Та эрсдэлтэй алхам хийх дуртай юу. Гэнэтийн шийдвэрээр аялалд гарч, төсөөлшгүй адал явдлыг эрэлхийлэн, шинэ сонирхолтой зүйлсийг туршиж үзэх нь амьдралыг улам амттай болгодог шүү дээ. Тиймээс эрсдэл гэдэг бол бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг юм. Харин аливаа аюул, эрсдэлийг урьдчилан тооцоолж, учирч болох таагүй нөхцөл байдлаас зайлсхийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал бөгөөд даатгал бидэнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг байна. Иймд цогц арга хэмжээг Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж, бэхэжсэний 90 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 21-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын даатгалын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээг ЕБС-ийн сурагчид болон оюутан залуусаас авхуулаад салбар салбарын төлөөллүүд зорин иржээ. Даатгалын салбарын мэргэжилтнүүд салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага болон дижитал шилжилтийн талаар үзэл бодлоо солилцож, арга хэмжээнд оролцогч залуус Леонардо Да Винчигийн 360 үзэсгэлэнг үзэж сонирхохын сацуу манай улсад тулгардаг ТОП 4 эрсдэлтэй танилцаж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгээ сонирхолтой хөтөлбөр, асуулт хариултын тоглоомоор дамжуулан нэмэгдүүлж байсан юм.
Манай улсад тулгардаг ТОП 4 эрсдэлийг зам тээврийн эрсдэл, галын эрсдэл, гамшгийн эрсдэл, эрүүл мэндийн эрсдэл тэргүүлдэг аж. Арга хэмжээнд эдгээр эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдлийн үед ямар арга хэмжээ авах зэрэг өгөөжтэй мэдээллийг өгөх сонирхолтой хөтөлбөрүүдийг багтаасан нь сонирхол татаж байлаа. Тухайлбал, галын эрсдэлийн талаарх мэдлэг олгох хэсэгт жилд дунджаар 123 ой хээрийн түймэр, 3,000 гаруй объектын гал түймэр гардгаас 2,000 орчим гэр орон сууц шатаж, 38,000,000 төгрөгийн хохирол учирдаг талаар дурджээ. Энэхүү статистик мэдээллийг тодруулахаар “Амар” даатгалын Байгууллагын хохирол хариуцсан ахлах менежер О.Нямдоржтой хэсэгхэн хором ярилцсан юм. Тэрбээр “Тоон судалгаагаар эдийн засаг өсөх тусам галын эрсдэл дагаад өсдөг. Учир нь эдийн засаг тэлэхийн хэрээр бүтээн байгуулалт эрчимжихийн хажуугаар чанарын шаардлага хангаагүй барилгууд нэмэгддэг. Мөн анх нэг сая хүнд зориулж хийсэн цахилгааны тэжээлийн даац хэтэрч, ачаалал нэмэгдсэний улмаас галын тохиолдол нэмэгддэг” гэдгийг онцолж байлаа.
Арга хэмжээний энэ хэсэгт галын эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахилгааны шит, галын хор зэрэг олон төрлийн үзүүлэнг арга хэмжээнд оролцогчдод танилцуулж байснаараа онцлог байлаа. Ийнхүү “Галын эрсдэл дижитал шилжилтийн бүүт”-ээр зочлон мэдэж авсан сонирхолтой, хэрэгтэй мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж байна.
Аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд юун түрүүнд бидний бодлогогүй хийсэн алхам бүр балаг тарьдаг гэдгийг ойлгох хэрэгтэй аж. Учир нь аюул гэдэг зүйл анхнаасаа л бидний дэргэд байдаггүй бөгөөд аюулыг бид өөрсдөө бий болгож байдаг. Бидний хайхрамжгүй, хэнэггүй үйлдлүүд ирээдүйд учирч болох эрсдэл, түүнээс гарах хор уршгийг нэмэгдүүлдэг тул эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам нь хариуцлага юм. Хүн бүр хариуцлагыг ухамсарлаж, тогтсон стандарт шаардлага, дүрэм журмыг сахиж сурснаар өөрийгөө болон, эргэн тойрны хайртай хүмүүсээ бид аюул, гамшгаас урьдчилан сэргийлж чадна.
Цахилгааны шит нь өрх гэр, албан байгууллага болон үйлдвэрлэлийн объектын цахилгаан хангамжийн төв цэг юм. Иймд зөв зохион байгуулалттай шит ашиглах нь аюулгүй байдал, цахилгаан хангамжийн найдвартай байдал, эрчим хүчний хяналт зэрэг олон төрлийн чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, галын аюулгүй байдлын үндэс нь зөв зохион байгуулалттай, аюулгүй цахилгааны шит хэмээхэд хилсдэхгүй юм. Учир нь 2023 оны есдүгээр сарын байдлаар Нийслэл хотод 1,000 гаруй удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс 31.5 хувь нь цахилгааны гаралтай гал түймэр эзэлж байсан бөгөөд үүний гол шалтгаан нь цахилгаан сүлжээ, шугамын монтажийг буруу хийсэн, элэгдэж муудсан утас, цахилгаан багаж хэрэгсэл ашигласэн зэргээс үүджээ. Энэхүү тоон мэдээллээс бид цахилгааны шитэд төдийлөн ач холбогдол өгдөггүй, цахилгааны багаж, хэрэгслийг агуулах сав төдий зүйл хэмээн өнгөц дүгнэж, бэхэлгээ, газардуулга хийдэггүй болохыг харж болохоор байна.
Зөв зохион байгуулалттай цахилгааны шитийг гадна талаас нь харахад л андашгүй ажээ. “Бүү хүр! Аюултай” гэх анхааруулах тэмдэгтэй, хэдэн кВт-ын тог энэхүү цахилгааны самбараар гүйж байгаа, гүйдлийн аль хэсэгт алдаа гарсан зэргийг цахилгаан шитнээс харах боломжтой бөгөөд дотоод зохион байгуулалтын хувьд ил гарсан утасгүй, бэхэлгээ сайтай, галын хортой байдгаараа онцлогтой байна. Яагаад зөв зохион байгуулалттай цахилгааны шит ашиглах нь чухал вэ гэж үү? Яагаад гэвэл зөв зохион байгуулалттай шит нь хэт ачаалал, богино холболт зэрэг эрсдэлээс хамгаалж, гал түймэр, цахилгааны ослоос урьдчилан сэргийлнэ. Мөн тус бүрийн хэлхээнд тохирсон автомат таслуур суурилуулснаар гэмтэл гарсан тохиолдолд зөвхөн тухайн хэсгийн цахилгаан тасрах тул бусад хэсэг хэвийн ажилладаг байна. Цахилгааны шитийн зохион байгуулалт зөв байвал цахилгаан хангамж тасалдах, гэнэтийн гэмтэл гарах эрсдэлийг бууруулдаг бөгөөд шит доторх хэлхээ, таслуурууд зөв зохион байгуулалттай, тодорхой шошготой байвал гэмтэл илрүүлэх, засвар хийхэд хялбар болдгоороо ач холбогдолтой ажээ.
Бидний гаргадаг дараагийн алдаа бол галын хорыг бэлгэдлийн шинжтэй байршуулдаг явдал аж. Мэргэжлийн хяналтын шалгалт, шаардлагын дагуу галын хор авдаг ч зориулалтын бус газар хадгалах, хадгалалтын горим алдагдуулах тохиолдол түгээмэл байдаг шүү дээ. Гэтэл энэ нь галын хор гэдэг гэнэтийн гал түймрийг хурдан унтраах хамгийн чухал хэрэгсэл гэдгийг мартаж орхисны тод жишээ юм. Учир нь галын хорыг зөв хадгалах нь түүний үр ашиг, аюулгүй байдалд шууд нөлөөлдөг тул зөв хадгалах нь нэн чухал байдаг байна. Галын хор нь ихэвчлэн даралттай хийн орчинд байдаг тул зохих нөхцөлд хадгалаагүй тохиолдолд даралт алдагдаж, чанараа алдах, гал унтраах чадвар буурах, ажиллагаагүй болох эрсдэл ч учирдаг байна. Иймд галын хорыг нарны шууд тусгал туссан хэт халуун, чийгтэй орчинд хадгалахаас зайлсхийж хуурай, сэрүүн газар хадгалах хэрэгтэй бөгөөд галын хорыг шалнаас хөндийрүүлж, тогтвортой суурин газар буюу хананд тогтоож, хадгалдаг байна. Хамгийн чухал нь сар бүр даралт хэмжигчийг шалгаж, хатжилт үүсэхээс сэргийлэх нь чухал байна.
“Гай газар дороос, гахай модон дотроос” гэх ардын зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Иймд аюул гамшиг хэзээ бидэнд тохиолдохыг мэдэхгүй учраас хүн бүр гамшгийн үеийн бэлэн байдалд бэлэн байх хэрэгтэй. Тухайлбал, албан байгууллага бүр алба, нэгж дотроо аврах багийг томилох нь чухал гэдгийг О.Нямдорж онцолж байсан юм. Жишээлбэл, таван хүнтэй аврах багийг томилж, хүн тус бүрийн үүрэг оролцоог хуваарилах буюу галын тохиолдлын үед хүмүүсийг цуглуулж, мэдээлэл өгөх хоёр хүн, аврах ажиллагаа зохион байгуулах хоёр хүн, дуудлага мэдээлэл өгөх нэг хүн зэргээр зохион байгуулалт хийх нь хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, эрсдэлийг бууруулах гол механизм болдог байна.
Ийнхүү галын эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар багахан ч гэсэн хэрэгтэй мэдээлэлтэй болж аваад цааш Леонардо Да Винчигийн 360 үзэсгэлэнг зорьсон юм. Даатгалын салбарын 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг яахын аргагүй дижитал галерей чимж байлаа. П хэлбэрийн ханатай цэлгэр танхимд 360 градус проектор ашиглан тэртээх Сэргэн мандалтын үеийн суут ухаантан, зураач, инженер, зохион бүтээгч, шинжлэх ухаанч Леонардо Да Винчи эргэн амилах мэт. Түүний дэлхийд шагшигдсан Мона Лиза, Сүүлчийн оройн зоог зэрэг бүтээлүүд дэлгэцнээ амилахын сацуу, анатоми, инженерчлэл, нисэх төхөөрөмжийн зураг төсөл зэрэг хүмүүний хөгжилд оруулсан хувь нэмрийг өгүүлэгчийн хоолойгоор үзэгчдэд хүргэж байсан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж байсан юм.
Арга хэмжээнд оролцогч АШУҮИС-ийн тавдугаар түвшний оюутан Н.Цэнгэлмаа, Н.Гүнболор нар үзэсгэлэнгийн талаар “Бидний хувьд уран зургийн галерей болон уран бүтээлчдийн үзэсгэлэнг тогтмол үзэхийг хичээдэг. Аливаа урлагийн бүтээлийг мэдэрч, ойлгохын тулд бид өөрийн дотор байгаа мэдрэмжээр дамжуулан уран бүтээлтэй холбогддог шүү дээ. Гэтэл энэ үзэсгэлэнгийн тухайд Леонардо Да Винчигийн уран бүтээлүүдийг 3D орчинд үзэхээс гадна өгүүлэгчийн хоолойгоор дамжуулан Да Винчигийн амьдрал, уран бүтээлийн тухай мэдэж авсан нь илүү шинэлэг, түүний бүтээлүүдийг мэдрэхэд таатай байлаа. Үзэсгэлэнг үзээд нэг тийм нисмээр, сайн сайханд тэмүүлмээр мэдрэмж төрж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Ийнхүү Монгол улсад даатгалын салбар үүсэж, бэхэжсэний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан “Даатгал - Нийгэм эдийн засгийн дархлаа” форум болон “Дижитал галерей” арга хэмжээ нь технологийн дэвшлийг ашиглан 360 үзэсгэлэнг дэлгэхийн сацуу, хиймэл оюун ухаан ашиглан эрсдэлийг тодорхойлох зэрэг даатгалын салбарт гарч буй дижитал дэвшилтэт технологиудын талаар оролцогчдод нээлттэй танилцуулсанаараа онцлогтой болж өндөрлөсөн юм.