Сонгодог хөгжмийн аязад эргэлдэн бүжих балетчид яруу тансаг агаад үзэсгэлэн төгөлдөр харагдах нь сайхан. Их хотын дуулиан шуугиант амьдралд хэсэгхэн амралт аван, нүд, чих, оюунаа цэнгүүлэхэд балетын урлаг төгс тохирох мэт. Судалгаагаар балет үзсэний дараа үзэгчдийн 68 хувь нь илүү тайван болдог ажээ. Нэгэн төрлийн бясалгал шиг шидтэй уг урлагт сэтгэл зүрхээ шингээн хөдөлмөрлөдөг олон балетчид бий. Тэдний дундаас энэ удаагийн БИДНИЙ НЭГ буландаа УДБЭТ-ын балетчин МУГЖ О.Анужиныг онцоллоо. Уншигч та ч ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болоорой.
Хөгжим бүжгийн коллежид орохоосоо өмнө багадаа Латин Америк бүжгийн дугуйланд явдаг байлаа. Гэтэл яагаад ч юм баруун, зүүнээ ялгадаггүй хүүхэд байсан. Анх бүжгийн хичээлд орохоосоо өмнө аав, ээжээсээ аль нь баруун, аль нь зүүн билээ гэж асуугаад нэг гараа хумсаараа чимхчихдэг байв. Өвдөлт нь мэдрэгдэхээр тэр тал гэж ялгаад, мэдрэгдэхээ болихоор дахиад чимхдэг байж билээ. Багш маань тэмцээнд оруулах гэсэн ч би маш жижигхэн хүүхэд байсан учраас бүжгийн хамтрагч олдохгүй, орж чадаагүй дээ. Багадаа ээжийнхээ найзын бүжиглэж байсан балетыг үзэхээр очоод балетад дурлаж байлаа. Анх удаа балет үзэхэд сэтгэл тийм гэхийн аргагүй хөдөлж, энэ мэргэжлийг эзэмшихээр шийдсэн дээ. Хөгжим бүжгийн коллежид шалгуулахаар орохын өмнө ээж маань “Балетын урлаг их хэцүү. Нэгэнт орвол чамд ухрах ямар ч гарц байхгүй. Чи больё гэхгүй шүү дээ. Тиймээс чадахгүй байх гэж эргэлзэж байвал хоёулаа одоо энэ хаалгаар орох хэрэггүй” гэж сануулж байв. Би ч “Чадна аа” гэж амлаж ороод, МУГЖ Т.Туул багшийн шавь болсон. Одоо бодоход тэр жаахан хүүхэд юу ойлгож, амлалт өгөөд ч орсон юм. Үнэхээр сэтгэлийн хүсэл зоригоороо л орсон байх даа.
“Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Гэхдээ сугалаанд бол ямар ч азгүй дээ. Жоохон байхдаа сугалаанаас юм хожоод, дараа нь хонжвороо авахаар очсон чинь тухайн цаг үедээ байгаагүй гээд өгөөгүй. Түүнээс хойш яагаад ч юм сугалааны азгүй болчихсон. Гэхдээ би азын сугалааны азаа хариулаад, амьдралын сугалааны азтай болж дээ гэж боддог юм. Ер нь л дандаа зөв шийдвэр гаргасан байдаг. Бүх юм аяндаа л сайхан болчихдог доо” хэмээх түүний ярианаас гал цог, эерэг энерги дундаршгүй ундрах шиг.
Би балетад зүгээр л дуртай. Тиймээс ч хамгийн хайртай, дуртай зүйлээ л хийж байна. Хэзээ яг энэ миний хийх зүйл гэж хурцаар мэдэрснээ санадаггүй. Явцын дунд гайхалтай авьяастнуудын хөгжмийг сонсоод, бүжиглэж байхдаа л хайртай болчихсон. Найз маань надад “Бид маш их тансаглал эдэлдэг хүмүүс. Өглөө бүр дасгалаа хийхдээ төгөлдөр хуурын ая сонсож өглөөг эхлүүлдэг. Хүн бүр тэгэхгүй шүү дээ” гэж байсан юм. Энэ үнэн. Гэгээрэх арван замын нэгд бүжиг багтдаг гэж ярьдаг. Энэ бол маш гайхалтай бясалгал шүү дээ. Дасгалын хөдөлгөөндөө анхаарлаа төвлөрүүлдэг болохоос биш хэзээ ч амьдралын аар саар асуудалд дасгалынхаа явцад анхаардаггүй. Мэдээж маш хэцүү, шантрах үе дэндүү олон. “Би яах гэж анхнаасаа бүжигчин болов оо” гэх өдрүүд их. Гэхдээ сэтгэлийн гүнд энэ урлагийг хайрласан хайр, гал нь байж л байдаг. Хүн дуртай юмаа олно гэдэг хэцүү шүү дээ. Тэгэхэд би үнэхээр дуртай юмаа олж чадсан азтай хүн.
“Балет бол багаасаа хичээллэдэг урлаг” гэж ярих нь бий. Та анхны дасгалуудаас төрсөн мэдрэмжээ санадаг уу?
Яагаад хүүхэд байхаасаа балетаар хичээллэх нь амархан гэж ярьдаг вэ гэвэл хүүхэд мэддэггүй. Юмыг хэцүү юм уу, амархан гэж боддоггүй. Тэгж ихийг боддоггүй учраас заагаад өгсөн зүйлийг зүгээр л хийдэг. Манай хүүхдийн жишээн дээр ч гэсэн хэн ч дугуй унахыг зааж өгөөгүй байхад, зүгээр л өөрөө суугаад шууд уначихсан. Хүүхдэд “Эндээс уначих вий дээ” гэсэн айдас байхгүй учраас зүгээр л хийж байгаа нь тэр. Дугуй уначихлаа гээд баярлах ч үгүй. Харин насанд хүрсэн бид л түүнийг хараад баярлаж байгаа. Том хүнд юу өөрийг нь өвтгөх, яавал хэцүү байх гээд айдсын мэдрэмж үүсчихсэн байдаг. Насанд хүрсэн хүн сунгалтын үеэр хөл шахахад өвдөхөд нь зовж, дараа нь зөөлөн уян болж байгаад баярлана. Хүүхэд бол тэгэхгүй. Тэгэхээр хүүхдийн тархинд хэцүү, сайхан, муухайн мэдрэмж том хүн шиг хөгжөөгүй байдаг учраас аливаа зүйлийг хурдан, хялбар сурдаг. Насанд хүрсэн хүн бол илүү айдас, догдлол, санаатай болчихсон байдагт л ялгаа байгаа юм. Миний хувьд балетад анх ороход бүх хүүхэд л сурна, хичээнэ гээд орсон учраас тэдний л адил хичээнэ гэсэн эрмэлзэл дүүрэн дасгалаа хийдэг байсан. Олон охин дунд илүү сайн нь болох гээд маш их хичээнэ шүү дээ.
Мэргэжлийн балетчид бэртэж гэмтэх нь их. Гэмтсэн бүжигчид шууд тоглолтоо орхиод, эмнэлэг бараадна гэж үгүй. Танхим дүүрэн үзэгчдийг хүндлэн, өвдөлтөө үл ажран гэмтсэн шагай, хугарсан хөл дээрээ бүжгээ үргэлжлүүлэх нь тэдний хувьд энгийн л үзэгдэл ажээ.
Тайзан дээр хөлөө гэмтээгээд тоглолтоо үргэлжлүүлэхийн тулд хөлдөөгч цацаад гарах үеүд зөндөө бий. Энэ чинь тийм аймаар юм биш шүү дээ. Мэдээ алдуулах тариа хийлгээд гардаг бүжигчид ч бий. Хөлөө хугалаад, хөлдөөгч цацаад тоглолтоо үргэлжлүүлж л байсан. Гэхдээ дараа нь их хэцүү л дээ. Хүн хөлөө гэмтээж, хугалчхаад шууд сойгоод хөдөлгөөнгүй болгох ёстой байхад бүтэн хоёр цаг бүжиглэчихээр дараа нь гэмтэл нь бүр их болчихсон байна. Эрүүл мэндээ бодвол маш буруу. Гэхдээ тэр тоглолтыг үзэх гээд ирсэн хүмүүсийн цаг зав, догдлолыг үрж болохгүй. Гэмтлийн эмнэлгийн эмч нар бидэнд их дургүй шүү дээ. Очоод хөлөө үзүүлэхээр гипстэнэ л гэнэ. “Гипстүүлэхгүй ээ, би тоглолттой” гэхээр “Тэгвэл яах гэж эмнэлэгт ирсэн юм, өөрсдөө эмчлээч” гэж загнуулна. Ихэвчлэн гипстүүлэхгүй физик эмчилгээнд явж байгаад л эдгээдэг дээ. Балетчидад олон юм хэрэг болдог. Дулаан байр, эмч, массажист хэрэгтэй. Хүйтэн зааланд, хүйтэн тайзан дээр бүжиглэх үед булчингийн ажиллах чадвар муудаж, маш их гэмтдэг. Дасгал хийгээд халчихсан байхад хүйтэн салхи үлээхэд л шууд булчин ажиллагаагүй болж, бүх шөрмөс гэмтэнэ. Нэг үсрэлт хийгээд буухад шалны доогуур салхи үлээвэл тэгээд л гэмтэх нь тэр шүү дээ. Гэхдээ театрын захиргаанаас маш олон зүйлийг шинээр хийж, хөгжүүлж байгаад баярладаг. Тэд өдөр, шөнөгүй илүү сайхан газар болгохын төлөө ажиллаж байгаа.
Балет нь бүжгэн жүжиг гэдэг утгаараа дан ганц бүжиглэх бус давхар жүжиглэх чадварыг шаарддаг билээ. Тэгэхээр балетчид бүжиглэх, жүжиглэх хоёрын уулзварт ур чадвараа холбон, үгээр биш үйлдлээр зохиолын утга санааг үзэгчдэд хүргэдэг хүмүүс юм.
Бүжгэн жүжиг гэдэг бол өөрийн утга санаа, зохиолтой зүйл. Бид ярихгүй ч гэсэн бүх утга санааг нүд, хөдөлгөөнөөр илэрхийлдэг. Тэгэхээр тухайн дүрийг хэрхэн гаргах вэ гэдгийг маш их бодож, судлах хэрэгтэй. Мөн сайн найзууд нүдээрээ ойлголцдог гэдэг шиг бид нүдээрээ үзэгчдэд маш их мэдрэмжийг өгөх ёстой. Би өөрөө дүрээ, жүжгээ тултал нь мэдэрч байж л бусад хүмүүст мэдрүүлнэ шүү дээ. Тэгэхээр тэр хоёр цагийн хугацаанд жүжгээсээ секунд ч гарч болохгүй. Дотор нь амьдрах хэрэгтэй.
-Дүрээсээ секунд ч гарч болохгүй гэж хэллээ. Үзэгчдийн соёлын асуудал театруудын байнгын ярианы сэдэв байдаг. Үзэгчдийн чимээ шуугиан тайзан дээрх бүжигчдэд нөлөөлнө гэж байдаг уу?
-Оркестр тоглож байгаа учраас бүгдийг нь сонсохгүй. Гэхдээ хүмүүсийн анхаарал хаана байгаа нь анзаарагдана. Тэр үед бүжгийн жүжигчин хүн өөрөө л тэдний анхаарлыг буцаан татах ёстой. Гэхдээ гадаадад бол хүүхдүүдийг бага байхад нь сургалт байдлаар бүжгэн жүжиг үзүүлэн, театрын соёлд сургадаг. Үзэгч чимээ гаргаж болохгүй, юм идэж болохгүй, энэ үед алгаа таших ёстой, биеэ ингэж авч явах ёстой гэсэн зүйлсэд бүр багаасаа л суралцдаг гэсэн үг. Ийм сургалтыг театр, балетын студиуд зохион байгуулдаг. Тэгэхээр олон улсын туршлагын хувьд жүжигчид үзэгчдийн анхаарлыг барих талаас суралцахын зэрэгцээ үзэгчид ч соёлтой байхад зэрэг суралцаж байгаа юм.
“Хорин гурван настайдаа МУГЖ болсон” гэх өгүүлбэр одоо ч түүний нэртэй хамт дурсагдаж явдаг. Залуухан хүн гавьяат боллоо гэж хүн бүр л гайхан шагширч, магтан сайшааж байсан билээ. Хийсэн ажлаа үнэлүүлэн шагнуулахад түүнийг дагаад асар их хариуцлага ирдэг нь лавтай.
Эргээд бодоход яг зүүд шиг санагдаад байдаг юм. Хүүхдээ төрүүлж байхдаа бодит ертөнц, зүүд хоёроо ялгахгүй манараад л буцаж сэрээд байсан шиг тэр үе яг л тэгж санагддаг. Гэхдээ тэр үедээ ёстой юу ч бодоогүй. Ямар ч байсан маш их сандарч байсан. Харин хэсэг хугацааны дараа сэтгэл хөдлөл буурахад үүнийг дагаад илүү их хариуцлага ирснийг ойлгосон доо. Би хийсээр ирсэн дуртай зүйлээ л хийж байгаа, цаашдаа ч шагналаас үл хамааран хийх л болно. Хүмүүс их зангийн талаар ярихаар яг хэзээ нь их зантай болдог юм бол гээд гайхдаг л юм. Мэдээж олон жил ажиллаад ирэхээр өөрийн гэсэн хил хязгаарыг тогтооно. Тэр хаана ч байх л зүйл. Энэ бол их зан биш. Манай мэргэжил чинь их зан сууж чаддаггүй мэргэжил байхгүй юу. Их зан гаргаад бэлтгэлээ хийхгүй байлаа гэхэд хохирох хүн нь би өөрөө шүү дээ.
Балетын урлагт тулгамддаг асуудлуудын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал билээ. Тэр дундаа хүний гадаад үзэмж, харагдах байдалд бодит бус стандарт тогтоох нь төгс төгөлдөрт хүрэх гэсэн эрмэлзлээс үүдэн сэтгэл гутралд орох, хоолны дуршлаа алдахад нөлөөлдөг аж.
Сэтгэцийн эрүүл мэнд балетчидад их чухал. Нэгийнх нь гэдэс эвгүйрхээд гүйлгэхэд л “Энэ яг турчихлаа л даа” гэж харна. Ерөөсөө л яс, арьс байх хүсэлтэй байдаг. Жин нэмэхээрээ маш их стресстдэг. Би сая Америкаас 53 кг ирээд сарын дотор 5 кг хассан. Ачаалал ихсэж байж л турдаг болчихдог юм билээ. Жингээ хараад л сэтгэлээр унаад, шууд идэх юмаа хасаад турж эхэлсэн. “Миний энэ жаахан ийм байсан бол, тэр маань тийм байсан бол” гээд л байнга голно. Ер нь л өөртөө сэтгэл хангалуун байдаг балетчин ховор байх аа. Би лав хэзээ ч миний байгаа байдал хангалттай гэж бодож байгаагүй. Заримдаа өөрийгөө хайрламаар санагддаг. Гэхдээ тэр нь их ховор. Ийм байхаар чинь хэзээ нь их зантай болох вэ дээ. Жоохон өндөр байсан бол их зантай байх ч байсан юм бил үү.
Хүн бүрийн өдөр тутмын амьдрал харилцан адилгүй ч дунд нь ижил төстэй зүйл хэзээд бий. Тайзан дээр уран тансаг хөдөлгөөнөөр гайхшируулж буй балетчин ч тайзнаас буугаад айлын охин, хүний гэргий, хүүхдийн ээж. Балетчин О.Анужин ч энэ л амьдралын урсгалд амьдарч, ажиллаж яваа нэгэн билээ.
Өглөө босоод өглөөний цайгаа бэлдэн, өөрөө смүүтигээ уугаад, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, шууд ажилдаа ирдэг. Өглөө бүр 10 цагаас дасгалтай байдаг л даа. Балетчин хүнд хамгийн чухал зүйл бол дасгал. Дасгал дээрээ биеийнхээ бүх хэсгийг мэдэрч, өөрийгөө цэгцэлж авдаг. Бие халаад, сэтгэл ч тайвширна. Тухайн долоон хоногоосоо шалтгаалаад дасгалын дараа жүжгийн бэлтгэлдээ орно. Ингэж үргэлжилсээр 16 цагт тардаг. Тэгээд хүүхдээ аваад л ээжийн амьдрал руугаа орно шүү дээ. Гэртээ хариад хоолоо хийнэ, гэрийн эзэгтэйн ажил ийнхүү эхэлнэ. Ээж болно гэдэг хамгийн сайхан бас хамгийн хэцүү. Анх төрчхөөд буцаж ажилдаа ороод, гол дүр дээр ажиллаж байхад үнэхээр хэцүү байсан. Бүх юм шинээр эхэлж байгаа юм шиг. Тайзан дээр гарах гэж байхад нэг бүжигчин ах маань “За яаж байна” гэхэд нь “Балет ямар хэцүү юм бэ, тэр дундаа гоцлооч балетчин байх чинь яасан хэцүү юм бэ” гээд үсрээд л тайз руугаа гарч байсан.
Гэртээ орохынхоо өмнө нэг гүнзгий амьсгал аваад, бодит амьдралын өөр нэг гол дүр рүүгээ ордог доо. Гэхдээ сая өөрийгөө их азтай гэж хэлсэнчлэн надад маш сайхан хань, хадам аав ээж заяасан. Амьдралд ирэхдээ ч би маш сайхан гэр бүлийн хүүхэд болж мэндэлсэн. Нөхөр маань миний бүх ажлыг амжуулж өгдөг. Адилхан урлагийн хүн болохоор намайг их ойлгодог. Эмэгтэй хүн төрөөд эргээд ажилдаа ороход хэцүү зүйлс их. Тэгэхээр сайн ханьгүй бол бүр ч хэцүү. Сайн ханийнхаа ачаар амьдралын нэг биш олон өдрийн ард хамтдаа гарч байна.
-Хүмүүс “Балетчин хүн төрчихвөл карьераа дуусгадаг” гэж ярьдаг. Энэ тэгэхээр ам дамжсан яриа төдий зүйл гэсэн үг үү?
-Төрсний дараа буцаад формдоо орно гэдэг яг л арван настай хүүхэд шинээр сурч байгаа юм шиг байдаг. Хөлөө хуучных шигээ өндөрт өргөнө гэж бодоод л өргөх гэхэд өргөж дийлдэггүй. Тиймээс дээр үед ийм асуудал байдаг байсан байх. Одоо бол юм хөгжөөд, буцаад формдоо орохдоо юу идэж, ямар дасгал хийж, яах ёстой вэ гэдгээ илүү сайн мэддэг болчихсон учраас давуу талтай. Гэхдээ мэдээж төрсний дараа буцаад балетаа хийхэд тухайн хүнээс маш их эрсдэл, эрч хүч шаардана. Би төрөөд хоёр сарын дараа ажилдаа орж байсан. Бусад маань ч ялгаагүй. Төрөөгүй охидтой харьцуулахад тэдний хичээл зүтгэлийг хэд дахин үржүүлж л хичээх хэрэгтэй болдог.
-Хэдэн жилийн өмнө хоёулаа ярилцаж байх үеийн Анужин, одоогийн Анужин хоёр их өөр хүмүүс болжээ гэж харж сууна. Ээж болсон нь ч нөлөөлсөн байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Амьдралд ганцхан “би” биш “бид” болчихоор эхэндээ хүлээн зөвшөөрөх хүнд. Ганцхан би өөрөө өөртэйгөө ажиллаж, өөрийгөө л авч явдаг, ганц том бөмбөг байсан бол гурав хуваагдаад бид болох их өөр. Эмэгтэй хүн төрсний дараа байгалиасаа л шууд ээж болдог. Хэдэн настай төрсөн ч өмнө нь ээж байж үзсэн хүн шиг л яагаад ч юм хүүхдээ зөнгөөрөө халамжилж чаддаг. Хэн ч хэлж, заагаагүй байхад л хүүхдээ яаж хайрлахаа мэдэж байдаг юм билээ. Ер нь бигээс бид болоход өөрийгөө биш хайртай хүмүүсээ л яриад байдаг болчихдог юм байна.
-Хүмүүс балет гэхээр “Тютю”, “Хар хун” зэрэг киногоор төсөөлж, бүжигчид дүр авахын тулд найруулагчидтайгаа дотно байх хэрэгтэй болдог гэж бодон, ярих нь бий. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Мэдээж тэр чинь кино шүү дээ. Гэхдээ хүмүүс өөрсдөө яг тийм хэсэг байгаасай гэж хүсээд байдаг юм шиг санагддаг. Найруулагчтай холбоотой байгаа хэсэг гараасай гээд хүлээгээд байдаг юм болов уу. Түүнээс биш Монголд үнэхээр тийм юм байхгүй. Чадвал чадаад, чадахгүй бол чадахгүй шүү дээ. Гол нь чадах эсэхийг тайз л шийднэ. Найруулагч тэр хүнийг нүдээ аниад гол дүр болголоо гэхэд чадваргүй хүн байвал угаасаа л бүтэхгүй. Энэ чинь тайзны амьд урлаг. Яг тэр агшинд нэг удаагаар л чадах ёстой, кино шиг дахин дахин шинээр эхэлнэ гэсэн юм байхгүй.
Балетын урлаг төрөл бүрийн хүнд түгээн дэлгэрэх тусмаа сайн. Хүн бүрд хүртээмжтэй байгаасай л гэж хүсдэг юм. Энэ урлаг өөрөө элит учраас зарим хүнд хол хөндий санагддаг байж болох юм. Гэхдээ тийм хол зүйл биш. Нэг удаа театрт ирээд туршаад үзэхгүй юу. Шууд ороод, анх удаа үзээд л ойлгох юм шиг бодоод байдаг. Үгүй дээ, яваандаа л сурна. Эхний удаадаа ороод унтаг. Тэр гоё симфони оркестрыг сонсоод ямар ч хүний тархины стресс арилж, тайвшраад унтана шүү дээ. Дараагийн удаа ирээд үзэхэд унтахгүй ч байх юм бил үү. Сэтгэлд чинь дөл асах хүртэл хүлээ. Гэнэт л бүх юмыг ойлгоод, чадаад байна гэж байхгүй.
-Эргээд бодоход балет таны хувьд амьдралын ямархан орон зайг эзэлж байна вэ?
-Балет намайг өөрөө өөрийгөө олж, өөртөө үнэнч байж, удирдахад сургасан юм уу даа. Хамгийн амархан юм өөртэйгөө ажиллах юм шиг санагддаг. Яагаад гэвэл чи хэнийг ч гуйхгүй, өөрийгөө л аргадаж, загнаж, өөртэйгөө л ажиллана. Өөрөө өөртэйгөө ажиллах нэг талаасаа хэцүү ч гэсэн үр дүнд хүрэхэд хамгийн амархан зам. Хүнийг дургүй байхад нь “Чи босоод дасгал хийгээдхээч” гэхээр хүн хийхгүй шүү дээ. Харин өөртөө “Чи хийх ёстой” гэж хэлээд хичээвэл нэг өөр. Балет надад хариуцлага, эмх цэгц, өрөөлийг болон өөрийгөө хайрлах сэтгэл зүйг өгсөн. Энэ урлагаар дамжуулж гоо зүйг мэдэрдэг болсон. Эцэг эхчүүд манай хүүхдэд балетаар хичээллэх бие хаа байхгүй гэдэг юм. Хүн заавал балетчин болох албагүй. Зүгээр л хичээллээд тэндээс гоё юмыг нь авч болно. Өөрийгөө бөгтийгөөд байна уу, үгүй юу гэдгийг анзаараад засна гэдэг чинь л амжилт. Балетчин болох албагүй ч биеэ зөв сайхан авч явж сураад, сонгодог урлагийг ойлгодог болох нь сайхан.
Балет нь сахилга батаар эхэлж, алга ташилтаар төгсөхдөө зүрх бүхэнд мэдрэмж, оюун болгонд бодрол үлдээдэг билээ. “Балет бол төсөөллийн ертөнц, гоо үзэсгэлэн, романтик байдал зэрэгцэн оршдог ид шид, илбийн газар юм” хэмээн бүжигчин Труди Шоп хэлсэн байдаг. Үнэхээр л бид бүжгэн жүжиг үзэх хэсэгхэн хугацаандаа үлгэрийн амьдралаар амьдарч, өөрийгөө нэг дүр нь мэт мэдрэн, оюуны цэнгэл эдэлдэг билээ. Энэхүү илбэ шидийн гэмээр урлагийн нэгэн төлөөлөл болох балетчин, МУГЖ О.Анужинтай хийсэн ярилцлага ийнхүү өндөрлөлөө. Ярилцлагыг шимтэн уншиж бидний нэг болсон уншигч танд талархъя.
Гэрэл зургийг: Л.Буд