Г.Цэнгүүн: Музейд хадгалагдаж буй бүх зүйл тухайн улсын ард түмний ой санамж байдаг


Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, түүхч, археологич Г.Цэнгүүнийг урьж, музейн салбарын өнөөгийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, боломжит шийдлийн талаар судлаачийн харах өнцгөөс ярилцлаа.
Бидний ярилцлага орчин цагийн Монголын музейн салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж, олон нийтийн музейн талаарх ойлголт ямар түвшинд байгаа талаар дэлгэрэнгүй ярилцсанаар эхэлсэн юм.
Музей бол зөвхөн үзмэр үзүүлдэг газар биш юм. Музей бол маш олон зүйлүүдийн цогц, уулзвар болж байдаг. Тодруулбал, музей эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг, олон нийттэй харилцдаг, музейн хамгийн гол зорилго бол хүмүүсийг соён гэгээрүүлэх байдаг. Гэвч хүмүүс музейг хамгийн эцсийн бүтэгдэхүүнээр нь буюу хоргонд дэглэж тавьсан үзмэрүүдээр харж дүгнэх нь бий. Гэвч маш олон хүний хөдөлмөр, чиглэлүүдийн нийлбэр дээр музейн салбар тогтож байдаг гэдгийг олон нийт төдийлөн сайн мэддэггүй.
Манай Монголын музей маш олон салбарын үзмэр, эд өлгийн зүйлийг нэгтгэсэн байдаг. Тухайлбал, тус тусдаа байх ёстой байгалийн ухаан, угсаатны зүй, археологи, социализмын үеийн дурсгалуудыг бүгдийг нь нийлүүлээд ганцхан музейд багтаасан байдаг юм. Гэтэл дэлхийн улс орон бүр төрөлжсөн музейтэй байх жишээний. Монгол Улс бол археологийн дурсгалаар нэн баян орон. Археологийн олдворыг байгалийн музейд дэлгэх нь учир дутагдалтай. Тиймээс тэр ховор нандин олдворуудыг тусад нь төрөлжүүлж археологийн бие даасан музей байгуулах нь илүү утга учиртай гэсэн үг.

Төрийн бодлогын хүрээнд Монгол Улсад олон музей шинээр байгуулагдаж байна. Хамгийн сүүлд гэвэл бидний сайн мэдэх Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан. Удахгүй археологи, угсаатны зүйн төрөлжсөн музей болон байгалийн түүхийн музей шинээр нээгдэх гэж байна. Тиймээс Монгол Улсад музейн салбар сүүлийн жилүүдэд харьцангуй хурдацтай хөгжиж байгаа гэж үзэх нь зохистой гэдгийг тэрбээр онцолж байсан юм.
“Музейн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны тал дээр томоохон өөрчлөлт гарч байна”
Өнгөрсөн үетэй харьцуулахад сүүлийн үед Монголын музейн салбарт эрдэм шинжилгээ, хууль эрхзүй тал дээр томоохон өөрчлөлт гарсан нь музей илүү судалгаа суурьтай болсон явдал. Тухайлбал, музейд байгаа үзмэр, сан хөмрөгийг нарийвчлан судлах, музейн салбар өөрсдөө бие даасан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олдвор болон үзмэрүүдийг баяжуулах тал дээр ахиц дэвшил гарсаар байна. Хуучин музейн дотор байгаа зүйлсийг зүгээр олон нийтэд үзүүлдэг байсан бол одоо илүү эрдэм шинжилгээ тал руугаа хөгжиж байна.
Үүний тод жишээ нь, Чингис хааны Үндэсний музей гэхэд 100 гаруй ажилтантай, дотроо эрдэм шинжилгээний маш том салбартай. Мөн орчин үеийн техник технологи буюу хиймэл оюун ухааныг тодорхой хэмжээнд ашиглаж байна. Үүний үр дүнд хүмүүс музей ороод дан үзмэр үзээд гарах биш тэндээс олон талын мэдлэгийг олж авах боломжтой болж байгаа юм. Мөн маш их үзэсгэлэнгүүд гардаг болсон. Жилдээ бараг нэг музейд 30 гаруй үзэсгэлэн дэлгэгддэг гэсэн тоон үзүүлэлт бий.
Манай улсад улсын зэрэглэлийн 12, орон нутгийн хэмжээнд 26 музей байна. Үүнээс гадна оюун ухааны музей зэрэг хувь хүний байгуулсан музейнүүд бий. Мөн сумын соёлын төвийн дэргэдэх орон нутаг судлах танхимуудыг нэрлэж болох юм.
Олон нийтэд музейн боловсрол олгох энэ талын салбар Монгол Улсын хэмжээнд хангалттай байгаа гэдгийг бид дээрх мэдээллээс харж болохоор байна. Гэвч хүмүүс ямар шалтгааны улмаас музейг зорьж очих нь багасаж, яагаад музейн мэдлэг дутмаг байдаг талаар товчхон тайлбарлахыг зорилоо.
“Бага насны хүүхдүүдэд сэтгэхүйн онцлогт нь тааруулсан хялбаршуулсан музей үзүүлэх ёстой”

Музей бол төсвийн байгууллага. Хязгаарлагдмал төсвийнхөө хүрээнд музей эрдэм шинжилгээний ажил явуулж, үзэсгэлэн дэглэж, олон нийтэд хүргэн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа ч үздэг хүн тун цөөн байна. Үүнийг нийгэм “музей ажлаа хийхгүй байна” гэж харах тохиолдол бий.
- Хүмүүс яг ямар шалтгаанаар музей үзэхээр ирдэг юм бол. Энэ талаар гаргасан нарийн судалгаа байдаг болов уу?
Жуулчид бол тухайн орны түүх соёлтой танилцъя гэсэн тодорхой зорилготой ирдэг. Харин дотоодын үзэгчдийн хувьд сүүлийн үед байгууллага, анги хамт олноороо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, мэдлэг оюунаа тэлэх зорилготой музейг зорин ирж байна. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт түүхийн хичээлийн хүрээнд музей үзэх ёстой гэж тусгаж өгсөн байдаг. Ингэснээр хүүхэд түүхийн хичээлээ илүү ойлгож, өөрөө бие даан цаашид сонирхон судлахаар шийдэх зэрэг маш олон давуу тал үүсэх боломжтой юм.
Мөн үр хүүхдүүдээ дагуулаад гэр бүлээрээ музей үзэхээр ирдэг тохиолдол их бий. Гэвч энэ тал дээр анхаарах ёстой чухал зүйл бол музейн дэглэлт бүх насныханд зориулсан байдаггүй. Үүнийг мэдэхгүй ирсэн эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдээ харж хандсаар байгаад өөрсдөө музейгээ үзэж чадалгүй сэтгэл дундуур, эргээд дүгнэж бодъё гэхээр санаанд буух зүйлгүй үлдэж “музей чинь олигтой юмгүй, уйтгартай газар юм байна” гэх хэвшмэл ойлголтыг бий болгож музейн үнэ цэнийг унагааж байдаг. Тиймээс бага насны хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогт нь тааруулсан танхим эсвэл тусгай үзмэр бүхий хялбаршуулсан музейг үзүүлэх нь тохиромжтой.
Иймд музей үзэхээр шийдсэн бол тодорхой хэмжээний судалгаа хийгээд, ойлголттой болоод бэлдэж ирэх ёстой. Герман улсад 2-8 насны хүүхдүүдэд зориулсан тусгай үзэсгэлэнгийн танхим байдаг. Харин манайд өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилготой шагай, оньсон тоглоом зэргийг байрлуулсан боловсролын өрөөтэй хэдий ч ихэнх музей зориулалтын бус барилгатай учраас багтаамжийн асуудлаас болж хүүхдэд зориулсан тусгай танхим байгуулахад хүндрэлтэй байдаг.
Музейн үнэ цэнийг өсгөх, олдвор, үзмэрүүдийг хамгаалах, алдаршуулахад олон нийт тухайн музейн талаар тодорхой хэмжээний ойлголттой байх ёстой аж. Энэ нь “өнөөдөр ямар музейг, хэрхэн үзэх вэ” гэдгээ тодорхой төлөвлөхийг хэлж байгаа юм. Музейд чанга ярих, зөвшөөрөлгүй зураг дарж, бичлэг хийх, юм идэх зэрэг асуудал нь харьцангуй багассан ч яг ямар музей үзэж байгаа талаараа ойлголтгүй ирдэг нь одоо ч хэвээр байна хэмээн судлаач Г.Цэнгүүн онцолж байв.
“Музей эдийн засаг талаасаа ч маш үр өгөөжтэй салбар”

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу орон нутагт аймаг болгон өөрсдийн музейг шинэчилж байгуулж байна. Одоогийн байдлаар Хэнтий аймаг, Өмнөговь, Говь-Алтай аймаг шинэ музейгээ нээсэн байгаа бол бусад аймгийн хувьд газар олголт, төсөв мөнгөний асуудал нь яригдаад явж байна. Шинэ музейтэй болсон аймгуудын барилгууд нь яг л музейн зориулалтын барилгууд. Учир нь арга зүйн зөвлөгөө, үзүүлэнгийн дэглэлт, тохижуулалт зэргийг гадаад дотоодын маш олон хүнийг урьж авчирч мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөмжийн дагуу хийсэн тул нийслэлийн зарим музейтэй харьцуулшгүй хөгжсөн байх жишээний.
Өмнөговь аймгийн музей байгалийн үзэсгэлэнгийн танхимаа шинэчлээд Монголын номер нэг чихмэл урлаачаар говийн уулын бүс, тал хээрийн бүх амьтдын чихмэлийг хийлгэсэн. Энэ мэт орон нутгийн музейн хөгжил сайжирч байгаа. Мөн орон нутгийн музейнүүд бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран археологийн малтлага судалгаа хийгээд өөрсдийнхөө музейн сан хөмрөгийг баяжуулах бүрэн боломжтой.
Ойрын 5-10 жилийн Монголын музейн салбарын ирээдүй маш гэгээлэг байгаа шүү дээ. Цаашид музейн салбарын суурь нь болсон аялал жуулчлалын салбар дэд бүтцээ сайжруулчихвал дагаад музейн хөгжил ч сайжрах боломжтой. Бас аймаг бүр Чингис хаан Үндэсний музей шиг нэг бүтээн байгуулалт хийхэд л аялал жуулчлалын томоохон урсгалыг хөдөө орон нутаг руугаа татах боломжтой байна. Ингэж байж аялал жуулчлал, шинжлэх ухаан хөгжинө. Музей бол олон замын уулзвар гэдэг нь үүн дээр харагдаж байгаа юм. Эдийн засаг талаасаа ч маш үр өгөөжтэй салбар.
- Олон улсын туршлагаас суралцаад, аль төрлийн музейг Монголд шинээр нээх боломжтой гэж та харж байна вэ?
Удахгүй Археологийн музей шинээр нээгдэх гэж байна. Үүнээс гадна манайд одон орны музей нээгдвэл сайхан байна. 2030 он гэхэд Марс гараг руу хүн нисгэнэ гэж байгаа шүү дээ. Түүний “Марс V” төсөл манайд хэрэгжиж байна. Марсын тэр онцлог, хөрс, тогтоц зэрэгтэй хамгийн ойр нь манай говь нутаг. Монголын говь Ангараг гараг шиг юм бол уг гараг руу нисэхээс өмнөх баазыг нь Монголын говьд байгуулж болно шүү дээ. Яг түүн дээр тулгуурласан одон орон, сансар огторгуйн чиглэлийн музейг байгуулах боломжтой гэж харж байна.

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн 3 жилийн өмнө Өмнөговь аймгийн Булган сумын Улалзах цонж хэмээх динозаврын яс олдсон газарт фестиваль зохиож байсан юм. Хүмүүс тэнд очоод яг говийн халууныг өөрийн биеэр мэдрээд, динозаврын олдворуудыг үзээд, судлаачдын яриаг сонсоод, виртуал орчинд ч үзэх боломжтой нэг фестиваль болж байсан юм. Иймэрхүү онгон байгаль дээр түшиглэсэн музей байгуулбал илүү үр өгөөжтэй байх болов уу. Харамсалтай нь том фестиваль энтертайнмент тоглолт биш шинжлэх ухаан учраас хүмүүс хөрөнгө оруулах нь бага байдаг. Тиймээс олон нийтэд хүргэх ажлаа маш сайн хийх хэрэгтэй. Мөн Алтай Таван богдын Цагаан Салаа, Бага Ойгор зэрэг голууд байдаг юм. Тэр голын хөндийд ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн хэдэн мянган хадны зураг байдаг. Тэр хадны зурагт тулгуурлаад, хээрийн үзэсгэлэн зохион байгуулж ч болно. Ер нь аль ч музейг дүүргэхэд ямар ч асуудалгүй. Учир нь маш их олдвор манай Монголд байгаа.
“Дахин сэргээх боломжгүй археологийн дурсгалуудыг виртуал музейгээр үзүүлэх боломжтой”
Сүүлийн жилүүдэд музейн салбарт дижитал технологи нэвтэрснээр, дэлхийн томоохон музейнүүд VR технологиор дамжуулан үзмэрээ 3D хэлбэрт шилжүүлэн, 360° вебд суурилсан виртуал музейг өргөнөөр ашиглаж байгаа билээ. Дэлхийн хаанаас ч Луврын музей, ЮНЕСКО-гийн музейг виртуал байдлаар үзэх боломжтой болсноор хүмүүс уламжлалт музейг зорин очих шаардлагагүй болсон. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд дижитал музей, виртуал үзэсгэлэнг хэр өргөнөөр ашигладаг, бидэнд үнэхээр виртуал музей хэрэгтэй эсэхийг бид тодруулан асуулаа.
Монголд виртуал музей хөгжих бүрэн боломжтой. Тодруулбал 2020 онд МУИС-иас хамтран гаргаж байсан Хархорум виртуал музей төсөл байна. Монголын ихэнх хот суурингууд очиж үзэх боломжгүй балгас болчихсон байдаг л даа. Энэ мэт үнэхээр сэргээх боломжгүй археологийн том дурсгалууд болох хот барилгын туурь, язгууртны оршуулгын газар зэргийг виртуал байдлаар харуулах нь маш зөв. Эсрэгээрээ сэргээх боломжтой эсвэл байгаа зүйлийг виртуал байдлаар үзүүлнэ гэдэг нь утгагүй л дээ. Луврын музей долоо хоног үзээд ч барахгүй маш том учраас виртуал болгосон байж болно. Харин манайд дахин сэргээх боломжгүй археологийн дурсгалуудыг виртуал музейгээр үзүүлэх боломжтой.
Виртуал музейн давуу тал орон зай, хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэхэд оршино. Тухайлбал, Луврын музейг үзэх боломжгүй хүн интернэт орчинд виртуал байдлаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар хаана ч, хэзээ ч чөлөөтэй үзэх бүрэн боломжтой болчихсон цаг үе шүү дээ. Гэхдээ музей бол заавал өөрийн биеэр очиж үзэх ёстой зүйл. Музей өөрөө хүнтэй амьд харилцааг үүсгэж байх ёстой. Үзмэрийг хоргоны цаанаас харах виртуал орчинд харах хоёр адилхан санагдаж болох ч бодит уур амьсгал, орчин гэдэг зүйл нь өөрөө хүмүүсийг татах чухал зүйл нь болж байдаг юм. Мөн технологи ашигласан музей бол хүнээс интернэт, компьютер зэрэг заавал нэг илүү зүйл шаардана шүү дээ. Харин уламжлалт музей цаг хугацаа, орон зай шаардах хэдий ч түүнээс авч байгаа мэдрэмж болон мэдлэг хиймэл оюун ухааны музейтэй харьцуулахын аргагүй.
“Олон улсад музейн үзмэрт хүрч, барьж үзэж болдог шинэ чиг хандлага тогтоод удаж байна”
Судалгааны байгууллагуудад олдворыг хадгалж хамгаалах зориулалтын газар хомс учраас сан хөмрөгт байгаа олдворууд хурдан муудах эрсдэлтэй байдаг аж. Иймд төр засгийн зүгээс сан хөмрөгтэй холбоотой асуудлыг шийдэх шаардлагатай зэрэг Монголын орчин үеийн музейн салбарт ямар асуудал давамгайлж байгааг онцолсон юм.
Монгол Улсын музейн салбарт одоо нэн шаардлагатай байгаа зүйлсийн нэг бол хүн хүрэх боломжтой, таван мэдрэхүйгээ ажиллуулан мэдэрч ойлгож болдог үзмэрүүдийг нэмэх явдал юм. Тодруулбал, Ихэнх музейн үзмэрт хүрч болохгүй гэсэн байдаг шүү дээ. Гэтэл дэлхийд музейн үзмэрт хүрч, барьж үзэж болдог шинэ чиг хандлага тогтоод удаж байна. Жишээ нь, Германы Неандерталийн музейн үзмэрүүдийн 80 хувь нь хүрч үздэг.
Үзмэрийг бодит мэт хувилаад эх хувийнх нь хажууд харьцуулж тавиад, түүнийг гараараа барьж үзэж болдог байдлаар хийх боломжтой. Хүн сонссоноо мартдаг, харснаа санадаг гэдэг шүү дээ. Иймд бодитоор барьж үзсэн тэр үзмэр, мэдрэмж хоёр хүний ой тоонд тодхон үлдэх юм. Гэхдээ уг загварыг хэрэгжүүлэхэд манай үзмэрүүд ихэнх нь эх олдвороор хадгалагдаж байдаг учраас хоргоны цаанаас харуулахаас өөр аргагүй байдаг. Тиймээс ойрын хугацаанд музейн салбарууд энэ асуудлыг шийдэхээр ажиллах хэрэгтэй гэж харж байна.
Нөгөө талаас, үнэхээр л музей үзэх гэж байгаа бол нэг удаа тойроод гарах биш олон удаагийн давтамжтайгаар үзэх ёстой. Харамсалтай нь манайд тэр орчныг нь бүрдүүлж өгч чадахгүй байна. Энгийн жишээ гэхэд л музей үзэж явахдаа намуухан хөгжимд тухайн үзмэрийн талаар эргэцүүлж бодоод, төсөөлөөд суух сандал зэргийг тавиад орон зайг нь бэлдэж өгдөггүй. Тэгэхээр хүн нэг удаа л ороод гарахаар эргэх холбоо гэдэг зүйл байхгүй болчихдог. Музей байнга л хүн татаж байх ёстой ч энэ мэт энгийн алдаанаас болоод боломжоо алдах нь элбэг. Олон улсын музейг үзэхэд нэгээс таван удаа тойрч үздэг. Үзэж сонирхоод явахдаа зураг хөргийг нь аваад, хүрэх боломжтой үзмэрүүддээ хүрч үзээд явдаг. Гэтэл Монголд энэ тал дээр дутагдалтай хэвээр байна.

Мөн энд дурдахгүй өнгөрч үл болох зүйл бол үзмэрийн орон зай юм. Үзмэр болгон өөрийн үнэ цэнтэй учраас өөрийн гэсэн орон зайтай байх ёстой. Жишээлбэл, маш олон зоосон тэмдэгтийг нэг дор тавьчихлаа гэж бодъё. Гэтэл би тэр олон зоосон дундаас Чингис хааны үеийн зоосыг үзээд бусад үеийн зоосноос юугаараа өвөрмөц ялгаатай юм бэ гэдгийг таних боломжгүй болно. Тиймээс нэг хоргонд дор хаяж нэгээс хоёр үзвэр л байх хэрэгтэй. Бүгдийг нь нэг хоргонд төвлөрүүлэх биш тухайн үзмэр ямар үнэ цэнтэй, бусдаас ялгарах онцлог нь юу юм бэ гэдгийг ил гаргаж өгсөн байдлаар үзмэрийн орон зайг нь хангаж өгөх зайлшгүй шаардлагатай.
“Музейг нэг тойроод гарах биш тогтмол үзэж байх хэрэгтэй”
Олон нийтийг музей рүү илүү татаж, музей үзэх соёл суулгаж багахан ч болов музейтэй харьцаж сургаснаар хувь хүний суурь хүмүүжилд эергээр тусахаас гадна, эх орноо үнэлэх үнэлэмж нь нэмэгдэх юм. Ганцхан техник технологийн хөгжлөөр дэлхийн иргэн болохгүй шүү дээ. Бид бусад улсаас юугаараа ялгаатай юм бэ, бидний ондоошил юу вэ гэдгийг мэддэг, бид хаана төрсөн, манай улсад юу байдаг вэ гэдгийг маш сайн мэддэг оюуны өндөр боловсролтой хүн байх нь жинхэнэ дэлхийн хүчирхэг иргэн болж байгаагийн тод жишээ байхгүй юу. Үүнийг хүмүүст ойлгуулах нь музейн бас нэг үүрэг юм.
Хүмүүс музейг тогтмол зорьж очихгүй байгаад амьдралын боломж бололцоо, нийгмийн байдал бас нөлөөлж байна уу гэж хараад байгаа юм. Тиймээс хүмүүст музейгээ хүргэх, яагаад музейг тогтмол үзэж байх ёстой юм гэдгийг ойлгуулах хамгийн энгийн арга нь одоо үед бол сошиал платформ л ашиглах шүү дээ. Сошиалаас зөвхөн сөрөг мэдээг олж харах биш, тэндээс мэдлэг олж авч, зөвөөр ашиглаж чадвал маш том хөгжих талбар тэнд бий.
Мөн энтертайнмент байдлаар буюу телевизээр дамжуулаад реалити шоу зохион байгуулж болох юм. Хүмүүс сая Physical Asia үздэг шиг шинжлэх ухаан, музей талдаа суурилуулсан “музей үзэх чинь ийм гоё юм байна шүү дээ” гэдэг ойлголтыг суулгах контент үйлдвэрлэх хэрэгтэй байна. Жишээлбэл, тайлбарлагч гарч ирээд нэг булшийг ёстой нүдэнд харагдтал нь олон талаас нь эх хэлээрээ болоод бусад гадаад хэлээр зөв тод, уран яруу ярьж өгдөг ч юм уу. Иймэрхүү байдлаар томоохон ажлууд өрнүүлэхгүй бол “манайх үзэсгэлэн нээсэн шүү, ирж үзээрэй” гээд л болчихоор хүнд хүрэхгүй байна шүү дээ. Тэгэхээр дээрх ажлуудыг хийвэл 5-10 жилийн дараа гэхэд музей үзэх дадал хүмүүст аяндаа сууж эхлээд музей бол амьдралын салшгүй нэг хэсэг юм байна гэдгийг ойлгож эхэлнэ.
- Олон нийтийн зүгээс энэ шийдэлд яаж оролцож, хувь нэмрээ оруулах боломжтой гэж та харж байна?
Улс орон даяар ядаж сардаа нэг удаа музей үзэх өдөрлөг аян өрнүүлэх хэрэгтэй. Мөн хүмүүс өөрсдөө музейгээ үзэхийг хүсэх хэрэгтэй. Эрэлт бий болж байж нийлүүлэлт хүчтэй явагдана шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш нар тодорхой хэмжээний цаг гаргаад хүүхдүүдээ дагуулж ирээд музей үзүүлдэг дадал суулгаж, үүнийг сургуулиас нь автобус унаагаар хангадаг, цаашлаад сургуулийг нь Боловсролын яамнаас дэмждэг, музейтэй холбоотой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байвал түүнийг нь Засгийн газар баталж өгөх зэрэг шат шатны дараалалтай дэмжээд өгвөл болохгүй зүйл байхгүй шүү дээ.
Музей тийм ч үнэтэй газар биш. Тиймээс музейг нэг тойроод гарах биш тогтмол үзэж байх хэрэгтэй. Бас музей хүнд маш олон талын мэдлэг, мэдээллийг өгч, соён гэгээрүүлж, хүнийг хөгжүүлж байдаг газар учраас хүмүүс цаг заваа гаргаад, найз нөхөд, анги хамт олон, гэр бүлээрээ ирж үзэж байгаасай. Ийм болоход аль аль талдаа л хичээх шаардлагатай. Улсаас музейгээ дэмждэг, музей буцаагаад хүмүүсийг найрсаг сайхан угтаж авдаг эргэх холбоогоо сайжруулах хэрэгтэй байна. Мөн олон төрлийн музейнүүд үүд хаалгаа нээгээсэй гэж хүсэж байна.
“Бид амьдралдаа хэзээ ч үзэж чадахгүй зүйлээ музейгээс үзэх боломжтой”

Музейд хадгалагдаж байгаа бүх зүйл тухайн улсын ард түмний ой санамж байдаг. Хүн түүхээс зугтах боломжгүй, бүх зүйл түүх болж үлдэнэ. Түүхийг хүн өөрөө хадгалдаг ч удаан хадгалах тусам үнэн мартагдаж, зарим нэг талаараа түүхийг гуйвуулж эхэлдэг. Тэгвэл тэр түүхийг найдвартайгаар, хэн нэгний үзэл бодолд баригдахгүйгээр хадгалдаг газар бол музей юм.
Манайх шиг баялаг түүхтэй улс бол олон төрлийн музейтэй байх тусмаа л үнэт өвөө урт удаан хадгалж чадна гэсэн үг. Харамсалтай нь одоохондоо манайд хүрэлцээ нь бага учраас ихэнх ховор нандин олдвороо сан хөмрөгтөө хадгалаад олон нийтэд үзүүлж чадахгүй байна. Олон нийтэд харуулж, дэлхий дахинд дэлгэнэ гэдэг нь цаашлаад улс эх орны ирээдүй, хөгжлийн нэг том алхам болдог учраас аль болох бүх олдвороо нээлттэй үзүүлж байх шаардлагатай.
Бид амьдралдаа хэзээ ч үзэх боломжгүй зүйлсийг музейгээс үзэх боломжтой. Амьдралдаа нэг удаа ч болов үзэх юм сан гэж бодсон зүйл маань музейд байдаг. Жишээлбэл, Би Чингис хаан Үндэсний музейг очиж үзсэндээ баярлаж, их олзуурхсан зүйл бол 17 дугаар зууны үед бичсэн “Алтан товч” байсан юм. Монгол Улсын Төв номын сангийн архивд хадгалагдаж байгаа тэр үнэт өвийг би архивч биш л бол хэзээ ч үзэх боломжгүй шүү дээ. Гэтэл үүний шийдэл нь музей болж өгдөг. Дахин давтагдашгүй бүхнийг, мөрөөдөж байсан зүйлээ хүн музейгээс л үздэг.
Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.