Залуусын орон зай

П.Даваа: Гэрэл асах газраа асаад, унтрах мөчдөө л унтрах хэрэгтэй

М.Энхмаа2025.06.205 минут унших
П.Даваа: Гэрэл асах газраа асаад, унтрах мөчдөө л унтрах хэрэгтэй

Гэрэл гэдэг зөвхөн биднийг гийгүүлэгч хэрэгсэл биш, харин уран бүтээлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж, тайзны уур амьсгалыг бүтээгч хэл юм. Хүүхэд наснаасаа эхлэн электроникийн ертөнцөд татагдаж, сониуч зан, бүтээлч сэтгэлгээгээрээ Монголын энтертайнмент технологийн салбарыг түүчээлж яваа “MET Expo”-г санаачлагч, “D-Lights” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал П.Давааг бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа онцолж байна. 

“Миний хүүхэд нас 40 мянгатад өнгөрсөн. Тухайн үед Нэгдүгээр сургуулийн сурагчид хичээлээс гадуурх сургалт, дугуйланд хамрагдах ёстой гэдэг байсан юм. Хүүхэд л болсон хойно машинд их сонирхолтой учраас машины дугуйланд бүртгүүлэхээр Залуу техникчдийн ордонд анх очиж байлаа. Гэтэл машины дугуйлангийн бүртгэл хэдийн дүүрчихсэн байсан. Тэгээд багштайгаа ярилцаад электрон гэдэг үгнийхээ утгыг ч ойлгоогүй байхдаа электроникийн дугуйланд орж байсан түүхтэй” хэмээх энэ л мөчөөс түүний зүрх сэтгэл техникийн гайхамшгийг таньж мэдэх, хийж бүтээх хүсэл эрмэлзлээр хөглөгджээ.

Хүүхэд насны “гялбаа”

Frame 1261158679.jpg

“1980-аад онд Радио, Моделист Конструктор, Юный Техник зэрэг орос сэтгүүл л элбэг байлаа шүү дээ. Электроникийн дугуйлангийн хүүхдүүд голдуу энэ гурван сэтгүүлээс янз янзын схем загварыг харж, туршиж үздэг байсан юм. Миний Залуу техникчдийн ордонд тавдугаар ангиасаа хийж эхэлсэн бүтээл бол гүйдэг гэрэл болон диско гэрэл. Тухайн үед барилгын материал ховор байсан учраас бүхий  л зүйлээ өөрсдөө хийдэг байлаа. Жишээлбэл, гүйдэг гэрэл хийхэд паниар, өнгийн ламп, удаан эргэдэг мотор зэрэг зүйлс хэрэг болно. 

Паниараа орлуулахын тулд Модны хоёрын Модон заводоос очиж хайрцаг авна. Өнгийн гэрэл гэдэг зүйл байгаагүй учраас лампаа өөрсдөө өнгө оруулах хэрэгтэй. Гэвч гэрлийн лампыг шал буддаг энгийн будгаар будчихаж болохгүй шүү дээ. Хэрэв тэгвэл харахад өнгөтэй боловч гэрэл нэвтрүүлэхгүй. Тиймээс өнгийн бэхээр будах санаа олсон юм. Урт цагаанаас улаан, цэнхэр, ногоон өнгийн цэнэглэдэг бэхийг пенициллиний сав шиг жижиг саванд тасалж аваад, өнгийн бэхээ порлонд дүрж байгаад лампуудаа буддаг байлаа. Тэгээд орос өдрийн гэрлийн бэржгэр бүрхүүл дотор өнгийн лампаа хийгээд, хайрцагтаа нүхэлж тогтооно. Радио деталь гэх мэт зүйлс бүгд Оросоос ирдэг эсвэл Оросын янз янзын хуучны тоног төхөөрөмжүүдийн доторхыг ашигладаг байсан юм. Гүйдэг гэрэл хийхдээ хуучирч эвдэрсэн пянз тоглуулагчийн моторыг хайрцгийнхаа ард тогтоогоод тойруулаад гурван ширхэг кноп хийхэд өнөөх мотор маань аажуухан эргэхдээ тэр кнопуудыг “диг, диг, диг” гээд дарна шүү дээ. Харин цаад талд нь гурван өнгийн гэрэл чинь улаан, ногоон, цэнхэр “диг, диг, диг” гээд цувраад гүйдэг гэх мэт янз янзын зүйлс их хийдэг байсан. Одоо бол юм их өөр болсон байна л даа.” 

40 мянгатын “Электрон жаал” 

Frame 1261158706.jpg
Гучин таван  жилийн өмнөх "Электрон жаал" - Хувийн архив 

“Анх Ялалтын диско клуб гэх мэт олон диско клубээс “диско гэрэл ийм байдаг юм байна” гэдгийг мэдэж байлаа. Тухайн үед диско чинь 15 цагаас, 17 цагаас, 20 цагаас гээд кино шиг хуваарьтай байсан шүү дээ. Тэгэхэд би өдрийн гурван билеттэй ордог байсан юм. Бас ангийнхантайгаа их дискодно оо. Манай анги нэг давхарт болохоор өдөр нь ангийнхаа цонхыг онгорхой орхиод явна. Шөнө нь гэрлээ магнитофонтойгоо барьж ороод л дискоддог. Залуудаа тэгж диско сонирхдог, их ч дискоддог байлаа. 

Янз янзын юм туршиж үзэхэд гэр бүлийнхэн маань “Ер нь хэрэгтэй юм хийж байна уу даа. Наргиан цэнгээний зүйлс л хийгээд байх шиг байх юм” гэсэн маягтай л байсан. Би багын их сониуч хүүхэд байсан болохоор аливааг туршиж үзэх дуртай. Наймдугаар ангид байхдаа Мах комбинатын шинэ жилийг хийчихсэн хүүхэд шүү дээ. Хоёр өсгөгч, диско гэрлээ барьж очоод, магнитофоноо тавьж байгаад л 500 гаруй хүний шинэ жилийг хийж байлаа. Байгаа юмнуудаа босгоод л тэр шүү дээ. Тухайн үедээ бас хөөрхөн шагнал авч байсан санагддаг юм.”

Залуу техникчдийн ордноос тайз дэлгэцийн технологи хүртэл

Түүний аливааг өөрийнхөөрөө туршиж үзэх сониуч зан нь зөвхөн хобби төдий биш, ирээдүйн мэргэжлийн замыг зааж өгсөн юм. Зах зээлийн тогтворгүй байдал, бүх зүйл хурдан өөрчлөгдөж байсан тэр үед гэрэлтэй ажиллах нь түүнд хувь заяаг нь гэрэлтүүлсэн анхны алхам байлаа. 

Frame 1261158680.jpg

“Би хүүхэд байхдаа электрон цаг хийж үзсэн. Радио деталиуд угсраад дууны өсгөгч хийж үзсэн. Энэ мэтчилэн олон зүйлийг оролдож үзсэнээс хамгийн амжилттай болсон нь гэрэл байсан юм. Хөгжилтэйгөөр хэлэхэд тэр нь их хурдан хүнд хэрэг болоод байсан хэрэг. Хоёрдугаарт гэвэл, 1990-ээд онд арав төгссөн бидний үеэс эхлээд ОХУ руу сургуульд явах нь больчихсон, зах зээл замбараагүй байсан үе шүү дээ. Хамаг юм өөрчлөгдөөд сургууль соёл бүү мэд болчхож байгаа юм. Ажлаа хийх нь ажлаа хийгээд, наймаа хийх нь наймаа хийгээд л. Надад ч бас ганзагын наймаа хийж явсан үе бий. Сүүлдээ энэ бужигнаантай үед хийж чадах юм гэрэл юм байна гэдгээ ойлгоод 1993 онд Соёлын төв өргөөнд тайз, дууны албаны техникчээр ажиллаж эхэлсэн. 

Урьд нь сонирхлоороо л янз бүрийн юм туршиж үзээд, гэрэл анивчуулаад байсан хүн чинь мэргэжлийн байгууллагад ажиллаад эхлэхээр илүү мэргэжлийн болж эхэлж байгаа юм. “Аан, гэрэл ингэж тусах ёстой юм байна. Гэрэл хэрэгцээтэй үедээ л хэрэгцээтэй болохоос биш бүгд анивчаад байвал утгагүй юм байна” гэдгийг анх тэндээс ойлгосон.” 

“Даваа, нааш ир ээ. Найз нь тоглолтоо хийх гэж байна”

1990-ээд оны дунд үеэс их хотын залуусын амьдралд диско баар хэмээх шинэ орон зай хүч түрэн орж ирэв. “1994 оноос Монголд диско баар ид цэцэглэж, долоо хоног бүр нэг шинэ диско клуб нээгддэг байлаа шүү дээ. Хамелон, Моторок, Топ Тен, Нон стоп, Холливууд, Матис, Эмон, Fire гээд ер нь тухайн үеийн бүхий л клубуудийн техникийн шийдэл, гэрэлтүүлэг дээр нь ажилласан шүү” хэмээхдээ тэрбээр залуу насаа дурсав уу гэлтэй. Тухайн үед диско клуб гэдэг зөвхөн зугаа цэнгэлийн газар бус технологийн дэвшлийг таниулах шинэ ертөнц байжээ. Энэ л орчинд тэрбээр барууны техник, пульт, гэрэл гээд шинэ технологиудтай танилцаж, цаашдын карьерын эхлэл болсон талаараа хуваалцсан юм.

Frame 1261158681.jpg

“Соёлын төв өргөөнд ажиллахын хажуугаар тухайн үеийн бүхий л арга хэмжээний тайз дэлгэц, гэрэлтүүлэг дээр ажилласан. Тухайлбал, Соёлын сайд Н.Энхбаяр гуайн үед Их долоогийн шоу Төв цэнгэлдэхэд зохион байгуулагдсан юм. Тухайн үеийн хамгийн анхны том хэмжээний шоунд зориулж бараг улсаараа хөдөлмөрлөж байсан шүү дээ. Энэ хүрээнд Буянгийн Жагаа шинэ тоног төхөөрөмжүүд гадаадаас авчирсан юм. Гэтэл манайд шинэ тоног төхөөрөмжүүд угсарч чадах хүн байдаггүй. Жижиг төхөөрөмжүүд дээр л ажилладаг байсан хүмүүст шинэ технологи гэдэг шинэ сорилт болж байгаа юм л даа. Тэгээд Германаас ирсэн хоёр инженер болон Театрын Эрдэнэ, Соёлын төвийн Нямсүрэн инженертэй гурвуул арав гаруй хоногийн турш том сетапууд дээр ажиллаж, их том туршлага хуримтлуулсан. 

Мөн Камертон, Номин талст, Хурд, Харанга, хошин шогийнхон гээд Монголын бүхий л хамтлагтай аялан тоглолтоор их явдаг байлаа. Жижиг машиндаа бүх төхөөрөмжөө ачаад л найз нөхдөө гэсэн сэтгэлээр дагаад явна. Нэг жилд хоёроос гурван удаа Монголоо бүтэн тойрдог байсан шүү. Тухайн үедээ тоног төхөөрөмж түрээсэлж байна ч гэж боддоггүй байж. Тодорхой хэмжээний урамшуулалтай ч одоотой адил үнэ ханш гэж байдаггүй байлаа шүү дээ. “Даваа, нааш ир ээ. Найз нь тоглолтоо хийх гэж байна” гэхээр нь би “аан, тийм үү” гээд л нөгөө хэдэн юмаа бариад очдог. Ер нь нэг найрлаад ч байгаа юм шиг найзан дундаа хэсэг явсан юм. Сүүлдээ “Даваа, ийм арга хэмжээнүүдээр хамт явъя аа. Нэг удаагийн тоглолтод тэдэн төгрөг өгье. Чи тэдэн аймагт тоглох нь байна шүү” гээд тодорхой болж эхэлсэн. Тэр үеэс л “тоног төхөөрөмжүүдээ түрээсэлж, мөнгө олж болох юм байна шүү дээ” гэх ойлголттой болсон.”

“Даваагийн Гэрэл”

Ийнхүү электрон гэдэг үгийн утгыг ч бүрэн ойлгоогүй үеэ электрон төхөөрөмжтэй танилцаж байсан хүү хүсэл мөрөөдөл, сониуч, шинийг эрэлхийлэгч бүтээлч зандаа хөтлөгдсөөр 1996 онд “D Lights” компаниа байгуулжээ. 

Frame 1261158682.jpg

“D Lights гэдэг чинь “Сүндийн гуанз” гэдэг шиг “Даваа Лаят” гэж байгаа юм. Тухайн үед Улсын бүртгэл оочир ихтэй, хурдан нэрээ сонгох ёстой байлаа. Тэгээд бодож бодож гэрлийн компани байгуулах гэж байгаа юм чинь “D Lights” гээд л бас болоогүй англи үг оруулаад нэрээ хэллээ. Гэтэл “D Lights гэж ямар утгатай юм” гэдэг юм байна. “Д үсэгтэй гэрэл гэж байгаа юм аа” л гэлээ. Тэгсэн “Үсэг байж болохгүй. Д үсэг нь тодорхойгүй байна” гэхээр нь “За за. “Даваагийн Гэрэл” гээд “Сүндийн гуанз” гэдэг шиг “Даваагийн Гэрэл” компаниа пар 64 гэрэлтэйгээр байгуулж байлаа. Компанийн албан ёсны нэрэн дээр “Даваа Лаят” гэж байдаг юм.” хэмээн хөгжилтэй дурсамжаа бидэнтэй хуваалцсан юм. 

Техникийг урлаг болгох тэр л агшин…

Аливаа уран бүтээлийн амжилт, үзэгчдийн сэтгэлд хүрэх тэр агшны цаана нарийн мэргэжлийн ур чадвар, арга зүй гүн гүнзгий шингэсэн байдаг. Тэр дундаа гэрэлтүүлэг гэдэг тоглолт, арга хэмжээ, тайз дэлгэцийн уур амьсгал, өнгө төрхийг бүрдүүлж, үзэгчдийн зүрх сэтгэлд шууд хүрдэг хамгийн хүчирхэг илэрхийлэл юм. Гэрэл гэдэг зүгээр нэг орчныг гэрэлтүүлэгч хэрэгсэл бус, харин уран бүтээлчийн сэтгэл мэдрэмжийг дүрслэн үзүүлэх “хэл” ажээ.

_ZI78312.png

“Манайхан аливаа арга хэмжээ, тоглолтод гэрэл яагаад чухал болохыг арваад жилийн өмнөөс л ойлгодог болж байна. Өмнө нь гэрэл шаардлагатай гэдгийг мэддэг хэр нь айхтар чухалчилдаггүй байсан юм. Соёлын төв өргөө, Цэргийн ансамбль зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил ажиллахаар гэрлийн утга учрыг илүү сайн ойлгодог юм билээ. Дээхэн үед бол гэрлийнхээ тоогоор л өрсөлдөж байлаа шүү дээ. Гэхдээ гэрэл олондоо биш утгатай асахдаа л чухал байдаг. Асах газраа асаад унтрах мөчдөө л унтрах хэрэгтэй. Түүнээс биш их гэрэлдээ ч юм уу, айхтар гялтгар, хурдан анивчдаг байгаад гоё биш юм. 

Нэг үгээр хэлбэл, гэрлээр ярьж болдог. Жүжгэн дээр ч тэр концерт, арга хэмжээн дээр ч тэр тухайн хүний хэлэх гэсэн санааг гэрлээр өгүүлж болдог байхгүй юу. Олон жил ажиллаад ирэхээр “пүг” гэсэн гэрлийн тэр бутралт, зөөлөн шилжилтээс их таашаал мэдэрдэг болдог юм байна. Тэр хол тайзан дээр байгаа хүний санааг гэрлээр дамжуулан үзэгчдийн суудлын арын эгнээнд байгаа хүнд ч хүргэх боломжтой. Үзэгчдэд өөрийн сэтгэл мэдрэмжээ бүрэн хүргэх гэж ганцаараа хичээснээс гэрэлтэйгээ хамжаад жүжиглэж, дуулах ёстой юм байна гэдгийг манай уран бүтээлчид ойлгодог болсон байна.”

Дэлхийн технологитой хөл нийлүүлэх нь

Технологийн салбарын хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлнэ гэдэг амаргүй сорилт билээ. Тэр дундаа энтертайнмент технологийн салбарын шинэ гэрэлтүүлгийн систем, дижитал пульт, программ хангамж, автоматжуулалт гээд хөгжлийн хурдад алхам алхмаар дөхөхийн тулд мэргэжилтэн бүр тасралтгүй суралцах хэрэгтэй болдог байна.

_ZI78348 1.png

“Гэрэлтүүлэгч бол хамгийн мэдрэмж шаардсан ажил. Жишээлбэл, дууны тохиргоог нэг тааруулчихсан байхад тухайн хүн өөрөө чанга, сулаа тохируулж болно шүү дээ. Гэтэл гэрлийг орилуулж болохгүй. Тиймээс гэрлийн тохиргоо хийхэд хамгийн их хугацаа зарцуулдаг. Орчин үед энтертайнмент технологийн салбар эрчээ авч, гэрэлтүүлэг, дууны техник, 3D, 4D эффект гээд төрөл бүрийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар урлагийг илүү тод харуулж байна шүү дээ. Иймд тухайн арга хэмжээ, тоглолтыг илүү олон хүнд хүргэхийн тулд хамгийн сайн техник хэрэгсэлтэй байх хэрэгтэй. 

Миний хувьд сүүлийн хорин таван жил жил бүр Америк, Герман, Англи, Испани, Итали, Франц, Хятад зэрэг улсад зохион байгуулагддаг олон улсын үзэсгэлэнг зорьж үзэж байна. Технологийн чиг хандлага хааш чиглэж байгааг харж, шинэ технологиудтай танилцан туршлага судалдаг. Цар тахлаас өмнө бараг л гар утасны загвар шиг жил бүр технологи өөрчлөгддөг байлаа. Тэр болгоныг судалж, Монголынхоо зах зээлд тохирох технологийг нэвтрүүлнэ гэдэг их мэдрэмж шаардсан ажил шүү дээ. Хамт яваа хүмүүс “ямар гоё юм бэ” гээд л гоё сайхныг нь хардаг байхгүй юу. Харин бид болохоор тухайн бүтээгдэхүүнийг яаж угсарсан байна, залгуур нь хаана байна, манай аль тайзан дээр яаж харагдахаар байна гэх мэт технологийн шийдлүүдийг хардаг. “Цирк өндөр таазтай учраас энэ гэрлийг циркт тавивал яг гоё таарах юм байна даа” гээд зөв төсөөлөөд, тоног төхөөрөмжөө зөв сонгох хамгийн чухал.”

Шинэ санаагаар “гэрэлтэгч”

Frame 1261158678.jpg

“Олон жил нэг зүйлээ тууштай хийхээр мэдрэмж суугаад, илүү гярхай болдог юм билээ. Зарим найруулагчид ерөнхий санаа, хар зургаараа хийж үзчихээд “аан, энэ болохгүй юм байна” гээд буцаагаад нураадаг. Харин би гуч гаруй жил гэрэлтэй ажиллаа шүү дээ. Хамтрагч байгууллагууд арга хэмжээний ерөнхий санаагаа хэлэхэд “за, ер нь иймэрхүү юм байна” гээд тухайн жанр, уран бүтээлчийн стиль, тайзны шийдэлд яг энэ гэрэлтүүлэг л тохирно гэдгийг төсөөлж хардаг болдог юм байна. Хамгийн түрүүнд “Энэ гэрлийг ингэж угсрахад ингэж харагдах нь” гэдгийг асааж үзээд биш асаахаасаа өмнө дотроо төсөөлдөг. 

Гэрлийг зөвхөн гаднаас нь харах биш доторх нарийн хэсгүүд нь хэрхэн ажиллаж байна, залгуур, угсралтууд нь хэрхэн хийгдсэн байна гэх мэт зүйлсийг хараад л мэдэж болдог. Зарим хүмүүс гэрэл нь эвдэрчихээр засварын газарт өгдөг шүү дээ. Харин би өөрөө хоосноос нь эхлээд доторхыг нь хийж эхэлсэн учраас хаана ямар плат гэмтсэн, платан дотор ямар жижиг хэсэг шатсаныг олж, засварлаж чаддаг. Магадгүй энэ миний давуу чадвар байх.”

Монголын энтертайнмент технологийн салбарын хөгжил

“Манай энтертайнмент технологийн салбарын хөгжил хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн жишигтэй хөл нийлүүлж яваа гэж боддог юм. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хувьд ер нь гологдохгүй шүү. Харин боловсон хүчний ур чадвар, боловсрол мэдлэгийн хувьд байнгын дутагдалтай байх юм шиг байна билээ. Өмнөх технологио бүрэн эзэмшиж амжаагүй байхад ахиад л шинэ технологи гарч ирдэг учраас тасралтгүй суралцдаг салбар. Нөгөөтээгүүр, Улаанбаатараар дүүрэн эвент холл, гоё байшингууд байгаа ч мэргэжлийн гэрэлтүүлэгч ховор байна. Гэрэлтүүлэгч гэдэг суралцахад тийм ч хэцүү мэргэжил биш шүү дээ. Орос, Хятад зэрэг улсад энэ мэргэжлээр суралцаад ирэх юм бол манайд юу л хэрэгтэй байна гэрэлтүүлэгч хэрэгтэй байна. 

Frame 1261158677.jpg

Зарим хүн үнэтэй гэрэл авчихаараа л мэргэжлийн болчихлоо гэж ойлгодог. Гэвч тоног төхөөрөмжтэй харьцах мэдрэмж, ажиллах чин сэтгэл гэдэг хамгийн чухал. Гэрэлтүүлэгч хүн тэр гэрлийг гараараа хөдөлгөж байгаа юм шиг пультан дээрээ ажиллах, дэлгэцэн дээр ажиллаж байгаа хүн өөрөө гараараа зурж байгаа юм шиг тэгж гоё техниктэйгээ уусах хэрэгтэй санагддаг. Мөн дээрээс нь техникийн боловсролтой, урлагт дуртай байх хэрэгтэй шүү дээ. Тоглолт, арга хэмжээ болгон дахин давтагдашгүй. Зөвхөн яг тэр мөчид яг тэнд цугласан үзэгчдэд зориулан тухайн цаг мөчөө, тоглолтын уур амьсгалаа бүрэн мэдэрч ажилладаг учраас их мэдрэмж, маневр шаарддаг ажил.” 

“MET Expo” арга хэмжээ Монголын энтертайнмент технологийн салбарынхны нэгдсэн талбар болох нь

“Олон улсын үзэсгэлэнгүүдийн том том танхим руу орохоор нүд ийш тийш гүйгээд л, гялалзаад байдаг. Дэлгүүр хэсэхдээ эмэгтэйчүүд яаж догдолдог билээ. Яг л тэрэн шиг. Үзэсгэлэн үзэх болгондоо “Монголдоо ийм үзэсгэлэн зохиох юм сан. Үзэсгэлэнгийн танхимын таазнаас ийм тогтоогч тогтоох хэрэгтэй юм байна даа. Өөр юун дээр анхаарах хэрэгтэй юм бол” гээд сүүлийн арваад жил бодож явсан юм. Тэгээд энэ тавдугаар сард тохироо нь бүрдээд Монголдоо анх удаа “Монголын энтертайнмент технологийн нэгдсэн арга хэмжээ” буюу “MET Expo”-г Уранган Групп болон ЦойлогсоZ залуусын коммьюнити зэрэг энтертайнмент технологийн салбарт хувь нэмрээ оруулж яваа төлөөллүүдтэй хамтран зохион байгууллаа. Хэдий жижиг талбайд цөөн байгууллага оролцсон ч гэлээ үзэсгэлэнд дэлгэсэн тоног төхөөрөмжийн чанар, компаниудын технологи угсрах ур чадварыг харахад дэлхийн үзэсгэлэнгийн рейтингээр дундаас дээгүүр үзүүлэлттэй болсон гэж бодож байна. 

Frame 1261158683.jpg

Оролцсон залуус маань бүгд сэтгэл гаргаад технологиудыг бүтээлч шийдлээр угсарсан. Тасаг болгон давтагдашгүй, өөр өнгө төрхтэй байлаа шүү дээ. Энэ төрлийн үзэсгэлэн манайд анх удаа зохион байгуулагдсан болохоор манайхан эхлээд гайхаж, технологийн дэвшлүүдийн гоё сайхныг мэдэрсэн байх. Харин дараагийн удаа илүү ажил хэргийн шугам руугаа шилжих байх гэж бодож байна. Үзэсгэлэн гэдэг гайхахдаа гол нь биш энд ирсэн хүмүүс ирэх жилийн хийх ажлуудынхаа гэрээг хийгээд гарах л чухал юм. Цаашдаа энэ экспо Монголын энтертайнмент технологийн салбарын гол талбар болно гэдэгт итгэлтэй байна.”

Frame 1261158684.jpg

“Хүн дуртай юмаа хийх л гоё шүү дээ. Ядаж ядрахгүй. Хувь хүний онцлог ч гэх юм уу, өмнө нь хийсэн хуучин тайзаа ахиж хийх дургүй. Уйтгартай шүү дээ. Яаж ийж байгаад л нэг юмыг нь өөрчилдөг. Тиймээс ажлын санал орж ирсэн цагаас л “яаж илүү гоё болгох вэ” гээд өдөр шөнөгүй бодоод өвчилдөг. Шинэ санаа дуусчихна, энэ санаагаа дараа хадгалъя гэж бодолгүй гоё санаа төрвөл шууд л хийдэг. Ийм том тайзан дээр өөрийнхөө санааг шингээгээд хийвэл гоё биз дээ. Дараа нь харахад ч тэр хэдий дотор нь дуулаагүй ч гэлээ “энд миний санаа шингэсэн шүү дээ” гэж бодохоор гоё санагддаг юм” хэмээх түүний үг бүрээс өөрийн бүтээлч сэтгэлгээгээр тайзыг гэрэлтүүлэгч, жинхэнэ “уран бүтээлч” мэргэжилдээ чин сэтгэлээсээ хайртай нэгэн гэдэг нь мэдрэгдэж байлаа. Залуу техникчдийн ордноос эхэлсэн түүний аялал Монголын энтертайнмент технологийн салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж, тайз, дэлгэц, гэрлийн урлагаар дамжуулан үзэгчдийн зүрхэнд гэрэл асааж явна. Тэр бол БИДНИЙ НЭГ. 

 

Гэрэл зургийг: Д.Занданбат

Холбоотой нийтлэлүүд