Залуусын орон зай

MEF Youth 2024: Шийдэл эрэлхийлж, оролцоогоо нэмэгдүүлсэн залуусын арга хэмжээг тоймлох нь

TsoilogsoZ2024.07.284 минут унших
MEF Youth 2024: Шийдэл эрэлхийлж, оролцоогоо нэмэгдүүлсэн залуусын арга хэмжээг тоймлох нь - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголын Эдийн Засгийн Чуулганы хүрээнд “MEF Youth 2024” арга хэмжээг хоёр дахь жилдээ энэ сарын 7,8-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд 3500 гаруй хүн бүртгүүлснээс 1500 гаруй залуус оролцож, дэлхийн түвшинд түүчээлэгч томоохон компаниудад ажиллаж буй олон улсын болон дотоодын А зэрэглэлийн 30 экспертийн туршлагаас суралцахын сацуу ирээдүйд хамтдаа хөгжих, нэгдмэл байдлаа улам бататгах үүднээс үнэт зүйлээ ухамсарлаж, тулгамдаж буй асуудалдаа шийдэл эрэлхийлэхээр цугласан нь энэ юм.

BLO02521.jpg

“MEF Youth 2024” арга хэмжээний эхний өдрийн үйл ажиллагааг Монголын эдийн засгийн форум ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг нээсэн бөгөөд тэрбээр “Монголын Эдийн Засгийн Форум нь төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн мэргэд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид монгол улсад тулгарч буй асуудлуудын талаар ярилцаж, зөв оновчлон, гаргалгаа шийдлийг эрэлхийлдэг билээ. Залуус бидний хувьд нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэйгээр нэгдэн оролцох нь хамгийн чухал” гэдгийг онцолж байлаа.

BLO02601.jpg

Дундын үнэт зүйлс, нэгдмэл зөвшилцөл, оролцоо

Эхний өдрийн үйл ажиллагаа "Institute of Continuing Education and Research" төвийн гүйцэтгэх захирал С.Өнөрийн “Consensus building Youth perspective” cэдэвт илтгэлээр үргэлжилсэн юм. Залуус бид ирээдүйдээ өндөр хөгжил дэвшилд хүрч, нэгэн зүг чигийг тов тодорхой харан хамтдаа алхлахын суурь нь биднийг нэгтгэж байдаг үнэт зүйлийг ухамсарлаж, түүн дээрээ суурилан бие биетэйгээ ойлголцох бөгөөд энэ нь бидэнд ирээдүй рүү итгэлтэй алхах хүчийг өгөх юм. Харин энэхүү нэгдмэл үнэ цэнийг ухаж мэдэхийн тулд хамтдаа хэн байсан, хаанаас ирсэн буюу бидний өвөг дээдэс юунд зорьж тэмүүлж байсныг судлах хэрэгтэй аж. Ингэснээр бид өнөөдөр нийгэмд бий болоод байгаа асуудлуудын шийдлийг олоход ч тэр, олон улсын түвшинд цойлон ажиллахад ч тодорхой ойлгомжтой болох юм. Тиймээс түүхээ, соёлоо, хэлээ нарийвчлан судалж, хэн байснаа, хэн гэдгээ, хэн байх учиртайгаа мартахгүй байх нь чухал юм байна.

BLO02721.jpg

Үнэ цэн, нэгдмэл үнэт зүйлсээ олж авах учраа оллоо. Тэгвэл бидний юун түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа тулгамдсан асуудал юу юм бол? Арга хэмжээний зохион байгуулалтын хүрээнд залуусын дунд авсан судалгааны үр дүнг үзвэл боловсрол, нийгмийн оролцоо, ажилгүйдэл хамгийн тулгамдсан гурван асуудал байсан бөгөөд боловсролын салбарын асуудлын тухайд тус салбарын залуу төлөөлөгчид болох Сант сургуулийн гүйцэтгэх захирал, боловсрол судлаач З.Энхмөнх, Google компанийн төслийн менежер, Teach for Mongolia төвийн удирдах зөвлөлийн гишүүн Э.Өсөхбаяр, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Ариун Оюун академийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Ариунзаяа нартай панел хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн хүрээнд монгол залуус бидэнд өнөөдөр боловсролын салбарт ямар асуудал тулгамдаад байгаа, үүний шалтгаан нь юу болох, цаашид хэрхэн шийдвэрлэх, үүний тулд ямар ямар ур чадварууд бидэнд хэрэгтэй байгаа талаар ярилцаж, чухал чухал гарц гаргалгааг олж авлаа.

BLO02904.jpg

Ийнхүү боловсролын салбарт тулгамдаад буй асуудлаа аажмаар, үе шаттайгаар шийдвэрлэж, эерэг үр дүнгүүд гаргаж чадвал бид цаашид олон улсын түвшинд хэрхэн оролцоотой байж, монгол залуусын үнэт зүйлс, харах өнцөг, чиг баримжаагаар хэрхэн түүчээлж болох вэ?

Энэ талаар арга хэмжээний хоёр дахь хэсэгт Их үрчин ХХК, Pinuta брэндийн үүсгэн байгуулагч Ц.Ганзориг болон Urica ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Орчлон нараас туршлага судалсан бөгөөд Монгол орны байгаль орчны онцлог байдлыг шинэ цагийн технологи, шинэ санаа, шинэ төрлийн судалгааны үр дүнгүүдтэй уялдуулан дотооддоо тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэж болох, дэлхийн зах зээлд хэрхэн өрсөлдөж болох ямар олон боломж, потенциал, чадвар байгааг анзаарч чадлаа. Тэд Улаанбаатар хотын хамгийн хурцадмал асуудал болох агаарын бохирдлыг бууруулах тал дээр шийдлүүд эрж хайж явсаар шинэ санаа боловсруулан тэрхүү санааныхаа тусламжтайгаар дотоод дахь асуудлаа шийдэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй, өөрсдийн үнэ цэн, онцлогоор дэлхийн түвшинд өрсөлдөж байгааг өөрсдийн хийж бүтээж буй ажлуудаар жишээлэн залууст туршлагаасаа хуваалцлаа. 

Эхний өдрийн арга хэмжээний төгсгөлд залууст тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг болох хөдөлмөр эрхлэлтийн сэдвээр Говь ХК-ийн дэд захирал О.Мишээл, Mongolia Talent Network болон Worki.mn-ийн гүйцэтгэх захирал А.Индра, Лоринэт сангийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тамир, М-Си-Эс ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

BLO03396.jpg

"GenZ үеийнхэн бол ирж байгаа давлагаа. Ирээдүй бол та бүхнийх. Та бүгдийн өмнө нэг талаараа өмнөх үеийнхэнд байгаагүй маш их боломж нээгдэхийн сацуу асар их сорилтууд тулгарч байна. Өдөр болгон тасралтгүй суралцахгүй л бол хоцрогдох маш хялбархан болчихсон. Учир нь хоцрогдол гэдэг насны биш хувь хүний хичээл зүтгэлийн асуудал. Мөн үргэлж шинийг бодож сэтгэн утга учраа тодорхойлох нь нэн чухал." - Л.Гантөмөр, М-Си-Эс ХХК-ийн гүйцэтгэх захирал 

MEF Youth 2024 арга хэмжээний хоёр дахь өдрийн нээлтийн илтгэлийг Соёлын сайд Ч.Номин танилцуулсан бөгөөд залуус өөрсдийн мэдлэгийг тэлэх, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах, үзэл бодлоо солилцохын тулд нэгдэж байгаа нь бахархууштай санагдаж байгаа талаар хуваалцлаа.

BLO02809.jpg

Хоёр дахь өдрийн үйл ажиллагаа олон улсын CNN агентлагийн International Commericial (CNNIC) компанийн Борлуулалт эрхэлсэн захирал Эрин Ульямс, Азийн Хөгжлийн банкны Social Development Specialist М.Маралмаа нарын “Navigating the media landscape to be part of the global conversation” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. 

"The benefit to yourself will come when you add value to others. Instead of considering other options, think of the other person first." - Эрин Ульямс, CNN агентлагийн International Commericial (CNNIC) компанийн Борлуулалт эрхэлсэн захирал 

Мөн энэ өдрийн чимэг болсон хэлэлцүүлгүүдийн нэг бол Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Золбоо, 14.000 км замыг дугуйгаар туулсан дугуйтай аялагч Б.Очирваань, Монгол Хаан жүжгийн продюсер, жүжигчин, мисс А.Баярцэцэг, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулан нарын “залуу” гэх нэрийг тодорхойлогч хүсэл мөрөөдөл, үнэ цэн, урагш тэмүүлэх урам зоригийн талаар өөрсдийн туршлагад үндэслэн ярилцсан “Youth Identidy” сэдэвт хэлэлцүүлэг байлаа. 

"Хүний амьдралд хөгжүүлж, солонгоруулж  авч явдаг маш олон зан чанар байдаг. Эдгээрээс хамгийн чухал нь хайр. Хийж буй зүйлийнхээ зорилгыг хайрлаж, дурлаж хийх нь  маш чухал." - А.Баярцэцэг, Монгол Хаан жүжгийн продюсер, жүжигчин, мисс  

BLO03416.jpg

“MEF Youth 2024” арга хэмжээний хүрээнд залуус хот төлөвлөлт, агаарын бохирдол зэргээс авхуулаад нийгэмд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, тухайн асуудлыг шийдвэрлэж болох арга замыг хамтдаа эрэлхийлж, өөрсдийн үзэл бодол, харах өнцөг, санал санаачилгаа дотоодын болон олон улсын А зэрэглэлийн экспертүүдтэй хэлэлцсэн нь энэ юм. Энэхүү арга хэмжээ нь хүртээмжтэй оролцоог нэмэгдүүлэх үүднээс дохионы хэлээр хөрвүүлэн хүргэснээрээ онцлог бөгөөд хоёр өдрийн арга хэмжээг цахим орчинд шууд дамжуулсан бөгөөд 70.000 гаруй залууст хүрчээ.  

“MEF Youth 2024” арга хэмжээ нь хамрах цар хүрээний хувьд ийнхүү өргөжин тэлж буй нь залуус боловсрол, эдийн засаг, хүрээлэн буй орчин зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлуудын тухай хэлэлцэхийг эрмэлздэг, өөр өөрсдийн оролцоогоор шийдвэрлэхийг зорьдог “оролцоотой иргэн” байхыг эрхэмлэдэг гэдгийг илтгэж байна. 

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд