М.Баяржаргал: Цирк зөвхөн хүүхдэд зориулагдаагүй, хосууд ч болзож үздэг тансаг үзүүлбэр


Монголд циркийн урлаг 1934 оноос эхлэлтэй. Хэдий одоо байнгын цирк бидэнд байхгүй ч циркийн урлаг тасрахгүйгээр уран бүтээлчид маань олон улсад чадвараа гайхуулсаар, манайд ч улирлын чанартай тоглолтууд тоглогдсоор байна. Иймд энэ удаагийн “Бидний нэг” буландаа циркийн жүжигчин, рингмастер, комедиан М.Баяржаргалыг урьж ярилцлаа.
“Улсын цирк өнөөгийнх шигээ хоосон байгаагүй, амьдрал, хөдөлгөөнөөр дүүрэн газар байлаа”
Аав маань Улсын циркийн жүжигчин, “Хүч тамирын гайхамшиг” гэдэг үзүүлбэр үзүүлдэг байсан. Дээрээ 850 кг өргөдөг байсан шүү дээ. Харин ээж маань Түмэн эх чуулгад ажилладаг. Тиймээс миний бага нас урлаг соёлын дунд өнгөрсөн. Цирк дотор баавгай, морь, чоно гээд л бүх төрлийн амьтдын дэргэд өслөө. Тэр үеийн Улсын цирк өнөөгийнх шигээ хоосон байгаагүй, амьдрал, хөдөлгөөнөөр дүүрэн газар байлаа.
Циркт нэг номер арван хүнтэй байлаа гэж бодоход ганц хүн дутвал тэр үзүүлбэр бүтнээрээ тоглогдохгүй. Циркийн урлаг бас их золиос шаарддаг. Золиос нь амь нас. Доор нь зогсоод дээшээ хүн шидэх үед дээшээ гарч буй хүн бүх итгэл, амиа доор байгаа хүнд даатгана. Секунд, доль алдахад л хохирол нь амь нас, эрүүл мэндээр хэмжигдэнэ. Энэ өндөр хариуцлага, итгэлцэл, хатуужил надад их таалагдсан.
Аавынхаа бэлтгэлд очиход хүмүүс бэртэж, гэмтэж, шүд зуун босож байхыг харна. Аравхан минутын төгс үзүүлбэрийн төлөө хүмүүс арваад жил бэлтгэл хийдэг. Тэр бүхний ард байж, үзүүлбэрээ амжилттай дуусгах мөч, үзэгчдийн алга ташилтыг харах, сонсох мэдрэмж үнэхээр онцгой. Чадаж буй зүйлээ хамгийн дээд түвшинд хийж, үзэгчдийн өмнө бүрэн дүүрэн оноогоо авна гэдэг бол асар их бахархал. Тэр л мэдрэмж намайг циркт дурлуулсан.
Циркийн жүжигчин байх нь...
Би Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийнхоор Монгол Улсын консерваторын циркийн ангийг төгссөн. Манай сургууль акробат, тэнцвэр, утас, жонглёр, гимнастик гэсэн циркийн үндсэн таван төрлөөр мэргэшүүлэн сургадаг. Эдгээр таван төрлийг дөрвөн жилийн хугацаанд цогцоор нь эзэмшдэг. Мэдээж хүн бүрийн биеийн онцлог, авьяасын чиглэл өөр тул төгсөх үед багш нар хэн ямар төрөлд илүү амжилт гаргах ирээдүйтэй, ямар жанрт илүү онцгойрч болохыг нарийн ажиглан зөвлөдөг.
Хичээл тараад шууд мэргэжлийнхээ хичээлд орно. Тухайн үед циркийн хичээлүүд хуучин цирк буюу Дашчойлин хийдийн хажууд байрлах Дондогдулам хатны Зуны өргөөд ордог байлаа. Тэр хуучны түүхтэй барилга галд шатаад их л юм болсон. Бид өөрсдөө засаж янзална. Өөр бэлтгэлийн байр байхгүй учраас циркчид бүгд л тэнд бэлтгэлээ хийдэг байсан. Харин одоо циркийн сургуулийн албан ёсны бэлтгэл 7 буудалд байрлах илүү том, хувийн зааланд ордог болсон.
Циркийн анги 4 жилд нэг төгсөлт гаргадаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд арай эрчимжүүлээд, 2 жил тутам шинэ элсэлт авдаг болсон. Өнгөрсөн жил багшилж байхад том шавь нар маань 12 дугаар ангиа төгсөөд шууд мэргэжлийн циркийн жүжигчин болж байсан.
“Дэлхийд циркийн хөгжлөөрөө манайх ТОП 5-т тогтмол байдаг”
Циркийн ангид голдуу 40-өөд хүүхэд байдаг. Ер нь хөвгүүд нь олон. Учир нь циркийн номерын ихэнх нь хүч, ур чадвар их шаарддаг учраас эрэгтэй хүүхдүүдэд илүү тохиромжтой гэж үздэг. Гэхдээ мэдээж гоо зүй, хөдөлгөөний уян хатан байдлыг илэрхийлэхэд эмэгтэй хүүхдүүд зайлшгүй байх хэрэгтэй. Монгол циркийн онцлог нь багийн тоглолт маш сайн байдагт оршдог. Биднийг заримдаа “монголчууд багаар ажилладаггүй” гэдэг ч циркийн урлаг дээр л гэхэд багийн тоглолт, синхрон хөдөлгөөнөөр дэлхийд үнэхээр өрсөлддөг.
Дэлхийд циркийн хөгжлөөрөө Монгол улс тогтмол топ 5-т ордог. ОХУ, Хятад, Канад, Монгол, мөн Хойд Солонгосын цирк маш хүчтэй. Социалист орнуудын цирк уламжлалт ёсоор маш хатуу бэлтгэлтэй байдаг нь нөлөөлдөг байх.
“Ер нь суурин цирктэй орнуудын хөгжил илүү сайн. Учир нь цирк бол орон зайн урлаг. Иймээс өөрийн тусгай барилгатай бол тэр орчин нь сургалт, тоглолт, шинэ бүтээл төрөх бүх нөхцөлийг дагуулдаг.”
Харин Монголд циркийн барилга ашиглагдах боломжгүй болсноос хойш тасралтгүй сургалт, тоглолтын орчин алдагдаж, салбар нэг хэсэгтээ уналтад орсон. Одоо харин эргээд сэргэж эхэлж байна. Гэхдээ дэлхийн хэмжээнд Монголын циркчдийн чанар огт унаагүй. Одоо ч манай уран бүтээлчид “S-class” түвшинд үнэлэгдэж явдаг. Дэлхийн хамгийн том цирк болох Нарны цирк (Cirque du Soleil)-т гэхэд Монголын 20–30 орчим жүжигчин тогтмол ажиллаж байна. Нарны циркийг сагсан бөмбөгөөр жишвэл NBA түвшин гэсэн үг. Тэр том байгууллагын 20 гаруй шоунд монгол уран бүтээлчид ажилладаг.
Энэ бүхний суурь нь Монголын циркийн сургууль. Бараг Төв Азийн циркийн бодлого, ур чадварын төв гэж хэлж болох хэмжээний институц болж чадсан. Монгол цирк яагаад дэлхийд ийм өндөр байр суурьтай байна вэ гэвэл түүний гол тулгуур нь энэ сургууль, тэндээс төрсөн бэлтгэл, арга зүй, уран бүтээлийн соёл юм.
“Бид тогтмол бэлтгэл хийж, тоглолт зохион байгуулах цирктэй болох хэрэгтэй”
Аса Аренад бид гэрээ хийгээд, төлбөрөө төлөөд, бэлтгэлээ базааж, тоглолтоо хийдэг. Хуучин улсын цирк бол байнгын тоглолттой, жүжигчдийг сонгон шалгаруулж, нэгдсэн бодлогоор ажилладаг байсан. Тэр утгаараа улс ашиггүй ажиллаж байна гэх ч, нийгмийн соён гэгээрэл, хүүхэд залуусыг хүмүүжүүлэх үүднээс зайлшгүй хэрэгтэй салбар байсан юм. Өдгөө Монголд “Браво цирк”, “Даймонд цирк” гэх мэт циркүүд тоглогддог. Гэхдээ эдгээр нь улирлын чанартай, байнгын орон тоотой тогтмол жүжигчидтэй биш. Ихэнх тохиолдолд гаднаас урлагийн баг авчирч, тухайн тоглолтын үеэр гэрээлж, маркетинг хийдэг. Тэгэхээр одоо бүх зүйл хувийн уран бүтээлчид, нээлттэй зах зээл дээр тулгуурласан хэлбэр рүү шилжчихсэн гэсэн үг.
-Одоо циркт юу шаардлагатай байна вэ?
-Цирк бол хэл шаарддаггүй урлаг. Тиймээс хэлийг нь мэдэхгүй гаднын жуулчид ч үзэх боломжтой. Мөн цирк асар том соёлын экспортын боломжийг агуулж байгаа. Жишээ нь, Японд сүмо, Испанид бух тулаан, Бразилд хөлбөмбөг нь тухайн орны өв соёлыг харуулах үзэгдэл. Монголд ч үндэсний өв соёл дээр суурилсан циркийг жуулчид үзэхээр цуглаж, сонирхоосой гэж боддог.
-Багадаа их бүрэг ичимхий хүүхэд байсан гэсэн. Тэр ичимхий хүүхэд тайзны айдсыг яаж давж гарсан бэ?
-Бага байхад аав ээжтэйгээ бодож байгаа зүйлээ хуваалцана гэдэг тийм амар байсангүй. Ер нь л дотроо хадгалчихдаг талдаа. Эмээ маань үр хүүхдүүддээ өвдөж, зовж буйгаа харуулахгүй, сэтгэлд нь дарамт үүсгэхгүй гэдэг. Би үүнийг дуурайсан юм шиг байгаа юм. Дээр нь багаасаа жүдо, чөлөөт бөх, бокс гээд олон төрлийн спортоор хичээллэсэн. Спортын орчинд багш болон дээд үе, доод үеийн хүндлэл маш чухал, сахилга баттай, бараг робот шиг байх шаардлагатай. Тэнд сэтгэл хөдлөл ил гаргана гэдэг бараг байдаггүй. Энэ бүхнээс би маш их хатуужил авсан.
Дараа нь Циркийн сургуульд орсон чинь бүр яг л цэрэгжилт шиг сахилга баттай орчин угтсан. Орос, Тайвань зэрэг улсуудад ажиллахад эхэндээ мэдээж олны өмнө гарах айдас байсаар байсан. Гэхдээ тоглолтоос тоглолтын хооронд бага багаар нээлттэй болж, тайзны айдас маань бараг алга болсон. Тухайн үед миний амьдралын гол зорилго цирк байсан болохоор циркийн талаар л маш сайн мэднэ, бусад зүйлд нэг их мэдлэггүй. Энэ нь өөрөө харилцааны жижиг хаалт болсон гэж боддог. Циркээсээ гарч СЭЗИС-д сурахад семинар дээр 20 хүний өмнө илтгэл хэлэлцүүлэхэд өвдөг салганаад зогсож чаддаггүй байв. Харин өнөөдөр 20 мянган хүний өмнө гарлаа ч асуудалгүй болжээ.
“Багадаа өөрийгөө комедиан болно гэж огт төсөөлж байгаагүй”
М.Баяржаргал багадаа инээдмийн тулаант киноны жүжигчин болохыг хүсдэг байжээ. Хошин мэдрэмж, циркийн авьяас нь ч энэ чиглэл рүү хөтөлсөн байж болох юм.
Хүний амьдралд өөрийгөө шинээр нээх, авгалдайгаа хаяж эрвээхэй болж нисэх мэт өөрчлөгдөх мөчүүд олон байдаг гэж би боддог. Байгаль дахь амьтад тодорхой мөчлөгөөр хувирдаг бол хүний хувьд энэ нь тасралтгүй, давтагдсаар байдаг процесс мэт. Тийм болохоор би алхам бүрдээ шинэ өвөрмөц хувилбаруудаа нээсэн болов уу гэж боддог.
Багадаа өөрийгөө комедиан болно гэж огт төсөөлж байгаагүй. Тэр үед миний төсөөлөлд зөвхөн инээдмийн, тулаантай киноны жүжигчин болно гэсэн бодол л байсан. Жеки Чан, Брюс Ли, Донни Йен, Жет Ли бүгд миний хувьд супер одууд. Багадаа бодлоо бусадтай хуваалцах дургүй, дотогшоо хүүхэд байсан болохоор магадгүй инээдмийн киноноос л тэр дутагдаж байсан сэтгэлийнхээ хэрэгцээг авдаг байсан болов уу.
“Стэнд-ап комеди хийгээд долоон жил болсон ч инээдийг одоо ч ойлгоогүй. Магадгүй инээд өөрийн гэсэн хэлтэй ч байж мэднэ”
-Хүмүүсийг инээлгэдэг хүний хувьд инээдийг та юу гэж тодорхойлох вэ?
-Инээд бол хүнээс хамгийн контролгүй гардаг зүйл. Инээд бидний дотор байдаг хамгийн үнэн, шууд мэдрэмж. Тэгэхээр бидний жинхэнэ “би” инээж байгаа тэр үед л харагддаг гэж боддог.
Инээд маш хүчтэй. Гуниглаж суугаа хүний өөдөөс зүгээр л инээх нь тэр хүний гунигийг улам тодруулж ч мэднэ. Эсрэгээрээ инээгээд л тэр хүнийг дагуулж инээлгэж, сэтгэлийг нь өргөж ч бас чадна. Инээд ийм хүчтэй. Хүрэх цэг нь буруу байвал дайн ч гаргаж мэднэ, зөв газартаа хүрвэл дайн ч зогсоож мэднэ. Тэгэхээр инээд өөрөө маш том нөлөөтэй, том “зэвсэг”.
Тэр инээдийг яаж хөглөж гаргаж ирэх вэ гэдэг маш нарийн, ярвигтай ажил. Би стэнд-ап комеди хийгээд долоон жил болчихсон мөртлөө инээдийг яг бүрэн ойлгосон уу гэвэл үгүй. Хүн юунд, яаж, яг ямар мөчид төгс инээдэг юм бэ гэдгийг одоо хүртэл судлаад дуусаагүй. Инээд дотроо өөрийн гэсэн хэлтэй байж ч мэднэ. Инээдээ хорьчихдог, инээхдээ ичдэг хүмүүсийг харахаар жаахан харамсмаар санагддаг. Ийм гоё мэдрэмжийг хорьж яах юм бэ?
![]()
“Циркийн амьтад байгаль дээрх амьтдаас хоёр дахин урт насалдаг”
Бид эргээд циркийн тухай сэдэв рүүгээ орлоо. Манай цирк ойн баавгай, хүрэн туулайтай байсан үе бий юу гэвэл бий. Одоо харин бид амьтадгүй аж. Циркийн амьтдыг хатуу ширүүн нөхцөлд зовж байдаг гэж хүмүүс ярьдаг ч харин ч эсрэгээрээ яг л хүүхэд шиг өсдөг гэдгийг тэрбээр онцлов.
Манай цирк амьтадтай байсан үе мэдээж бий. Одоо байхгүй дээ. Циркийн амьтан байнгын арчилгаа, халамж шаарддаг тул эзэн нь хүүхэд шигээ хайрлаж, өдөр бүр хамтдаа амьдрах шаардлагатай. Амьтдаа бүүвэйлж тэвэрч унтуулна, усанд оруулна, тоглоно. Циркийн амьтад их зовж, хүчирхийлэл дунд байдаг гэж ярьдаг хүмүүс бий. Харин ч эсрэгээрээ. Тийм ч учраас амьтад тоглолтынхоо үеэр эзэнтэйгээ өөрийгөө тоглож байна л гэж боддог.
Циркийн амьтад байгаль дээрх амьтдаас хоёр дахин урт насалдаг, эмчийн үзлэгт тогтмол орж, эрүүл мэндэд нь анхаарал тавьдаг. Зарим хүмүүс ташуурыг нь хараад “амьтан зовоолоо” гэж боддог. Тэр чинь зүгээр цочоох л хэрэгсэл. Сая хэлсэнчлэн өөрийгөө эзэнтэйгээ тоглож байна л гэж бодож байгаа.
“Бидний хувьд яс хугарах, шөрмөс сунах, холбоос тасрах гэдэг том зүйл биш”
Амиа золиосолдог урлаг учраас циркт бэртэл гэмтэл их. М.Баяржаргал гарынхаа хугарсан хэсгүүдийг харуулав. Зүүн гарын хуруунууд нь олон удаа бэртэж, хугарч, мултарч байсан гэнэ. Энэ мэт бэртэл циркийнхний хувьд энгийн л зүйл аж.
Циркийн сургуульд орсон цагаас л бидний бие хаа өдөр бүр сорилт, эрсдэлтэй нүүр тулдаг. Савхан яснууд гэмтээд, өсгий, өвдөг, эгэм, бүр хавиргаа хүртэл хугалж л байлаа. Бэлтгэл дээр дээр байгаа хүн унахад бид аврах гээд шууд л доор нь ороод зогсоно. Бидний хувьд яс хугарах, шөрмөс сунах, холбоос тасрах гэдэг том зүйл биш. Энгийн ойлголтоор бол ажлын нэг хэсэг. Циркчид ийм зүйлээ хэцүү, зовлон гэж ярьдаггүй. Харин ч цирк бол шазруун, гомдоллодоггүй, тэсвэртэй хүмүүсийн ертөнц. “Уйлж шантрах юм бол яах гэж цирк рүү орсон юм” л гэнэ. Энд ирсэн хүн эрсдэлээ зөвшөөрч, түүнийгээ давж байж урлаг бүтээдэг.
Би циркт ажиллаж байхдаа ихэвчлэн хүмүүсийн доор зогсож тэднийг шидэж, тосож авдаг суурь байлаа. Мөн духан дээрээ 7 метрийн өндөртэй нарийн труба тогтоож, үүн дээр 1-2 хүн дээш авиран орой дээр нь үзүүлбэрээ үзүүлдэг. Тэр дээр хөл, гар, толгойн дээрээ ч зогсоно. Харин би доороос нь турбагаа гараараа барьж болохгүй, зөвхөн духан дээрээ тэнцвэрийг нь барина. Хамтрагчдын маань хөл, гар багахан савчихад л миний тэнцвэр алдагдана. Тийм болохоор энэ бол маш өндөр төвлөрөл, тэсвэр шаарддаг ажил.
Энэ үзүүлбэрийг циркт “тулах тэнцвэр”, оросоор бол “эквилибристы на першах” гэдэг. Бас шидэх банзны (teeterboard) үзүүлбэр үзүүлдэг байлаа. Хүмүүсийн ойлголтоор “дүүжин даажин” шиг. Нэг талд нь хүн зогсож, нөгөө талд хоёр хүн дээрээс үсэрч буугаад тэр хүнийг дээш нь шиддэг. Би заримдаа шиддэг нь, заримдаа тосож авдаг нь, заримдаа шидэгдээд давхарлагдаж байгаа хүний доод суурь болдог байсан.
“Нэг номер дээр хүн бэртвэл түүнийг шууд орлох хүн нь рингмастер”
Циркийн жинхэнэ зүрх нь рингмастер буюу циркийн удирдаач гэлтэй. Рингмастер манеж дээрх бүх энерги, гэрэл, хөгжим, жүжигчдийн хөдөлгөөнийг нэгтгэж, үзэгчдэд төгс мэдрэмж төрүүлэх уран бүтээлч юм. М.Баяржаргал цирктээ буцаж ирэхдээ 2024 оноос рингмастер болж эргэн иржээ.
Үзэгчдийг циркийн урлагтай холбож өгдөг гүүр нь рингмастер юм. Олон төрлийн үзүүлбэрийг урлагийн нэг урсгал болгож зангидах, хөшигний ард болон тайзан дээрх бүх уур амьсгалыг удирдах нь рингмастерын гол үүрэг. Жишээ нь, хүмүүс надаас “Одоо яаж байна. Бэлэн үү?” гэж асууна. Би “Окэй, эхэлье” гэхэд л бүх тоглолтын машин механизм зэрэг эргэж эхэлдэг.
Харин хүмүүсийн ойлголт шиг зүгээр хөтлөгч бол биш. Тайзан дээр гараад танилцуулга хэлдэг хэсэг бол түүний чадварын ердөө нэг жижиг хэсэг нь. Рингмастер ямар ч орлогчгүй нөхцөл байдалд үзүүлбэр бүрийг өөрөө орлох чадамжтай байх хэрэгтэй. Нэг номер дээр хүн бэртвэл түүнийг шууд орлох хүн нь рингмастер өөрөө.
![]()
“Цирк зөвхөн хүүхдэд зориулагдаагүй. Хосууд болзож үздэг тансаг үзүүлбэр”
Судалгаагаар цирк үзэж буй хүмүүсийн сэтгэл хөдлөл өдөөгдөж, стресс багасан, инээд баясал, догдлол мэдэрдэг аж. Үзэгчид догдолж, баярлаж, хөөрснөөр тэдний амьдрал илүү баялаг, өнгөлөг болж, бүтээлч сэтгэлгээ нь идэвхэждэг байх нь.
Олон хүн хамгийн сүүлд хүүхэд байхдаа л цирк үзсэн байдаг болохоор циркийг зөвхөн хүүхдүүд үздэг гэж ойлгох нь бий. Үнэндээ гадаадын орнуудад циркийн урлаг бол жинхэнэ дээд зэрэглэлийн соёлын нэг хэсэг. Хосууд болзож үздэг “Cabaret show” шиг тансаг түвшний урлаг гэж тооцогддог. Хүн цирк үзэх үедээ өөрийн бие физиологийн хязгааргүй боломжийг нүдээрээ хардаг. “Хүн ийм зүйл хийж чаддаг гэж үү?” гэмээр гайхамшгийг мэдэрч, алмайрч, өөрийн амьд биеийн үнэ цэнийг дахин ойлгодог.
-Циркчин байх комедиан байх ямар ялгаатай вэ?
-Комедигийн тайзан дээр гарахад хүмүүсийг тасралтгүй инээлгэж, анхаарлыг нь секунд ч алдалгүй барьж байхыг шаарддаг. Миний хувьд комедиан байх нь илүү хэцүү. Яагаад гэвэл ярьсан өгүүлбэр бүрээ инээдтэй болгож, хүмүүс намайг анхааралтай сонсож байх ёстой. Өөрийнхөө дүр төрхийг эвдэж, өөрийгөө шоолж, бүтэлгүй, болж өгдөггүй түүхүүдээ ярих шаардлагатай болдог. Үзэгчид “Өө, энэ чинь тийм л хүн юм байна” гэж итгэж ч мэднэ. Гэхдээ энэ бол үнэндээ том золиос. Хүн юу ярина тэр нь амьдралд нөлөөлнө гэдэг шүү дээ. Болж бүтэхгүй зүйлээ байнга ярина гэдэг миний хувьд нэг төрлийн дэнчин.
Гэхдээ нэг талдаа хүн инээлгэх тэр мэдрэмж үнэхээр онцгой. 200 хүнийг нирхийтэл инээлгээд, алга ташуулчхаад тайзнаас буухад бүр хийморь сэргээд, монголчуудаар бол хийморийн овоон дээр гарчихсан мэт, Солонгосынхоор складаараа дүүрэн кимчи дарчихсан юм шиг л эрч хүчтэй болдог. Харин цирк дээр бол өөр. Тэнд миний хэлсэн үг бүрд хүн заавал инээх шаардлагагүй. Гол нь би үзэгчдэд бахдал төрүүлж, уур амьсгалыг авч явах ёстой. Хүн инээх, уйлах, айх, догдлох тэр бүх мэдрэмжийн дундуур би өөрөө хамт явдаг.
“Циркт байсан болохоор л би комеди руу татагдсан ч байж мэднэ”
![]()
-Эргээд харахад цирк таны хувь ямар орон зай эзэлж, юу болж хувирсан байна вэ?
Цирк яг л миний бага нас байсан юм байна. Хүн гэдэг чинь ухаан орж хорвоотой танилцаж эхлэх мөчөөс амьдралыг өөр өнцгөөр харж эхэлдэг шүү дээ. Миний хувьд тэр мөч цирктэй хамт ирсэн. Цирк надад хатуужлыг өгсөн. Магадгүй циркт байсан болохоор л би комеди руу татагдсан ч байж мэднэ. Тайзнаас айхгүй байх зориг, өөрийгөө илэрхийлэх эрмэлзэл, олон ажлыг зэрэг амжуулах гээд энэ бүхэн циркээс улбаатай. Амьдралын минь утаснууд бүгд хоорондоо нэг л логикоор зангилагдан, нэг л сав руу урсаж орсон юм шиг.
Циркчдийн дунд нэг бичигдээгүй хууль байдаг нь циркээ орхисон хүн эцэстээ заавал цирк рүүгээ эргэж очдог. Циркийн татах хүч гэдэг ерөөсөө хүний зүрхнээс арилдаггүй. Хүнд хэцүү бэлтгэл, өдөр бүрийн давтлага, өвдөлтийг даваад гарсан хүн үүнийгээ орхино гэдэг үнэхээр хэцүү. Эргээд харвал цирк намайг өсгөсөн, харин би амьдралдаа хийж буй бүхнээрээ циркийн өгсөн тэр хүчийг эргүүлэн амилуулж явна.
Цирк үзэх мөчид бид хоромхон зуур бодит байдлын хилээс холдож, хүнд боломжгүй зүйл гэж байдаггүйг мэдэрдэг. Хүмүүсийн хүрэх боломжгүй мэт зүйлд хэн нэгэн хүрэхийг харна гэдэг өөрийн амьдралынхаа хязгаарыг томруулж, шинийг хүсэх хүслийг төрүүлдэг аж. Иймээс та цөөхөн тоглогддог циркийн шоугаа цаг гарган заавал үзээрэй!