Спорт

Үндэсний Дээд лиг: Тоглолтыг эргүүлэх хүч таны гарт!

М.Энхмаа -- 2024.10.213 минут унших

Хүн төрөлхтөн биднийг юу нэгтгэдэг вэ? Дэлхийн өнцөг булан бүрд суугаа найман тэрбум хүн өсөж торнисон орчин, итгэл үнэмшил, үзэл бодол, соёл, ёс заншлаараа үргэлж ялгарч байдаг ч “хүсэл тэмүүлэл” гэх нэгэн зорилгын дор нэгтгэж чаддаг хамгийн том талбар бол спорт билээ. Спортоор дамжуулан бид хүсэл сонирхол нэгтэй шинэ хүмүүстэй танилцаж, өөрийгөө илэрхийлэх шинэ орон зайг бүрдүүлж байдаг. Тэгвэл энэ мөчид  их хотын завгүй амьдралаас түр амсхийж, нийгмийн стресс бухимдлаас түр ч болов холдуулах, спорт сонирхогч, хөгжөөн дэмжигч, үнэнч фанатуудын хүсэн хүлээдэг МСБХ-ны Үндэсний Дээд лигийн шинэ улирал цоо шинэ өнгө төрх, өндөр түвшний зохион байгуулалт, гал гарсан тоглолтуудаар эргэн ирлээ! Эдгээр тоглолтын ард ямар сонирхолтой үйл явдлууд өрнөдөг бол?

Дэлхий дахинаа 450 сая орчим тоглогч, 2.2 тэрбум сонирхогч, хөгжөөн дэмжигчтэй сагсан бөмбөгийн спорт нь 1940-өөд оны сүүл үеэс манай улсад нэвтэрч, 1954 онд анхны УАШТ-ээ зохион байгуулж байжээ. Улмаар, 1994 онд сагсан бөмбөгийн өлгий нутаг болох АНУ-ын баг тамирчдаас туршлага судлан Н.Золжаргал, Одонжил, Батжаргал, Амьбөх, Нямдорж нарын санаачилгаар анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаар өдгөө 30 дахь улиралтайгаа золгож байна. 

Багийн тоглолтын ардах “баг хамт олон” 

Урьд нь сагсан бөмбөгийн тоглолтыг зурагтын цаанаас л үзэж, баг тамирчдынхаа бахархам амжилтыг зурагтын цаанаас л хуваалцдаг байлаа. Гэтэл эдгээр тоглолтын ард маш олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, шинэлэг санаа  шингэсэн байдгийг төдийлөн анзаардаггүй байснаа ойлгосон юм. 

Сүүлийн жилүүдэд манай улсад багийн спортын төрөл эрчимтэй хөгжихийн хэрээр үнэнч үзэгч, хөгжөөн дэмжигчдийн тоо нэмэгдэж, спортоор дамжуулан багийн соёл, хамтын ажиллагааг эрхэмлэх болсон билээ. Иймд сагсан бөмбөгийн баг тамирчид болоод спорт сонирхогч залуусын хүсэн хүлээдэг, хамгийн үнэ цэнтэй тоглолт болох Үндэсний Дээд лигийг өндөр түвшинд, шинэ өнгө төрхтэйгөөр зохион байгуулна гэдэг хамгийн чухал. Тэр ч утгаараа шинэ улирлын тоглолтыг урт хугацааны турш төлөвлөж, нарийн зохион байгуулдаг байна. 

Үндэсний Дээд лиг: Тоглолтыг эргүүлэх хүч таны гарт!

Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн өдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 20 минут. Эхний тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө. 

Үндэсний Дээд лигийн гол дүр бол яах аргагүй баг тамирчид, дасгалжуулагчид ч гэлээ гал гарсан гайхалтай тоглолтуудыг бидэнд үзүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол бидний мэдэхгүй чимээгүй баатрууд. Тухайлбал, ерөнхий зохион байгуулагч МСБХ-ноос авхуулаад биднийг дэмждэг багийнхаа тоглолтыг тав тухтай орчинд үзэх аятай таатай орчноор хангадаг UG Arena-гийн хамт олон, арга хэмжээ зохион байгуулагчид, сайн дурын ажилчид, аюулгүй байдлыг ханган ажиллах харуул хамгаалалтын алба гээд маш олон хүний хөдөлмөрөөр лигийн тоглолтууд амжилттай зохион байгуулагддаг байна. Тухайлбал, шинэ улирлын эхний тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө UG Arena-д ирэхэд зохион байгуулагч, арын албаныхны ажил ид өрнөж байлаа. Нээлтийн хөтөлбөрийн дагуу тоглолтын үзүүлбэр, гэрэлтүүлэг, дууны эффект зэргийг нарийн шалгах аж. 

Тоглолтыг эргүүлэх хүч: Хөгжөөн дэмжигчид

Багийн спортын хөгжлийн хамгийн том хөдөлгөгч хүч бол хөгжөөн дэмжигчид. Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн сэтгэл хөдлөл ордны уур амьсгалыг илүү “халуухан” болгож, тамирчдын сэтгэл зүй, цаашлаад багийн амжилтад хүчтэй нөлөөлдөг байна. Судалгаагаар хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг нь тоглогчдын гүйцэтгэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна (Smith & Johnson, 2021). Асар их тэсрэлттэй, хурд, хүч шаардсан энэхүү спортын хувьд “сэтгэл зүйн тулаан” өрнөдөг тул тоглогчид үзэгчдийн уур амьсгалаар хурцлагдаж байдаг аж. Иймээс үзэгч, хөгжөөн дэмжигчид баг тамирчдаа хүндэтгэдэг, талбайн соёлтой байх нь хамгийн чухал. Тэгвэл сагсан бөмбөгийн үнэнч фанатуудын л хийдэг үйлдлийг Үндэсний Дээд лигийн тоглолтын үеэр олж харснаа та бүхэнтэй хуваалцъя.

Баг тамирчдад болон бусдад хүндэтгэлтэй ханддаг

Үндэсний Дээд лиг: Тоглолтыг эргүүлэх хүч таны гарт!

Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн өдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 40 минут. Эхний тоглолт эхлэхээс нэг цагийн өмнө тамирчдын бие халаалт эхлэв.

Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын тоглолтын салхийг хагалахаар шинэ нэр, шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн  “BCH Knights” болон “Darkhan United” багийн тамирчид талбайд биеэ халаахтай зэрэгцэн үзэгчид суудлаа эзэлж эхэллээ. BCH Knights багийн хөгжөөн дэмжигчид “Гарьд” багийн тамирчдын нэртэй үзмэн ягаан өнгийн өмсгөлөөр жигдэрсэн нь ордонд өнгө нэмж байлаа.

Сагсан бөмбөгийн үнэнч фанатууд үргэлж дэмждэг багийнхаа ард суудаг аж. Тухайн тоглолт дээр талбайн эзэн баг аль эсвэл зочин баг зэргээс шалтгаалж суудлаа сонгодог байна. Харин жинхэнэ хөгжөөн дэмжигчид хэзээ ч сөрөг энергийг бусдад түгээхээс татгалздаг. Бусад багийн тоглогчид, шүүгчид болоод бусад багийн дэмжигчдэд үргэлж хүндэтгэлтэй хандах нь талбайн соёлын энгийн атлаа чухал ёс зүй ажээ.  

Аливаа шүүлтэд шударгаар ханддаг

Үндэсний Дээд лиг: Тоглолтыг эргүүлэх хүч таны гарт!

Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн өдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 20 минут. Хоёр дахь тоглолт эхлэхээс 15 минутын өмнө. 

Нээлтийн өдрийн эхний тоглолт гал гарсан, тун ширүүн өрсөлдөөн болж  Darkhan United баг 4 оноогоор илүүрхэж ялалт байгууллаа. Ийнхүү эмэгтэй лигийн тоглолтын салхийг хагалахаар  “Ulaanbaatar Amazons” болон “Хүлэгүүд” багийн тоглогчид талбайд биеэ халааж, сунгалт хийж эхэллээ. Тамирчид тоглолтын өмнө биеэ халаах нь бэртэл гэмтлээс сэргийлэх хамгийн том урьдчилан сэргийлэлт болдог байна. Харин энэ тоглолтын үеэр үзэгч, хөгжөөн дэмжигчдийн тоо багассан нь илт мэдрэгдэж байлаа. Магадгүй энэ нь “эмэгтэй багийн тоглолт уйтгартай байдаг” гэх хэвшмэл ойлголттой холбоотой байх. Гэтэл Монгол Улсаас багийн спортын төрлөөр анх удаа Олимпын наадамд оролцсон нь 3х3 шигшээ багийн эмэгтэй баг тамирчид гэдгийг бид мартаж болохгүй мэт.

Дэмжинэ гэдэг нь амжилтыг нь хуваалцаж, алдааг нь залруулахын төлөө хамт байхын нэр болохоос биш алдааг нь өөхшүүлж, бусдаас буруу эрнэ гэсэн үг биш гэдгийг тэд мэддэг. Тоглолтын явцад дэмждэг багаа хэт дөвийлгөж, алдааг нь хүлээн зөвшөөрөхгүй шүүгчдэд нөлөөлөх гэж оролдох нь соёлгүй үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй аж. Тоглолтын үр дүнг хүлээн зөвшөөрч, шүүгчдийн шийдвэрийг хүндэтгэж сурах нь сагсан бөмбөгийн жинхэнэ фанатуудын хийдэг үйлдэл юм шүү. 

Нэг зорилгын төлөө нэгдэж чаддаг 

Үндэсний Дээд лиг: Тоглолтыг эргүүлэх хүч таны гарт!

Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн өдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг. Нээлтийн үйл ажиллагаа эхлэхээс хэдхэн хормын өмнө.

Аваргаа хамгаалагч, өмнөх улирлын эмэгтэй лигийн аварга “Хүлэгүүд” баг эхний тоглолтдоо “Ulaanbaatar Amazons” багт 65:71 харьцаатайгаар хожигдлоо. Баг тамирчдаа ялсан ч, ялагдсан ч хамт байж амжилт бүрийнх нь үнэ цэнийг хуваалцах нь хөгжөөн дэмжигчдийн хамгийн бахархам мөч билээ. Энэ улирлын хувьд багууд гурван тойрогт, 27 тоглолт хийх тул илүү олон боломж, олон ялалт биднийг хүлээж байна. Тиймээс тамирчдынхаа ялалт, ялагдалтай хамт байж, урмын үгсээ харамгүй хайрлаарай!

Хэдий багийн спортын төрөл манай улсад харьцангуй хожуу эхэлсэн ч хурдацтай хөгжиж байгаа энэ цагт бид аль хэдийн спортын соёлд суралцаж эхэлснийг Дээд лигийн тоглолтыг үзэгч, дэмжигчдийн уур амьсгалаас мэдрэгдэж байлаа. Тухайлбал, өнгөрсөн жил Дээд лигийн үзэгчдийн тоо 40 гаруй хувиар өсөж, нийт сагсан бөмбөг үзэгчдийн тоо давхардсан тоогоор 100 гаруй мянгад хүрсэн байна. Энэхүү тоон үзүүлэлт нь манай оронд багийн спортын төрөл эрчимтэй хөгжиж буйн хамгийн тод жишээ билээ. 2019 онд Европын сагсан бөмбөгийн холбооноос мэдээлснээр, хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгтэйгээр сагсан бөмбөг сонирхогчдын тоо 30 хувиар нэмэгдсэн аж. Иймээс хөгжөөн дэмжигчдийн соёл сагсан бөмбөгийн спортын хөгжилд үнэ цэнтэй бөгөөд тухайн спортыг сонирхогч залуусын тоо олшроход нөлөөлсөөр байна.

Үндэсний Дээд лигийн шинэ улирлын нээлтийн өдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 15 минут. Сагсан бөмбөгийн улирал ийнхүү албан ёсоор эхэллээ.

Үндэсний Дээд лиг: Тоглолтыг эргүүлэх хүч таны гарт!

Монголын сагсан бөмбөгийн спортын түүхийг бичилцэж, нэгэн үед гялалзаж явсан ахмад тамирчид Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын нээлтийн тоглолтод хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үдшийн оргил хэсэг бол яахын аргагүй өнгөрсөн улирлын аваргууд болох Хасын Хүлэгүүд болон Хүлэгүүд багууд аваргын бөгжөө гардан авсан явдал юм. Сагсан бөмбөгийн үнэнч фанатууд уухайн түрлэгээр аваргуудаа угтаж, алга ташилтын нижигнээн ордноос тасарсангүй. Нээлтийн өдрийн хаалтын тоглолт өнгөрсөн улирлын шилдгүүд болох “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багуудын хооронд өрнөсөн бөгөөд аваргаа хамгаалагч “Хасын Хүлэгүүд” баг улирлын эхний ялалтаа байгуулсан юм.

Эцэст нь хэлэхэд, сагсан бөмбөгийн үнэнч дэмжигчид хэзээд баг тамирчдаа дэргэдээс нь дэмждэг! Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө цагийг зөв боловсон өнгөрөөж, дуртай спортоосоо сэтгэлийн таашаал авах бүрэн боломжтой гэдгийг UG Arena-гийн ордны уур амьсгалаас мэдрэгдэж байлаа. Иймээс дуртай багаа дэргэдээс нь дэмжиж, талбайн соёлыг эрхэмлэн шинэ улирлын тоглолтуудтайгаа хамт байгаарай!

 

Гэрэл зургийг: Г.Дашням