Залуусын орон зай

#WeAllMatter: Хүн бүрийн дуу хоолой, хүн бүрийн түүх үнэ цэнтэй

Г.Цэнд-Аюуш2025.10.273 минут унших
#WeAllMatter: Хүн бүрийн дуу хоолой, хүн бүрийн түүх үнэ цэнтэй

“Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг аравдугаар сарын 16-ны өдөр дэлхийн 80 гаруй улсад нэгэн зэрэг тэмдэглэдэг. Эх дэлхийн өнцөг булан бүрд энэ өдөр нэр төрийн талаар ярилцаж, эргэцүүлж байгаа ч “нэр төр” гэдэг ухагдахуун, сэтгэлгээ, ухамсар бидэнтэй өдөр бүр хамт оршин байдаг билээ. Тодруулж хэлэхэд “нэр төр” гэдэг нь хүн төрөхтэй зэрэгцэн оршихуйн түвшинд заяагдсан үнэ цэн юм. Тэгэхээр өдөр бүр хийж буй үйлдлээрээ, хүмүүстэй харилцаж буй харилцаагаараа, өөртэйгөө харьцаж буй хэв маягаараа ч тэр бид нэр төрөө илэрхийлж байдаг гэсэн үг. Энэ жил “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийн 20 жилийн ой тохиож буй.

Нэр төртэй сэтгэлгээг дэлхий даяар түгээж, хүн бүрийн үнэ цэнийг өөрт нь болоод эргэн тойронд нь үргэлж сануулж байх ийм хөдөлгөөнийг бий болгох санаа анх хэрхэн төрсөн тухай Global Dignity-гийн Үүсгэн байгуулагч Пэкка Химанэн MEF Youth 2025 арга хэмжээнд оролцож байх үедээ ийнхүү ярьжээ:

“Global Dignity” хөдөлгөөний санаа анх 2005 онд төрсөн юм. Тухайн үед Норвегийн ханхүү Хакоон, “The Hope Foundation”-ий үүсгэн байгуулагч Жон Браянт бид гурав Дэлхийн эдийн засгийн форумын “Залуу глобал манлайлагчдын уулзалт”-д оролцож байлаа.

Уулзалтад бид нэг асуулт гаргаж тавьсан юм:

“Агуу манлайлагчдын юу нь хүмүүсийг ингэтлээ урамшуулдаг юм бол?”

Бид Нельсон Мандела, Мартин Лютер Кинг зэрэг хүмүүсийн түүхийг ярилцаж, бүгдэд нь ижил нэг чанар байгааг олж харсан. Тэр бол “dignity” буюу нэр төр, хүнлэг чанар, үнэ цэн байв. Ингээд бид энэхүү ойлголтыг дэлхий даяар түгээх хөдөлгөөнийг эхлүүлэхээр шийдсэн. Хожим Нобелийн энх тайвны шагналт Десмонд Туту бидэнтэй нэгдэж, “Хүн бол хэмжээлшгүй үнэ цэнтэй оршихуй. Тиймээс бусадтай харилцахдаа өөрт чинь яаж хандаасай гэж хүсэж байна тэр байдлаар хандаж байгаарай” гэж хэлсэн нь бидний эрхэмлэх чиглэл болсон.

WEB COVER 78.jpg

Ингэж “Global Dignity” дэлхийн олон оронд түгж, хүн бүрийн дуу хоолой, үнэ цэнийг дэмжих уриа болжээ. Монгол Улс энэ хөдөлгөөнд 2009 онд нэгдсэн бөгөөд уг сэтгэлгээг олон улсын хэмжээний энэхүү үнэт зүйлтэй уялдуулан нутагшуулсан анхных нь улс орнуудын нэг болсон байна. Энэ талаар Global Dignity-гийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганхуяг мөн MEF Youth 2025 арга хэмжээний үеээр:

Би 2009 онд энэхүү хөдөлгөөний талаар анх сонсоод, эх орондоо буцаж ирмэгц багийнхантайгаа ярилцаад, Монголдоо хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд хүүхдүүдийнхээ сургуульд очиж, багш нартай нь ярилцаж, нэр төр буюу хүнлэг чанарын талаар хичээл заахыг санал болгосон. Хоёр жилийн дараа бид Боловсролын сайдтай уулзаж, жил бүрийн нэг өдрийг “Нэр төрөө эрхэмлэх өдөр” болгож, тухайн өдөр бүх сургууль эхний цагийн хичээлээр энэ сэдвийг ярилцдаг байя гэж санал тавьж байлаа. Үүнээс Монгол Улс дахь энэхүү хөдөлгөөн эхэлсэн юм.

WEB COVER 119.jpg

Энэхүү санаачилга жилээс жилд өргөжиж, өнөөдөр дэлхийн 80 гаруй оронд нэгэн зэрэг тэмдэглэдэг болсон байна. Харин энэ жилийн “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг “WeAllMatter - Every voice, every story has dignity” буюу хүн бүрийн дуу хоолой, хүн бүрийн түүх үнэ цэнтэй гэх санааг уриа болгон тэмдэглэж байгаа ажээ. 

Global Dignity-гийн Ерөнхийлөгч Жон Б.Осбор энэхүү санаатай холбогдуулан “Сошиал медиа бол хүчтэй ч хариуцлага дагуулдаг орон зай. Нийгмийн сүлжээг ашиглаж буй хүн бүрийн үг бусдын амьдралд нөлөөлөх чадвартай. Нэг үг, нэг үйлдэл хүний амьдралыг аварч чаддаг. Олон улсад хар бараан, хүнд цаг мөчүүд олон байгаа ч гэрэл гэгээ, сайн сайхан үргэлж ялдаг. Тиймээс бид бүгд тэр гэрэл нь байж чадна” хэмээжээ. 

WEB COVER 77.jpg

Сүүлийн үеийн судалгаануудыг үзвэл хүн бүрийн нэр төрийг хүндэтгэх нийгэм нь дан ганц ёс суртахууны асуудал биш, бодитой өсөлт, хамтын хөгжилд ч шууд нөлөөтэй хүчин зүйл болох аж. Urban Institute-ээс гаргасан “Why Dignity Matters to Upward Mobility” гэх судалгаанд нэр төр болоод харьяаллын мэдрэмж нь нийгэм дотор үнэлэгдэх, хамт олонтой холбогдох, оролцох боломжийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь хувь хүний эдийн засгийн амжилт, өсөлтөд шууд нөлөөлдөг болохыг онцолжээ. Өөрөөр хэлбэл, хүн нэр төртэй, үнэ цэнтэй орчинд ажиллаж амьдрах тусам илүү бүтээлч, бие даасан, хүчирхэг болж, нийгмийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулдаг байна. 

Холбоотой нийтлэлүүд