt, article on WMEAC.
-”Hearing protection at festivals and concerts”, article on Alpine hearing protection.
Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд