“Хүний амьдралд нэг их юм хэрэггүй ээ, ипотекийн зээлээр амьдрах байраа шийдээд, лизингээр хөл дүүжлэх унаатай болчихвол болоо доо” гэж ярих залуус бидний дунд олон. Нээрээ л алт ургуулж, мөнгө тарьдаггүй л юм бол өнөөгийн нийгэмд залуу үеийнхэн гар дээр оногдож буй цалингаа амьжиргааны зардал, хэрэглээний зардалдаа зарцуулж, танаж хямгадсаар үлдсэн хэдийг нь хуримтлуулж байр, машин бэлэн мөнгөөр худалдаж авах нь “мэлхий нисэхийг хүлээхтэй” адил.
Ипотекийн зээл авахын тулд иргэдийн 75 хувь нь таваас дээш жил урьдчилгаа төлбөр цуглуулдаг төдийгүй 60 орчим хувь нь өргөдөл гаргаад нэгээс хоёр жил хүлээж, орон сууцны зээл авдаг байна. Монгол Улсын өрхийн түүвэр судалгаанаас харахад нийт өрхийн 52% нь тогтмол зээлд хамрагддаг бөгөөд 74% нь одоогоор зээлтэй байна. Өрхийн зээлийн зорилгыг авч үзэхэд судалгаанд оролцсон өрхүүдийн
Ипотекийн зээл болон Моргейжийн зээл нь хоёулаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, урт хугацааны зээл олгодог. Товчхондоо бол орон сууцны зээл гэсэн ижил утгатай. АНУ болон Өмнөд Америк, Азийн урд талын зарим оронд орон сууцны зээлийг Моргейж гэдэг бол Евро бүсэд болон Азийн хойд бүсийн орнуудад Ипотек гэсэн нэр томьёог өргөн хэрэглэдэг. Манай улсад тус зээлийг 2013 оноос олгож эхэлсэн бөгөөд 2024 есдүгээр сарын байдлаар 130 мянган өрх 8.9 их наяд төгрөгийн зээлээр амьдрах нөхцөлөө сайжруулж, 40 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжин амьдарсан байна. Мөн Монголын Ипотекийн Корпорацид шилжсэн ипотекийн зээлүүдийн 46 хувийг 23-33 насны, 39 хувийг 34-43 насны зээлдэгчид эзэлж байна.
Нэмэлт: Орон нутагт орон сууц худалдан авахад зээлийн батлан даалтын сан болон даатгагчаас урьдчилгаа төлбөрт баталгаа, батлан даалт гаргаж болно. Баталгаа, батлан даалт гаргаагүй тохиолдолд урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй (ЗҮХ 70 хувиас дээшгүй) байх. Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулаагүй тохиолдолд өөрийн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөлд байгаа орон сууцыг барьцаа болгон орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг авч, зээлээр худалдан авах шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөх боломжтой.
Шигтгээ: Одоогоор орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг 60 метр квадрат хүртэлх 6 хувь, 61-ээс 80 хүртэлх метр квадратад 8 хувь байхаар тус тус тогтоож, холбогдох журамд өөрчлөлт оруулахыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн боловч энэхүү шийдвэр албан ёсоор батлагдаагүй байна.
“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг дээ үүний нэгэн адил ипотекийн зээлд хамрагдахаар зорьж байгаа бол эхлээд байраа сонгохыг зөвлөж байна. Та ойрын 20-30 жил амьдрах орон сууцаа сонгох гэж байгаа шүү дээ. Нөгөөтээгүүр орон сууц бол таны үл хөдлөх эд хөрөнгө. Тиймээс илүү хариуцлагатай хандаж, гадна дотно талбайн тохижилтоос гадна барилгын чанар стандартыг сайн судалж сонголтоо хийхийг зөвлөж байна.
“Долоо хэмжиж нэг огтол” ипотекийн зээлийг одоогийн байдлаар арилжааны 10 банк олгож байна. Банк тус бүрийн зээлийн хэмжээ, урьдчилгаа төлбөр, зээлийн бодит өртөг, хугацаа, шимтгэл, барьцаа гээд тавигдах шаардлагууд нь өөр өөр бөгөөд та өөрт тохирох нөхцөлтэй банкаа сонгох боломжтой. Танд зөвлөхөд өөрийн харилцагч банканд хандах нь давуу талтай бөгөөд тус банканд таны зээлийн судалгаанд шаардлагатай зарим мэдээлэл бэлэн буюу зээлийн материал бүрдүүлэхэд дөхөм байх болно. Дээр дурдсанчлан банк тус бүрийн ипотекийн зээлд тавигдах шалгуур үзүүлэлт, зээлийн бодит өртөг өөр өөр учир сайн судалж сонголтдоо хянамгай хандаарай. Ипотекийн зээл олгож буй банкны жагсаалт ба дэлгэрэнгүй мэдээллүүд
“Өдөртөө шийд, шөнөдөө бүү хойшлуул” амьдрах орон сууц болон зээлийн хүсэлт гаргах банкаа сонгож, тодорхой болгосон бол өргөдлөө гаргахыг зөвлөж байна. Өргөдөл өгснөөс хойш таны зээлийг судлахад багагүй хугацаа шаарддаг бөгөөд танаас гадна мянга мянган айл өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгч байгааг санах хэрэгтэй. Тиймээс бэлэн болсон бол хойшлуулалгүй зээлийн хүсэлтээ гаргаарай.