Монголчууд бид түүхэндээ арваад бичиг үсгийг зохион хэрэглэж байснаас хамгийн урт удаан буюу мянга гаруй жилийн турш тасралтгүй хэрэглэгдэж буй нь монгол бичиг гэдгийг бид сайн мэдэх билээ. Энэ олон зуун жилийн турш бидний өвөг дээдэс монгол бичгээр хад, чулуу, мод, төмөр, шавар, үйс, цаас зэрэг төрөл бүрийн материал дээр гараар болон бар хэвлэлээр бичиж, хэвлэж, сийлж тэмдэглэж байсныг батлах олон мянган дурсгал бидэнд уламжлан ирсэн байна.
Эдгээр төрөл бүрийн монгол бичгийн дурсгалыг эрдэмтэн судлаачид тал бүрээс нь судлан шинжилж, монгол хэл, бичгийн зүй тогтол, онцлог шинжийг тодорхойлж, монголчуудын түүх соёлыг нарийвчлан судлахад анхдагч эх сурвалж болгон авч үздэг байна. Өнөөдрийг хүртэл монгол бичгээр бидэнд уламжлан ирсэн түүхэн дурсгал бичгүүдийн хамгийн эртнийх нь “Чингисийн чулууны бичиг” хэмээх нэрээр алдаршсан гэрэлт хөшөө юм. Тэгвэл энэхүү гэрэлт хөшөө ямар учиртай дурсгал болохыг сонирхож үзэцгээе!
Нерчинск хотын музейн номын сан дахь нэгэн бичигт хөшөө
Чингисийн чулууны бичгийг хамгийн анх ОХУ-ын эрдэмтэн Г.И.Спасский 1818 онд танилцуулж байжээ. Тэрээр Нерчинскийн уул уурхайн сургуулийн эрдэс баялгийн музейн номын санд нэгэн дорно дахины бичээс бүхий гэрэлт хөшөө хадгалагдаж байсныг үзэж танилцан, нутгийн бичиг соёлтой хүмүүс, лам нарын тусламжтайгаар унших гэж оролдсон бөгөөд бичээсээс “Чингис хаан, Хамаг Монгол Улс” зэрэг тоотой хэдэн үгийг гаргаж чадсан байна. Энэ тухайгаа анх “Сибирийн мэдээ” хэмээх сэтгүүлд 1818 онд орос хэлээр хэвлүүлсэн аж. Гэвч тухайн үед төдий л олны анхааралд өртөөгүй бөгөөд үүний дараа 1822 онд “Сибирийн бичээсүүд” хэмээх бүтээлийг латин хэлээр хэвлүүлснээр Чингисийн чулууны бичиг Европын эрдэмтдийн анхаарлыг татах болжээ.
Хожим түүний хүсэлтийн дагуу Чингисийн чулууны бичгийг Нерчинск хотоос Санкт-Петербург хот руу аваачсан байна. Тодруулбал, 1829 онд Оросын Эзэн хааны Шинжлэх Ухааны Академид хүсэлт бичсэнээр 1832 онд Санкт-Петербург хот руу зөөх ажил эхэлжээ. Энэ тухай Г.И.Спасский судалгааны ажилдаа “Екатеринбург хот хүртэл албаны хөсгөөр тээж ирсэн. Дараа нь янз бүрийн бэрхшээл тулгарч, аль болох бага зардал төлөхийн тулд усан замаар авчирсан юм” хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Ингээд Санкт-Петербург хот дахь Шинжлэх Ухааны Академийн Азийн музейд байршуулж, 1936 оноос Эрмитаж музейд хадгалах болжээ.
1822 онд латин хэлээр хэвлэгдсэн Г.И.Спасскийн “Сибирийн бичээсүүд” бүтээлээс хойш Чингисийн чулууны бичгийг Оросын монгол судлаач эрдэмтэн Я.И.Шмидт, Д.Банзаров, И.Н.Клюкин нараас эхлээд Монгол, Япон, Франц, Австрали, Унгар зэрэг олон улсын эрдэмтэд судлах болсон бөгөөд одоо ч шинэ цагийн судлаачид идэвхтэй судалсаар байна.
Чингисийн чулууны бичгийн агуулга ба түүнд холбогдох түүхэн үйл явдал
Судлаачдын 200-гаад жилийн судалгааны үр дүнд тус гэрэлт хөшөөг Чингис хааны дүү Хавт Хасарын хүү Есүнхэ мэргэнд зориулж босгосон гэдэг нь өнөөдөр нэгэнт тодорхой болсон байна. Хоёр метрийн өндөртэй боржин чулуун дээр 21 үгийг таван мөрөөр, уйгуржин монгол бичгээр ухаж сийлсэн байх бөгөөд Чингис хаан Хорезмыг эзлээд буцах замд Их хуралдай хурж, энэ үед Хасарын хүү Есүнхэ 335 алд (530м орчим) буюу хамгийн хол харвасны дурсгалд зориулан энэхүү гэрэлт хөшөөг босгосон аж. Олонх эрдэмтэн энэхүү гэрэлт хөшөөг 1224-1225 оны үед бичигдсэн гэж санал нэгддэг учраас одоогоор бидэнд олдоод буй монгол бичгээрх хамгийн эртний дурсгал болох юм.
Бичээст “Чингис хаан Сартуул иргэдийг дайлж буугаад Хамаг Монгол Улсын ноёдыг Буха сочихайд хурсанд Есүнхэ 335 алдад онолоо” хэмээн сийлсэн байдаг юм байна. Агуулгад нь үндэслэн уг гэрэлт хөшөөг мөн “Есүнхэгийн чулууны бичиг” ч гэж нэрлэдэг.
Уг гэрэлт хөшөө өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музейд хадгалагдаж байгаагаас гадна Улаанбаатар хот дахь Чингис хаан Үндэсний музейд гэрэлт хөшөөний А хуулбарыг үзэж сонирхох боломжтой.
*Гэрэлт хөшөө - Бичээс бүхий хөшөөг гэрэлт хөшөө гэнэ.
Дэлгэрүүлж судлах: |
Гүюг хааны тамгын бичээс |
Аргун хаанаас Ромын Пап лам IV Николаст илгээсэн бичиг (1290 он) |
Өлзийт Султанаас Францын Гоо Филипп ванд илгээсэн захидал (1305 он) |
Хубилай хааны захидал (1266) |
Ил хаан Аргунаас Францын IV Гоо Филипп ванд илгээсэн захидал (1289 он) |
Хасан хаанаас VIII Бонифас Пап ламд илгээсэн захидал (1302 он) |
Ашигласан эх сурвалж: |
Б.Түвшинтөгс, Чингисийн чулууны бичгийн судалгаа. 200 жилийн түүх: судлаач, бүтээл тайлбар. УБ., 2021 |
Монголын түүхийн тайлбар толь |