Залуусын орон зай

Б.Билэгсайхан: Хиймэл оюуны эринд бид суралцахуйд сурах ёстой

М.Энхмаа2025.10.255 минут унших
Б.Билэгсайхан: Хиймэл оюуны эринд бид суралцахуйд сурах ёстой

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааныг боловсрол, сургалтын системд нэвтрүүлэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа томоохон сэдэв болоод байна. Учир нь хиймэл оюун ухаан нь сургалтын үйл явцыг хувь хүнд тохируулж илүү үр ашигтай болгох, мөн багш нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх зэрэг олон талын боломжийг нээж өгч байгаа юм. Гэхдээ хиймэл оюун ухааныг боловсролын салбарт нэвтрүүлэхдээ зөвхөн технологийн талыг бус, тухайн улс орны соёлын онцлог, боловсролын тогтолцооны бүтэц мөн ёс зүйн хариуцлагын асуудлуудыг заавал харгалзан үзэх нь нэн чухал аж. Иймд бид технологи, хиймэл оюун ухааныг боловсролын салбартай хэрхэн уялдуулж, тулгамдаж буй сорилтуудыг даван туулах боломжит шийдлүүдийн талаар MLUB-ын Үүсгэн байгуулагч Б.Билэгсайхантай ярилцлаа.

“Миний хувьд технологийн салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Энэ салбарыг сонгоход нөлөөлсөн анхны сэдэл маань долоодугаар ангид байхад манайх гэртээ компьютер авч байсан үеэс эхтэй. Тухайн үед айлууд гэртээ компьютертой байх нь нэлээд ховор байсан учраас энэ төхөөрөмж үнэхээр л ид шидтэй мэт санагддаг байлаа.

Харин 2008 оноос хойш технологийн салбар огцом хөгжиж, ялангуяа 2015 оноос Deep Learning гарч ирснээр хиймэл оюун ухааны салбар дэлхий даяар тэсрэлт хийсэн. Тиймээс бид энэхүү дижитал шилжилт болон технологийн хувьслын үеийг нүдээр харж, түүнд оролцож яваа азтай үеийн төлөөлөл гэж хэлж болох юм. Учир нь хэдхэн жилийн өмнө хиймэл оюун ухааныг хөгжүүлнэ гэдэг нь цөөхөн мэргэжилтнүүдийн хүрээнд ойлгогддог, нэлээд нарийн төвөгтэй сэдэв байлаа шүү дээ. Гэтэл одоо ChatGPT зэрэг платформуудын ачаар энэ технологи хүн болгоны өдөр тутмын хэрэглээ болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, бид заавал мэргэжлийн гүнзгий мэдлэг шаардахгүйгээр бүтээмжээ нэмэгдүүлдэг хэрэгсэлтэй болчихсон байна. Энэ нь биднийг технологийн хөгжлийн хурдацтай шинэ эрин үед амьдарч байгааг баталж байгаа бөгөөд ойрын хэдэн жилд л гэхэд улам олон, илүү хурдтай шинэ нээлт, инновацууд ар араасаа гарч ирэх нь тодорхой юм.”

Супер хүн ба технологийн шинэ эрин

0N2A6103.png

Хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх нь ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлэх хүчирхэг хэрэгсэл болж байгааг олон улсын томоохон судалгаанууд баталж байна. Зарим мэргэжилтнүүд үүнийг "супер хүн" шиг ажиллах боломжтой хэмээн тодорхойлдог. Тухайлбал, McKinsey Global Institute-ийн судалгаагаар, Generative AI буюу шинэ контент, код, зураг, текст үүсгэх чадвартай хиймэл оюун ухаан нь мэдлэгт суурилсан ажилчдын бүтээмжийг нийт ажлын цагийн 60–80 хувь хүртэлх хэмжээгээр хурдасгах потенциалтайг онцолсон юм. Энэхүү "супер хүн" шиг ажиллах боломжийг олгож буй хиймэл оюун ухааныг бид хэрхэн үр бүтээлтэй ашиглаж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой вэ?

“Хиймэл оюун ухаан өдөр тутмын хэрэглээ болсон нь үнэн. Гэхдээ бид энэ технологийг бодит потенциалаар нь ашиглаж чадаж байна уу гэдэг нь туйлын чухал асуулт юм. Би өөрөө энэ салбарт мэргэшсэн хүний хувьд ChatGPT зэрэг хэрэгслийг байнга ашигладаг боловч түүнийг 100 хувь үр дүнтэй ашиглах түвшинд хүрээгүй л байна. Үнэндээ хиймэл оюун ухаан бол ажлын бүтээмжийг дээшлүүлэгч "супер хүн" мэт хүчирхэг хэрэгсэл юм.

Хиймэл оюун ухааны чадавхийг тодотгохын тулд програмчлалын жишээг авч үзье. Зарим тохиолдолд бид код бичих шаардлагатай үедээ хиймэл оюун ухаанаар эхний хувилбарыг үүсгүүлээд, дараа нь мэргэжлийн үүднээс хянаж үздэг. Гэтэл хиймэл оюун ухааны бичсэн код нь ихэнх тохиолдолд дунджаас дээгүүр түвшний гүйцэтгэлтэй байх жишээтэй. Энэ нь хиймэл оюун ухааны гүйцэтгэсэн аливаа мэдээлэл, даалгаврыг шууд хуулбарлах, эсвэл ажлыг автоматжуулах хэрэгсэл гэж үзэхээс илүүтэй, түүний үр дүнгээс суралцах шинэ боломж гэдгийг харуулж байна шүү дээ. Хиймэл оюун ухааны гаргалгааг шинжилж, тухайн шийдлийг хэрхэн бичсэнийг ойлгох нь бидний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх үндэс болох нь дамжиггүй.

Тиймээс, бид хиймэл оюун ухааны үр дүнг шууд “copy-paste”  хийх бус, харин “Энэ шийдэл нь яагаад ингэж бичигдсэн бэ? Би хэрхэн эндээс суралцаж, мэдлэгээ өргөжүүлэх боломжтой вэ?” гэсэн нухацтай сэтгэлгээгээр хандах хандлагыг төлөвшүүлэх ёстой. Зөвхөн ийм замаар л хиймэл оюун ухаан бидний сурах үйл явц, арга барилыг үндсээр нь өөрчилж чадах болов уу.”

Хиймэл оюун ухаанаар үүсгэгдсэн код, текст гэх мэт зүйлс дунджаас дээгүүр чанартай байх тусам үүнийг ашиглаж буй хүнээс өндөр ур чадвар болон нухацтай сэтгэлгээ шаарддаг нь тодорхой аж. Өөрөөр хэлбэл, хиймэл оюуны үр дүнг хянаж, улмаар түүнээс суралцах чадвар нь тухайн хүний суурь мэдлэгтэй шууд холбоотой юм.п

Хариуцлагатай хэрэглээний хязгаар

cover-1.png

Гэвч энэ технологийг хэрэглэх давуу тал нь боловсролын салбарт эрсдэл дагуулж байгааг олон улсын судалгаануудад дурдсан байдаг. Тухайлбал, Digital Education Council-ийн олон улсын судалгаагаар оюутнуудын 50 гаруй хувь нь хиймэл оюунд хэт найдах нь өөрсдийнх нь бие даан суралцах чадвар болон академик гүйцэтгэлд сөргөөр нөлөөлнө хэмээн санаа зовжээ. Тиймээс мэргэжилтнүүд энэ технологийн бодит чадавхийг бүрэн ашиглахад тулгарч буй гол бэрхшээл нь суурь боловсролын тогтолцоонд оршиж байна гэж үздэг. Хэрэв бид нухацтай сэтгэлгээг төлөвшүүлж чадахгүй бол хиймэл оюун ухааны шийдлийг зүгээр л хуулбарлах хэрэгсэл болгох маш том эрсдэлтэй аж.

“Хиймэл оюун ухааны технологийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь зөвхөн хэрэглэгчийн мэдлэг, мэдээллийн дутмагшилтай холбоотой биш юм. Бидний мэдлэг гүнзгийрэх тусам мэдэхгүй зүйлсийн цар хүрээ тодорхой болдогтой адилаар, хиймэл оюун ухааны боломжууд нэмэгдэх тусам түүнийг ашиглах нарийн арга барил улам чухал болж байгаа юм. Гэсэн хэдий ч энэ асуудлын үндсэн шалтгаан нь боловсролын системд оршиж байна гэж хэлж болно. Тухайлбал, ерөнхий боловсролын мэдээлэл зүйн хичээлийн агуулга нь хуучинсаг хэвээр байгаа нь нууц биш. Одоо ч голчлон Word, Excel-ийг ашиглах, файл хадгалах зэрэг үндсэн бичиг хэргийн чадварт төвлөрч байна шүү дээ. Гэтэл орчин үеийн бодит хэрэгцээ нь үүнээс тэс өөр болжээ. Өнөөгийн суралцагчдад ChatGPT зэрэг хувьсгалт технологийн талаар, түүнийг хэрэглэх боломж, хязгаарлалт мөн ёс зүй, аюулгүй байдлын эрсдэлүүдийн талаар зөв, цэгцтэй мэдээлэл олгох нь нэн чухал болоод байна.

Тиймээс, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хиймэл оюун ухааныг зөв, бүтээлчээр ашиглах, ёс зүйтэй хэрэглээ, мөн дата нууцлалын асуудлыг тусгасан хиймэл оюуны хичээлийг нэвтрүүлэх шаардлагатай болов уу. Энэ хүрээнд нэгдүгээрт, хиймэл оюун ухааныг хэрхэн зөв ашиглах. Хоёрдугаарт, үр дүнд нь дүн шинжилгээ хийх. Гуравдугаарт, тухайн боловсруулсан мэдээлэлд тулгуурлан суралцах, хиймэл оюуныг чиглүүлэгч гэх өнцгөөс харах суурь ур чадваруудыг төлөвшүүлэх тухай асуудал хөндөгдөж байна.

Ёс зүйгүй хэрэглээ нь хиймэл оюун ухааны технологийн хамгийн том сорилтуудын нэг юм. Учир нь сурагч, оюутнууд хиймэл оюун ухааныг ашиглан зөвхөн даалгавраа хийлгээд зогсохгүй, харин түүнийг хариуцлагатай, зөв ашиглах нь нэн чухал билээ. Тэгвэл энэхүү ёс зүйн болон хариуцлагын ойлголтыг багаас нь хэрхэн зөв суулгах ёстой талаар тодрууллаа. 

“Технологийн потенциалыг бүрэн ашиглах, мөн боловсролын суурь асуудлуудтай нягт холбоотой дараагийн хамгийн чухал сэдэв бол ёс зүйн хариуцлага юм. Энэ салбарт технологийн бүтээгдэхүүн хөгжүүлж буй компаниудын хувьд ёс зүй гэдэг хувь хүний эмзэг мэдээлэлтэй харьцахдаа хууль, дүрмийг чанд мөрдөх үйл явц юм. Мэдээж, хуулиар хориглосон аливаа үйлдлийг хийхгүй байх нь зайлшгүй. Гэхдээ технологийн хөгжил хууль эрх зүйн зохицуулалтаас түрүүлж байгаа энэ үед бид хуулиар хараахан зохицуулагдаагүй байгаа асуудлууд дээр ч ёс зүйг баримталж, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, нууцлалыг чандлан хадгалах зэрэг ажлуудыг өөрсдийн санаачилгаар хийх шаардлагатай болж байгаа юм.

0N2A6103-1.png

Тэгвэл энэ хариуцлагын суурь ойлголтыг хаанаас эхэлж төлөвшүүлэх вэ гэдэг ойлголт гарч ирж байна шүү дээ. Миний хувьд Япон улсад суралцаж, амьдарч байхдаа тэд ёс зүй, хариуцлагын суурь ойлголтыг хүүхдүүдэд бага наснаас нь хэрхэн суулгадагийг анзаарсан юм. Хүүхдүүдээсээ жижүүр гаргаж, ангиа цэвэрлүүлэх үйлдэл нь өөрөө хувь хүний хариуцлага болон нийгмийн үүргийг ухамсарлах ёс зүйтэй шууд холбоотой юм байна. Тиймээс бид өндөр хөгжилтэй орнуудын энэ туршлагаас суралцах нь зүйтэй байх. Дэлхий дахинаа хиймэл оюун ухааны дата цуглуулалт, ашиглалт болон оюуны өмчтэй холбоотой маш олон шинэ хууль, журам хурдтайгаар гарч байгаа энэ цагт бид ч мөн энэ чиглэлээр зохицуулалтуудыг нэн даруй гаргах нь үндэсний технологийн салбарын аюулгүй байдал болон олон улсын өрсөлдөх чадварыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна.”

- Хиймэл оюуныг ашиглахдаа бидний тавих ёстой гол хязгаар “улаан шугам” нь юу байх ёстой вэ?

- Бид энэхүү технологийг ашиглахдаа хариуцлагатай хэрэглээний зарчмуудыг баримтлах нь нэн чухал юм. Юуны түрүүнд, хиймэл оюун ухааныг ёс зүйгүй буюу буруу зорилгоор ашиглахгүй байх нь хамгийн энгийн бөгөөд зайлшгүй шаардлага билээ.

Хиймэл оюун ухааныг хэрэглэхдээ анхаарах ёстой нэг чухал тал бол сэтгэл зүйн асуудал юм. Өнөөдрийн хиймэл оюун ухааны системүүд хэрэглэгчдэд сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө өгөх оролдлого хийж байгаа нь үнэн. Би өөрөө ч туршиж үзэхэд, хүндрэлтэй үед хөнгөн дэмжлэг болж чадаж байна билээ. Гэвч аливаа зүйлд хэт их найдах нь эрсдэл дагуулдаг шүү дээ. Хэдийгээр хиймэл оюун ухаан тухайн хүнийг шууд сөрөг үйлдэлд уриагүй ч, хувь хүний гүн, нарийн төвөгтэй асуудлыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүрэн шийдвэрлэх гэж оролдох нь үр дүнтэй арга зам биш. Хүнд хэцүү үеийн сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авах нь зайлшгүй юм.

Тиймээс, бид хиймэл оюун ухааныг ажил мэргэжлийн холбогдолтой даалгавар, мэдээлэл боловсруулалт зэрэгт бүрэн дүүрэн ашиглах нь зүйтэй. Харин хувь хүний гүнзгий асуудлууд болон сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхдээ эмч, сэтгэл зүйчийн оролцоог нэн тэргүүнд тавих ёстой. Энэ бол хиймэл оюун ухааны боломжийг ухаалгаар ашиглахын зэрэгцээ, түүний дагуулж буй хувь хүний болон нийгмийн эрсдэлийг гүнээ ухамсарлах тухай юм.

Ирээдүйн ажлын байр ба шинэ ур чадваруудын эрин үе

cover-2.png

Хиймэл оюун ухааны энэхүү хурдацтай хөгжил, түүнийг ашиглах ур чадвар болон ёс зүйн сорилтуудын дунд биднийг ирээдүйд ямар орчин хүлээж байгаа вэ? Олон улсын чиг хандлагаас харахад, уламжлалт инженерүүд хэвээрээ хэрэгтэй ч, тэдний ажиллах арга барил үндсээрээ өөрчлөгдөж, хиймэл оюун ухааныг эрхэмлэх нь зайлшгүй сонголт болж байна. Энэ нь цаашид ажлын байрыг автоматжуулах биш, харин бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ эрин үе ирж байгааг илтгэж байгаа юм. Тэгвэл энэ технологийн хувьслыг дагаад Монгол Улс хэрхэн өрсөлдөхүйц байх боломжтой вэ? Мөн оюутан залуус яг ямар ур чадварыг эзэмших нь хамгийн чухал болох талаарх туршлага, зөвлөгөөгөө ярилцлагын төгсгөлд бидэнтэй хуваалцсан юм. 

“Өнөө үеийн технологийн хөгжлийн хурд өмнөх шиг 10 гаруй жилийн зайтай биш, харин өдөр тутам, маш ойр ойрхон шинэ дэвшлүүд гарч байна. Энэ нь бидний дараагийн 4-5 жилд юу болохыг таамаглах ажлыг улам сонирхолтой бөгөөд нарийн төвөгтэй болгож байгаа юм. Гэсэн хэдий ч аливаа нарийн төвөгтэй системийг 100 хувь дангаар нь хариуцах, тогтвортой байдлыг нь авч явах чадвар гэдэгт одоогийн технологи нэлээн хол байгаа юм. Урт хугацаанд хиймэл оюун ухааны системийг арчилж, хөгжүүлэх үүрэг нь хүнд л ноогдоно гэж харж байна.

Монгол Улсын хувьд тулгарч буй асуудлуудыг заавал бүгдийг нь тэгээс эхэлж өөрсдөө хийх гэхээсээ илүүтэй, зарим нэг датагаа нээлттэй болгох зоригтой алхам хийх шаардлагатай болов уу. Дата нээлттэй байх нь хиймэл оюун ухааны хөгжлийг хурдасгаж, дотоодын компаниудад шинэлэг шийдлүүдийг боловсруулах боломжийг нээж өгөх юм.

Залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд, хамгийн чухал ур чадвар бол суралцахыг сурах явдал юм. Хиймэл оюун ухаан гарч ирснээр даалгавар хийх үйл явц хялбаршсан нь үнэн. Бид энэ боломжит цагийг ашиглан өөртөө цаг гаргаж, аливаа зүйлийг ухаж ойлгох, мэдлэгээ баяжуулах арга барилыг эзэмших нь хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болно.

Түүнчлэн, шинэ технологийг идэвхтэйгээр ашиглах хэрэгтэй ч, бүү хуулбарла. Шинээр гарч буй чиг хандлагад идэвхтэй оролцож, туршилт хийгээрэй. Зүгээр л Copy-Paste хийгээд зогсохгүй, хиймэл оюун ухааны хийсэн үр дүнгээс суралцаж, түүний гаргалгааг ойлгосноор өөрийн арга барил, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх нь технологийн энэ эрин үед амжилт гаргах үндэс болно гэж зөвлөмөөр байна.”

Энэхүү ярилцлагаас дүгнэхэд, хиймэл оюун ухаан гэдэг зөвхөн технологийн шинэчлэл бус, харин биднээс ёс зүйтэй хариуцлага, нухацтай сэтгэлгээг шаардсан шинэ эрин аж. Хэдийгээр технологи биднийг "супер хүн" мэтээр бүтээмжээ нэмэгдүүлэх боломж олгож байгаа ч, үүнийг зөвөөр ашиглах болон ёс зүйн хязгаарлалтыг ухамсарлах нь нэн чухал. Иймд суурь боловсролын тогтолцоогоо өөрчилж, залууст нухацтай сэтгэлгээ болон суралцахыг сурах арга барилыг суулгаснаар л бид энэхүү хувьсгалт эринд амжилттай хөл нийлүүлэн алхах боломжтой байна.

Холбоотой нийтлэлүүд