Залуусын орон зай

Киног үзэх, ойлгох хоёр тэс ондоо зүйл

М.Энхмаа2024.04.245 минут унших
Киног үзэх, ойлгох хоёр тэс ондоо зүйл - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

  “Яг юу болоод өнгөрөв өө?” Дэлхий дахиныг шуугиулж буй саяхан нээлтээ хийсэн киног үзэж дуусаад ийм төөрөлдсөн аль эсвэл тархи гацаж, киноны өгүүлэмжийг ойлгож ядсан мэдрэмж танд ч бас төрж байсан биз. Бид бүгд л кино үзэх дуртай. Гол асуудал нь бид үзэж буй киногоо гүнд нь ортол ойлгож чаддаг эсэхэд л бий. Жишээ нь, “Матрикс” зүгээр нэг уран зөгнөлт, тулаантай кино биш бөгөөд хүн байхын утга учрыг илэрхийлж, “Оддын дайн” ардчилал, хүний эрх ямар чухал болохыг өгүүлдэг. 

Энэ мэт зохиолчийн хөндсөн асуудал, найруулагчийн илэрхийлэмж зэргийг ойлгохгүйгээр нүдний өмнө урсаад өнгөрөх үйл явдалд л чирэгдэж, киноны төгсгөлд юу ч авч үлдээгүй хоцорсон байх тохиолдол олон. Мэдээж урлагийн бүтээлийг хүн бүр өөрийн дотоод мэдрэмжээр мэдэрч, таашаадаг. Гэхдээ үзсэн киногоо ухаж ойлгон, дүгнэлт хийх аргуудыг мэдэж авснаар хобби чинь илүү утга учиртай, бас үр дүнтэй болох юм. Тэгвэл уг нийтлэлийн хүрээнд эдгээр аргатай хамтдаа танилцацгаая.

Киноны үндсэн 5 элементийг ойлгох

Энэхүү таван элемент нь тус бүр өөрийн үүргийг гүйцэтгэх бөгөөд эдгээрийн хоршил дундаас бидний хайртай кино бүтээлүүд мэндэлдэг.

Нэгдүгээрт: Mise-en-scène буюу камерны урд харагдаж буй бүх зүйл. Зохиолын дүрүүд, тэдний өмсөж буй хувцас, хэрэглэл, тайз, орчин, эд зүйлс болон байгалийн үзэгдлүүд хүртэл багтдаг. Энэ бүхэн ямар байрлалтай, хэрхэн харагдахыг найруулагч дотроо зураглаж, хариуцсан баг тус бүрд нь тайлбарлаж даалгадаг. Эдгээрийн зохиомжоос киноны ерөнхий уур амьсгал шууд хамаарна.

Хоёрдугаарт: Жүжиглэлт. Дүрийг амилуулж буй жүжигчид хэл яриа, дохио зангаа, нүүрний хувирал, харц зэргээ ашиглан зохиолчийн санааг хэрхэн илэрхийлж буй тухай яригдана. 

Гуравдугаарт: Зураг авалт. Дээр дурдсан хоёр элемент хальсанд хэрхэн буухыг шийдэх үйл явц. Кино ертөнцөд бидний харах нүд, сонсох чих бол камер. Олон янзын камерны хөдөлгөөн, өнцгүүдийг ашиглан тухайн үзэгдлийг илүү нарийн, илүү мэдрэжтэйгээр харуулах боломжтой.

Дөрөвдүгээрт: Эвлүүлэг. Зохиолын дагуу бичигдсэн дүрсүүдийг хэрхэн эвлүүлж, ямар дараалалд оруулахыг шийддэг үйл явц. Дүрс үсрэх бүрд ямар нэгэн үр дүн бий болж байх ёстой бөгөөд киноны үйл явц ямар дараалалтай байхаас үзэгч бидэнд ирэх мэдрэмж шууд хамаардаг. Эвлүүлэг яг л эсээ бичихтэй адил. Бидэнд эхлэл, гол, төгсгөл байх ёстой.

Тавдугаарт: Хөгжим болон дуу чимээ. Киноны аль үзэгдэлд ямар хөгжим эгшиглэх, мөн дүрүүдийн үйлдэл, орчин тойрон зэрэг нь ямар чимээтэй байхыг энэ үед шийддэг. 

Тэгэхээр энэ таван элемент тус тусдаа хэрхэн бүтээгдэж, нэгдэн нийлж зохиолчийн гаргасан санааг хэрхэн илэрхийлж байгааг ухаж ойлгох хэрэгтэй.

Зохиолч, кино шүүмжлэгч Жак Омон: Киног ойлгож тайлбарлах 3 арга

Түүний тодорхойлсноор бид киног үзсэний дараа гурван асуултад хариулж чаддаг болсон байх ёстой аж. Үүнд:

  1. Ямар үйл явдал өрнөж байна вэ?
  2. Түүгээр юуг илэрхийлж байна вэ?
  3. Энэ нь танд хэр оновчтой санагдаж байна вэ?

Өөрөөр хэлбэл, эхний асуултыг тайлбар, хоёр дахь асуултыг эргэцүүлэл, сүүлийн асуултыг дүгнэлт гэе. Жишээ болгон бидний үзэх дуртай Марвел студийн “Глактикийн хамгаалагчид 2” киноны нэгэн хэсгийг дээрх загварын дагуу тайлбарлаж үзэцгээе.

Slide 16_9 - 54.png

Кино үзэхдээ яг л шинжээч шиг ханд!

Киноны төгсгөлд үйл явдлыг эргэцүүлэхийн тулд бид яг л шинжээч шиг хандах хэрэгтэй. Зарим тохиолдолд киноны үйл явдлуудыг томруун дүрсээр нь харж, жижиг дүрс, хэрэглүүр, үйл явдлуудыг анзааралгүй тойм ойлголттой үлдэх нь бий. Гэтэл бидний анзаараагүй өнгөрүүлсэн хэдхэн хормын дүрсэд хамгийн чухал өгүүлэмж, зангилаа, тайлал нуугдаж байж ч магадгүй юм. Жишээлбэл, эмх замбараагүй дүрслэлүүдээр дамжуулан дүрүүдийн сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал зэргийг харилцан яриагүйгээр мэдэж болно.

Үзэгчдэд дүрийн сэтгэл хөдлөлийг тайлбарлахад туслах өөр нэг чухал элемент бол өнгө. Өнгөний онол буюу өнгө бүр өөрөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх зүйрлэл(метафор) утгаар дамжуулан далд мессежийг бидэнд өгдөг. Мөн кинонд дүн шинжилгээ хийж, илүү гүнзгий ойлгохын тулд дүрүүдийн жижиг хэрэглэл, давтамжтай үзэгдэж буй объектууд дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй аж.

Slide 16_9 - 60.png

Энэ бол бидэнд зориулж бэлдсэн найруулагчийн урхи.  Хэрэв та энэ мэт жижиг дүрслэлүүдийг ч алдалгүй ажиглаж, няхуур хандаж чадваас киноны өгүүлэмжийг бүрэн ойлгох боломжтой. Иймд киноны үндсэн таван элементийг таньж, кино үзсэний дараа кино шүүмжлэгчийн тодорхойлсон гурван асуултыг өөрөөсөө асууснаар “киног үзсэн шиг үзэх” үүд хаалга нээгдэх болно.

Редактор: Г.Цэнд-Аюуш

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд