Z үеийнхэн яагаад гунигийн дуунд улайрдаг вэ?


🌴😞“Зун цагийн уйтгар гуниг”
2023 оны 8-р сард Spotify компаниас нэгэн сонирхолтой статистикийг ил болгож байв. Товчоор, Z үеийн залуус зуны гурван сарын турш тус хөгжмийн аппликейшн дээр гунигтай гэдэг түлхүүр үгийг хамгийн олон удаа хайжээ. Гэтэл миллениал үеийнхний хайлтыг шүүж үзэхэд энэ үг 13-т жагсаж байв. Зуны налгар өдрүүдэд гэр бүл, найзуудтайгаа зугаацаж газар газрын үдэшлэгийг дуусгаж байх ёстой залуус яг яагаад уй гашууд автах болов?
Spotify компанийн Хойд Америкийн маркетинг хариуцсан захирал Криста Соззари Z үеийн гунигт залуусыг ийнхүү тодотгож байв:
“Мэдрэмждээ маш үнэнч хүмүүс. Хэн нэгэн өөрийнх нь сэтгэл хөдлөл, мэдрэмжийг үгүйсгэж шүүмжлэх вий гэсэн айдасгүй. Түүнийгээ ил гаргахдаа ч бусад үеийн хүмүүсээс онцгой илүү. Бид тэдний энэ авууштай талыг дэмжсээр байх болно.” хэмээжээ.
![]()
❓Гунигтай дуу биднийг яг яагаад байна вэ?
Бидний амьдралд ямар нэг золгүй асуудал тулгарч, сэтгэлзүйн хямралд орлоо гэж бодъё. Тэгвэл тухайн дарамтаасаа гарах хамгийн хурдан, үр дүнтэй арга юу вэ? Мэдээж тархиндаа пролактин, окситоцин зэрэг даавруудыг ялгаруулж, түүнээсээ таашаал мэдрэх явдал юм. Гунигтай дуу сонссоноор бид өнгөрсөн рүүгээ хоромхон зуур зочилж, тэр үеийн аз жаргал, баяр хөөрийг дахин мэдрэх шиг болдог шүү дээ. Яг энэ үед тархинд окситоцин даавар ялгардаг тухай зарим нэг судалгаанд дурдсан байна.
Нөгөөтээгүүр энэ төрлийн бүтээлүүд бидний сэтгэлийг хөдөлгөж байдаг. “Юун ойлгомжтой юм яриад байгаа юм.” гэж бодсон уу? Тэгвэл Санскрит хэлэнд “кама мута” хэмээх нэгэн нэршил бий. Үндсэндээ хэт их таашаал мэдэрснээс үүдэн бие нь арзайж, шар үс босох, асар өндөр сэтгэл хөдлөлд автах зэргийг л хэлээд байгаа. Үүнийг АНУ-ын зохиолч, судлаач Жэймс Болдвин “Хэн нэгэн хүнтэй мэдрэмжийн хувьд гүн холбогдох үед сэтгэл хөдлөл гэх зүйл бий болдог.” хэмээжээ. Угтаа тухайн гунигийн дууг зохиосон, дуулсан, эсвэл дуулагдсан эзэнтэй бид адилхан зүйл мэдэрч байгаагаа ойлгох тэр мөчид сэтгэл хөдлөл үүсэж, онцгой мэдрэмж бий болоод байна гэсэн үг.

Гэхдээ хамгийн аймар нь! Гунигийн дуу сонсож буй хүмүүсийн ердөө 25% нь л үнэхээр гунигтай байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. “Z үеийнхэн хуурамч!” гэмээр санагдаж байгаа биз? Тун сонирхолтой нь энэ нь ч үнэндээ бидэнд тус болж байдаг аж. Тухайлбал, шал өөр нөхцөл байдалд байгаа хэдий ч, гунигтай дууны уур амьсгалд бүрэн орчихдог хүмүүс бусдыг ойлгох, энэрэнгүй хандах сэтгэлийг өөртөө төлөвшүүлж байдаг ажээ.
🎶Хөгжим = ой санамж
Гэхдээ мэдээж байдал өөрөөр эргэх боломжтой! Үнэхээр сайхан өнгөрч байсан өдрийг чинь санаандгүй сонссон ганцхан дуу тэр чигт нь бусниулж болно. Тодруулбал, ямар нэг гунигтай дурсамж, үйл явдалтай холбоотой дууг сонсох төдийд тухайн үеийн уй гашуун шууд мэдрэгддэг. 2016 онд хийгдсэн нэгэн судалгаанд гунигтай хөгжим сонссон хүмүүс хүчээр өнгөрснөө сөхөж, сөрөг бодлуудыг бий болгож байгаа нь анзаарагджээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, дуу хөгжим бидний амьдралд эм ч болж болно, хор ч болж болно. Тухайн бүтээл өөрийн чинь ямар дурсамжтай холбоотой эсэх мөн та одоо юу мэдэрмээр байгаа эсэхээс шууд хамааралтай. Энэ мэт аль ч өнцөг рүү нь татсан бидэнд асар хүчтэй сэтгэл хөдлөлийг өгөх хөгжим нь өөрсдийн мэдрэмжийг хэнээс ч нуухыг хүсдэггүй Z үеийн залуусын хувьд хамгийн дотнын найз нь мөн ажээ.