Амьдралын хэв маяг

Ая хөгөөр сэтгэлээ анагаах нь: Монгол хөрсөнд буусан хөгжимт бясалгал

Б.Хулан -- 2024.11.047 минут унших

Өдгөө техник технологийн шуурганд нийтээрээ өртөж, цаг үеэ дагаад нийгэм, хүрээлэн буй орчноос шалтгаалан стресс, бухимдал ихтэй болжээ. Ийм үед бид өөрсдийн амар тайвныг цогцлоох шаардлага тулгарч, илүү дотогшоо өнгийж, өөрийгөө сонсох, олж нээх, стрессээ зохицуулахыг хүсэмжлэх болсон байна. Үүнийгээ дагаад нийгмийн болоод хувь хүний сэтгэл зүйд ихээхэн анхаарал хандуулсан, сэтгэл зүйг дэмнэх үйл ажиллагаа, эмчилгээнүүд чухал болоод байгаа аж.               

Энэ асуудалд анхаарал хандуулан урлагаар анагаах буюу хөгжмийн хөг аялгуугаар дамжуулан хүний анхаарлыг төвлөрүүлэн, амар тайвныг мэдрүүлэх “Sound Meditation Mongolia”-г зорин очлоо. Дотогш ороход л цагаан болоод бэйж өнгөтэй орчин угтсан юм. Анхилам үнэр түгж, уламжлалт хөгжмийн зэмсгүүд, лаа, гэрэл, тасалгааны цэцэгс, гудас дэр эгнүүлж өрсөн өрөөг тойруулж харахад л тайвшрал мэдэрч болохоор байлаа. Ийнхүү бид “Sound Meditation Mongolia”-гийн хамтран үүсгэн байгуулагч Б.Тэлмүүнтэй ярилцсан юм.

"Бид монголчууд учраас монгол хүний сэтгэлийг яаж хөдөлгөх вэ, яавал бүүвэйлж байгаа мэт аялгуу оруулах вэ гэдэгт их анхаарсан."

-Та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?

-Намайг Б.Тэлмүүн гэдэг. Би “Sound Meditation Mongolia”-г хамтран үүсгэн байгуулж, үндсэн хөтөч, чиглүүлэгч багш гэсэн үүрэгтэйгээр явдаг. Мөн иогийн багш хийж байгаа. Өмнө нь зураач, куратораар суралцан төгссөн л дөө. Тухайн үедээ хувиараа ажиллуулдаг жижиг студитэй, тэндээ хөгжимт бясалгал хийдэг байсан юм. Тэгээд “Sound Healing Academy”-д суралцан дуут аяга (singing bowl)-аар хичээллээд, одоо хөгжимт бясалгалыг гурав, дөрвөн жил хийж байна. 

Ая хөгөөр сэтгэлээ анагаах нь: Монгол хөрсөнд буусан хөгжимт бясалгал

Бид хоёр хоёулаа урлагийн суурьтай. Урлаг бидэнд маш их таашаал, сайн сайхан зүйлийг өгч чаддаг. Харин бидний шийдэх ёстой зүйл бол стресс байсан юм. Үүнийг урлагтай холбоё гэж бодсон гэх үү дээ. Хүмүүс дан эмчилгээ эсвэл дуут аягаар дагнадаг л даа. Ингэхээр үр дүн бий боловч хүний бие их ядардаг. Бид хоёр ямар гаргалгаа гаргасан бэ гэхээр хүнийг ядраахгүй, тааламжтай мэдрэмж төрүүлэх аялгуунуудыг шилж сонгосон юм. Зургаан төрлийн аялгууг оюуны өмчийн эрхтэйгээр хийлгэсэн. Бид монголчууд учраас монгол хүний сэтгэлийг яаж хөдөлгөх вэ, яавал бүүвэйлж байгаа мэт аялгуу оруулах вэ гэдэгт их анхаарсан. Тэгэхээр бид хоёр шиг ингэж аялгуутай бясалгал хийх чиглэлээр хөгжүүлж байгаа нь дэлхийд цөөхөн байх. Тэгээд үүнийгээ “Sound Meditation” гэж нэрлэсэн юм. Өмнө нь хөгжимт сэтгэл засал /sound therapy/, хөгжмөөр эдгээхүй /sound healing/ гэж нэрлэдэг байснаас хөгжимт бясалгал буюу Sound meditation гэж нэрлэж байсан удаагүй. Тэгэхээр бид хоёр Монголд ингэж нэрлэсэн анхдагчид юм. 

"Чичиргээ, долгионы давтамжаар бид хүчтэй ч болно, сэтгэл дотор хадаатай зүйлсээ ч гаргадаг"

-Хөгжимт бясалгал гэх нэрээсээ сонирхол татсан л даа. Яагаад бясалгалыг хөгжимтэй хослуулахыг сонгов?

-Миний хувьд багаасаа олон төрлийн шашин сонирхож судалдаг гэр бүлд өссөн минь нөлөөлсөн болов уу. Түүнээс гадна би өмнө нь Австралийн Сидней хотод амьдарч байсан юм. Тэнд байхдаа гурван өдөр дараалсан воркшопт суухад их сонирхолтой мэдрэмжүүд төрсөн гэх үү дээ. Дотроо бугласан, хэлж чаддаггүй зүйлсийг хөдөлгөөнд оруулаад, бараг монгол хүний хийморь сэргэж байгаа мэт хэлж барамгүй хүчтэй мэдрэмж төрсөн юм. Түүнээс хойш үелзэл, долгион /vibration/ гэх зүйлийг их сонирхож эхэлсэн юм. Үелзэл нь долгионы давтамжаар хүнийг хүссэн төлөвт нь оруулдаг юм байна. Дуут аяганы чимээ их сонирхолтой. Цангинаад чих шуугьж байгаа мэт, ясаараа, эд эсээрээ хүртэл сонсож байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Энэхүү чимээг сонсохоор зарим хүн унтчихдаг. Өнгө төсөөлөөд өөр ертөнцөд оччихсон мэт мэдрэмж төрж, хүнийг гүн амрахад тусалж байгааг нь анзаараад, тухайн үед энэ ажлыг эхлүүлсэн. Манай найз охин Батчимэг үүнийг хөгжүүлье гэсэн санал тавиад, анх эхлүүлж байлаа. 

Хөгжимт бясалгал гэх зүйл мэдээж өмнө байсан. Гэхдээ бид хоёр илүү монгол хөрсөн дээр буулгаад, өөрсдийн шинж чанарыг нээж, олон талаас нь судалгаа хийсний үр дүнд хөгжимт бясалгалыг түгээхэд бэлэн болсон гэж хэлж болно. Гаднын багш нарыг харахад хүн болгонтой тулж ажилладаггүй. Тулж ажиллахдаа нэг, гурав, таван хүнтэй ч юм уу ажилладаг. Тэр нь их өндөр төлбөртэй байх хандлагатай. Харин манайх ийм эмчилгээний гэхээс илүү ерөнхий түвшинд чиглүүлэг хийдэг. Гэхдээ бид нийтэд нь хийхдээ хүн болгонтой тулж ажилладаг онцлог давуу талтай. Манайх одоо маш олон газар хөгжимт бясалгал хийж байгаа. Мөн бидний гол онцлог монгол хүний онцлогтой холбосонд байгаа юм. Монголд эртнээс хөгжмөөр анагаах явдал байсан шүү дээ. Бүүвэйн дуу, хөөмийлөх, тууль хайлах, хэнгэрэг дэлдэж дайнд явж байгаа цэргүүдийг огшоох гэх мэтчилэн дурдаж болох юм. Тэгэхээр чичиргээ, долгионы давтамжаар бид хүчтэй ч болно, сэтгэл дотор хадаатай зүйлсээ ч гаргадаг байх нь.

"Хөгжимт бясалгалд орохоор илүү сайн унтдаг"

-Хөгжмийн аялгуу тайвшрал авчраад байгаа шалтгаан нь юу вэ? Энэ хөгжмийн аялгуу нь тархины хаана очоод, яаж хүнд нөлөөлөөд байгааг тайлбарлаад өгөхгүй юу.

-Эрүүл саруул хүн тархинаасаа дөрвөн янзын долгион буюу давтамж гаргадаг юм байна л даа. Бета долгион анхааралтай, сэрүүн, төвлөрч байх үед үүсдэг. Альфа долгион нь санаа амарсан олон юм бодохгүй байх үед, мөн бясалгал хийж байгаа хүмүүсийн хувьд бясалгалын хөнгөн төлөвт орж байх үед гардаг. Энэ хоёр долгион нь идэвхтэй сэрүүн байж байхад үелзэж л байдаг долгион ажээ. Дараагийн долгион буюу тета долгион нь биднийг унтаа сэрүүний дундуур байхад ялгардаг. Дээрээс нь бясалгалын илүү нарийн төлөвт орж байхад гардаг. 

Ая хөгөөр сэтгэлээ анагаах нь: Монгол хөрсөнд буусан хөгжимт бясалгалХарин дельта нь гүн нойроо авч унтаж байхад гардаг байна. Энэ дөрвөн долгионыг бид өдөрт 60-100 хувь тасалдуулахгүй, тодорхой хэмжээнд үелзүүлсэн байх шаардлагатай байдаг юм байна. Гэтэл бид тэгдэггүй юм байна л даа. Яагаад гэсэн чинь, Корнеллийн Их Сургууль нэгэн судалгаа явуулж л дээ. Энэхүү судалгаанд орчин үеийн хүмүүс бид технологийн хамааралтай, технологийн үелзэлд орж, оюуны болон биеийн хүчний ажил их хийж ядарч байгаа. Мөн нийгмийн харилцаанд ороход бидний сэтгэл санаа тогтворгүй болдог. Түүнчлэн дуу чимээний бохирдолд хүссэн хүсээгүй ордог шүү дээ. 

Иймд гаднын хүчин зүйлсээс болж сатаарч сарнидаг, стресстэж бухимддаг. Бид уурласан ч булчингаа суллаад тайвшир гээд өөрийгөө тайвшруулж болно. Гэтэл далд ухамсарт эдгээр хүчин зүйлс хуримтлагдсаар хатуу энергийн буруу голдрил тархинд үүссэн байдаг. Ингээд стресстэхээр өнөөх дөрвөн долгионоо гаргаж чадахгүй сатаараад, сарниад байдаг аж. Сатаарч сарниад байхаар тус долгионууд 30-58 хувьтай тархины үелзлийг ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл, байх ёстой хэмжээнээс хоёр дахин бага байгаа гэсэн үг. Нэгэнт нийгмийн харилцаанд орж байгаа тул бид стресстэж бухимдах нь гарцаагүй. Засалд орохоор бидний нарын тархины эс, нейронууд цочроод, хөдөлгөөнд орж эхэлдэг. Тэгэхээр чичиргээний тусламжтай дөрвөн долгионоо ажиллуулж эхэлж байгаа гэсэн үг. Хүчээр ажиллаад эхлэхээр үелзэх ёстой хурд нь нэмэгдээд эхэлдэг. Бид сүүлийн үед унтаад л байгаа хэр нь амарсан мэдрэмж авахгүй байгаад байдаг. Энэ нь тархины долгионоо үелзүүлэхгүй байгаа гэж хэлж болно. Хөгжимт бясалгалд орохоор илүү сайн унтдаг. 

-Хөгжимт бясалгалд олон төрлийн уламжлалт хөгжмийн зэмсэг ашигладаг бололтой. Монгол ахуйтай холбосон шийдэл нь их гоё юм. Хөгжмийн зэмсгүүдийнхээ онцлогийг тайлбарлаад өгөхгүй юу.

-Хөгжимт бясалгалд ашигладаг хөгжмийн зэмсгүүдийн гарал үүсэл 40,000 жилийн өмнөөс эхлэлтэй, бүр шашны зан үйлд ашигладаг байсан зэмсгүүд. Бусад хөгжим илүү урлаг тал руугаа орох учир төвлөрүүлнэ гэхээс илүү сэтгэлийн баяр жаргал өгдөг. Зарим нь таагүй мэдрэмж ч төрүүлдэг шүү дээ. Эд болохоор илүү дорнын шинжтэй. Дэлхийн хөгжимт бясалгагчид Унгар болон Энэтхэг хэнгэрэг ашигладаг. Монголчууд бид чинь бөөгийн мөргөлтэй, тэнгэр шүтлэгтэй шүү дээ. Тэгэхээр бид бөөгийн хэц буюу хэнгэргийг оруулж өгсөн. Лам нар жишээ нь, хонх, дамар, бүрээ, бишгүүр ашиглаж, уншлага буюу өндөр хоолойгоор уншиж, өндөр герцийн үелзэл гаргаж байгаа. Бөөд очихоор товшуур, хэнгэрэг, хэл хуур, тойгуур, ханхинуур, хонх ашиглана. Сүмд очихоор сүмийн хонхоо цохих, магтан дуугаа дуулах гээд өндөр герцийн үелзэл гаргадаг. Энэ бүх онцлогийг тусгасан. 

-Бясалгал гэхээр хүмүүс анир чимээгүйд нүдээ аньж төвлөрөхийг хэлнэ гэж боддог. Энэ ойлголтыг хөгжимт бясалгал эвдсэн шүү дээ. Хүний сэтгэл зүй хөгжим хоёр яг яаж холбогдож байгаа юм бэ?

-Бясалгал өөрөө төвлөрлөөс эхлэлтэй. Бодол үргэлж л байдаг. Бодохгүй байна гэдэг хэцүү. Бясалгал бол бодлын урсгалыг нэг чиглэлд оруулах, нэг цэгт төвлөрөхөөс эхлэлтэй. Бид нэг зүйлд төвлөрч эхэлтэл анхаарал маань өөр зүйлд сатаараад, ийшээ тийшээ гүйгээд алга болчихдог. Хөгжмийн хувьд хүн нүдээ аниад сонсохоор таны анхаарал энэ урсгал дотроо л байна гэсэн үг. Төвлөрлийг хөгжмийн тусламжтайгаар бариад байгаа юм. Энгийн хөгжмийн хувьд эгшиг, гийгүүлэгч гэсэн хэмнэлтэй байдаг. Харин заслын онцлог нь дан эгшиг байдаг. Жишээ нь, “аа” гэх үелзэл амьсгал хүрч л байвал дуусахгүй. 

Энэ хоёр яаж холбогдож байна гэвэл давтамж, долгион, герцээр. Бидний зүрх сэтгэлээс гарч байгаа буюу зүрхэн хүрдний үелзэл нь 432 герцтэй байдаг. Энд ашигладаг ихэнх хөгжим 432 герцээс эхэлж тоглогддог. Энэ түвшинд сонсоход бидэнд их тааламжтай байна гэсэн үг. Энэ талаараа энэ хоёр маань холбогдож байгаа. 432 герц нь “до” ноотны дуугаралттай, “до” нотыг бүх юмны эхлэл төгсгөл гэж үздэг шүү дээ. Эндээс гарч байгаа хөгжмүүд маш хүчтэй байдаг. Хөгжмүүдийг тоглохоор 12,000-18,000 герц хүртэл долгиолдог. 

Ая хөгөөр сэтгэлээ анагаах нь: Монгол хөрсөнд буусан хөгжимт бясалгалХүний чих 20,000 герц хүртэл тэвчих чадвартай, үүнээс давахаар таагүй байдал үүсдэг. 20,000 дотроо сонсоод байгаа тул тааламжтай мэдрэмж өгдөг байх нь. Хөгжим тоглохоор нүдэнд харагдахгүй ч гэсэн жирэлзэл, үелзэл, доргилт үүсэж байгаа. Энэ доргилтууд бидний биеийн усыг хөдөлгөж өгдөг. Ингэхээр зангирч чангарсан булчингууд сулардаг. Сонсголгүй хүн ч гэсэн хөл гар нь загатнах халуун оргих, биеийн ус хөдөлгөөнд орох гээд биеэрээ давхар мэдрэх боломжтой. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. 1890-ээд оноос хойш Английн эрдэмтэд сэтгэл зүйн туршилтууд явуулж л дээ. Хэсэг бүлэг хүмүүст энгийн засал хийгээд, нөгөө бүлэг хүмүүст хөгжимт засал хийж. Үүний үр дүнд хөгжимт засал авсан хүмүүс дөрөв дахин хурдан илаарьшиж байсан байна.

"Бидний амьд байгаа нь их гоё зүйл. Үүнийг мэдэрч байгаа нь чухал. Тиймээс сайн сайханд илүү тэмүүлэн, байгаа зүйлдээ талархаж ханаж үзээсэй"

-Одоо ажлаас халшрах хам шинж, сэтгэл гутрал хүмүүсийн дунд түгээмэл болжээ. Нийгмийн сэтгэл зүй өөрөө их эмзэг болсон бололтой. Тэгэхээр таны явуулж буй үйл ажиллагаанд ганц удаа суусан, эсвэл өөрөө бие дааж хөгжимт бясалгал хийх сонирхолтой, тийм хэрэгцээ байгаа хүмүүст юу гэж зөвлөмөөр байдаг вэ?

-Эхлээд ирээд суугаад үзвэл зүгээр. Мэдэхгүй юмаа асуу. Нээлттэй хуваалцах болно. Энэ чиглэлээр суралцаад, багш болмоор байгаа хүмүүст мэдрэмждээ итгээрэй, мэдрэмжээ дагаад ямар шинэлэг зүйл оруулмаар байгаагаа сонсоод үзээрэй гэж хэлье. Нэг хүн шинэ хөгжим авсан байна гээд өөрөө тоглож чадахгүй мөртөө авсан байх тохиолдол бий. Тоглож чадахгүй байж тоглочихоор буруу дуугараад тавгүй мэдрэмж төрүүлнэ. Тэгэхээр судалгаатай байж, өөрийнхөө мэдрэмжид итгээрэй гэж хэлмээр байна.

Ая хөгөөр сэтгэлээ анагаах нь: Монгол хөрсөнд буусан хөгжимт бясалгалМөн хүн болгон өөрийн жаргал зовлонтой. Юу юунаас илүү одоо цагтаа байж үзээсэй гэж хүсдэг. Бидний амьд байгаа нь их гоё зүйл. Үүнийг мэдэрч байгаа нь чухал. Тиймээс сайн сайханд илүү тэмүүлэн, байгаа зүйлдээ талархаж ханаж үзээсэй. Өглөөг муухай эхлүүлж стресстээд байвал цээж дүүрэн гүнзгий амьсгал аваад юунаас аз жаргал авч байна гэдэгтээ илүү төвлөрвөл аз жаргалын даавар ялгарч, биеэс өндөр давтамж үүсдэг. Өндөр давтамжтай байгаад байвал саар юман дээр буухгүй. Хөдөлмөрч байгаад, өөрөө өөртөө итгээд чадах юмаа хийж л байвал болох болов уу гэж бодож байна.