Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024
Сонгодог урлаг
Enkule
Enkule
2024.05.10
5 минут
Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

Үзэсгэлэнгийн үүдээр алхах төдийд өөр орчинд ирсэн мэт мэдрэмж төрөх “Ulaanbaatar Art Week 2024”. Цэлгэр орон зайд урлагийн бүтээлүүд амилж байна уу гэлтэй үзэгчдийн анхаарлыг ихэд татах аж. Хэсэгхэн хугацаанд нийгмээс тусгаарлагдаж, дотоод өөртэйгөө ярилцах хэрэгцээ хэн бүхэнд дутагдаж байсныг илтгэх шиг үзэсгэлэнгийн танхимд олны хөл тасарсангүй.  

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

Үл ялиг инээмсэглэл, гайхширч санаашрах төрх, бодлогоширсон харцаар дүүрэн, нэгийг бодож, хоёрыг тунгаах үзэгчид. Пассаж төвийн үзэсгэлэнгийн танхимд куратор М.Батзориг, туслах куратор Б.Цэцэгбадам нарын дэглэсэн 25 уран бүтээлчийн 90 бүтээлийн үзэсгэлэнг тольдон зогсоо нь энэ. 2021 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэн энэ жил хүрээгээ тэлж, МУЭ-ийн хуучнаар Монументал чимэглэлийн үйлдвэр байсан Пассаж төв, Чингис хаан Үндэсний музей, МУЭ-ийн Арт галерей болон уран бүтээлчдийн Нэгдсэн урлан, Хүүхдийн урлан бүтээх төвд нэгэн зэрэг энэ сарын 05-12 өдрийг хүртэл дэлгэгдэж буйгаараа онцлог аж.

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

“Ulaanbaatar Art Week 2024” үзэсгэлэнд “Өнөөдөр сүнс хаана байна вэ?” гэх цуврал бүтээлээр оролцож буй уран бүтээлч Э.Жанцанхоролтой хэсэгхэн хором ярилцсан юм. Түүний бүтээлүүд буддизм буюу дахин төрөлт, сүнсэн бие, үйлийн үр гэх мэт ойлголтуудаас урган гарчээ. Тодруулбал, билгийн тооллын зурхайд дурдсанаар бидний сүнс өдөр бүр өөр өөр байрлалд оршдог аж. Жишээлбэл, өнөөдөр элгэнд, маргааш шүдэнд гэх мэт. Энэхүү ойлголтоос “Өнөөдөр сүнс хаана байна вэ?” цуврал бүтээл төрсөн бөгөөд гэрт байх эд хогшлоор төлөөлүүлсэн нь юм бүхэн өөрийн гэсэн өвөрмөц чанар, сүнслэг ертөнцтэй гэдгийг илтгэх мэт.

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

-Таны хувьд “Дүрслэх урлагийн долоо хоног”-т хоёр дахь удаагаа оролцож байна шүү дээ. Энэ жилийн арга хэмжээний онцлогийг уран бүтээлчийн зүгээс юу гэж харж байна вэ? 

Энэхүү арга хэмжээ зохион байгуулагдах болсон нь урлаг сонирхогч төдийгүй уран бүтээлчдийн хувьд шинэ туршлага болж байлаа. Өмнө нь том орон зайд, олон уран бүтээлчийг хамарсан үзэсгэлэн ховор байсан шүү дээ. Иймд “Art Week”-н хүрээнд уран бүтээлчид кураторын нарийн мэдрэмж, дэглэлтийн дагуу өөрийн бүтээлийг бусад уран бүтээлчдийн бүтээлтэй нэг дор харах нь их сонирхолтой санагдаж байсан. Нөгөө талаараа уран бүтээлчид өөрийн ур чадвар, нөөц бололцоогоо мэдэхэд тусалсан гэж хэлж болохуйц. Энэ жилийн хувьд үзэсгэлэнгийн байршлууд их таалагдаж байна. Жишээлбэл, энэ Пассаж төв. Олон жилийн өмнө Монументал чимэглэлийн үйлдвэр байсан энэ газар худалдаа, үйлчилгээний төв ч байж үзлээ. Одоо эргээд урчуудын эвлэлийн харьяа үзэсгэлэнгийн танхим болж байгаа нь цагаа олсон явдал гэж харж байна. Ер нь үзэсгэлэн гаргахад орон зай маш чухал. Уран бүтээлчдийн зүгээс ч тэр хуучны барилга дотор үзэсгэлэн гаргахад таатай ханддаг. Учир нь тухайн барилгын хуучирсан хана, тааз, шал гэх мэт архитектурын элементүүд, цаашлаад нэг тийм өвөрмөц агаар хүртэл уран бүтээлтэй хоршиж өөрийн гэсэн “уур амьсгал”-ыг бүрдүүлдэг болохоор тэр байх.

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

-Орчин үеийн урлаг ямар нэгэн зорилготой юу гэдэгт судлаач, шүүмжлэгч, уран бүтээлчид өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Таны бодлоор?

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлээд л урлагийг ямар нэгэн шалтгаан буюу зорилготойгоор хийж ирсэн. Жишээлбэл, бие биедээ мэдээлэл дамжуулах зорилгоор хадны сүг зургийг зурж байсан гэж үздэг шүү дээ. Тэгэхээр урлагийн гол зорилго бол харилцаа. Уран бүтээлч хүн өөрийн доторх санаа зовнил, хуваалцахыг хүсэж буй үзэл бодлоо уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлдэг учраас урлаг зорилготой.

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

-Таны ихэнх уран бүтээлүүд “дархлаа, эсэргүүцэл” гэх сэдвийг гол концепцоо болгодог. Яагаад энэ сэдвээр бүтээл туурвих болсон бэ?

Анхны бие даасан үзэсгэлэнгээ “Холимог дархлаа” нэртэй гаргаж байсан юм. Миний хувьд “эсэргүүцэл, дархлаа” гэдгийг хүлээн зөвшөөрөх гэж ойлгодог. Бид ямар нэгэн шинэ зүйлтэй тулгарах үед өөрийгөө хамгаалах төлөвт шилжиж, нэг бодлын тухайн зүйлийг эсэргүүцдэг. Яг л дархлааны систем шиг. Зарим тохиолдолд эсэргүүцэж буй гаднын биет буюу вирусээ хүлээн зөвшөөрч вакцин хэлбэрээр биедээ нэвтрүүлдэг шүү дээ. Иймд дархлаа гэдэг бол дасан зохицох, хүлээн зөвшөөрөх гэсэн үг. Нэг талаараа бид аливаа зүйлд дасан зохицож, бууж өгч байгаа юм шиг хэр нь өмнө байсан төлөвөө өөрчилж, тухайн зүйлтэй “нүүр тулж” буйн илрэл юм. Тийм ч учраас нийгмийн үзэл санаа, домог хууч яриа нэг цаг үеэс нөгөө цаг үед хэрхэн дамжиж, өөрчлөгдөж байгааг судалж, өөрийн бүтээлдээ тусгахыг зорьдог.

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

-Таны хувьд Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналиас авхуулаад олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож байсан арвин туршлагатай шүү дээ. Монголын урлагийн хөгжилд юу хэрэгтэй гэж харж байна вэ?

Орчин үеийн урлагийн бүтээлийг монгол уран бүтээлчид туурвисаар ирсэн болохоор олон улсын түвшинд галерей сайн хөгжих хэрэгтэй байх. Жуулчид, уран бүтээлчид тухайн улс орны урлагийг таньж мэдье гээд зориод ирэх хангалттай шалтгаан байх хэрэгтэй шүү дээ. Харин энэ жилийн хувьд нэг дор олон төрлийн урлагийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь олзуурхууштай явдал болж байна. Энэ долоо хоногт гэхэд л “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэнгээс гадна “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам, “Алтан өргөө” олон улсын кино наадам, “ХАОС” экспериментал хөгжим, дүрслэх урлагийн наадам зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Энэ нь гаднын уран бүтээлч, урлаг сонирхогчдын анхаарлыг татах эхлэл гэж бодож байна. Харин урлаг сонирхогчдын анхаарал Азийн орнууд руу чиглэх болсон энэ цаг үед бүтээлийнхээ сэдэл болоод утга агуулгыг боловсронгуй тайлбартай болгохоос эхлээд уран бүтээлчид өөрсдөө бэлэн байх ёстой гэж боддог.

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

“Хэт их дурлаад байгаа зүйлээсээ болгоомжлоорой. Өөрийн доторх “би”-гээ алдчихна шүү. Аливаа зүйлтэй харьцахдаа өөртөө орон зай үлдээж байгаарай.”

-Урлаг сонирхогчид болон залуу уран бүтээлчдэд хандаж юу гэж хэлэх вэ? 

Үзэгчид үзэсгэлэнгийн танхимд байх хугацаандаа өөртөө хаалт битгий үүсгээсэй гэж хүсдэг юм. Урлагийг ойлгохгүй хүн гэж байхгүй, заавал ямар нэгэн урлагийн зэрэгтэй байж үзэсгэлэн үз гэсэн зүйлгүй шүү дээ. Уран бүтээлч бүтээлээрээ дамжуулан бусадтай харилцахад үргэлж бэлэн байдаг. Ийм учраас тухайн орон зайд өөрийн бодол, мэдрэмжээ чөлөөлж, уран бүтээлээр дамжуулан өнөөдрийг хүртэлх туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага, далд мартагдсан дурсамжаа сэргээж, аль эсвэл огт мэдэрч байгаагүй цоо шинэ мэдрэмжийг ч олж авах боломжтой. Харин залуу уран бүтээлчдэдээ хандаж “Хэт их дурлаад байгаа зүйлээсээ болгоомжлоорой. Өөрийн доторх “би”-гээ алдчихна шүү. Аливаа зүйлтэй харьцахдаа өөртөө орон зай үлдээж байгаарай.” гэж хэлмээр байна.

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

Гэрэл зургийг:  Л.Буд