"Технологийн хэрэглээг хязгаарлах боломжгүй учраас зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал"


Орчин цагт бидний амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж, өдөр тутамдаа шинэ технологиуд, шинэ апдэйтүүдтэй хөл нийлүүлэн амьдарч байна. Дэлгэцээс бүрэн холдох нь нэгэнт амьдралаас хол хөндий зүйл болж, ажиллах суралцах, харилцах, цаашлаад амралт ч гэсэн дэлгэцийн өмнө өнгөрдөг болоод байна шүү дээ. Тиймээс “дэлгэцээс холд” гэж өөрийгөө шахах нь улам бүр стресс үүсгэх магадлалтай. Харин үүнийг амьдралынхаа нэг хэсэг гэж хүлээн авч, яаж зөв хэмжээнд, өөртөө таарсан байдлаар зохицуулж болох вэ гэдэг чухал асуулт болж байна.
Өдөр тутамдаа хоол идэхдээ Youtube үзэж, хэвтэж амрахдаа Tik Tok-ын богино бичлэг гүйлгэж, найзтайгаа уулзаж байхдаа Instagram Story-доо анхаарал хандуулах нь бидний дунд элбэг шүү дээ. Гэвч энэ нь бидний бие, эрүүл мэнд, амьдралын чанарт сөрөг өөрчлөлтүүдийг үзүүлж байдаг байна. Тодруулбал: 2023 оны судалгаагаар л гэхэд “Хүн ямар нэг зүйл хийхийн хажуугаар дэлгэц ширтэх нь анхаарал төвлөрөлтийг 23%-иар бууруулж, зөв бурууг ялгаж шүүх тархины үйл ажиллагаа саарч, сэтгэл ханамж багассаны улмаас дэлгэц хяналтгүй ашиглах сэдлийг өдөөдөг” гэжээ.
Ингээд бид дэлгэцийн хамаарлыг хэрхэн зохицуулах талаар СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмч Л.Эрдэнэсувдтай товчхон ярилцаж, зөвлөгөө авсан юм.![]()
Эмчийн хэлж буйгаар дэлхийн залуусын 96% нь өглөө бүр сэрэнгүүтээ хамгийн түрүүнд цахим сүлжээгээ буюу инстаграм стори, фейсбүүк чатаа шалгадаг байна. 2023 оны судалгаагаар 53% нь сэрүүн байгаа цаг тутамдаа цахим сүлжээнд ордог буюу өдөрт дунджаар 150 удаа гар утсаа шалгадаг ажээ. Харин 2025 оны судалгаагаар 205 удаа утсаа шалгадаг гэсэн үзүүлэлт гарсан байна.
Дэлгэц өдөр тутмын амьдралын салшгүй хэрэгцээ болсон энэ үед яг ямар түвшинд очсон хүнийг “дэлгэцийн хамааралтай болсон” гэж дүгнэж болох вэ. Мөн дэлгэцийн хэт хэрэглээ залуу үеийн сэтгэлзүйд ямар урт болон богино хугацааны өөрчлөлт үзүүлж байна вэ?
Дэлгэц, гар утас, цахим хэрэглээ бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон нь үнэн. Гэвч хүүхэд, өсвөр үеийнхний дунд цахим хэрэглээгээ зөв зохицуулах мэдлэг, ухамсар хараахан бүрэн төлөвшөөгүй байдагтай холбоотойгоор дэлгэц хэтрүүлэн хэрэглэх, дэлгэцийн донтолт үүсэж байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Мөн сэтгэл зовоосон асуудлаас, таагүй нөхцөлөөс зайлсхийхийн тулд дэлгэцийг хэрэглэдэг тохиолдол цөөнгүй байдаг.
Ер нь хэт их хэрэглээний үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бол оо?
Хамгийн түрүүнд анзаарагддаг шинжүүд бол анхаарал төвлөрөхгүй байх, санаа зовох, бухимдах зэрэг хүний сэтгэлзүй, ааш занд илэрдэг өөрчлөлтүүд байдаг. Хэт их хэрэглээний үед дараах тодорхой шинжүүд илрэх боломжтой.
- Интернэт, дэлгэцийн хэт их хэрэглээ (2 цаг ба түүнээс дээш) буюу төлөвлөснөөс их хугацааг зарцуулах, гэр бүлийнхэн таны хэрэглээний тухай санаа зовох, бухимдах, “одоо больё” гэж бодсон ч чадахгүй байх.
- Үгүйлэх буюу дэлгэцийн хэрэглээг болих үед уурлах, тавгүйтэх, гутрах, уйтгарлах.
- Үл тэвчих буюу илүү их хугацаа зарцуулах, нэмэлт хэрэгслүүд авах, илүү ихийг хүсэх.
- Сөрөг үр дагаврууд буюу хувийн амьд харилцаа багасах, сурлага муудах, ядрах, нойронд муудах, нүдний хараа муудах, хүзүү өвдөх, толгой өвдөх, таргалалт, халдварт өртөмхий болох зэрэг шинж тэмдгүүд илрэхээс гадна анхаарал тогтворгүй болох, залхуу назгай болох, хэл ярианы чадвар муудах, цочромтгой, түгшимтгий болох зэрэг шинжүүд илэрдэг.
Мэдээж бид технологи болон цахим хэрэглээг бүр мөсөн хориглох, хэрэглэхгүй байх боломжгүй тул зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал. Тухайлбал:
- Тохиромжтой цагаар хэрэглэх
- Мэдлэгтэй байх, сөрөг үр дагаврыг мэдэх
- Стресс тайлах эерэг аргаас суралцах
- Амьд харилцааг илүүд үзэж, цаг зарцуулах
- Чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх
- Сонирхох зүйлтэй болох
- Спортоор хичээллэх
- Дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх
- Эцэг, эхчүүд өөрсдөө үлгэр дуурайл болох зэргээр цахим хэрэглээг хязгаарлах нь зүйтэй.
Дээрх зөвлөгөөнөөс харахад бид өөртөө зөв дадал, зуршлыг суулгаж чадвал дэлгэцийн хэт хэрэглээнээс сэргийлэх бүрэн боломжтой байх нь. Өнөөгийн нийгэмд бид дэлгэцийн хэрэглээнээс бүрэн татгалзах боломжгүй юм. Тиймээс амьдралаа зөвхөн дэлгэц ширтэхэд зориулахаас илүүтэй өөрийг чинь жаргалтай болгодог зүйлээ хийж, завгүй амьдралын хэв маягаасаа хааяа ч болов хөндийрөн амс хийж байхаа битгий мартаарай.