Тэр бол Коби Брайант биш Амарбаясгалангийн Энхбаясгалан. Сагсан бөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэг, NBA-ийн супер од, "Лос Анжелес Лэйкерс" багийн тоглогч Коби Брайант: “Жордантай юугаараа адилхан бэ гэж үү? Тэр халзан, харин би гоё үстэй. Тэр хөгшин, би залуу. Намайг Коби чигээр минь үлдээ л дээ” хэмээн хэлж байсан удаатай.
Хэдийгээр “Металлууд” багийн гол тоглогчдын нэг А.Энхбаясгаланг “Энхбаясгалан” чигээр нь үлдээмээр байвч түүний тамирчны замнал хөдөлмөрч байдал яалт ч үгүй Кобитой дүйнэ.
Ялгаатай тал нь одоо бидэнд Коби байхгүй, Амарбаясгалангийн Энхбаясгалан байна.
Тиймээс энэ удаагийн “Бидний нэг” буландаа Монгол Улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн спортод амжилттай яваа залуусын нэг А.Энхбаясгаланг онцоллоо.
2011 оны Волейболын өсвөрийн хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Булган аймгийн Булган сумаас Н. Ханддорж багшийн удирдлага доор нэгэн баг бүрэлдэн ирж оролцсоны дотор өнөөдрийн “Бидний нэг”-ийн гол дүр А.Энхбаясгалан байжээ.
Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Би анх волейболын спортоор хичээллэж, спортын гараагаа эхэлсэн хүн. Манай аавын аав бөх, ээж болон өвөө хоёр маань волейбол тоглодог байсан юм. Тэднээс үлгэрлэн анх волейбол тоглож эхэлсэн. Гэтэл өсвөртөө улсын шигшээд дуудагдаж байсан цөөхөн тамирчдын нэг Г.Даваасамбуу ахын хаалтад үсрэхдээ хуруугаа хойш эргүүлчихсэн. Түүнээс хойш волейболын спортоо орхиж сагсан бөмбөгт хөл тавьсан түүхтэй.
Багадаа сахилгагүй хүүхэд байгаагүй. Томоотой даруухан л хүүхэд байсан гэж гэрийнхэн маань ярьдаг. Зун хөдөө өвөө эмээ дээрээ очиж хонь хариулж, хурдан морь унадаг байлаа. Одоо ч гэсэн хурдан моринд дуртай. Бага насаа эргээд бодохоор нэг их гоё байдаг юм” хэмээн ярив.
Хувь тавиланг бид хэзээ ч тааж чадахгүй. Гэхдээ л итгэсээр байдаг шүү дээ. Хэрэвзээ тэр тухайн үед улсын шигшээд уригдсан тамирчны хаалтад үсрээгүй бол, хуруугаа бэртээгээгүй бол бид өнөөдөр волейболын талбайн хажууд ярилцаад сууж байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Тэгэхээр хувь тавилан гэдэг зүйл бөмбөг шиг эд юм даг уу даа.
Бидний яриа цааш ийн үргэлжиллээ.
-Ээж нь волейбол тоглодог гэсэн шүү дээ. Сагсан бөмбөг тоглоход нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Аливаа зүйлийг хийхэд ар гэрийн дэмжлэг их чухал. Хэдийгээр манай ээж волейбол тоглодог ч намайг сагс тоглохоо боль гэж огт хэлж байгаагүй. Харин ч их дэмжсэн. Одоо ч гэсэн тоглолтуудыг минь дууссаны дараа заавал нөхөж үздэг юм билээ. Яг шууд явж байхад нь үзэж чаддаггүй юм гэсэн. Гар хуруугаа оролдоод хүүгээ хожоосой гээд тогтож сууж чаддаггүй шиг байгаа юм. Нэг удаа л ордонд ирж хажуугаас үзсэн. Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтын үеэр Вьетнамын эсрэг тоглоход ирсэн санагдаж байна. Хэдийгээр бид хожигдсон ч ээж минь ирж үзсэн болохоор надад тэр тоглолт их сайхан санагддаг.
Шигтгээ: Спортын хүний эцэг эх, эхнэр байна гэдэг тун амаргүй. Тэр тусмаа тулааны спортынхны гэр бүлийнхэн хүү, охиноо цохиулах бүрийд өмрөн өмрөн суудаг гэдэг. Ямар л эцэг эх хүүхдээ ялагдаж байхыг харах таатай байх вэ дээ. Тэгвэл манай өнөөдрийн “Бидний нэг”-ийн зочин А.Энхбаясгалан ч мөн адил үргэлж дэмждэг ээждээ хандаж үг хэлэхдээ “Хүү нь хэзээ ч буруу замаар яваагүй ээ. Явахгүй ч байх. Үргэлж сайн сайхан зүйл хийж бүтээнэ ээ. Тандаа хайртай шүү” хэмээн хоолой зангируулан хэлсэн билээ.
“Сагсан бөмбөг миний амьдралд олон сайхан зүйлийг өгсөн. Төлөвшил, хүмүүжилд маань ч эергээр нөлөөлсөн гэж боддог. Мэдээж багш, дасгалжуулагчдын оролцоо ч гэсэн их. Хүн анх ямар байснаа хэзээ ч мартаж болохгүй. Оюутан болж ирээд МУИС-д Л.Эрдэнэпүрэв, дараа нь О.Баярцогт дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл сургуулилалтаа хийдэг болсон. Энэ хүмүүсийн ач гавьяаг би насан туршдаа дурсаж, баярлаж явна л гэж боддог.
Өнөөдөр намайг Монгол Улсын шигшээ багийн тамирчин болгож бэлтгэсэнд баярлалаа гэж хэлмээр байна.
Бид улсынхаа нэрийн өмнөөс тоглохоор талбай дээр гарсан л бол хувь чанар, эгогоо орхиж, нэгэн гэр бүл болж хувирдаг. Ингэж ахуйд хүнээр дэмжүүлэх гэж тоглох нь чухал бус, ялах л үүрэгтэй болж хувирдаг шүү дээ. Яагаад гэвэл бидний гарт эх орон, ард түмний итгэл оршин байдаг гэж ойлгодог юм.”
-Л.Эрдэнэпүрэв багшийн шавь болж орсноос хойш гуравдугаар курстээ Америк явж NBA-ийн тоглолт үзсэн гэдэг байх аа?
-Тэр үнэхээр гайхалтай сайхан дурсамж. Зурагтаар л харж байсан арена яг нүдний өмнө тодроод ирэх хэлэхийн аргагүй мэдрэмж төрдөг юм билээ. Эндээс Г.Баттөр ах тэргүүтэй дөрвөн хүн явсан юм. Тэнд очоод дэмждэг. “Голден Стэйт Уорриорс” багийнхаа тоглолтыг үзнэ гэдэг аз завшаан болж таарсан даа. Угаас энэ багийн тоглолт жигд, дасгалжуулагч, тоглогч нарын харилцаа сайтай учраас энэ багаас их зүйл сурдаг. NBA-ийн хувь тоглогч нараас Коби Брайантыг үзэх дуртай байсан. Одоо бол Дэвин Бүүкэрийн тоглолтыг үзэж байна. Тоглолтын хувьд Кобитой төстэй, дундын зайнаас тоглодог, шидэлт тохолтуудад нь дуртай.
-Коби гэснээс 24 дугаарыг нь хүртэл авч тоглож байсан санагдаж байна?
-Тийм ээ. Булганаас анх тоглохдоо 9 дугаартай тоглодог байснаа МУИС-д орсныхоо дараа авах гэтэл давхацсан. Тэгээд л Коби Брайантын тоглолтыг үзэх дуртай, хувь хүнийх нь зан чанар таалагддаг, хүндэлдэг учраас эргэлзэлгүй 24 дугаарыг сонгосон.
Аль ч төрлийн спортод нэг л дүрэм үйлчилдэг. Тэр нь Монгол Улсын Даян аварга Н.Батсуурийн хэлсэнчлэн “Чи бэлтгэлийг халтуурдвал дэвжээ чамайг баллуурдана” гэх дүрэм. А.Энхбаясгаланг бэлтгэлийнхээ үеэр 137 удаа тасралтгүй чөлөөт шидэлт хийсэн гэх яриа бий. Бид түүнээс энэ тухай лавлан асуухад,
“Тэр үнэн. Дасгалжуулагч болон багийн тамирчид маань тоолж байсан юм билээ. Ер нь хүнд унаган авьяас чадвар байхаас илүүтэйгээр нөр их хөдөлмөр их чухал л даа. Зөвхөн би ч гэлтгүй бүх л тамирчид тасралтгүй хөдөлмөрлөж байгаа. Ганцхан өөрийгөө дөвийлгөөд яриад байж бас болохгүй. Сагсан бөмбөг сонирхогчид шидэлтийн буу гэж мэднэ дээ. Бэлтгэлийн үеэр тус буун дээр шиддэг юм. Ингэхдээ өдөрт 1,000-1,500 удаа шиддэг. Гэхдээ нэг их сүртэй зүйл гэж бас битгий бодоорой. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн тус төхөөрөмж дээр 30 минут шидэхэд л 500 гаран болчихсон байдаг. Нэг цагийн дараа л гэхэд түрүүн дурдсан их тоонд хүрдэг. Ер нь бэлтгэл болгон дээрээ чанартай ингэж шидэж байж сайжрах юм шиг санагддаг.
“Хүн хамгийн хайртай, дуртай зүйлээ хийе гээд ч хийж чадахгүй болох тэр нөхцөл байдал л аймшигтай. Би Америк явж NBA үзсэн гэсэн дээ. Тэгэхдээ тэнд амьдардаг монголчуудын дунд болдог тэмцээнд орохдоо үсрээд газардахдаа хүний хөл дээр буучихсан. Хөлийн шагай гэмтсэн. Тэр үед бараг зургаан сар гаруй сагс тоглоогүй. Хүсээд ч тоглож болохгүй нөхцөл байдалд орчхож байгаа юм. Давчдаад бачуураад муухай байсан. Сагсан бөмбөг миний амьдрал болсон тэр мөчид бэртэнэ гэдэг аймшигтай. Тамирчид сахилга баттай форумаа алдахгүй, бэртэл гэмтлээс хол байхын тулд их л тэвчээртэй байх хэрэгтэй болдог доо.”
-Г.Баттөр тамирчинтай их ойр байдаг уу. Та хоёрын тоглолт төстэй хэр нь хувь хүний харизм ондоо юм шиг санагддаг.
-17 настай хүүхэд спортын төв ордонд сагс үзээд, Г.Баттөр ахыг хараад дуртай болсон юм. Зурагтаар л үздэг байсан тамирчдаа тэгж дэргэдээс нь харж байлаа. Гэтэл сүүлд нэг багт тоглосон шүү дээ. Одоо ч ах нараасаа үлгэр дуурайл авдаг. Тэд маань ч миний итгэлийг алдаагүй дээ.
Яах вэ, талбай дээр гаргаж байгаа эмоцийн хувьд хувь хүн болгон өөр өөр. Миний хувьд багаасаа л даруу төлөв хүүхэд байсан гэж түрүүн хэлсэн дээ. Тийм хүнээс яаж хүчтэй эмоци гарах вэ. Гэхдээ дотроо бол алаад л байдаг юм. /инээв/.
Харин өөрийнхөө зан аашийг тодорхойл гэвэл их нийтэч зантай, бусадтай амархан ойлголцдог төрлийн хүн гэж боддог. Өөрийнхөө сурсан юмыг бусдад зааж өгч, аль болох бүх чадлаараа туслахыг хичээдэг.
“Өнөөдрийн миний энэ байдал надад мөрөөдөл минь байлаа. Одоо миний мөрөөдөл илүү том болсон. Сагсан бөмбөг сонирхдог дүү нар минь илүү их хичээгээрэй. Өнөөдөр чи ялагдлаа гээд ялагдал чиний төгсгөл байж болохгүй. Чи маргааш ялна. Илүү сайн тамирчин болсон байх болно. Харин хүсэл мөрөөдлөө л гээчихвэл хэн ч биш болно. Шидэлт чинь орохгүй бол давтаад л бай. Ес алдаад дахин шидэхээ больсноос 30 дараалан алдаж шидсэн нь дээр. Чи өөрийгөө чадахгүй гэж бодвол чадахгүй л гэсэн үг. Харин чадна гэж бодвол чадна л гэсэн үг шүү!”
Монголын сагсан бөмбөгийн өнөөгийн өнгө төрх болж, олон олон залуусыг эл спортод дурлуулсан түүний ярилцлагыг уншиж бидний нэг болсон уншигч та бүхэндээ талархлаа.
Хэн нэгний хийж буй зүйл танд маш энгийн амархан харагдаж болох хэдий ч тэр хүн энэ зүйлийг амархан харагдтал хийхийн тулд маш их хөдөлмөрлөдөг гэдгийг эрхэм та ойлгосон буй за.
Эцсийн эцэст бурхан хөдөлмөрч ажилсаг хүмүүсийг үргэлж шагнасаар байдаг гэдэг үгийг хэлээд Коби Брайантын хэлсэн үгээр энэ удаагийн “Бидний нэг”-ээ жаргаая.
“Баатрууд ирээд, явдаг. Харин домгууд үүрд мөнх. Хэдэн цаг бэлтгэл хийсэн чинь чухал биш. Харин хэдэн цагийн бэлтгэлд ухаанаа зарцуулсан чинь гол”