Хүсдэг зүйлээ биш чаддаг зүйлээ сонгосон


Аль хэдийн 12-р анги хэрнээ мэргэжлээ сонгоогүй байсан болохоор яг юу руу чиглэж, цагаа гол нь юунд зарцуулахаа мэдэхгүй хэсэг явсан.
Найзууд маань төлөвлөгөөгөө гаргачихсан ярилцаж байхад би яг юу хийхээ нарийн шийдээгүй, олон сонголт дунд эргэлзэж тээнэгэлзэн, тэр их дарамт болдог байв. Яг тэр үед аав ээж, гэр бүлийнхэн, найз нөхөд маань маш их тусалж дэмжсэн. Намайг төрснөөс минь хойш мэдэх хүмүүс буюу гэр бүл маань намайг юу чадах, юу чадахгүйг хамгийн сайн мэднэ. Улмаар тэдний саналыг сонсохоор шийдсэн. Улмаар эхний зорилго ЭЕШ-д өндөр оноо авах байсан. Үнэндээ тийм ч өндөр оноо авч чадаагүй. Сайн бэлдсэн хичээлүүд дээрээ ч хүссэн оноогоо авч чадаагүй. Тэрэндээ ч их сэтгэл дундуур байсан. Тийм үед ч гэрийнхэн минь надад итгэсээр байсан юм. Ээж маань "Зүгээр дээ миний хүү, болж байна, хангалттай сайн оноо" гэх мэтээр их урам өгч байв.
Хамгийн сүүлийн шалгалт монгол хэлний шалгалт байсан. Эгч маань "Монгол хэл дээрээ гайгүй байлгүй дээ" гэж хэлсэн нь намайг их хурцалсан санагддаг. Улмаар шалгалтын өмнөх орой хүртэл тухайн үгийг дотроо бодон, хичээлээ уншсан. Тэрний үр дүнд нь 800 оноо авч, бөөн баяр болж байсан юм. Эргэн тойрныхны халуун дулаан үгс намайг улам өөртөө итгэлтэй болгосон.
Манай анги даасан багш монгол хэлний багш байсан. Дунд ангиас эхлээд ахлах анги төгстөл биднийг сургасан хүн. Багшийн маань бидэнд тавьдаг хамгийн чухал шаардлага бол ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байдал. Их ч даалгавар өгнө. 6-р ангиасаа л шөнөжингөө даалгавар хийж суудаг байлаа. Тэр хичээл зүтгэл л өгөөжөө өгсөн нь ЭЕШ байсан гэж боддог. Сонирхолтой нь миний хамгийн бага цаг зарцуулж бэлдсэн хичээл монгол хэлний хичээл байсан гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ 12 жил энэ хичээлд бэлтгэгдсэн юм байна лээ. Багшдаа маш их баярладаг.
Улмаар өөрийн хамгийн хүсэж буй зүйлийг бус өөрийн хамгийн сайн чаддаг зүйлийг барьж авах нь илүү амар гэдгийг ойлгосон.
Нэг түүртэж, нэг бүтэлгүйтэх үедээ л хүмүүс цаашдынхаа замыг тэр хэвээр нь төсөөлж эхэлдэг. Хэдий хүсэл нь байв ч ур чадвар дутах хамгийн хэцүү, тэр үед л хамгийн их шантармаар санагддаг. Оронд нь хамгийн сайн чаддаг зүйлээ сонгож, түүнээсээ урам зориг аваад явбал зорилгодоо хүрэх зам илүү амар санагдсан. Хэрвээ чаддаг зүйл, хүсдэг зүйл чинь хоорондоо огтолцож байвал чамд дэндүү том боломж байна гэсэн үг.